Р.Анхням: “Дасгалжуулагч” кино хайрыг энгийнээр илэрхийлсэн

2022-12-09
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монголын кино ертөнцийн салбарт өвөрмөц төрх, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэгэн өнгийг цогцлоож яваа жүжигчин бол Р.Анхням. Тэрбээр тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчдийн мэлмийг баясгаж, оюун ухаанд урлагийн соёлыг түгээж буй нэгэн. Мөн Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд” киноны гол дүрд ажилласан билээ. Уран бүтээлээсээ түр завсарлаад байсан тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Дасгалжуулагч” уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Өөр зочин” буландаа жүжигчин Р.Анхнямыг урьж, ярилцлаа.

 

-“Дасгалжуулагч” киноны  үзэгчдэд хүргэж буй утга агуулга нь их сонирхолтой санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай сэдвийг хэр баргийн найруулагч барьж авдаггүй дээ?

-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энгийн иргэдийн дунд зааг ялгааг гаргачихсан.

Хүн ямар ч байдлаар эрүүл мэндээ алдаж болно. Эрүүл мэндээ  алдах юм бол хатуугаар хэлэхэд хүний тооноос хасагдаж байгаа мэт  гадуурхагдаж амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хөгжиж боловсрох, хамтдаа суралцах, ажиллах нөхцөл муу. Үүнийг дагаад гэр бүлд нь их ачаа ирдэг. “Дасгалжуулагч” киног үзэхэд хүнд мэдрэмж бус аз жаргалыг мэдрүүлнэ.  Хүүхэд нийгэмших гэдэг их хүнд асуудал. Учир нь энгийн байж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд сэтгэлзүйн  хувьд их дарамттай, өөрийгөө  голох, ертөнцөөс өөрийгөө тусгаарладаг. Хүмүүс намайг хэрхэн хүлээж авах бол гэсэн эмзэглэлтэй амьдардаг юм байна. Кино үзээд гарсан хүн гол дүрийн хүүхдийг өрөвдөх бус хайрлаж, аз жаргалтайгаар төсөөлөөд гараасай гэж хүсч байна.

-Та хөлөө алдсан Оргил хүүгийн ээжийн дүр дээр ажилласан. Дүрээ хэрхэн амьдруулж, юуг нь илүү тодотгохыг зорьсон бэ?

-Ямар нэгэн дүр дээр ажиллахад мэдээж харагдах байдал чухал. Гэхдээ тэр болгоныг сэтгэлийнхээ гүнд хүртэл ойлгож ухаарвал, дүрээ илүү амьд, үзэгчдэд тухтай, үнэмшилтэй болгож чадна. Тэгэхээр ямар ч дүр дээр ажилласан амьд  болгохын төлөө судалгаа хийж, бүхий л аргыг эрэлхийлдэг. Энэ дүр дээр ажиллахдаа ч мөн энэ зарчмаа баримталсан. Энгийн ээжүүдээс илүү ямар нэгэн байдлаар эрүүл мэндээ алдсан хүүхдийн ээжүүд хүүхдээ асрах, гэр бүлийнхээ асуудлыг шийдэх гээд илүү ачаа үүрдэг. Хүүхдээ амьдралд хөл тавих ухааныг олгох  гэж их ухаан  зарцуулдаг нь харагдсан. Жишээлбэл, миний хүүхэд  гээд эрхлүүлээд байх биш, аль болох өөрийг нь бие даалгаж, хөгжиж боловсрох нөхцлийг нь бүрдүүлэх гээд олон асуудалтай тулгардаг юм байна лээ. Эх орноо, үр хүүхдээ, нэг нэгнээ хайрлах тухай ойлголт дэлгэцийн уран бүтээлийн агуулгад их, бага ч тусгагдсан байдаг. Гэхдээ илэрхийлэгдэж байгаа хэв маяг хэлбэрээрээ ялгаатай. Харин “Дасгалжуулагч” кино хайрыг маш энгийнээр илэрхийлж үзүүлснээрээ онцлогтой.

-Зураг авалтын үед хэрэв би бодит амьдрал дээрээ Оргилын ээж байсан бол гэсэн бодол төрж байв уу?

-Би Оргилын бүх зүйлийг  өмнөөс нь хийгээд “Миний хүү, ингэ, тэг” гээд байвал энэ дүр хэзээ ч өөрийгөө олохгүй. Зүгээр л миний хараат хүн болно. Би  Оргил хүүг биеийг нь даалгаж, магадгүй жижиг асуудал руу түлхэж  оруулаад, яаж гарахыг нь  харах ёстой. Би хүүгээ ойлгож байгаа. Юунд зорьж байгаа гэдгийг нь ч мэдэж байгаа. Гэхдээ зарим газар энэ сэтгэлээ илэрхийлэх, бүр нуух нь эх хүний ухаан. Хэрэв би ийм нөхцөлд очсон бол Оргилын ээж шиг л зан гаргах байсан байх. Энэ бодол, байр сууриа ч зураг авалтын үед найруулагчдаа хуваалцсан. Мөн олон сайхан залуу уран бүтээлчтэйгээ хамтарч, нэг баг болж ажиллалаа.

-Шинэ үеийн, залуу уран бүтээлчдээ хэрхэн дүгнэв?

-“Дасгалжуулагч” кинонд гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн тоглосон. Бусад нь залуу уран бүтээлчид байсан.  Би сүүлийн үед залуучуудтай хамтарч ажиллаагүй удсан байна. Шинэ үеийн залуучууд уншиж мэдсэн, үзэж харсан, сурсан зүйл нь их, ухамсрын түвшинд өөрчлөгдөж, соёлтой, ухаалаг, нухацтай болсон байна гэж харсан. Тэдэнд ямар гоё ирээдүй байна вэ. Зураг авалтын үед  хажуу талаас нь хараад  “Миний дүр чинь ийм учраас та нарт ингэж нөлөөлж байгаа юм. Та нар дүрийнхээ үүднээс Оргилын ээжийг юу гэж бодож байна” гэж ярилцсан, зөвлөсөн. Дараа нь киногоо үзэхэд энэ бүхнийг  тусгасан нь олзуурхууштай санагдсан шүү. Залуучуудтай хамтарч ажилласандаа сэтгэл хангалуун байгаа.Тэд нэг баг болж ажиллаж чадаж байна. Нэг нэгнээ хайрлаж, ойлгож байна. Мөн надад ч тэдгээр залуучуудаас суралцах зүйл их байсан.

-Та уран бүтээлч бус хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ?

-Хүн өөрийгөө би ийм л төрлийн хүн болов уу гэсэн баримжаатай байдаг. Харин энэ баримжааг өөртэйгөө ярилцаж, мэдэрснийхээ дараа үнэнчээр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй би өөрийгөө сайн хүн болно гэж бодоод “сайн хүн” гэсэн дүгнэлтэд хүрэх боломжгүй. Гэхдээ  муу хүн ч биш.  Хүнд сайн муу чанар холилдон байдаг шүү дээ. Юун дээр, хэрхэн илэрхийлж байна гэдэгт хүний мөн чанар оршдог. Хэдий бага насны хүүхэд ч  дүү рүү нь нохой дайрахад тэр хүүхэд дүүгээ ардаа гаргаад хамгаалж байгаа үйлдэл нь зоригийг нь харуулж байгаа юм. Заавал насанд хүрсэн хүнээс зориг гарах албагүй.  Энэ мэт богино хугацаанд гаргаж буй үйлдэл нь тухайн хүнийг илэрхийлдэг. Тэгэхээр би ямар ч хүн байж магадгүй. Хүн гаргаж байгаа шийдвэр дээрээ л харагддаг. Зарим хүнийг их шударга гэж бодож байтал эсрэгээрээ байх нь бий. Бид өөрсдөө амьдрал дээр баг зүүж яваа. Яг өөрийнхөө, жинхэнэ нүүрээр байх юм бол өөр. Уран зохиол, кино, жүжиг дээр ч ингэж л гардаг. Хүн байнга үнэнээ хэлээд, бодлоо илэрхийлээд байвал хүмүүс чамайг галзуу гэж бодно. Хүн тухайн нөхцөлд тааруулж ярьж, биеэ авч явдаг. Тэгэхгүй би өөрийнхөөрөө байна гээд хашгираад байвал хаана, хэн ч чамайг хүлээн зөвшөөрөхгүй.

- Та богино хугацаанд гаргаж буй үйлдэл хүнийг илэрхийлдэг гэлээ. Тэгвэл та гаргаж буй шийдвэрээсээ өөрийгөө хэрхэн дүгнэдэг вэ?

-Би шинэ зүйлд өөрийгөө сорих дуртай. Яг юу нь хэцүү юм бэ. Яагаад би чадахгүй байна гэдгээ тодорхойлохыг хүсдэг. Чадахгүй бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй чадах, чадахгүйн дунд өөрийгөө хүлэх хэрэггүй. Аливаа зүйлийг тодорхой болгох нь чухал. Хүмүүсийн асуудал, амьдрал, гэр бүлийн харилцаан дээр ч тодорхой байгаасай гэж боддог. Тэгэхгүйгээр  нэг нэгнийгээ таамаглаж амьдарснаас болж дараа нь бодлын зөрүү гарч, хүмүүс хоорондоо маргадаг. Тиймээс гэр бүл болж байгаа залуус анхнаасаа би ийм зүйлд дургүй, надад ингэж хандвал би ийм зан гаргадаг, анхнаасаа ингэж өсөж, төрсөн учраас миний энэ зан араншин хэзээ ч засагдахгүй гээд хоорондоо ярилцах нь чухал. Хэрэв энэ бүхнийг чинь хүлээн зөвшөөрч чадвал, та ч ялгаагүй өөрөө хүлээн зөвшөөрвөл хамт амьдрах хэрэгтэй байх. Түүнээс “Би чамд хайртай” гээд байх нь бие биеэ ойлгож, ярилцаж байгаа зүйл биш байх гэж боддог. 

Ер нь хайр хүндлэл гэдэг нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх  шүү дээ. Хэрэв муухай ааштай байсныг нь анхнаасаа  мэдчихээд засарна гэж бодох нь өрөөсгөл ойлголт. Тэр хүн нэг гэр бүлд төрөөд, анхны амьсгаагаа аваад уйлсан цагаас эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөл, тархинд суусан бодлыг хэн ч бүхий л насных нь туршид засах боломжгүй. Хүн бүр өөр өөр  ухамсар, ааш араншин, амьдралын үзэл баримтлалтай төрдөг. Үүнд хэн ч нөлөөлж чадахгүй. Тиймээс хайр дурлалын асуудал дээр ч би энэ хүн хүнийг хүлээн зөвшөөрч чадах уу гээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв чадна гэж бодож байвал нэг гэрт хамтдаа амьдрах, цаашлаад үр хүүхэдтэй болно гэдэг маш том хариуцлага.

-Таны хувьд гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгахын тулд юун дээр анхаардаг бол?

-Би амьдралд их яараагүй, хожим гэр бүлтэй болсон. Тиймээс амьдралынхаа маш том сонголт дээр нухацтай хандаж, зөв шийдвэр гаргасан гэж боддог. Манай гэр бүлд шийдвэрлэшгүй асуудал гардаггүй. Хань минь их нөмөр, тулгатай хүн. Хоёр өөр орчинд өссөн хүн нэг гэрт хамт амьдарна гэдэг амаргүй зүйл. Нэг нэгнийгээ ойлгоход хүртэл хугацаа шаардана. Үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан гээд ялгаатай зүйл их. Энэ бүхнийг нэгтгэж чадна гэдэг ярилцах, ойлголцох, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх гээд ухааны асуудал. Намайг “ингэмээр, тэгмээр байна” гэхээр манай хүн их хүлээцтэй ханддаг. Би айлын ганц хүүхэд. Тийм учраас их хайран дунд, өөрийнхөөрөө өссөн. Хэрэв энэ зүйлийг хийвэл намайг хориглох болов уу гэсэн муу санаа байхгүй. Бүх зүйл минийхээр байна гэж боддог. Энэ намайг зоригтой, өөртөө итгэлтэй байх том хөшүүрэг болсон.

Харин нөхөр маань ам бүл 11. Би нэг баяраар анх хадмындаа очиж байсан юм. Өмнө тийм орчинд  байж үзээгүй учраас их өөр ертөнц байсан. Олуулаа цуглачихсан, бужигнаад л, нэг нэгнээ хүндэлж, хайрлаж, санаа тавьж байгаа нь надад их гоё санагдсан. Ийм хоёр өөр ертөнцтэй хүмүүс нэг гэр бүлийг цогцлоосон юм. Тиймээс олонтой юман дээр шийдвэр гаргах тал дээр манай нөхөр илүү. Харин цөөн зүйл дээр тодорхой шийдвэр гаргахдаа би илүү гээд нэг нэгнээ нөхөөд явж байна. Би ээждээ үнэхээр их баярладаг. Миний ээж бараг миний төлөө л төрсөн хүн. Намайг төрүүлж өсгөж, өдий зэрэгтээ хүн болгож хүмүүжүүлсэн. Одоо манай хүүхдүүдийг өсгөхөд тусалдаг. Нөхөр маань спорт, би урлагийн хүн учраас зав муутай. Яг үнэндээ би гэртээ юу болж байна, юу байхгүйг мэдэхдээ маруухан хүн. Гэрийн ихэнх асуудлыг ээж маань шийддэг. Гэхдээ зав гарахаараа хүүхдүүддээ зориулахыг хичээдэг. Тиймээс ээждээ хэлэх баярлаж, талархахад ямар ч үг хүрэхгүй. Би ээжгүй бол өдий зэрэгтэй явахгүй байсан байх.

-Ээж нь охиноо ямар ухаанаар хүмүүжүүлсэн бэ?

-Ээжийн минь ухаан үнэхээр гайхалтай. Би ээждээ бүхий л зүйлээс илүү талархаж дотроо сүсэглэж явдаг. Ээж минь намайг өөрийн үзэл бодлоор минь өсгөсөн. Миний хийж байгаа зүйл, шийдвэрийг эсэргүүцэж байгаагүй. Миний охин хийгээд үзэхгүй юу. Болохгүй бол орхино биз дээ. Зарим зүйл дээр “Энэ чинь буруу л харагдаж байна даа, ухаантай хүн бодно биз” гэдэг. Энэ нь намайг аливаа бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга ухаанд сургаж байгаа ээжийн минь ухаан юм даа.

-Урлагийн замыг сонгосон нь таны амьдралдаа гаргасан том шийдвэрийн нэг бололтой?

-Хүн бүхний хүүхэд насны мөрөөдөлд жүжигчин, дуучин, эмч багш болох гэж байдаг. Гэхдээ манай ангийнхан намайг жүжигчин болно гэж бодож байгаагүй байх. Би жүжигчин болох мөрөөдлөө гаднаа илэрхийлж байгаагүй болохоос  сэтгэлд минь хадгалаастай байсан юм шиг санагддаг. Дунд сургуулиа төгсөх жил багш ямар мэргэжилтэй болох вэ гэхэд   нь би “Жүжигчин болъё” гээд хүмүүсийг гайхшруулж байсан.

-Та мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Жүжигчин хүн өөртөө их аз жаргалтай байдаг юм уу гэж боддог. Учир нь бүтээл хийгээд түүнийхээ үр дүнг нь харж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. Өөрийнхөө хүчээр, билэг оюунаас гарсан зүйлээр бусад хүмүүсийг баясгана гэдэг гайхамшигтай ажил. Хөгжмийн зохиолч, зураач, дуучин, хөгжимчин гээд бүгд их гайхамшигтай санагддаг. Хүмүүст сайхан мэдрэмжийг түгээдэг хэрнээ баярласан сэтгэгдлээр нь буцаад дүүрдэг. Бүх зүйл цаг хугацаатай. Дандаа баяр жаргалтай, сэргэн мандаж амьдарна гэж байхгүй шүү дээ. Бас дандаа доошоо унана гэж үгүй. Уналт босолтын тунг нь өөрийнхөө сэтгэлзүйд тааруулж байх ёстой юм байна лээ.

Нэг уран бүтээл сайн боллоо гэхэд түүндээ хэтэрхий их дэврүүн явж байтал, муу болох зүйл ч байна. Багш нар маань “Хүн ер нь дандаа сайн байна гэж байхгүй. Тиймээс уран бүтээлч хүн бүхий л зүйлд ухаантай хандах ёстой” гэж хэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

38 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

8 цаг 7 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 58 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

9 цаг 5 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

9 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 41 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

14 цаг 4 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

14 цаг 9 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

14 цаг 19 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

14 цаг 24 мин