Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздагсан” хэмээх дууг бидний үр хойч бодит байдлыг дүрслээгүй, зохиолчийн төсөөлөл хэмээн бодож эхэлсэн цаг үед бид амьдарч байна. Учир одоо бид Туул голын хаана ч очсон тунгалаг ус, торгон долгио үзэгдэхээ хэдийнэ больсон билээ. Нийслэлчүүдээс гадна таван аймгийн хүн зон, мал сүрэг бүгд Туул голоос ундаалдаг хэдий ч төрийн хяналт, байгаль орчинд хандуулах анхаарал сул, бодлого шийдвэр нь хэрэгждэггүйн улмаас голын бохирдол аюултай түвшинд хүрээд олон жил өнгөрч байна.

 

“Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээгүй цагт Туул голын бохирдол багасахгүй”

 

Сүүлийн хэдэн жилээс хэн дуртай нь эрэг дээр нь очиж машинаа угааж, хүссэн нь ойролцоох газарт барилга барьдаг болсноор Туул голын бохирдол хэмээх асуудал хамгийн чухалд тооцогдож эхэлсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орныхувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон тухай Туул голын сав газрын 2019 оны төлөв байдлын тайланд дурджээ.

Туул гол бохирдож, бидний ундны ус аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь Төв цэвэрлэх байгууламж юм. Учир нь тус байгууламж нь 10 тоннын багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байна. Үүний нөлөөллөөр Туул голын нийт уртын долоон хувь нь маш их бохирдолтой  гэсэн ангилалд хамаарч байгаа юм.

Туул голын сав газрын III дэд хэсэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн гадаргын усны чанар “маш их бохирдолтой”, хүн амын ус хангамж, ариун цэврийнбайгууламжийн хүртээмж “маш муу” буюу “F” үнэлгээтэй, газрын доорх усны чанар, гадаргын усны хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтүүд “муу” буюу “D” үнэлгээтэй гарсан байдаг.

Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны дарга П.Энхбаяр “Нийслэл хотын хэт их төвлөрөл нь Туул голын ус бохирдоход нөлөөлдөг нэг хүчин зүйл. Төв цэвэрлэх байгууламж задарснаас 12.2 га талбай бохирдолд өртсөн. Хохирлын үнэлгээг тодорхойлох Ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага  хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал бүхий хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулснаар Туул голын бохирдол багасна. Үүн дээр хууль бус газар олголт, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, Харгиа цэвэрлэх байгууламжийг хотоос гаргах, Эмээлтийн аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх гэсэн олон асуудал нэмэгдэнэ. Мөн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийлгүй орхисноос эвдэрсэн талбайг тодорхойлж, эдгээр талбайнуудад ямар байгууллага олборлолт хийснийг нарийвчлан тогтоож хариуцлага тооцох, нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжаас гарсан усыг эргүүлэн ашиглах замаар газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах нь Туул голын бохирдлыг бууруулах үндсэн шийдлийн нэг юм.

 

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүйн уршиг....

 

Туул голын бохирдолд нөлөөлж байгаа дараагийн нэг хүчин зүйл нь хуулийн хэрэгжилт. Манай улс гол, нуур, усны сан бүхий газраа хамгаалах урт нэртэй ч дөрөвхөн зүйлтэй ганцхан хуудас бүхий хуультай. Нэр нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй цагт  Туул голын бохирдол багасахгүй гэж салбарын сайд ч, мэргэжилтнүүд ч хэлдэг. Гэтэл салбарынх нь ч дээр дурдсан хуулийн нэрийг бүтнээр мэдэхгүй агаад “Урт нэртэй хууль” хэмээн ярих болоод удаж буй. Хэрэв хуулийг ягштал мөрддөг байсан бол Туул голын бохирдлын тухай бид ярих ч үгүй, энэ нь тулгамдсан асуудлын хэмжээнд очихгүй байлаа. Учир нь тус хуулийн Гуравдугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална” гэж заасан бий. Гэтэл өнөөдрийн байдлаар Туул голын сав газарт 623 ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүний 396 нь ашиглалтын, 227 нь хайгуулын зөвшөөрөл байна. Энэ нь Туул голын бохирдол аюултай түвшинд хүрэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл мөн.Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаггүй, хэрэгжилтэд нь ямар ч хяналт тавьдаггүй, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байддаггүйн тод жишээ нь энэ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын 1.6 сая хүн, таван аймгийн 37 сумын хүн, мал бүгд Туул голоос ундаалдаг. Тиймээс нөөц, бохирдол нь ямар түвшинд байгааг бид хөндөх ёстой. Хууль бус газар олголт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтээс үүдэн Туул гол бохирдсон. Бидний ундны ус цэвэр цэнгэг байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай. Үүний дагуу гол, голын сав дагасан мод, эрүүл аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна. Улаанбаатар хот Сэлбэ, Дунд, Туул голтой. Үүнээс гадна Гачуурт, Тэрэлж, Улиастайн гол Туул руу цутгадаг. Цогцоор нь харвал дан ганц Туул голын асуудал биш. Ер нь бид хэдий болтол байгаль орчны асуудлаа орхигдуулж өвчний эх үүсвэр болгох юм бэ. Энэ жил голын сав газраас 1636 тонн хог хаягдал түүж цэвэрлэсэн. Мөн гол руу нян бактер нийлүүлж байгаа 400 гаруй нүхэн жорлонг буллаа. Эрүүл амьдрах, эрүүл усаа уух нөхцөлийг бүрдүүлэх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг учир хууль бус явдлуудтай тууштай тэмцэнэ. Эрх зүйн орчноос нь эхлээд байгаль орчны салбарын үйл ажиллагааг нэг чигт залах хэрэгтэй” гэсэн юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 144 мянга гаруй нүхэн жорлон байна.

Туул голын сав газрын нутаг дэвсгэрийн 11 хувийг эзлэх дэд хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг учир голын голдирол, хамгаалалтын бүсийн газрын гадарга, хөрс, ургамал, бэлчээр ихээхэн хохиролд өртөж, энэ нь Туул голын бохирдол ихсэх, сав газрын эко систем доройтох шалтгаан болж байна. Энэ талаар “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэрэн “Манай улсад хангалттай олон хууль байгаа ч хэрэгжиж байгаа нь ямар вэ гэдгийг бид Туул голын бохирдлоос харж болно. Тиймээс Төв аймгийн Алтанбулаг сумын ундны усанд шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авах, бохирдолтой бүсийн мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тухайн малын маханд шинжилгээ хийж, борлуулахгүй байх хэрэгтэй. Туул голын сав газарт эзэмших болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн бүртгэлийг гаргаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр хураамжийг хэрэгжилтийн талаар тайлан дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 43 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 3 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 15 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 15 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 15 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин