Байгалийн ухааны хичээлүүдийг бодлогоор л дэмжье сайд аа!

2022-10-27
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Нэгэн цаг үед багшийн мэргэжил нэр хүндтэй, хамгийн сурлага сайтай хүүхдүүд энэ мэргэжлийг сонгодог байв. Тиймээс ч дунд сургуулийн хүүхдүүд багш болохын тулд хичээлдээ илүү мэрийж, тэр хэмжээгээрээ сурлагад нь ахиц гардаг байсан. Харин сүүлийн жилүүдэд багшаар суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо эрс багасч, ялангуяа байгалийн ухааны хичээл буюу хими, физик, газарзүйн хичээлийг сонгон суралцах хүүхдүүд байхгүйн улмаас багш бэлтгэдэг их сургуулиудын эдгээр анги элсэгчгүй болж байгаа тухай бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа байгалийн ухааны хичээлүүдийг хэрхэн сурталчлах, харьяа яам байгууллагуудын зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой тухай өнцгийг хөндөхөөр зорилоо. 

 

"Хүүхдүүд ихэвчлэн эмч, инженер болох сонирхолтой байдаг”

 

Өнөөдрийн нөхцөл байдлаар Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг хамгийн том сургууль нь МУБИС билээ. Гэтэл тус сургуульд энэ жил Физикийн багш мэргэжлээр 16, газарзүйн багш мэргэжлээр 12, хими биологийн багш, газарзүй биологийн багш мэргэжлээр оюутан элсээгүй байгаа юм. Энэ нь өнөөдөр энгийн  тоо мэт харагдав ч ирээдүйд эдгээр байгалийн ухааны хичээлийг заах багшгүй болох эрсдэл үүсээд буйг илтгэж байна. Эдгээр хичээлийг заах багшгүй болвол ирээдүйн эмч, инженер гээд чухал салбарууд мэргэжилтэнгүй болоход хүрнэ. Тиймээс сурагчид эдгээр хичээлийг сонгон суралцахад юуг анхаарах, байгалийн ухааны хичээлийн ашиг тусыг хэрхэн сурталчилж, ойлгуулах ёстой вэ.

Энэ тухай байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Ирээдүй” алхах сургуулийн аргазүйч багш Б.Янжиндулам “Манай сургууль байгалийн ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн заадаг. Ялангуяа хими, физик, биологийн хичээлээр. Гэхдээ энэ чиглэлээр нэмэлт давтлага авч буй хүүхдүүд багш болох бус ихэвчлэн инженер, эмч болох зорилготой байна. Миний хувьд өмнө нь улсын сургуульд багшилж байсан. Тухайн үед ч хүүхдүүд эдгээр хичээлд сонирхолтой ч цаг нь бага учир төдийлэн бүрэн ойлголт авч чаддаггүй байсан. Тиймээс аливаа ажил мэргэжлийн суурь болсон байгалийн ухааны хичээлүүдийн цагийг нэмэх шаардлагатай гэж бодож байна. Энэ бол төрөөс цаг алдалгүй, яаралтай хийх ёстой зохицуулалт. Мөн багшийн мэргэжлийг сурталчлах өдөрлөг, ахмад багш нарын дурсамж ном, эдгээр хичээлийн гарын авлага гээд бодлогын хувьд хийж зохицуулах олон ажил байна. Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд үүнийг төр анхааралдаа аваасай гэж хүсдэг” гэсэн юм.

Үнэхээр энэ хичээлүүд болон багшийн мэргэжлийн сайхныг сурагчдад таниулахад сургуулийн захиргаа, багш нараас гадна яамны нэгдсэн бодлого дутагдаж байгаа юм. Энэ тухай Боловсролын яамны харьяа Боловсролын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээс тодруулахад “Бид жилийн хугацаанд судалгаа тандалт явуулдаг. Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн жагсаалт гаргасан. Байгалийн ухааны хичээлүүдийн хувьд сургууль тус бүр өөрийн тэтгэлэг хөтөлбөрийг зарлаж, аль болох эдгээр ангидаа оюутан элсүүлэх ажлыг хийж байна. Яамны зүгээс эдгээр ажлыг нь дэмжээд явдаг. Түүнээс яг хичээл бүр дээр тусгайлан авч үзэж хөтөлбөр боловсруулсан зүйл байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Гэтэл энэ хичээлүүдэд зориулсан бодлого дутмаг байгаагийн горын хэн амсах вэ гэвэл ирээдүйн сурагчид билээ. Тиймээс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт цаг нь бага туссан эдгээр хичээлд зориулсан хичээлээс гадуурх дугуйлан сургалтыг ч мөн бодлогын түвшинд авч үзэж, анхаарах цаг болжээ. Энэ тухай 46 дугаар сургуулийн Газарзүйн багш  Б.Дуламсүрэн “Манай сургуулийн хувьд газарзүйн хоёр багштай. Бид ахлах болон дунд ангид хичээл зааж байна. Бусад хичээлүүдийн хувьд хүүхдүүдэд хичээлээс гадуурх цагаар нь нэмэлтээр зааж болдог.

Харин газарзүйн хичээлээр сургалт, дугуйлан хичээллүүлье гэхээр хүүхэд сонирхож ирэхгүй байна. Тиймээс бид  хичээлээ илүү сонирхолтой болгохын тулд видео, гарын авлага бодит макет зэргийг ашигладаг болсон” гэсэн юм. Газарзүйн хичээл уг нь хамгийн сонирхолтой. Хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй танилцуулж, байгаль дэлхийн гайхамшгийг мэдрүүлдэг олон талын ач тустай. Гэтэл цаг бага, энэ хичээлийн тухай танилцуулга мэдээлэл хомс учир хүүхдүүд газарзүйн багшаар сурах сонирхолгүй байгаа тухай Б.Дуламсүрэн багш онцолж байсан юм. Тэгвэл ирээдүйд эдгээр хичээлийн багш болохоор сурч буй зарим оюутны сэтгэгдлийг сонслоо.   

 

МУБИС-ийн Газарзүйн IV ангийн оюутан Б.Дэнсмаа: Багшийгаа хараад газарзүйн багш болохоор шийдсэн

 

-Миний хувьд ерөнхий боловсролын сургуульд байхдаа багш нараасаа үлгэр дуурайлал авдаг байлаа. Ялангуяа анги даасан багшаасаа. Манай багш их мундаг хүн байсан. Багшийгаа хараад яг ийм багш болно гэсэн бодол тээсэн юм.  Төгсөх ангидаа би сурагчийн нэг өдрөөр Газарзүйн багш болсон.  Энэ хичээлийг заагаад зогсож байхдад хичээл заах болон эрдэмд шамдах сурагчид их сайхан санагдсан. Тиймээс эргэлт буцалтгүйгээр Газарзүйн багш болохоор шийдсэн. Багшийн мэргэжил их гэгээлэг. Мөн энэ мэргэжил олон тал руу хөрвөх боломжтой, сонирхолтой санагддаг. Энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Цаашид төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэж бодож байгаа. Судлаад үзэхэд ажлын байр ч элбэг юм билээ. Би багшлахгүй л бол дөрвөн жил сурахгүй байсан. Тиймээс заавал сайн багш болно. 

 

МУБИС-ийн Физикийн III ангийн оюутан Д.Дэлгэрмаа: Бүх шинжлэх ухааны хаан нь математик бол хатан нь физик

 

-Би дунд сургуульд байхдаа л физикийн багш болохоор шийдсэн. Манай физикийн багш нар сурагчидтай их эелдэг, яг л өөрийнхөө хүүхдүүд шиг зааж зөвлөдөг байсан нь нөлөөлсөн ч байж магадгүй.

Тэд бүх шинжлэх ухааны хаан нь математик бол хатан нь физик гэж байнга хэлдэг байсан. Би мэргэжлийнхээ сайхныг дадлагад гарахдаа ойлгосон. Мөн бусад мэргэжил рүү хувирч болдгоороо давуу талтай.  Хаана ч ажиллах боломжтой болохоор ажлын байр элбэг байх гэж найдаж байна. Хамгийн чухал нь би ирээдүйн инженер болох хүүхдүүдэд суурь мэдлэг олгож, хичээл заана гэдэг хамгийн сайхан.

 

“Ховд” их сургуулийн байгалийн ухааны ангид нийтдээ 15 оюутан элссэн

 

Ирээдүйд газарзүй, физикийн багш болохоор сурч буй оюутнууд ийм гэгээлэг хүсэл мөрөөдөлтэй байна. Тиймээс дахиад олон залуусыг яг энэ хоёр оюутан шиг эдгээр мэргэжилд дурлаж, багш болох шийдвэр гаргатал нь байгалийн ухааны хичээлийн  цаг, чанар, стандарт агуулгыг бодлогоор дэмжих нь чухал байна. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотоос гадна Архангай, Дорнод, Ховд аймагт Багшийн сургууль бий. Гэтэл “Ховд” их сургуульд энэ жил хими, биологи, физик, газарзүй, математикийн ангид нийтдээ 15 оюутан элссэн байна.

Ийнхүү багшийн мэргэжлийг хүүхдүүд сонирхохоо больсон нь цалин хөлс багатайгаас гадна элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүд нь эдийн засаг, инженер, эмчийн ангид орох хүсэлтэй байгаатай холбоотой тухай тухайн сургуулийн багш нар ярьж байв. Харин элсэлтийн ерөнхий шалгалтдаа 500 оноо авсан хүүхэд орон нутгийн сургууль руу багш болох зорилготой ирж байгаа нь тун тоогүй юм. Учир нь хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд нийгэмд хомсдож, тулгамдаад буй багш мэргэжлийг сонгодог тогтолцоо бүрдчихвэл боловсролын салбарт гэрэл асах боломж байна. Тиймээс байгалийн ухааны хичээлүүдийг бодлогоор дэмжээд өгөөч сайд аа.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

“Ховд” багшийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал н.Пүрэвсүрэн: Багш нар бүх хичээлийг хүүхдүүдэд жигд заахгүй байна

-Манай сургуульд 500 оноотой хүүхэд элсвэл гайхамшиг болох хэмжээний байна. Гэтэл 500 оноотой хүүхэд үнэхээр сайн багш болж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Байгалийн ухааны хичээлүүдийг хүүхдүүд сонирхохгүй байгаа нэг талдаа ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн чанар, агуулга муу байна гэсэн үг. Тиймээс сургуулийн сурах бичиг, агуулга, чанар дээр төр анхаарах цаг болсон.

Мөн Монгол Улсын боловсролын салбар массын сургалт гэдгээ хаячихсан. Өөрөөр хэлбэл багш нар бүх хичээлийг хүүхдүүдэд жигд заахгүй байна. Хүүхдийг ахлах ангид орохоор нь зөвхөн сайн хичээл рүү нь зүглүүлээд байна. Тухайн ангид математикдаа сайн 10 хүүхэд байвал багш тэд нартай л тулж заагаад, бусдыг нь орхих үзэгдэл түгээмэл болсон. Манай сургууль ковидын үеэр хоёр багшийгаа мэргэжил дээшлүүлэх гээд АНУ явуулсан юм. Гэтэл тэнд гурав дахь өдрийн 9:00 цагаас тавдугаар ангид англи хэл орох бол улс орон даяараа бүх цагт, бүх сургуульд нь энэ хичээл зэрэг ордог юм байна. Энэ бол яамны бодлого, олон улсын стандарт шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ ямар ч тогтолцоо, бодлого алга.  Үүнийг л стандартад оруулж, цэгцэлмээр байна.

 

“Залуу багш нар” нэгдлийн химийн багш Б.Должинсүрэн: Байгалийн ухааны багшаар сурч буй оюутны төлбөрийг төр даадаг болчихвол оюутны тоо нэмэгдэнэ

-Миний хувьд химийн багш мэргэжлээр 2009 онд МУБИС-ыг  төгссөн. Тухайн үед манай анги 17 хүүхэдтэй байлаа. Бид бүгд л мэргэжлээрээ ажиллаж байна. Харин сүүлийн жилүүдэд багшийн үнэлэмж буурч, цалин хөлс  багатай гэдэг шалтгаанаар энэ мэргэжлийг сонгох оюутан ховор болжээ. Хэрэв багшийн мэргэжлийг төрөөс дэмжээд, ялангуяа байгалийн ухааны багшаар сурч буй оюутны төлбөрийг төр даадаг болчихвол оюутны тоо нэмэгдэж болох юм. Манай нэгдлийн зүгээс жил бүр орон нутагт очиж багш нарт сургалт, хүүхдүүдэд давтлага өгдөг. Энэ жил би Завхан аймагт ажилласан. Гэтэл миний давтлагад суусан ахлах ангийнхны 90 хувь нь эмч болох зорилготой хүүхдүүд байсан. Тэр дундаас химийн багш болохоор нэг л хүүхэд бэлдэж байсныг хараад сэтгэл эмзэглэсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 209 (6941)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 41 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 4 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 5 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 6 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 17 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 51 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 13 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 34 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 51 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 7 мин