Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ

1 цаг 21 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хүний эрхийг зөрчсөн “Бичлэг дэлгэх мода” 

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчаа Б.Эрдэнэсүхтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн У нар гэрийнх нь тавилгыг зөөжээ гэх утга бүхий бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Тус бичлэгийг Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав СӨХ-ны камерын бичлэгээс хуулж авсан хэмээн тайлбарласан юм. Тэгвэл тус камерын бичлэгтэй холбоотойгоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Угалзцэцэг “Камерын бичлэг шүүхийн тулд заавал цагдаагийн зөвшөөрөл авдаг. Гэвч ямар ч зөвшөөрөлгүйгээр камерын бичлэг шүүж, түүнийгээ цахим орчинд намайг гэж С.Будрагчаа сэтгүүлч нийтэлсэн. Миний зүгээс С.Будрагчаа сэтгүүлч дээр ХУД-ийн цагдаагийн газар гомдол гаргасан. Одоог хүртэл хариу нь ирээгүй байна. Мөн тэр камерын бичлэгийг дахин шүүж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Давхрын камерыг шүүх юм бол би тэнд байсан эсэх нь тодорхой харагдана. Аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс л харж, харлуулдаг, ямар ч баримт нотолгоогүйгээр хүний нэр хүндэд халдаж буруутгадаг баймааргүй байна. Эцэст нь хүний гэр бүл үймүүлж, хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гарган, эд хогшил зөөсөн зүйл огтоос байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. 


Орон сууцны камер шүүх эрх мэдэл зөвхөн СӨХ-ны даргад л байдаг аж. Тэгвэл иргэдийн хувьд СӨХ-д хяналтын камер шүүлгэе гэж маш их ханддаг байна. Энэ тухай БЗД-ийн 14 дүгээр хорооны Мандахнаран хотхоны СӨХ-ны дарга Г.Алтанхуяг “Иргэд хяналтын камер шүүлгэе гэж маш их ирдэг. Өдөр 2-4 хүн тогтмол орж ирдэг. Эд зүйлсээ алга болгочихлоо, машин мөргөсөн байна. Хаалганы гадаах зүйлсийг муухай болгосон байна. Бүр хог хаясан хүнийг олох зорилготой ч орж ирдэг. Миний хувьд камерын асуудал дээр нухацтай ханддаг. Эд зүйлс хаясан, автомашин шүргэсэн тохиолдолд шүүж өгдөг. Түүнээс хүнтэй холбоотой асуудал дээр камер шүүж өгдөггүй” гэсэн юм.


Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн дарга нар оройн цагаар ажлын байран дээрээ архидан согтуурч, завхайрч байна” хэмээх бичлэг цахим орчинд 2024 оны хоёрдугаар сарын 20-нд цацагдсан. Бичлэг цацагдсан даруй улс орон даяар шуугиан тарьж, “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргаж, бичлэгт байсан гэх хүмүүсийг ажлаас нь халж буйгаа мэдэгдсэн юм. Уг нь үйл явдал нь 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний шөнө болсон ч сонгууль дөхсөн үед гаргаж ирж, сайдын хүмүүсийг халсан гэх яриа гарч байсан нь санаандгүй зүйл биш юм.


Үүний дараагаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалангийн ажлын байран дээрээ согтуу байгаа бичлэг нь цацагдаж мөн л нийгэмд дуулиан тарьсан. Энэ мэтчилэн хувь хүний эрхэнд халдаж, өөрт ашигтай байдлаар “Бичлэг дэлгэдэг мода” манай улсад бий. Өөрөөр хэлбэл, Таны хаана, хэзээ, хэнтэй юу хийж буй бичлэгийг хэн ч тарааж мэдэх таашгүй нөхцөл байдалд амьдарч байна. 


Уг нь камерын хяналт нь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хууль сахиулах зэрэг нийтийн эрх ашгийн тулгуур зорилтуудыг хязгаарлагдмал хүний болон санхүүгийн нөөцөөр биелүүлэхэд чухал үүрэгтэй. Гэвч хүний хувийн болон эмзэг мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулан, хэн болохыг тогтоох хүчин чадал бүхий хяналтын камерын системийг эрх зүйн чанд зохицуулалтгүй хэрэглээнд нэвтрүүлэх нь хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, хувийн мэдээлэл, нууцыг задруулах зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил дагуулсаар байна. 
Тухайлбал, Төрийн ордны зүүн талд Соёлын төв өргөөний хойд замын уулзвар дээр дөрвөн талаас харсан 10 хяналтын камер байгаа юм. Мөн орон сууц, оффис бүрийн гадаа болон давхар бүрд камер ажиллаж, хүний мэдээллийг цаг тутам баримтжуулж байна. Нэг иргэнийг өглөө гэрээс гарахаас эхлээд орой харих хүртэл хаагуур юу хийж байгааг камерын тусламжтайгаар мэдэх боломжтой нөхцөлд амьдарч байна. 
2024 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14.084 аж ахуйн нэгж, байгууллага 122.150 хяналтын камер суурилуулсны 11.241-ийг нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, бусдыг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан судалгаа байна.


Хүний амьдрал бүхэлдээ ямар нэг цахим төхөөрөмжид бүртгэгдэх боломжтой энэ үед нэг эх сурвалжаас олж авсан хувь хүний талаарх мэдээллийг бусад эх үүсвэрийн мэдээлэлтэй холбон задлан шинжилж, хэн болохыг тогтоож, хувийн нууцад халдах боломжтой юм. Энгийн цахим төхөөрөмжийн зэрэгцээ хүнийг тагнах, мөрдөх, хувийн цахим хэрэгсэл дэх мэдээллийг зайнаас татан цуглуулах өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүд хэрэглээнд нэвтэрчээ. 

 

 

Камерын хяналтын хуульгүй 

 

Монгол хүн бүр "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" хэмээн хуульд заасан байдаг. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал, харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт ...Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж заасан байдаг. 


Тэгвэл олон нийтийн орон зайд хяналтын камер суурилуулах, ашиглах, хяналт тавих асуудлыг зохицуулсан бие даасан хууль Монгол Улсад байхгүй. Харин энэ харилцааг ХХМХтХ, НМИТБтХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Барилгын тухай зэрэг хуулиар зохицуулж байна. Мөн энэ харилцаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/755 дугаар захирамжаар баталсан “Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/48 дугаар тушаалаар баталсан “Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам” үйлчилж байна.
Гэвч эдгээр хуулиуд нь хэрэгжихдээ учир дутагдалтай байна. Тухайлбал, ХХМХтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан боловч уг журам батлагдаагүй байна. 


Мөн олон нийтийн орон зайд хяналтын камер суурилуулах, ашиглах, уг үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохицуулалт ерөнхий, зарим тохиолдолд нэг харилцааг өөр хуулиар ялгаатай зохицуулсан, хувийн мэдээллийг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ сул байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, ЦАтХ, Барилгын тухай хуулиар хяналтын камер суурилуулах, ашиглах харилцааг зохицуулсан хэдий ч тухайн арга хэрэгслийг ашиглахдаа хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ашиглах, дамжуулах талаар зохицуулалтгүй, ХХМХтХ-иас өмнө батлагдсан тул уг хуультай уялдаа сул байгаа юм. Түүнчлэн, ХХМХтХ-ийн гуравдугаар зүйлийн 3.3-т хүний өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг уг хуулиар үл зохицуулахаар заасан нь бодит байдалд хэрхэн нийцэхийг хянаж үзэх нь зохистойг ХҮЭК-оос анхааруулж байлаа. Учир нь нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрх орох, гарах хэсэгтээ дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан нь хөрш айл өрхийн гишүүд болон бусад орж, гарч буй хүнийг хууль бусаар ажиглах, тандах нөхцөл байдалтай холбоотой гомдол ХҮЭК-д ирсээр байгаа аж. 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Хяналтын камерын системийн зохисгүй хэрэглээ хүний эрхийг зөрчих хүчин зүйл болж байна 

-Үндсэн хууль, олон улсын гэрээнд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тунхагласан байдаг ч хяналтын камерын системийн зохисгүй хэрэглээ нь хүний хувийн мэдээллийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, хүний эрхийг зөрчих хүчин зүйл болж байна. Хяналтын камерын бичлэгийг бусад мэдээлэлтэй хослуулан ашиглах нь хувь хүнийг тодорхойлох, нэр төр, алдар хүндэд халдах, хүний эрхийн зөрчил үүсгэх, мэдээлэл хяналтгүй ашиглагдах нөхцөлийг бүрдүүлнэ. 


Монгол Улсад ашиглагдаж буй теле хяналтын камерын ихэнхийг БНХАУ, Вьетнам, Мексик, Япон, Тайвань зэрэг улсуудаас импортлогддог бөгөөд одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглагдаж буй камерын 90 гаруй хувийг Hikvision, Dahua, ZKTeco зэрэг үйлдвэрлэгчдийн төхөөрөмж бүрдүүлж байна. Эдгээр компаниудын зарим бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотойгоор хүний эрхийн нөлөөлөл, нууцлал болон хяналтын технологийн зохистой ашиглалтын талаар олон улсын хэмжээнд шүүмжлэлүүд гарч байсан. 
Мөн зарим улс орнууд төрийн худалдан авалтын шалгуурт хүний эрхийн эрсдэлийн үнэлгээг тусгах шийдвэр гаргасан байдгийг анхаарах нь зүйтэй. 


Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт дэвшилтэт техник технологийг ашиглан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах талаар тусгасан боловч хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал алдагдахаас сэргийлэх талаар ямар арга хэмжээг, аль байгууллага, албан тушаалтан хэрхэн авч ажиллах талаар тодорхой тусгаагүй байна. 
Теле камерын хяналтын нэгдсэн болон дэд төвүүдийг байгуулахдаа иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эрх зүйн баталгааг хангах, хүний нөөц, засвар үйлчилгээ, арчилгаа, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх төсөв, хөрөнгийг бүрэн шийдвэрлэж, үйл ажиллагааг улсын хэмжээнд эрх зүйн зохицуулалт, хариуцлага, хяналттайгаар зохион байгуулах шаардлагатай. 
Хүний царай таних зориулалт бүхий хяналтын камерыг нэгдсэн дэлгэц дээр хянадаггүй, зөвхөн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах мэдээллийн санг холбож зөвхөн бүртгэлтэй хүмүүсээс л хайлт хийдэг гэх боловч тусгайлан зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалтгүй, хяналт, ил тод байдал хангагдаагүйгээс нөхцөлд хүний хувийн нууц, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчих эрсдэлтэй байна. 
Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй теле хяналтын камерын гарал үүсэл, техник, программ хангамжийн аюулгүй байдалд нэгдсэн үнэлгээ хийх, төрийн худалдан авалтын шалгуур үзүүлэлтүүдэд хүний хувийн нууцыг хамгаалахтай холбоотой хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх зохицуулалт шаардлагатай байна. 

 

Хуульч Г.Оюунболд: Иргэний шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх боломжтой

-Хувь хүний зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээснээр Эрүүгийн гэмт хэргийн дагуу ял хүлээдэг. Зөрчлийн хуулийн дагуу ч шийтгэгддэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасны дагуу орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу, дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг. 


Мөн Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг хэлнэ. 
Харин Зөрчлийн хуулийн 6.22- д Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. 


Энэ төрлийн гэмт хэрэг маш их гардаг. Жишээлбэл, лифтэнд бие зассан эрэгтэйн бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Энэ тохиолдолд хүний эмзэг үеийн дүрс бичлэгийн түгээсэн гээд бичлэг цацсан хүн буруутаж байгаа юм. Тиймээс эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн Иргэний шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх боломжтой. Мөн сэтгэл санааны хохирлоо ч нэхэмжлэх эрхтэй. 
2022 оны арванхоёрдугаар сард баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байдаг.

“Зууны мэдээ” сонин Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн.  
Энэ нийтлэлд орсон баримтуудыг “Зууны мэдээ” сонин нягталж шалгасан болно.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал info@zuuniimedee.mn хаягаар илгээгээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ

Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ

1 цаг 21 мин
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас асуусан онцлох асуултууд

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас асуусан онцлох асуултууд

1 цаг 31 мин
Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот

Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот

1 цаг 36 мин
“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу

“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу

1 цаг 41 мин
Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө

Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө

Уржигдар 06 цаг 22 мин
МАН-ын бүлэг томилгоо, АН татварын өрийг өршөөх асуудлыг хэлэлцжээ

МАН-ын бүлэг томилгоо, АН татварын өрийг өршөөх асуудлыг хэлэлцжээ

Уржигдар 06 цаг 15 мин
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?

Уржигдар 06 цаг 05 мин
Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу?

Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу?

Уржигдар 06 цаг 00 мин
Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

2025-11-24
Ерөнхий сайд Г.Занданшатар өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлнэ гэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлнэ гэжээ

2025-11-24