Ц.Ариунбайгаль: Намрын улирал уран бүтээлчийг хөглөдөг

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

...Танхимд ороход олон утга санааг шигтгэсэн зургуудыг өнгөний гайхалтай дүрслэлээр буулгасан нь сонирхол татав. Эдгээр бүтээлүүд хөдөөгийн нам гүм орчин, голын  чимээ, сэтгэлийн гүнд нуугдсан дурсамжийг тодотгох нь сайхан. Үүнтэй хорших хөгжмийн аялгуу тансаг мэдрэмжид хөтөлнө. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдэд гол төлөв  эмэгтэй хүний  энхрий  зөөлөн байдлыг  илтгэх аж.  Өнгөний хослолыг мөн төгс зохицуулсан нь гайхалтай. Хар, цэнхэр, ногоон өнгүүд  хоорондоо сүлэлдэж, орон зайн шилжилт болоод дүрс  хоорондоо уусан  нэгдэж буй мэт  сэтгэгдлийг төрүүлж байсан юм. Энэ бол уран зургийн “MN” галлерейд дэлгэсэн зураач Ц.Ариунбайгалийн “The mood”  үзэсгэлэнгийн дүр зураг юм.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлан” буландаа  анхны бие даасан үзэсгэлэнгээ  дэлгэж буй зураач Ц.Ариунбайгалийг онцолж байна. Тэрбээр 2011 онд  СУИС-ийн Дүрслэх урлагийн  сургуулийн  уран зургийн ангийг зураач мэргэжлээр  төгсжээ.  Сургуулиа төгссөн цагаасаа тасралтгүй уран бүтээлээ туурвиж, мөн “Монет” арт студийн  багшаар ажиллаж байна.

 

-“The mood” буюу “Сэтгэл” нэртэйгээр үзэсгэлэнгээ  дэлгэжээ. Эдгээр бүтээлүүдэд олон цаг үеийн сэтгэл зүйн байдал тань шингэсэн харагдаж байна?

 -Үзэсгэлэнд 25 гаруй бүтээл багтсан. 10 жилийн өмнөөс бодол санаанд минь хадгалаастай байсан  дурсамжаа уран  зурагт буулгаж үзэсгэлэндээ дэлгэлээ. Тиймээс реализм,  модернизм,  футуризм зэрэг хэв маяг, тухайн үеийн сэтгэл зүйн  байдал минь шингэсэн.   Энэ утгаараа үзэсгэлэнгээ “The mood” гэж  нэрлэсэн.

-Олон жил таны сэтгэлд хадаастай явсан, үүнийг л уран бүтээлдээ буулгана даа гэж бодож, төлөвлөж зурсан бүтээлээсээ та нэгийг онцлооч?

 -“Дурсамж ... Тэдэн он” зураг бол миний  хүүхэд насны дурсамжаар бүтсэн бүтээл. Жаахан байхдаа өвөөгийнхөө малын саравчин  дээр тоглодог байсан үеэ  бүтээл болгох бодолтой явсан. Энэ зургийг үзэж байгаа хүн тухайн орчинд уусаж, хүүхэд насныхаа дурсамжаар аялаасай гээд өнгө, орчноо хөдөлгөөнтэй мэт харагдахаар тодотгож зурсан. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд насны гэгээн бодрол, цаг хугацаа байдаг шүү дээ.

-Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаас уран зураг сонирхогчид ямар мэдрэмжийг аваасай гэж та хүсэж байна?

- “The mood”  үзэсгэлэнгийн танхимаар зочлоод өнгөрсөн, ирээдүй рүү  мэдрэмжээ хөглөж цаг хугацааны аялал хийгээсэй гэж хүсэж байна.

-Таны бүтээлүүд өнгөний хувьд төгс зохицлыг илэрхийлснээрээ онцлог юм. Ихэвчлэн ямар өнгийг голчилж бүтээлдээ буулгадаг вэ?

-Миний зургуудад ихэвчлэн ногоон өнгөний хувирлууд зонхилдог. Гэхдээ  хэдэн жилийн дараа өөр өнгөөр  хувьсаж ч магадгүй. Байгальд этюд хийхэд  өнгийг сайн задалж сурдаг. Өглөө, өдөр, оройн нар,  тухайн орчны өнгө ямар байх вэ гээд том судалгаа болдог. Дараа нь  бүтээл хийхдээ ч  этюд хийж байсан цаг үеэ бодоод тухайн үеийн сэтгэл зүйгээ уудалж зурагт буулгах тохиолдол байна.

-Таны зураг зурах мэдрэмжийг юу илүү хөглөдөг вэ?

-Тухайн үеийн цаг агаар, сонсож байгаа хөгжмөөс хамаарч уран бүтээл туурвих бодол санаа минь хөглөгддөг. Үзэсгэлэнгийхээ бүтээлүүдийг хөгжим сонсож байгаад зурсан. Мөн намрын улирал  уран бүтээлчийг хөглөдөг юм шиг санагддаг. Модноос тасарч, газарт унаж буй навчис хүртэл гоо үзэсгэлэнтэй харагддаг. Би зураг зураад суухаараа хэдий цаг  хугацаа өнгөрснийг ч мартчихдаг юм. Бүтээл туурвих цаг хугацаа  нь нэг ёсондоо дотоод ертөнцөө нээх, ярилцах,  бясгалгал болдог тал бий.

-“Монет” арт студэд зургийн багшаар ажилладаг гэсэн. Та ямар арга барилтай багш вэ?

-2018 оноос багшаар ажиллаж байна. Хүүхэд бүрийн сэтгэл санааны  онцлог, нас,  зурах чадварыг сайн олж харах хэрэгтэй. Заавал мод ногоон, тэнгэр цэнхэр өнгөтэй гэж заахгүйгээр тухайн хүүхэд тэр агшныг хэрхэн буулгах сэтгэл зүй нь ямар байна гэдгийг ойлгох  нь чухал. Дүрслэх урлагийн  сургуулийн С.Ганболд багш маань ч хүүхэд бүрийн онцлогт тааруулж заадаг байсан. Тиймээс манай ангийнхан бүгд нэгэн жигд биш өөр өөрийн ертөнц, зурах арга барилтай болж төгссөн. Багш маань ч бидний дахин давтагдашгүй байдлыг  бүтээж чадсан гэж боддог. Тиймээс багшийнхаа  багшлах  арга ухаанаас суралцаж явна. Дүрслэх урлагийн суурь нь уран зураг  байдаг.  Уран зураг сурсан хүн цааш салбар мэргэжил рүү хөрвөх чадвар өндөр. Миний хувьд ч  хувцас загвар, график  дизайн  сонирхдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин