“Илиада” ба “Одиссэй” их хөлгөн судрыг эх хэлээрээ уншиж сэтгэлийн цэнгэл эдлэхийн бахархал

2022-06-13
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

/Номын шүүмж/

Доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн

/Монгол Улсын соёлын Гавьяат зүтгэлтэн, Сономбалжирын Буяннэмэх ба  Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч/

Сүүлийн хоёр жил буюу 2020-2021 он хүн төрөлхтөн, түүний дотор монгол үндэстний хувьд түгжигдмэл он жилүүд байсан гэж хэлж болно. “Covid-19” хэмээх цар тахал дэлхий дахиныг нөмөрч, ухаант хүмүүс сая саяараа амь эрсдэв. АНУ-ын Хопкинсын Их Сургуулиас гаргасан өдөр тутмын мэдээллээс үзвэл 2022 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 521911280 хүн энэ өвчнөөр халдварлаж, 6265362 хүн хорвоо ертөнцийг орхин одсон байна. Өвдөгсөд хийгээд үхэгсэдийн тоогоороо доорхи 10 улс тэргүүлж буйг мэдээлжээ. Үүнд:

АНУ                         999841/82613628

Бразил                      665216/30701900

Энэтхэг                     524241/43123801

ОХУ                         370145/17998438

Мексик                     324622/5752554

Перу                         213013/3571516

Их Британи                178063/22385203

Итали                        165346/17071649

Индонез                    156464/6050958

Франц                       148516/29383661  /Энэ тоог өгүүлэл бичсэн өдрөөр биш, сүүлд өөрийн номыг хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэх үеийнхээр шинэчилж авсан болно/

Дэлхий ертөнцөөс өөрийгөө бүрэн тусгаарлаж хил хязгаараа бөглөж, хаалга үүдээ хааж лацдаж ломбодсон БНАСАУ-д хүртэл уг өвчин нэвтрэн орж хүн ард нь мянга мянгаараа өвдөж, түрүүчээсээ үхэж эхэлснийг дэлхийн мэдээллийн агентлагууд уралдан мэдээлэв.

Ийм том сүйрэл урьд өмнө хүн төрөлхтөний түүхэнд ганц ч удаа гарч байсангүй. Хүн хоорондын зай барих, амны хаалтаа орсон ч, гарсан ч зүүх, өөрийгөө тусгаарлах гэсэн үгс улс орон бүрийн иргэдийн хэл ярианд  нэвтэрч өдөр тутмын ердийн хэллэг болж хувирсныг бид өнөөдөр харж байна.

Хүмүүс өөр хоорондоо зөвхөн утсан холбоо болоод цахимаар л гол төлөв харилцаж мэдээлэл солилцсоор бүтэн хоёр жилийг үдсэн нь  бодит үнэн юм. Ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулиуд онлайн сургалтад шилжиж, түүнчлэн албан байгууллагуудын ажилтнууд гэрээсээ ажил албаа амжуулдаг амьдралын шинэ хэв маягт хүн төрөлхтөн шилжсэн байв. Цар тахлаас хамгаалах вакцин үйлдвэрлэж, зарим эм гаргаснаар л 2022 оноос энд тэндгүй хөл хориог суллаж эхэлсэн билээ. Үүнд хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь улс орон бүрт эдийн засаг доройтож, үндэсний үйлдвэрлэл бууран ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн явдал байлаа. Даярчлалын XXI зуунд хүн төрөлхтөн түгжигдмэл байдалд удаан тэсвэрлэх боломжгүй болсон байв. Дэлхий бүхлээрээ, улс орон бүр бие биесээс ихээхэн хамааралтай болсныг хүн төрөлхтөн арьс махаараа мэдрэв.

 Хэлж ирдэггүй хийсч ирдэг ийм зовлонг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан нь мэдээж. Нийгмийн харилцаанаас ийнхүү хүчээр таслагдсанаас цөөнгүй хүн сэтгэл санааны хямралд орж ихэд зовж шаналж байгааг анагаах ухааныхан ойр ойрхон мэдээлэх болов. Харин миний таних нэг гүргэр нөхөр энэхүү хоёр жил гаруйн хугацааны хөл хориог хамгийн үр ашигтайгаар,  өөртөө нэн хэрэгтэйгээр эргүүлж чадсаныг гайхавч баршгүй. Энэ бол зохиолч, яруу найрагч Дагвын Цахилгаан юм.

Тэр Канад  улсад амьдарч аж төрж буй хүргэнийдээ гэргийн хамт очоод гэрээс гаралгүйгээр талын тарвага  адил таг бүгж, шоргоолж адил зогсолтгүй хөдөлмөрлөсөн байна. Аугаа их Хомэрийн “Илиада” ба “Одиссэй”-г барьж аваад нухаад суучихжээ. Өдийг хүртэл үргэлжилж өсч дэгжиж, дэгж дэрвэж ирсэн өмнөх он жилүүдийн амьдрал, туршлага, сургамж нь түүнийг “ийм дэглэмд” яггүй сайн бэлтгэсэн бололтой. Учир нь санамсаргүй юм гэж энэ дэлхийд бараг үгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйл өөрийн эхлэл, өрнөл, тайлалтай. Өөрөөр хэлбэл хөгжил дэвшлийн диалектик зүй тогтолтой.

Дагвын Цахилгаан эдүгээ 70 насныхаа даваан дээр аль хэдийн гарчихаад хорвоо ертөнцийг хотол дэлхий хүн ардтай нь хамт ухааныхаа шүүлтүүрээр ухан төнхөж бясалгаж суугаа Засагт ханы зангарагтай хөх харчуудын нэг. Тэр ачит эхийн ангир шар уургийг Алтай нутгийн үлгэр туульстай хамт хөхөж угжуулан шимж хүн болсон нэгэн. Алтан номын үсэг заагч ачит багш нь Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв ахайтан байж. Энэ бүгд нь түүний гараас  сүүлд “Хүйлэн хөх замилан”, “Бат хаан”, “Огт оргуйн толь”  гэх зэрэг чансаатай бүтээлүүд ар араасаа цувран гарах шимт хөрс болсон байдаг юм. Аль алинд нь миний бие мэргэжлийн үүднээс шүүмж бичиж төвийн сонин хэвлэлд нийтлүүлж байсан болохоор би түүнийг муугүй мэднэ. Ганц нэг мөрийг зориуд энд иш татаж хэлмээр бодогдлоо. Тэрбээр

Үзгэн мөрийг унаж

Үгийн сүргийг хураалаа

Усан тэлмэнг барьж

Уянгын наадамд сойлоо

Унаа сайтыг шилж

Уншигч тандаа эмээллээ

Ухааны унагыг ногтолж

Утгын зэлэнд эгнүүллээ гэж “Хүйлэн хөх замилан” найраглалаа эхлүүлээд улмаар утга санаагаа цааш нь улам лавшруулж

Хүйлэн хөх хязгааргуйд

Хөвж яваа аянчин юм билээ бид

Хөрст алтан дэлхий

Хөсөглөж яваа унаа минь юм билээ хэмээн нүдэнд харагдаж, сэтгэлд уягдтал уран яруухнаар оноож дүрсэлсэн байдаг юм.  Дүр дүрслэл нь яруу, утга агуулга нь нэн гүнзгий. Зөн билгийн найраглал гэж зохиогч өөрөө нэрлэсэн “Хүйлэн хөх замилан”-д

Хөх совин татна

Хөх шувуу жиргэнэ гэх буюу эсвэл

Хөх цадиг хөвөрнө

Хөсөг тэрэг цуврана гэсэн сонин мөрүүд бий. Бас

Уртын дуу уянгална

Урьд нас эргэж ирнэ гэх буюу эсвэл

Хөх шашдир хүүрнэнэ

Хөлгөн хуур  хүнгэнэнэ гэж ч мөн байгаа

Сүг зураг амилна

Сүнс нийлж дарвина гэж сүлжилдүүлэн холбоод

Хөх туг дэрвэнэ

Хөө хуяг шаргина гэх зэргээр шаглан эмжээрлэж, алтлан мөнгөлөн  урласан нь ч бас бий.

Үүгээр би юуг хэлэх гээд байна гэвэл Алтайн хөх уулсын ач үрс ачит эхийн ангир шар уургийг өвөг дээдсийн үүх түүх, үлгэр туульс, домог дуультай хамт амталж шимж хөлд орж хүн болдог учраас уран үгсийн дархан болж хувирах үндэс язгууртайг онцлон тэмдэглэж хэлэх гэснийх билээ. Тэдний нэг нь Говь-Алтайн уугуул  Дагвын Цахилгаан хүү мөнөөс мөн бөгөөд сүүлд аав ээж, ачит түмнийхээ хайр буянаар дотоод, гадаадын гурван ч дээд сургуулийг дүүргэж мэдлэг мэдээллээ сүрхий зузаатгажээ. Дорнын болоод өрнийн соёлыг хослуулж суралцсан тэр он жилүүдэд Дагвын Цахилгаан орос болоод англи хэлийг төгс төгөлдөр эзэмшиж чадсан нь түүний бусдаас ялгарах нэг том ялгаа байлаа.

1979-1982 оны хооронд бид ОХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт бүтэн гурван жилийн турш хамт суралцаж, өөр өөрсдийн сонирхож  сонгосон сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалсан улс. Тэрэг тэргээр ном уншиж, тэрнийгээ өөрсдийн өр зүрх сэтгэл, тархи толгойд тэвэр тэврээр болохноо ч авч үлдсэн нь маргашгүй үнэн билээ. “Нойрыг унтаж барахгүй, сэрж барна” гэсэн уриатайгаар номун далайд умбаж шумбаж даруухнаар хэлбэл ариун номын хорхойтнууд, давруулж өгүүлбэл алтан номын хэнээтнүүд болж хувирсан билээ бид.

Эргээд одоо санахад эдгээр он жилүүд Дагвын Цахилгааныг их том үйл хэрэгт бэлтгэж, ир суулган билүүдэж байсан байнам. Тархи толгой нь задарч задгайраад, орчлон ертөнцийг ойлгож мэдрэх мэдрэмж, орон зай, цаг хугацаа хийгээд огт оргуйн толийг олж ухаарах сэтгэхүйн хэм хэмжээ нь улам улам л холдон тасарч байжээ. Энэ бол өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй хүний наад захын шинж тэмдэг, жинхэнэ гэгээрсэн хүн болж тэгшрэн цэгцрэх үйл явцын эрчимтэй үргэлжлэл нь байлаа.

Ингэж манай Д.Цахилгаан “Илиада” ба “Одиссэй”-г орос болоод англи хэлнээс харьцуулан харшилдуулж байгаад ард түмэн, аав ээжээс заяасан аялгуу сайхан эх монгол хэл рүүгээ хөрвүүлэн буулгах, өөрөөр хэлбэл өөрөө тэрбээр өнгөрөгч он жилүүдэд үүнд боловсорч бэлтгэгдэх, бүрэлдэж бүрдэх үе шатыг дамжин 2022 онд тулж ирсэн байна. Олон олон жилийн туршид уйгагүй их хөдөлмөр, хөлс хүчээр Олимпийн аварга бэлтгэгдэхтэй яг адилхан гэж хэлж болно.

Одоо “Илиада” ба “Одиссэй”-н тухай товчхон мэдээллийг уншигчиддаа өгье. Энэ аугаа их хайлааныг монгол хүн бүр мэднэ, бас мэдэхгүй. Яагаад гэвэл “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг бүтээгч монгол үндэстэн, “Гэсэр”, “Жангар”-ыг хайлан дуулагч Монголын ард түмэн урьд өмнө нь “Илиада” ба “Одиссей”-г төрөлх хэлээрээ бүрэн эхээр нь уншиж байгаагүйд хамаг учир байгаа юм. Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн болоод их, дээд сургуулиудын сурах бичигт утгачилж хураангуйлсан товчлолоор үндсэн ойлголт авч эдүгээг хүргэжээ.

“Илиада” ба “Одиссэй” хэмээх туульсыг эдүгээгээс 2700-2600 жилийн өмнө буюу нийтийн тооллын өмнөх 725-625 онд зохиогдсон гэж үздэг байна. Эхлээд Иллиада” залгуулаад “Одиссэй” гарчээ. Өрнийн уран зохиолын анхдагч бүтээлүүд юм. Хүн төрөлхтөний яруу сэтгэлгээний охь манлай. Зохиогч нь нүд сохор Хомэр гэгч гэх боловч эцэслэгдэж батлагдсан нь бас үгүй. “Илиада” ба “Одиссэй”-н бичлэгийн хэлбэр, үгийн сонголтоос эхлээд эдгээр туулийн агуулга сэдэв нь хүртэл хоорондоо эрс тэс ялгаатай гэнэ.

Гагцхүү ганц үнэн нь дэлхийд анхдагч их хөлгөн тууль мөн агаад тийм ч учраас түүх, соёл, уран сайхны үнэ цэнийн хувьд яндашгүй. Өөрөөр хэлбэл соёлт хүн төрөлхтөн, манай цэнхэр гаригийн хосгүй үнэт бүтээл юм. Д.Цахилгаан эдгээр туулийг хайлаан гэж монголчилжээ.  “Илиада” болоод “Одиссэй” аль аль нь тус бүр 24 хайлаанаас бүрдэж байна. Энэ хоёр хайлаан 2020-2021 онд буюу ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр монгол хэлнээ бүрэн эхээрээ хөрвүүлэгдэн бууж уншигчдын гарт хүрсэн нь ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй агаад манай соёлын амьдралд тохиолдсон тод бөгөөд том үйл явдал болсон юм. Учир яагаад гэвэл “Илиада” ба “Одиссэй” нь хүмүүн төрөлхтөний утга соёлын яндашгүй арвин их сан хөмрөг доторх нар, сар, одод нь яах ч аргагүй мөн билээ. Хольцоо нь үгүй шижир алт адил сор дээж нь юм. Сор болсон энэхүү сод бүтээлийг хэн гэдэг ямар үндэстэн ястан өөрийн төрөлх хэл дээр бүрэн эхээр  буулгаж бал бурам адил хөхөж шимж оюун санааны таашаал авч чадаж байна гэдгээр тухайн улс орон, ард түмний соёлын хэм хэмжээ, оюун сэтгэлгээний цар хүрээ, яруу сайхны мэдрэмжийг тодорхойлж болно.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)

 

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

5 цаг 16 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

5 цаг 21 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

5 цаг 26 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

5 цаг 31 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

5 цаг 36 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

5 цаг 41 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

5 цаг 46 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

5 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

5 цаг 56 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

6 цаг 1 мин