Б.Мөнхцэцэг: Технологиос болгоомжлох биш түйвээлт хийх цаг болсон

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “ГрэйпСити Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгийг урьж ярилцав.

 

Суурь бүртгэлийн системийг дотооддоо үйлдвэрлэснээр  хөгжлийг хурдасгасан

Блиц

Программ хангамжийн инженер Б.Мөнхцэцэг

Банк санхүү, төлбөр тооцоо, хөрөнгийн зах зээлийн программ хангамжийн салбарт 20 жил ажилласан туршлагатай.

Ажлын туршлага

♦ 2018 - одоо ГрэйпСити Монгол ХХК гүйцэтгэх захирал,

♦ 2013 - 2018 он: ГрэйпСити Монгол ХХК Бизнесийн газрын захирал,

♦ 2010 - 2011 он: Азийн хөгжлийн банкны Transformational Mobile Banking төслийн харилцаа холбооны хууль эрх зүй, хөдөлгөөнт банкны технологийн зөвлөх

♦ 2008 - 2013 он: ГрэйпСити Монгол ХХК Төлбөрийн шийдлийн газрын дарга,

♦ 2006 - 2007 он: Азийн хөгжлийн банкны Capacity Building for Financial sector Reforms төслийн мэдээлэл технологийн зөвлөхийн туслах

♦ 2006 - 2008 он: ГрэйпСити Монгол ХХК саппорт инженер

Боловсрол

♦ 2002 - 2006 он: Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургууль, программ хангамжийн бакалавр

♦ 1999 - 2000 он: Турк улсын Измир хот, Анкара Их Сургуулийн хэлний бэлтгэл

♦ 1998 - 1999 он: ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

♦ 1988 - 1998 он: Улаанбаатар хотын 23-р дунд сургууль

-Монгол Улсын  банкны салбар дахь мэдээллийн технологийн хөгжилд манай компани яах аргагүй түүчээлж ирсэн. Өнөөдөр арилжааны 12 банкнаас ес нь манай  суурь бүртгэлийн системийг ашиглаж байна.

Банкны суурь бүртгэлийн систем нь харилцагчдын дансыг хөтөлж, бүхий л тооцоолол, гүйлгээг боловсруулж байдаг амин сүнс нь юм. Энэ системийг солих үйл явцыг “нисэж буй онгоцны моторыг солих”-той дүйцэхүүц ярвигтай, эрсдэлтэй гэж зүйрлэдэг байна. Банкны систем хөгжүүлж ирсэн арвин туршлагаа бид бичил санхүүгийн салбарт мөн түгээн ажиллаж, одоогоор 200 орчим банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод "cloud" буюу үүлэн технологитой суурь бүртгэлийн систем нэвтрүүлээд байна. Дотооддоо хөгжүүлсэн систем олон улсын ижил төрлийн системтэй харьцуулахад өртөг, зардлын хувьд хэд дахин хямд, ашиглахад хялбар байдаг. Хэрэв дотооддоо хөгжүүлсэн банкны суурь бүртгэлийн системгүй байсан бол өнгөрсөн хугацаанд манай банкууд нийтдээ 30 гаруй сая ам.долларын систем, үйлчилгээг гадаадаас авах байсан гэдэг баримжаа бий. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний гадагш гарах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан гэсэн үг.

Зардал мөнгө хэмнэхээс илүүтэй дотооддоо системээ хөгжүүлснээр улсын онцлог, хууль эрх зүй болон бизнесийн орчин, нийт харилцагчдын соёл хандлагад илүү тохирсон шийдэл гаргаж, ямар л хэрэгцээ шаардлага байна түүний дагуу хүссэнээрээ өөрчлөх нэг ёсны эрх чөлөө олгож байгаа юм. Гадаадаас банкны систем авах тохиолдолд түүнийг нутагшуулах гэж чамгүй хугацаа орно, тэр хэрээр өртөг зардал өндөр тусах юм. Манай улстай хөгжлийн түвшин, туулж ирсэн түүхээрээ тун төстэй Казахстан, Киргизстан улсуудын банкны салбарын технологийн хөгжлийг 2-3 жилийн өмнө сонирхож байхад бид энэ салбарт бараг 10 жилээр түрүүлж алхаж яваа дүр зураг харагдаж байсан. Жишээлбэл банк хоорондын гүйлгээг 24\7, ямар ч цаг хугацааны саадгүй боловсруулдаг манайх шиг улс орон ховор байдаг. Дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг АНУ-д хүртэл 2-3 өдрийн дараа хүлээн авах банкны дансанд шилжүүлэг ордог байна.

Банкны салбарын мөнгөний урсгалын судас болсон банк хоорондын гүйлгээний холболтыг мөн л манай “ГрэйпСити Монгол” компани хөгжүүлж, Монголбанк, арилжааны банкуудтай хамтарч нэвтрүүлсэн. Ингээд харахад олон улсын стандартад нийцсэн банкны системийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь банкны салбарын хөгжилд чухал хөшүүрэг болсон гэж харж байна.

 

Хөрөнгийн зах зээл тэлэхэд технологийн шийдэл чухал үүрэгтэй

 

-Хөрөнгийн зах зээлийн программ хангамж руу манай байгууллага харьцангуй сүүлд орсон. Үнэт цаасны брокерын компанийн “КАСПО” системийг 2018 онд хөгжүүлж 2020 онд ашиглалтад оруулсан энэ хоёр жилийн хугацаанд системийг босгоход 1.5 тэрбум төгрөгийн өртөг зарцуулсан байна. Уг системийг үйл ажиллагаандаа хамгийн анх ашигласан  брокерын компани 2021 оны эхний хагас жилийн байдлаар манай хөрөнгийн зах зээлд хийсэн нийт арилжааны 70  хувийг нь гүйцэтгэсэн. 2021 онд хөрөнгийн зах зээлд урд өмнө байгаагүй  өсөлттэй жил байсан гэж бүгд дүгнэж байгаа.

Энэ их өсөлт гарахад түлхэц өгсөн хүчин зүйл бол  өмнөх гар ажиллагааг автоматжуулж, энэ систем найдвартай байсны зэрэгцээ арилжаанд оролцогчдод хялбар, хямд байдлаар үйлчилгээг хүргэх технологи нэвтрүүлсэн явдал. Тодруулбал, 2021 онд нийт хөрөнгийн зах зээлд 127 мянган үнэт цаасны шинэ данс нээгдэж иргэд, аж ахуйн нэгж арилжаанд оролцсоны 55 мянга буюу 43 хувь манай “КАСПО” системд бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд 55 мянган хэрэглэгчийг цахимаар элсүүлсэн гэсэн үг. Өмнө үнэт цаасны арилжаанд орохын тулд брокерын компанид очиж данс нээлгэж, арилжааны захилга өгч, банкинд хандаж арилжааны баталгааг байршуулах зэрэг олон үйлдлийг тус тусад нь хийдэг байсан бол “КАСПО” системийн хувьд эцсийн хэрэглэгч гар утаснаасаа ганц товч дарснаар бүгд автоматаар хийгдэж байгаа юм. “КАСПО” бол Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар хөрөнгийн биржид хоёулантай нь онлайн холбогдсон цор ганц брокерын систем юм.

Хөрөнгийн биржүүдээс гадна крипто валютын бирж манайд хэд, хэд байгаа. Хөрөнгийн бирж дээр арилжаалдаг  үнэт цаасны токен арилжаалдаг крипто биржтэй мөн манай “КАСПО” систем холбогдсон байгаа. Түүнчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон клирингийн төвүүдтэй онлайн холбоотой. Арилжаанд оролцоход шаардлагатай төлбөр тооцооны банкуудтай бас холбогдсон.

Нэг үгээр хэлбэл, арилжаанд оролцогчдын дэд бүтцийг бий болгосон систем юм. Манай улсын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө гараанд ирсэн энэ үед технологи чухал үүрэгтэй учраас бид урьдчилсан бэлтгэл болгож, системийг хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс хөрөнгө оруулалт хийж ажиллалаа. Одоо брокерын компаниуддаа таниулах, нэвтрүүлэх ажлууддаа анхаарч, хэд хэдэн брокерын компанитай нэвтрүүлэхээр гэрээг үзэглээд явж байна. Хөрөнгийн зах зээлийн программ хангамжийн хувьд бидэнд хийх ажил маш их байна. Тухайлбал, иргэд аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаанд хялбар оролцох шийдэл нэвтрүүлэх шаардлагатай. Кастодиан банкны шийдлийг дотооддоо хөгжүүлэхээр зорьж байна. Мөн брокерын компаниудад зориулж үнэт цаасны номинал дансны систем хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажлынхаа дараа хөрөнгө оруулалтын сангийн системийг хөгжүүлж таарна.

 

Уламжлалт хэв маягийг түйвээж, бизнесийг дараагийн түвшинд аваачих эд, эс нь технологи

 

-Монголын өнөөгийн нийгэм, бизнес, болон улс орны засаглалын тогтолцоо нь ерөнхийдөө хөгжингүй улс орнуудад хэдэн зуун жилийн турш оршин тогтносон тогтолцоог хуулбарлаж нутагшуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хэдэн зуун жилийн өмнө технологийн өнөөгийн боломжууд ор сураггүй байхад үүссэн тогтолцоо гэсэн үг. Манайх шиг цөөн хүн амтай, авсаархан улсад олон зуун жил хөгжсөн орнуудын уламжлалт тогтолцоонд тааруулж явах биш илүү дөт, хялбар, хямд тогтолцоог технологийн тусламжтай бүрдүүлэх боломж байна. Дэлхий дахинд тухайлбал уламжлалт банкны тогтолцоог эвдэж дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх блокчэйн технологид суурилсан төвлөрсөн бус санхүү (defi буюу decentralized finance)-гийн үйлчилгээнүүд гараад ирсэн. Хөрш зэргэлдээ Хятад улс цахим юанийн хэрэглээг өргөн хүрээнд туршиж байна. Монгол банк цахим мөнгөний бодлогыг боловсруулж, бодитой төсөл хэрэгжүүлэх  цаг нь болсон. Төв банкны цахим мөнгөний технологийн шийдлийг дотооддоо хөгжүүлэх бололцоо бүрэн байна. Цахим мөнгөний давуу талыг тоочвол хамгийн наад зах нь мөнгө хэвлэх, устгалд оруулах асар их зардал үгүй болно. Мөн  эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг тодорхой, оновчтой хянах технологи бий болно.

Тэгэхээр болгоомжлох өнцгөөс харахаас илүүтэй улсынхаа мөнгөний бодлогод хэрхэн энэ технологийг ашиглах  вэ гэдэг талаас нь харах цаг болсон. Банкны картыг мөн л өнөөгийн технологийн хөгжил байгаагүй цаг үед банкны данснаас төлбөр тооцоо боловсруулах зорилготой гарч ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр карт хэвлэх шаардлагагүй, хүний таних тэмдэг болсон гар утасны дугаарыг нь банкны данстай нь уяж төлбөр тооцооны асуудлыг цахимаар шийдэх нэг ёсны картын төлбөр тооцоог түйвээлт хийх шийдлүүд Монголд шил шилээ даран гарч ирсэн байна. Жишээлбэл, манай компани хамгийн анх 2012 онд банкны дансыг гар утастай нь холбосон, "МостМони" мобайл хэтэвчийн шийдлийг хөгжүүлж зах зээлд гаргаж байж. Нийтэд нь харахад технологийн давуу талыг гар ажиллагааг автоматжуулах гэж ойлгодог үе өнгөрч, аль болох хүний оролцоогүйгээр программ хангамж, технологид суурилж бизнесээ шинэлэг замаар явуулах боломж гэж үзэж байгаа. Уламжлалт хэв маягийг түйвээж, бизнесийг дараагийн түвшинд аваачих эд, эс нь  технологи.

 

Цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хөгжлийг хурдасгана

 

-Технологи дундаа программ хангамж нь оюуны хөдөлмөрөөр бий болдог баялаг  учраас бусад салбарыг бодвол урьдчилсан хөрөнгө оруулалт харьцангуй багатай. Түүнчлэн программ хангамжийн салбарт орон зай, цаг хугацаа, ложистикийн асуудал хэр барагтаа саад болдоггүй тул дэлхийн зах зээлд эрэлттэй, шинэлэг боловсронгуй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж чадвал экспорт  хийхэд хамгийн таатай салбар гэж хардаг.

Манай улс ашигт малтмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна программ хангамжийн бүтээгдэхүүн үйлчилгээг экспорт хийдэг улс болох бүрэн боломжтой гэж итгэдэг, эхнээсээ дотоодын компаниуд технологио дангаар нь эсвэл бизнес менежменттэй нь уялдуулан экспорт хийгээд эхэлснийг хараад баяртай байдаг.

Нөгөөтэйгүүр, технологийн хөгжлийг нэгдүгээрт тавихгүй бол болохгүй. Бид бүгдийн сэтгэлийг түгшээж байгаа хоёр орны дайны хувьд харилцан кибер довтолгоонууд хүчтэй өрнөж байгаа тухай мэдээнүүд гарч байна. Тэгэхээр биет дэд бүтцээс гадна  технологийн салбарт анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Бусад орнуудад ч мөн ялгаагүй технологи “номер” нэг бодлого нь болсон. Монгол Улс мөн цахим хөгжлийн асуудлыг нэгдүгээрт тавьж бие даасан  агентлагтай болсон. Саяхан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиа баталсан. Цаашид сайжруулалт хийгдээд явах нь тодорхой. Манай улсын зохицуулагч байгууллагууд технологийн салбарт харьцангуй нээлттэй. Санхүүгийн зохицуулах хороо “Сэнд бокс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн нэгдсэн үйлчилгээний "e-mongolia" цахим платформыг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн, цахим гарын үсгийн хуультай болсон улс гээд нааштай зүйл олон байна. Гэвч  зарим талаар хэрэгжилт нь хангалтгүй. Цахим гарын үсгийн хууль батлагдаад олон жил болсон ч амьдралд хэрэгжихгүй байгаа нь цахим хөгжилд саад учруулж буй асуудал. Тухайлбал нотариат дээр заавал биеэр очиж гарын үсэг зурах явдал хэвээр байна.

Иргэн зайнаас өөрийгөө баталгаажуулах үүлэн технологид тулгуурласан хямд цахим гарын үсгийн шийдлийг манай хувийн хэвшлийн программ хангамжийн компаниуд аль хэдийн гаргасан, бодлого гаргагч, хэрэгжүүлэгч институцууд  дэмжээд өгвөл амьдралд хэрэгжиж, цахим хөгжлийг түргэсгэх боломжтой харагдаж байна. Манай компани өнөөдрийн байдлаар 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жил бүр хүний нөөц 10-20 хувийн өсөлттэй. Хийх ажил манай салбарт маш их байна. Тулгамдаж буй асуудал нь программ хангамжийн чиглэлээр төгсөж буй хүний тоо багассан. Гэтэл эсрэгээрээ программ хангамжийн компанийн тоо нэмэгдсэн.

Ерөнхийд нь харахад манай улсын хувьд технологи, программ хангамжаар мэргэшсэн хүний нөөцийн дутагдалтай болж байна. Монгол Улсын программ хангамжийн үнэлэмж олон улстай харьцуулахад доогуур. Энэ нь туршлагатай, чадварлаг программ хангамжийн хүний нөөц АНУ, Япон улс руу экспортлогдох сул тал болж байгаа. Мэдээж эдгээр улсын эдийн засаг, зах зээл нь том учраас цалин, хөлс, хангамж нь манай дотоодын компанитай харьцуулшгүй.  Тиймээс бид мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн сайн бодлого боловсруулж хүний нөөцөө дотооддоо авч үлдэх, ирээдүйн инженерүүдийг олноор бэлдэх тал дээр анхаарах хэрэгтэй. Технологи нь сайн хөгжсөн орны өрсөлдөх чадвар сайжирч хөгжлийн индекс  нь өндөр гардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 52 (6784)

 

Super
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

10 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

10 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

11 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 23 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

1 цаг 57 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 19 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

2 цаг 40 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

2 цаг 57 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 13 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

5 цаг 11 мин