• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Н.Алтантөгс: Олон улсын харилцааны дэг журам өөрчлөгдөхөд бид бэлэн байх ёстой 

Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулан МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгсийг урилаа.

 

ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД ҮНДЭСТЭН УЛС ГЭСЭН ЭРИН ҮЕД АМЬДАРЧ БАЙГАА

 

-Бид өөрсдийгөө монгол хүн гэж хоорондоо ижилсэж, гадаад хүмүүсээс ялгардаг. Энэ ижилсэж байгаа ойлголт бол дэлхийн бусад улсуудад ч тэр, Монголд ч тэр, үндэстэн-улс оршин байгаагийн илрэл юм. Үндэстэн-улс гэдэг энгийнээр бол бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн газар нутаг, хил хязгаар дотор байгаа хоорондоо ижилссэн хүмүүсийг, тэдний улсыг хэлнэ. Үүн дотор байгаа хүмүүс ихэнхдээ нэг хэлээр ярьдаг буюу эсвэл нэг хэл давамгайлж хэрэглэдэг, нэгдмэл эдийн засгийн тогтолцоотой, нэгдмэл гадаад бодлоготой, нэгдмэл сурах бичиг хэрэглэдэг зэрэг шинжээр үндэстэн-улс болдог. Бидний хувьд энэ ойлголтууд 1911 онд эхэлсэн. Одоогийн бидний өөрсдийгөө нэрлэж байгаа Монгол гэх нэр бол Чингисийн Монгол мөн, гэхдээ үндэстэн улсын үүднээс харвал бас онцлогтой. Чингисийн үеийн Монгол бол аугаа их эзэнт улсын их хааны харьяатууд буюу Чингис хаан, түүний Алтан ургийнхан дээр тулгуурлан өөрсдийгөө Монгол гэж үзэж, ижилсэж байсан. Харин өнөөгийн монголчууд үндэстэн улс гэсэн эрин үед амьдарч байгаа. Би бол Монгол Улсын иргэн, харин түүний албат биш. Энэ бол сайн дурын, эрх чөлөөт хүмүүсийн өөрсдийн ухамсар дээр үндэслэн ижилсэж оршиж байгаа улс. Ийм улс болно гэдэг нь маш том шалгуур, хүнд бэрхшээлийг даван туулдаг. Дэлхий дээр үндэстэн-улс болж чадаагүй маш олон угсаатнууд бий.

Удахгүй болох арванхоёрдугаар сарын 29-нд тохиож байгаа баярын энэ өдөр бол Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, төрийн тамга, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхт 110 жилийн ой юм. Энэ бол Монгол гэсэн үндэстэн-улсын ижилслийн ой юм. Үүнийг орчин үеийн монгол үндэстэн сэргэн мандах эхлэл байсан гэж ойлгож болно. Энэ бол улс тунхагласан өдөр, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан ойн өдөр.

Би Хятадад сурч байсан. Миний сурч байсан хотын монгол оюутнууд улс тунхагласны баяр гэж арванхоёрдугаар сарын 29-нд биш, харин арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг байсан. Дэлхийн олон улсын гадаад оюутнууд манай баярыг сонирхоход оюутнууд тэдэнд монголчууд энэ өдөр тусгаар тогтносон гэсэн ойлголтыг өгөөд явуулдаг. Энэ нь надад маш харамсалтай санагдсан. Тэр үедээ хэлж тайлбарлаад оюутнуудын ихэнх нь хүлээж авдаггүй байлаа. Одоо ч иргэд, ялангуяа гадаадад суралцдаг, ажилладаг хүмүүс жил бүрийн 11-р сарын 26-ны өдрийг Улс тунхагласны баяр гэж тэмдэглэдэг. Хэн ч юм, хэзээ ч юм энэ өдрийг Улс тунхагласан өдөр гээд нийтэд ойлгуулчихжээ. Гэтэл тэр өдөр яг юуг тэмдэглээд байна гэдгээ хүмүүс өөрсдөө жаахан л анхааралтай ажиглавал монголчууд анх удаа Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах засаглалд шилжсэн буюу засаглалын хэлбэр өөрчлөгдөж байгаа түүхэн үйл явдлыг тэмдэглэж байгаа юм. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, эзэн хаан бүхий хамжлагат нийгмээс зөвлөлт маягийн Бүгд найрамдах засаглал руу шилжсэн үйл явдал байсан. Харин Монгол Улсыг тунхаглан байгуулсан өдөр огт биш. Бид 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталж, улсын нэрийг Монгол Улс гэж өөрчилснөө Монгол Улсыг тун­хаг­ласан өдөр гэж тэмдэглэдэггүй шүү дээ.

Гэтэл жинхэнэ утгаараа “улс тунхаглана” гэдэг бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29, мөн 1921 оны долдугаар сарын 10-ны өдрүүд юм. Энэ хоёр өдөр бол бидний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөтэй холбоотой тэмдэглэлт өдрүүд. Ихэнх улс орнууд тусгаар тогтнолтой холбоотой өдрүүдээ үндэсний баяр болгож тэмдэглэдэг. Дээрээс нь улс тунхаглана гэдэг нь Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байна гэсэн агуулга бүхий үгтэй баримт бичгээр баталгаажих ёстой. Нэгдүгээрт нийт ард иргэддээ хандсан, хоёрдугаарт хөрш улсууд болон дэлхийн бусад томоохон улсуудад хандсан тунхаг бичиг гаргаж тараадаг. Тэгвэл 1911 болон  1921 оны хувьсгалын үед ийм бичиг гаргаж тарааж байсан. Энэ бол улс тунхаглаж байгаа явдал. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулийг батлаад улсын нэрийг БНМАУ гэж зарласан. Энэ бол цаашдаа хаангүй, бүгд найрамдах болж хувирч байна гэдгээ зарласан явдал. Бүгд найрамдах Засгийн өдөр, Үндсэн хуулийн өдөр гэж нэрлэвэл тохиромжтой. Улс тунхагласан өдөр гэдгээ бид ийм байдлаар ойлговол яасан юм бэ? 

 

ТОГЛООМЫН ДҮРЭМ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХИЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ

Блиц

Боловсрол:

2003 он: Жилинь их сургууль, түүхийн ухааны доктор

Ажилласан байдал:

2003 он: “Битпресс” ХХК-д эх бэлтгэгч

2008 он: Төрийн түүхийн музейд эрдэм шинжилгээний ажилтан

2011 он: ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

2018 оноос: МУИС-д багш

-Цаашид бид яах ёстой вэ гэхээр давуу болон сул талуудаа олж харах хэрэгтэй. Юуны өмнө биднийг хүрээлэн байгаа энэ нөхцөл байдал мөнх үргэлжлэх үү. Цаашид манай улс хэр удаан оршиж тогтнож чадах вэ. Үүний үндэс суурь нь түүхтэйгээ холбоотой. Яагаад гэвэл одоо бидний Монгол үндэстэн гэж байгаагийн гол баталгаа бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнол бол юуны өмнө бидний өөрсдийн зорилго хүсэл, ямар нэгэн сорилт тулгарвал тэмцэхэд бэлэн байх эр зориг дээр тогтож байна. Нөгөө нэг чухал зүйл нь өнөөгийн олон улсын харилцааны дэг журам дээр тогтож байгаа. Олон улсын харилцааны дэг журам үйлчилж байгаа учраас манай хоёр хөрш бидний тусгаар тогтнолыг хүндэтгэж, найрсаг харилцаатай явж байгаагаа удаа дараа илэрхийлж байдаг. Одоогийн залуучууд бид манай улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл дээр үед болоод дууссан, өнөө үед бүх юм нь шийдэгдчихсэн сайхан цаг үед амьдарч байгаа гэж бодож байгаа бол энэ нь ойрыг харсан бодол юм. Хэрэв дэлхийн олон улсын харилцааны дэг журамд том хэмжээний өөрчлөлт гарвал бид яах вэ.

Түүхч хүний нүдээр харахад дэлхийн түүхүүд дандаа өөрчлөгдөж байдаг. Зарим хүний таамаглал ч бий. 50-60 жил тутамд дэлхийд том хэмжээний дайн болдог, том өөрчлөлт гардаг гэдэг ч юм уу. Өнөөдөр бид дэлхийн хоёрдугаар дайны цуурайн дор амьдарч байгаа. Дэлхийн хоёрдугаар дайнаар ЗХУ, АНУ тэргүүтэй холбоотон улсууд ялагч гүрний хувиар өөрсдийн тоглоомын дүрмээ тогтоосон. Энэ нь европчуудын Версалийн зарчим дээр үндэслэсэн тоглоомын дүрэм. Энэ дүрмээр Монгол Улс хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоосон, НҮБ байгуулагдсан, монголчууд НҮБ-д элссэн. Энэ тоглоомын дүрэм хэзээ хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан тэр хүртэл бид баталгаатай. Гэхдээ хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж, мэдээллийн эринд амьдарч байна. Үндэстэн гэсэн ойлголт интернетэд нэвтрэн орж байна. Ямар үндэстний агуулга, хэл соёл цахим орчинд хэр их байна гэдгээр тэр үндэстний оршин тогтнох чадварыг хэмжих асуудал яригдаж байна. Мөн одоогийн олон улсын харилцаанд тодорхойгүй олон асуудал үүссэн. Хүчний хуваарилалт өөрчлөгдөж байна. Улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэллээ. Магадгүй үүн дээр нэмээд ямар нэгэн том үйл явдал, тухайлбал, дэлхийг хамарсан санхүүгийн хямрал явагдвал олон улсын харилцааны өнөөгийн сайтар зохион байгуулагдсан дэг журам сулрах, өөрчлөгдөх өндөр магадлалтай.

Хэрэв тийм зүйл болвол бид яах вэ. Бидний итгэдэг НҮБ байхгүй болчихвол яах вэ. Олон улсын харилцааны институдууд задарч, эвдрээд, улс үндэстнүүд өөрчлөгдөж, дэлхий даяар орвонгоороо эргэвэл бид яах вэ. Мэдээж тийм зүйл битгий болоосой. Гэхдээ хэрэв тийм зүйл болвол бид бэлэн байх ёстой, тусгаар тогтнолоо гэсэн эр зоригоо хадгалах ёстой. Үүний тулд өөрсдийн түүхээрээ зөвхөн бахархаад зогсох төдийгүй, цаашид учир шалтгааныг ойлгох, өөрчлөлтийн үндсийг танин мэдэж байх нь чухал.  Жишээлбэл, Монгол, Хятад хоёр 1913-1914 онд хоорондоо байлдахад яагаад тийм хүч тэнцүү байлдаж байсан бэ. Тэр түүхийг бахархаад, манайхан хятадуудыг ёстой бут ниргэж байж гэж харахаас илүүгээр түүний шалтгаан юунд байсан, юу нөлөөлөөд монголчууд тэгж чадсан, тийм олон хүнтэй байж хятадууд яагаад монголчуудтай зөвхөн эн тэнцүү байлдаж л чадсан бэ гэх мэтээр түүхийнхээ учир шалтгааныг хайж, танин мэдэх хэрэгтэй санагддаг. Эцэст нь хэлэхэд, монголчууд гадаад улсаас бүх юмыг хуулж авч болно, технологи, кино, урлаг, менежментийн ухааныг авч болно, авах ч ёстой. Гэвч бид хичнээн хүсээд ч ганц зүйлийг гадаадаас хуулж авч чадахгүй. Тэр бол бидний түүх. Монгол хүн энэ хүртэл яаж явж ирсэн, яагаад ийм байдалтай байгаагийн учир шалтгааныг агуулсан шинжлэх ухааны мэдлэгийн эрдэнэсийн сан бол Монголын түүх.

 

МОНГОЛЧУУДЫН ЭРХ ЧӨЛӨӨ ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСТОЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

 

-Түүхэн ойтой холбоотой ярих сэдэв бол эрх чөлөө. Эрх чөлөө хэтэрнэ гэж хэзээ ч байдаггүй.  Харин хүн бусдынхаа эрхийг зөрчдөг. Хүний эрхийг хуулиар баталгаажуулахаар эрх чөлөө болж байгаа юм. Монгол бол далайд гарцгүй, хоёр том хөрштэй улс учраас Монголд эрх чөлөөний асуудлыг үлгэрчилсэн домог, хэт хөөргөсөн өнцгөөс харж болохгүй. Монголчууд эрх чөлөөг 1990 онд гэнэт олж аваагүй. Угаасаа байсан л зүйл. Социализмын үед ч тэр, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед ч тэр. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж, баривчилж, хороож байсан гэмт хэргүүд, тийм он жилүүд байсан болохоос хүний амьдрах заяагдмал эрхүүд байж л байсан. Урьд эрх чөлөөтэй байж байгаад, социализмын үед учиргүй хавчигдаж шахагдаад, 1990 оны ардчилсан хувьсгалаар л дөнгөж эрх чөлөөтэй болсон гэдэг ч юм уу, ийм ойлголт биш. Монголчуудын эрх чөлөөний асуудал дээшээ өгсөх замаар явж ирсэн. Хамжлагат нийгмийн үед хүний эрхийг хуулиар хамгаалах асуудал тун маруухан байсан. Ядуу ардууд зарга шүүх дээр ихэнхдээ ялагддаг байсан. Дэлхийн аль ч улсад тийм нийгэм байсан. Бүгд адилхан явсаар өнөөгийн хүний эрхийг хуулиар хамгаалдаг, эрхзүйт төртэй, эрх чөлөөг баталгаажуулсан ертөнц рүү орж ирсэн.

Гэхдээ монголчуудын эрх чөлөөний түүхийг америкийн загвараар тайлбарлах бас хэцүү. Америк загвар бол хүний эрхийг эдийн засгийн материаллаг зүйлээр баталгаажуулж ирсэн. Монголын онцлог тийм биш. Эдийн засгийн эрхийг баталгаажуулж байгаагүй. Харин хорьж саатуулж, мал сүргийг нийгэмчилж, феодалийн хөрөнгийг хурааж, эдийн засгийн эрхэнд нь халдаж байсан түүхтэй.

Харин үүнтэй зэрэгцээд Монголд Зөвлөлтийн нөлөөгөөр тэгш эрхийн асуудал маш хүчтэй тавигдаж эхэлсэн. Тэгш эрх бол эрх чөлөөний нөгөө тал. Францын хувьсгалын нэг уриа нь шударга ёс байсан. Шударга ёс бол тэгш эрхтэй салшгүй холбоотой, нэг юмны хоёр тал. Бид өөрсдийгөө ингэж явсан, тэгж явсан гэж бусдын үгээр шүүмжилж, түүхээ ярьж харамсах биш, харин бидний туулсан зам юм гэж ойлгох ёстой. Монгол хүний эрх чөлөөний ойлголт туулсан замаасаа гарч ирнэ. Монгол хүний эрхзүйт төр, эрх чөлөөт нийгэм, хүний эрхийн үндсэн ухагдахуунууд шударга ёс, тэгш эрхтэй. Өөрөөр хэлбэл марксист үзэл санаатай холбогдож гарч ирж, төлөвшсөн. Тэр нь 1990 онд бага зэрэг өөрчлөгдөөд эрх чөлөө, либераль үзэл санаагаар баяжсан. Гэхдээ үндэс нь өөрчлөгдөөгүй. Манай хуулиуд, төрийн байгууллагууд, боловсрол, хүмүүжил зэрэг салбарын суурь ухагдахуунд тэгш эрх, шударга ёсны ойлголт одоо болтол амь бөхтэй байгаа. Энэ нь Монголын уламжлалтай ч нийцдэг. Тийм ч учраас 1990 оноос хойш монголчуудын амьдрал асар их дээшилснийг өөрсдөө тодорхой мэдэж байгаа боловч одоо болтол нийгэмдээ, эрх баригчиддаа дургүйцдэгийн үндэс нь шударга ёс алдагдсан явдал юм. Тэгш эрх, шударга ёсыг шаарддаг энэ үзэл нь хэдийнэ 20 дугаар зууны дунд үед Монголд орж ирээд нутагшчихсан зүйл.  Тэгэхээр эрх чөлөө гэдгийг зөвхөн “freedom” гэдэг англи үгээр тайлбарлаад байж болохгүй. Монгол бол өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй, онцлогтой улс. Бидэнд шудрага ёсонд суурилсан эрх чөлөө хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.27 ДАВАА № 254 (6731)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.