Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
South China Morning Post цахим сонины геополитикийн нийтлэл
БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Уны Оросын Өдөр үндэсний баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээ нь хоёр улсын харилцаа худалдаа арилжаанаас давж, бат бөх цэргийн холбоо болж хөгжиж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд батлахыг эрмэлзсэн агуулгатай байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Пёньянд хийсэн төрийн айлчлалын дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ихээхэн итгэл үнэмшил өгөхүйц агуулгатай мэндчилгээ илгээсэн нь стратегийн тэнцвэр барих нэг хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
Умард Солонгос Хятадтай уламжлалт "цусан холбоо"-гоо сэргээхийг эрмэлзэж байгаа ч гэсэн Пёньян-Москвагийн харилцаа ихэнхдээ худалдаа арилжааны түвшинд байснаас халин бат бөх цэргийн холбоо болон хөгжиж байгааг баярын захидалдаа дурдсаныг шинжээчид онцлов. Зургаадугаар сарын 12-нд Оросын өдрийг тохиолдуулан илгээсэн баярын мэндчилгээнд Ким Москвагийн бодлогыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, Умард Солонгос "ОХУ-тай ямагт хамт байх болно" гэж амлажээ. Умард Солонгосын төрийн мэдлийн Мэдээллийн төв Агентлаг (KCNA)-ийн мэдээлснээр, Удирдагч Ким захидалдаа “хоёр улсын харилцаа "түүхийн шинэ хуудсыг нээж, нөхөрлөлийн итгэлцэл, холбоотны чин сэтгэлийн, үнэнч харилцаа болж улам бэхжиж байна" гэж бичжээ. Тэрбээр харилцаагаа гүнзгийрүүлж байгаагийн шалтгааныг хоёр тал 2024 оны зургаадугаар сард Пёньянд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан стратегийн түншлэлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай холбон тайлбарласан байна. Мөн тэрбээр "Москвагийн дотоод, гадаад бодлогыг бүрэн дэмжиж, Оросын Холбооны Улстай үргэлж хамт байх нь түүний "тууштай хүсэл зориг", засгийн газрын байр суурь гэдгийг онцолжээ. Удирдагч Ким баярын захидлынхаа төгсгөлд "ахан дүү Оросын ард түмний цаашдын зам зөвхөн амжилт, ялалтад хүрэх болно" гэж найдаж байгаагаа илэрхийлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд "хариуцлагатай ажилд нь улам их амжилт хүсье" хэмээн хүсэн ерөөжээ.
Стратегийн тэнцвэр барих бооцоо
Удирдагч Ким Жон Ун Умард Солонгос ОХУ-тай тогтоосон харилцаа нь Солонгосын дайны үеэр Хятадтай тогтоосон уламжлалт "цусан холбоо"-той өрсөлдөх, эсвэл бүр давж гарах цэргийн холбоо болон хувирч буй дохио өгч байгаа бололтой гэж Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн ахлах судлаач О Гён Соб дүгнэжээ. "Ким Жон Ун Умард Солонгосын ОХУ-тай тогтоосон харилцаа БНХАУ-тай тогтоосон харилцаанаас илүү хүчтэй гэсэн мессежийг Москвад өгч байгаа төдийгүй түүний энэ дохио Ким Жон Уны Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Пёньян Бээжингийн тойрог замд эргэн орж магадгүй гэсэн болгоомжлолыг бууруулах зорилготой юм" гэж дээрх судлаач үзэж байна. Бээжин цөмийн хөтөлбөрийн улмаас Умард Солонгост ногдуулсан олон улсын хориг арга хэмжээг зөрчихөөс зайлсхийсээр байгаа бол ОХУ өөрөө Барууны орнуудын хатуу хоригт байгаа юм. Орос, Умард Солонгос хоёулаа НҮБ-ын болон Барууны хоригт байгаа нь Пёньяны эсрэг хориг арга хэмжээ авах Москвагийн сонирхлыг бууруулж, хориг арга хэмжээг зөрчин хамтран ажиллахтай холбоотой эдийн засаг, нэр хүндэд учирч болох зардлыг мэдэгдэхүйц бууруулж байна.
"Ким Жон Ун Умард Солонгосын ОХУ-тай тогтоосон харилцааг БНХАУ-тай тогтоосон харилцаагаар орлуулж болохгүй бөгөөд Москватай тогтоосон холбоотны харилцааны үндсэн дээр Бээжинтэй тогтоосон харилцаагаа сайжруулахыг эрмэлзэнэ гэж Москвад хэллээ", "Удирдагч Ким мөн АНУ, Япон гэсэн нийтлэг өрсөлдөгчдийн эсрэг БНАСАУ, БНХАУ, ОХУ гэсэн гурван улс олон туйлт дэлхийн дэг журмыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо"гэж түүний захидлын агуулгыг судлаач О Гён Соб дүгнэж байна.
Удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй даваа гарагт Пёньянд уулзахдаа Хятадтай тогтоосон харилцаагаа Умард Солонгосын "хамгийн чухал стратегийн харилцаа" гэж тодорхойлж, хоёр талын харилцаагаа "улс хоорондын харилцааны загвар" болгон хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа амлав. Хоёр удирдагч мөн хоёр талын харилцааг "илүү бат бөх суурин дээр" бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие биенийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг дэмжих, хоёр талын харилцаанд "шинэ хуудас нээх" талаар ч тохиролцов. Харин "Цөмийн зэвсэггүй болгох" гэсэн нэр томъёог ерөөсөө дурдаагүй нь Ши Жиньпиний 2019 онд Пёньянд хийсэн айлчлалаас эрс ялгаатай байсан юм. Удирдагч Ким мөн "нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бид БНХАУ-ын нэг Хятад бодлогыг бүрэн дүүрэн дэмжинэ" гэж амлалаа. Умард Солонгосын Судалгааны Их Сургуулийн хүндэт профессор Ян Мүү-жин "Умард Солонгос Нэг Хятад зарчмыг дэмжсэний хариуд БНХАУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрч байна" гэж тайлбарлажээ.
Цөмийн зэвсгээ чимээгүйхэн хүлээн зөвшөөрүүлж байна
Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын талын анхаарлыг татахгүйн тулд Ши Жиньпин цэргийн солилцоо санал болгосон талаарх мэдээллийг санаатайгаар орхигдуулсан байж болзошгүй байна. Хэвлэлүүд үүний оронд дайны үед харилцан туслалцаа үзүүлэх заалттай БНАСАУ-БНХАУ-ын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурсны 65 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг долоодугаар сарын 11-нд зохион байгуулах тохиролцоо руу анхаарлыг чиглүүлжээ. "Умард Солонгос ОХУ-аас аюулгүй байдлын амлалт, БНХАУ-аас эдийн засгийн ашиг тус авч, энэ хоёр улсаар хоёулангаар нь цөмийн зэвсгээ чимээгүйхэн хүлээн зөвшөөрүүлж", "Удирдагч Ким мөн Хятад, Орос хоёулаа түүнийг дэмжиж байгаа гэсэн мессежийг Вашингтон руу илгээж байна” гэж судлаач Ян үзэж байна.
Цөмийн зэвсэггүй болгох, хориг арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндөлгүйгээр Умард Солонгосын энгийн ард иргэдэд бодит ашиг тусыг хүртээхийн тулд Хятадтай өндөр түвшний дипломат ажиллагаа явуулах удирдагч Кимийн чадвар нь "Умард Солонгосыг хэвийн улс гэж хүлээн зөвшөөрөгдөхөд дахин нэг алхам ойртуулж байна" гэж Умард 38 хөтөлбөрийн захирал, ахлах судлаач Женни Таун дүгнэжээ. Мөн судлаач Женни "Дээд хэмжээний уулзалт нь бэлгэдэл, сүр жавхаа талаасаа сайхан болсон хэдий ч Ши, Ким нар бие биетэйгээ гүн гүнзгий харилцаатай биш байгаа бололтой, гэхдээ тэд хоёулаа хамтын ажиллагааныхаа стратегийн үнэ цэнийг ойлгож байгаа" гэж нөхцөл байдлыг үнэлжээ.
"Дээд хэмжээний уулзалтын үр дүнг талууд хэрхэн тодорхойлсон талаарх зөрүүтэй байр суурийг харгалзан үзвэл хоёр талын харилцааг сэргээхэд олон талын хүчин чармайлт шаардагдах бололтой. Хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь Хятад, Умард Солонгос цөмийн асуудлаар нэг байр суурьтай биш байгааг харуулж байна” гэж Донггук Их Сургуулийн Умард Солонгосын судалгааны хүндэт профессор Ко Ю-хван дүгнэсэн байна.
Профессор Ко-гийн дүгнэснээр "Бээжин олон туйлт ертөнцөд Дэлхийн Өмнөдийнхөн буюу Хөгжиж буй улсуудыг багтаасан шинэ хүч болж гарч ирж буй тул шинэ Хүйтэн дайны эвсэл болох Хятад, Орос, Умард Солонгосыг АНУ, Япон, Өмнөд Солонгосын эсрэг нэгтгэхийг стратегийн дарамт” гэж үзэж байна. Умард Солонгос ОХУ-тай харилцаагаа хурдацтай гүнзгийрүүлж байгаа хэдий ч БНХАУ хамгийн том худалдааны түнш, эдийн засгийн ивээн тэтгэгч улс хэвээр байна. Пёньян худалдааны хувьд Хятадаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд худалдааны хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүнд ухаалаг гар утас зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт багтжээ.
Эх сурвалж: https://www.scmp.com/week-asia/politics/article/3356987/what-does-north-korea-get-its-blossoming-ties-russia?module=perpetual_scroll_0&pgtype=article
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn