Доржийн ОЮУНЧИМЭГ
Хар тамхи, үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт, гэр бүлийн маргаан зэрэг шинэ эрсдэлийн өмнө хүүхэд хамгааллын тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсэж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. Тэрээр хүүхэд хамгааллыг нэг салбарын халамжийн ажил бус боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, шүүх, орон нутаг, гэр бүл, иргэний нийгмийн хамтын хариуцлага хэмээн тодорхойлсон юм.
-Та хүүхэд хамгаалалтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл, ажлын хэсэг дээр ажиллаж байгаа учраас хүүхэд хамгааллын асуудлыг тогтолцооны шинэчлэл гэж хараад байна уу?
-Бид хүүхэд хамгааллын асуудлыг хэсэгчилж биш, бүхэл тогтолцоогоор нь харах шаардлагатай. Өнөөдөр хүүхдийн өмнө тулгарч байгаа эрсдэлийг нэг байгууллага дангаараа шийдчих асуудал биш болсон. Гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах байдал, сургуулийн орчны дарамт, цахим орчны эрсдэл, мансууруулах бодисын далд хэрэглээ, сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн маргааны үр дагавар зэрэг олон асуудал хоорондоо холбогдож байна.
Тиймээс хүүхэд хамгааллыг зөвхөн "хохирсон хойно нь арга хэмжээ авах" эсвэл "халамж үзүүлэх" хүрээнд ойлгож болохгүй. Хүүхэд айдасгүйгээр суралцаж, цахим орчинд доромжлол, дарамтад өртөхгүй байх ёстой. Мөн гэр бүлийн маргааны золиос болохгүй. Гэмт хэргийн сүлжээний нөлөөнд автахгүй байх. Энэ бол хүний хөгжлийн суурь, цаашлаад Монгол Улсын ирээдүйн аюулгүй байдлын асуудал юм.
Тэгэхээр хүүхдэд тулгарах эрсдэлийг эрт илрүүлдэг. Хүүхдэд ойр ажилладаг. Гэр бүлтэй нь хамт дэмждэг. Сургууль дээр нь хамгаалдаг. Шаардлагатай үед сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бүрдүүлэх нь бидний зорилго байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчигдсөн хойно халагладаг бус, зөрчигдөхөөс нь өмнө хамгаалдаг төр хэрэгтэй.
-Эрсдэлийг урьдчилан илрүүлэх тогтолцоо ажиллахгүй байна гэж хэлж болох уу. Үнэхээр ажиллахгүй байна гэж үзвэл яагаад гэдэг асуултад хариулт хэрэгтэй болно?
-Тэгэхээр гацаж байгаа цэгийг ганц шалтгаанаар тайлбарлах боломжгүй. Дээр дурдсанчлан эрсдэл дан ганц салбараас хамааралтай биш байна. Тодруулбал, хууль, төсөв, хүний нөөц, байгууллага хоорондын мэдээллийн урсгал, хяналт үнэлгээ бүгд холбоотой. Гэхдээ хамгийн том сул тал нь эрт дохио илрүүлэх сүлжээ бүрэн бүрдээгүй явдал.
Нэг хүүхдийн зан төлөв өөрчлөгдөх, хичээлдээ муудах, бусдаас тусгаарлагдах, айдастай болох, цахим дарамтад өртөх зэрэг дохиог багш, эцэг эх, сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын байгууллага хамтдаа анзаарах ёстой. Гэтэл амьдрал дээр сургууль, цагдаа, эмнэлэг гээд хамааралтай ажиллах байгууллагууд тус бүрдээ өөр, өөр мэдээлэлтэй. Тэр ч бүү хэл нийгмийн ажилтан тусдаа мэдээлэлтэй байх тохиолдол бий. Энэ завсарт хүүхэд орхигддог.
Тиймээс хэн мэдээлэх вэ, хэн үнэлгээ хийх вэ, хэн үйлчилгээ үзүүлэх вэ, хэн хяналт тавих вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Үүний тулд хуульчилж өгөх нь зүйтэй. Хүүхэд хамгааллын бодлогын гол шалгуур нь цаасан дээрх заалт биш. Харин эрсдэлд орсон хүүхэд хаана хандаж, хэнээс, хэдий хугацаанд, ямар тусламж авч чадаж байна вэ гэдгээр хэмжигдэх ёстой.
ХАР ТАМХИ, ЦАХИМ ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТ НЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ШИНЭ СОРИЛТ
-Хүүхэд мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдвол асуудлыг шийдвэрлэхдээ юунд анхаарал хандуулах шаардлагатай вэ?
-Хүүхэд бол нэн тэргүүнд хамгаалагдах ёстой. Хэрэв мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон бол шууд гэмт хэрэгтэн гэж “шошголох”-оос өмнө яагаад эрсдэлд орсон. Ямар нөхцөлд байсан, хэн уруу татсан, хэн ашигласан, гэр бүлийн болон сургуулийн орчин нь ямар байсан гэх мэтчилэн зайлшгүй анхаарал хандуулж нягт нарийн шалгах учиртай. Түүнчлэн сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж хэрэгтэй эсэхийг мэргэжлийн түвшинд үнэлэх ёстой.
Мэдээж хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийн ирээдүйг харлуулах, хааж боомилох байдлаар хариуцлага хүлээлгэх нь гол зорилго биш. Харин дахин эрсдэлд оруулахгүйгээр хамгаалах бодлогыг баримтлах нь зүйтэй. Нэг удаагийн алдаанаас болж хүүхдийн ирээдүйг хааж болохгүй. Мэдээж ганц удаагийн алдаа гэдэг нь хүүхдийг өөгшүүлэх, ялаас хэлтрүүлэх шалтгаан болох ёсгүй.
Нөгөөтээгүүр, хүүхдийг тээвэрлэгч, зуучлагч, борлуулагч болгон ашиглаж байгаа насанд хүрсэн этгээдүүдэд илүү хатуу хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө сүлжээний хохирогч болсон байх магадлалыг төр, хууль хяналтын байгууллага үргэлж анхаарах ёстой.
-Мансууруулах бодисын асуудлыг зөвхөн эрүүгийн бодлогоор шийдвэрлэх нь зөв шийдэл мөн үү?
-Мансууруулах бодисыг хууль бусаар нийлүүлдэг зохион байгуулалттай сүлжээг таслан зогсоохын зэрэгцээ хүүхэд залуусыг ашиглаж ашиг олдог этгээдүүдтэй төр хатуу тэмцэх ёстой. Манай улсын хувьд энэ тал дээр хариуцлага сул байж болохгүй.
Гэхдээ хэрэглээний эрсдэлд орсон хүүхэд, залуусыг зөвхөн ял шийтгэл оногдуулах замаар таслан зогсоох оролдлого нь асуудлыг бүрэн шийдэхгүй. Энэ бол нэг талаас гэмт хэрэгтэй тэмцэх, нөгөө талаас эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, гэр бүл, нийгмийн хамгааллын бодлого шаардсан нухацтай хандах учиртай асуудал.
Хүүхэд яагаад ийм эрсдэлд орж байна вэ гэдгийг асуух ёстой. Гэр бүлийн хараа хяналт, сэтгэл зүйн байдал, сургуулийн орчин, найз нөхдийн нөлөө, цахим орчны уруу таталт гэх мэт нөлөөлж болохуйц хүчин зүйлүүдийг орхигдуулахгүйгээр дүгнэлт гаргах хэрэгтэй гэж хардаг.
Тиймээс бодлого гурван тулгууртай байх ёстой. Нэгдүгээрт, нийлүүлэлт, хууль бус эргэлттэй хатуу тэмцэх. Хоёрдугаарт, хүүхэд залуусын дунд урьдчилан сэргийлэх боловсрол, амьдрах ухааны сургалтыг бодитой болгох. Гуравдугаарт, хэрэглээнд өртсөн, донтох эрсдэлтэй хүүхэд залуусыг эмчлэх, нөхөн сэргээх, гэр бүлтэй нь хамтран ажиллах үйлчилгээтэй болох хэрэгтэй.
-Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт олныг цочирдуулж байна. Гэхдээ хүүхдүүдийн жирийн маргааныг дэвэргэж байна гэх нь ч бас байна л даа?
-Хоёр хүүхэд нэг удаа санал зөрөх, муудалцахыг дээрэлхэлт гэж үзэхгүй. Дээрэлхэлт бол давтамжтай, санаатай, хүчний тэнцвэргүй байдал дээр суурилсан үйлдэл. Байнга доромжлох, айлгах, гадуурхах, эд зүйлийг нь булаах, нэр хоч өгөх, цахимаар гутаах, зураг бичлэгээр дарамтлах, бүлгээс тусгаарлах зэрэг олон хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
Өнөөдөр дээрэлхэлт зөвхөн анги, коридорт биш хүүхдийн гар утас, чат групп, сошиал орчинд үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хоногийн 24 цаг тасралтгүйгээр хүүхдийг дарамталж байгаа хэлбэр. Энэ тун эрсдэлтэй. Хохирсон хүүхэд ихэнхдээ "улам дээрэлхүүлэх болов уу", "багш тоохгүй байх", "эцэг эх намайг буруутгах болов уу" гэдэг бодолдоо ээрэгдэн хамгаалалт хүсэж чадахгүй байдалд хүрч байна.
Иймээс дээрэлхэлтийг хүүхдүүд хоорондын жижигхэн маргаан гэж үзэж болохгүй. Энэ бол хүүхдийн сурах орчин, сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүүхдийн эрхийн зөрчил. Тэгэхээр асуудлыг нэр томьёо, хариуцлага, мэдээлэх журам, хамгаалах арга хэмжээний түвшинд тодорхой болгох шаардлагатай.
СУРГУУЛЬ АСУУДЛЫГ НУУДАГ БИШ, ХҮҮХДИЙГ ХАМГААЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛОХ ЁСТОЙ

-Найдвартай хамгаалалт байгаа гэдэгт итгэж байж л хүүхэд өөрийгөө хамгаалах арга замыг сонгох байх. Өөрөөр хэлбэл, гомдол гаргасан хүүхэд дахин гадуурхагдахгүй байхын тулд сургуулийн баримтлах зарчим тодорхой байх ёстой болов уу?
-Хүүхэд үнэнээ хэлснийхээ төлөө дахин хохирох ёсгүй. Тиймээс сургууль бүр дээрэлхэлтийн гомдлыг хүлээн авах, шалгах, хамгаалах тодорхой журамтай байх хэрэгтэй. Хүүхэд хаана хандахаа мэддэг, гомдол гаргасан даруйд нууцлал, аюулгүй байдал, сэтгэл зүйн хамгаалал нь хангагддаг байх ёстой.
Анги удирдсан багш, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн үүргийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Мэдээлэл авснаас хойш хэдэн цаг, хэдэн өдрийн дотор ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь ойлгомжтой байх ёстой.
Мөн зөвхөн хохирогч хүүхдийг хамгаалаад зогсохгүй дээрэлхэгч хүүхэдтэй ажиллах шаардлагатай. Яагаад ийм зан авир гаргах болов. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл болоод гэр бүлийн байдал, найз нөхдийн сүлжээ гэх зэргээр нөлөөллийн үнэлгээ хийх хэрэгтэй. Тэгэхээр бусдыг доромжлох зан үйл хаанаас бий болов гэдгийг ойлгож байж дараагийн удаад алдаа гаргахгүй байх арга замыг эрэлхийлнэ. Энэ нь эрсдэлийг бууруулахад голлох нөлөө үзүүлнэ л дээ. Хэрэв хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй бол сургууль асуудлыг нууж болохгүй. Холбогдох байгууллагад шууд мэдэгдэх ёстой. “Хоорондоо учраа олчихсон” гэх өнгөцхөн тайлбар дээрэлхэлтийг далд хэлбэрт даамжруулах эрсдэл болдог. Тиймээс "Хүүхдүүд өөрсдөө учраа ол" гэж орхих нь хариуцлагаас зугтаж байгаа хэрэг.
-Сургуулийн орчны аюулгүй байдлын тухай хуульд голлох агуулга юунд чиглэх ёстой вэ?
-Сургуулийн аюулгүй байдал гэдэг зөвхөн барилга байшин, галын аюулгүй байдал, хашаа, хамгаалалт мэтээр харж болохгүй. Мөн ариун цэвэр, хоол үйлдвэрлэл биш л дээ Мэдээж эдгээр нь суурь нөхцөл. Гэхдээ хүүхдэд сэтгэл зүйн аюулгүй байдал, цахим орчны хамгаалалт, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх орчин хэрэгтэй байна. Тодруулбал, сургуулийн орчин айдасгүй, аюулгүй байх шаардлагатай.
Хүүхэд сургууль дээрээ доромжлогдохгүй, айхгүй, гадуурхагдахгүй, багш болон үе тэнгийнхний дарамтаас хамгаалагдсан байх ёстой. Түүнээс гадна хүүхдийн нэр төр, алдар хүндийг цахим орчинд харлуулах нь сурлагад нөлөөлж байгаа учраас "хичээлээс гадуурх зүйл" гэж орхиж болохгүй.
Мөн хүүхдийг эдийн засгийн байдал, хөгжлийн онцлог, гадаад төрх, гэр бүлийн нөхцөл, хүйс, хэл, соёл, эрүүл мэндийн байдлаар ялгаварлахгүй байх зарчмыг хуульд тодорхой тусгах ёстой. Сургууль бол хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй, айдасгүй орчин бүрдүүлж, суралцах боломжийг нь олгох ёстой.
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛ ЗАРДАЛ БИШ
-Хүүхэд хамгааллын бодлого байгаа хэдий ч санхүүжилт болоод хүний нөөц тулгамдсан асуудал болж байна гэх юм. Магадгүй өнөөгийн байдал төсөв санхүү, мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай холбоотой гэж харж болох уу?
-Хуулийг хэрэгжүүлэх субъект нь хүн. Хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр ямар үр дүн гаргах вэ гэдэг чухал. Тиймээс хэрэгжилтэд хяналт тавих, алдаа гарвал хариуцлага тооцох механизм ажиллаж байгаа учраас үүнд санхүүжилт болоод хүний нөөц зайлшгүй шаардлагатай шүү дээ.
Сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бол хүүхэд хамгааллын хамгийн ойрын “түнш”. Тэд хүүхдийн зан төлөвийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд анзаарах учиртай хүмүүс. Хэрэв хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдвал багшид зөвлөгөө өгч, эцэг эхтэй ажиллах ёстой. Мөн эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай үед холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл сургуулийн хэмжээнд ганцхан мэргэжилтэн ажилладаг. Тэгэхээр сургуулийн нийт сурагчтай нэг бүрчлэн ажиллах боломжгүй. Тиймээс нөхцөл байдлаа харвал орон тоог нь нэмэх шаардлага тулгарсан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд нийгмийн ажилтны үйлчилгээг идэвхжүүлж орон тоог нэмэх хэрэгцээ үүссэн. Ингэхдээ чадавхжуулах асуудлыг орхигдуулж болохгүй.
Хүүхдийн сэтгэл зүй, цахим дарамт, дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл, донтох эрсдэлийг зөв оношилж, үнэлж, дүгнэлт гарган ажиллах, харилцах арга барилаа зөв тодорхойлж ажиллах мэргэжлийн ур чадварт суралцах ёстой. Түүнээс гадна хөгжлийн онцлогтой хүүхэдтэй ажиллах тусгай мэдлэг шаардлагатай.
Эцсийн дүндээ энэ бүхэн санхүүжилттэй нүүр тулдаг. Тиймээс л хүүхэд хамгааллын салбарт төсөв бол төрийн бодлогын үнэн нүүр царайг харуулдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн аюулгүй байдалд зарцуулсан мөнгө бол зардал биш. Ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм.
-Гэр бүлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг хангах тал дээр хангалтгүй байна гэх шүүмжлэл гардаг. Учир нь хүүхдийн оролцоог хангадаггүй гэх юм?
-Гэр бүлийн маргаан бол зөвхөн эхнэр, нөхрийн асуудал биш. Түүний цаана хүүхдийн өдөр тутмын амьдрал, сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал бий. Эцэг эх маргаж, салж болно. Харин хүүхэд тэр маргааны золиос болох ёсгүй.
Шүүхийн шийдвэрийн гол шалгуур нь "эцэг эхийн хэн нь ялж байна вэ" гэдэгт биш, "хүүхдийн амьдрал, хөгжил, аюулгүй байдалд эцэг, эхийн аль нь үүрэг, хариуцлага хүлээх чадамжтай вэ” гэдэгт зөв хариулт өгснөөр Шүүхийн шийдвэр зөв талд гарах ёстой. Асрамж, тэтгэлэг, уулзалтын хуваарь, оршин суух газар, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдэхдээ хүүхдийн нас, хөгжлийн онцлог, сэтгэл зүйн байдал, санал хүсэлт, аюулгүй орчин, эцэг эхийн бодит асран хамгаалах чадварыг харгалзах шаардлагатай.
Мөн хүүхдийг нотлох хэрэгсэл мэт ашиглах. Эцэг эх нь нөгөөгийнхөө эсрэг хүүхдийг турхирах. Уулзуулахгүй байх, тэтгэлгээр барьцаалах, сэтгэл зүйд нь дарамт үүсгэх явдлыг таслан зогсоох зохицуулалт хэрэгтэй.
Нөгөөтээгүүр, хүүхдийн дуу хоолойг сонсоно гэдэг нь гарч байгаа шийдвэрийн бүх хариуцлагыг хүүхдэд үүрүүлнэ гэсэн үг биш. Харин мэдрэмж, айдас, хэрэгцээг нь мэргэжлийн түвшинд ойлгож шийдвэртээ тусгах тухай асуудал юм шүү дээ.
-Магадгүй таны ярьж байгаа гарц, шийдлүүд хэрэгжвэл таван жилийн дараа ямар өөрчлөлт гарах вэ?
-Таван жилийн дараа хүүхэд хамгааллын тогтолцоо эрт илрүүлдэг. Илүү хурдан хамгаалдаг. Илүү мэргэжлийн тусламж үзүүлдэг. Илүү хариуцлагатай болсон байх ёстой. Улаанбаатарын хүүхэд, алслагдсан сумын хүүхэд хоёрын хамгаалуулах эрх ялгаатай байж болохгүй.
Сургууль бүр хүүхдэд аюулгүй орчин болж, дээрэлхүүлсэн, гадуурхагдсан, цахим дарамтад өртсөн хүүхэд хаана хандахаа мэддэг, хандсан даруйд хамгаалагддаг байх хэрэгтэй. Мансууруулах бодис, цахим эрсдэл, хүчирхийлэл, сэтгэл зүйн хямрал зэрэг шинэ төрлийн аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцоо ажилладаг болсон байх ёстой.
Гэр бүлийн маргаанд хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт тавигддаг. Хүүхэд хамгааллын төсөв, хүний нөөц бодитой нэмэгдсэн, хүүхдийн дуу хоолой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад тусдаг байх нь шинэчлэлийн бодит үр дүн.
Хүүхдээ хамгаалж чаддаг улс ирээдүйгээ хамгаалж чадна. Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь өнөөдрийн аюулгүй байдлыг хангахаас гадна маргаашийн Монголыг илүү хүнлэг, шударга, аюулгүй болгох тухай асуудал юм шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn