Шинэ зууны соронзон кино

2021-12-17
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Шүүдэр” продакшны бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” кино бүх театрын дэлгэцийг эзэлжээ. Чингис хааны жич хүү Хайду хааны охин Хотол цагаан гүнжийн түүхээс сэдэвлэж үлгэрийн кино мэт эхлэх атал үйл явдал нь туульсын хэлбэрээр өрнөж, тулаант жанраар үзэгчдэд хүрч буй шинэ бүтээл. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүтээгдэж, өчнөөн  хүндрэл бэрхшээлийн дараа амсхийх агшинд хүмүүст хүрч байгаагаараа онцлог юм.

Түүхэн кино бүтээх нь цаг хугацаа хийгээд  хөрөнгө санхүүгийн хувьд томоохон сорилттой тулгардаг. Covid-19-ийн өмнө  ганц манай улс ч бус  дэлхий нийтээрээ  сөхөрсөн үед хөрөнгө босгож кино хийж, түүнийгээ үзэгчдэд хүргэнэ гэдэг том эр зориг шаардана. Энэ том ачааг уг киног бүтээсэн Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар үүрч явсаар давж гарч чадсанд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Монгол хүн бүрт ийм бодол төрсөн гэхэд маргах хүн гарахгүй  биз ээ.

Киноны үйл явдлын талаар энд дэлгэрэнгүй бичих илүүц байх. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” түүхэн романыг уншсан, “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киног үзсэн хүмүүсийн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд зөндөө байсан. Бараг үзэгчдийн групп үүссэн  ч болов уу. Би ч бас үзэгчийн хувиар нүүр номд сэтгэгдлээ бичсэн. Энэ удаа сэтгүүлчийн үзгээр бүтээлийн талаар  эргэцүүлэн дүгнэж сууна.

 Манай түүхэн кино, жүжгүүдэд  хаан, хатад, хан хөвгүүдийн дүрийг янз бүрээр л урлаж гаргасан байдаг. “Чингис хаан”, “Мандухай сэцэн хатан” гээд түүхэн кино бүтээсэн. Өөр улс орнуудын бүтээсэн дэлгэцийн олон ангит кинонууд ч бий.  Хотулуны адил  ном, кино болж нийтэд хүрсэн монгол  гүнжийн домог цөөн байх.  Кино эхлэхэд Хайду хаан  хайртай охин Хотулунаа харь гүрэнд хадмын газар үдэж мордуулах гэж байх үес  зүсээ хувиргаж, зүгээ буруулсан  дээрэмчид халдан   алтан судрыг нь хулгайлж, өөрийг нь үхлийн шархтай үлдээдэг. Эцгийгээ  амьсгал тасраагүй байхад эх өөр хөвгүүд нь хаан ширээ булаацалдан өвөр зуураа хэмлэлдэж эхэлнэ. Ах нар нь алтан судрынхаа араас атгасан гар шиг нэгдэн тэмцэх бус  хаан ширээний төлөө алалдах болсон тул  Хотулун гүнж алтан судрын эрэлд мордоно. Хаан хөвүүн бус гүнж болж төрсний  ганцаардал, хааны охин ч гэлээ хадмын хаяаг түшиж харьд очих тавилан, адал явдал, дайн тулаан, амраг сэтгэл, бэрхийг сөрсөн  олон сорилт ийнхүү эхэлж, киноны үйл явдал  цааш өрнөнө.

Урлаг зорилготой, зорилгогүй гэх маргаан, онолын  тухайд би мэдэхгүй, гэхдээ киноны энэ  өрнөл, тэр их тэмцлийн  хамгийн оргил хэсэг  нь  эцэг дээдсийн   ёс, яс, цусаар батажсан эрх чөлөө, тусгаар тогтнол, үеийн үед мөнх оршиж ирсэн Монголын гал голомт, үр хойчдоо өнөд  үлдээх  нутаг орон, өв соёлыг зүрхэнд сийлж, сэтгэлд уяж буйд  киноны гол санаа, ач холбогдол оршиж байна гэж огшсон.

Ямартай ч өмнө үзэж байсан кинонуудаас  өөр, огт өөр байсан тул “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киног шинэ үеийн, шинэ зууны “соронзон кино” гэж нэрлэмээр. Тэгэхээр чухам яагаад соронзон гэх болов гэсэн асуулт гарна. Нэгдүгээрт үзэгчийг хэдэн зуун дамнуулаад “шидчихэж” байгаа  түүхэн үйл явдал, туульсын өгөгдөл нь сонирхолтой. Жүжигчдийн хувцас хэрэглэлээс өгсүүлэн  эртний ахуйд үнэмшилтэйгээр  хөтлөн  аваачиж буй зэрэг нь сайн болжээ. Түүн дээр Хөгнө ханы  байгалийн гоо сайхан,  уулсын сүр жавхаа нь  хүчийг олуулжээ. Монголын байгалийн сүр жавхааг,  тийм  гайхалтай уран  гоё болохыг  нь харуулж мэдрүүлсэн өөр киног санахгүй байна. Өөрийн эрхгүй тийшээ  очиж үзэх хүсэл төрсөн. Хотулун гүнжийн морь унаад уулсын наагуур давхин гарч ирдэг хэсэгт бол яг тэр газарт морь унаад түүн лугаа патиараа татуулах хүслэн хүн болгонд төрөхөөр. Кино зураг авалтын гайхамшгийг харж суухад урлагаар дамжуулан гадны үзэгчдийг аялал жуулчлалд урин дуудах давхар санаа шингэсэн ч юм шиг, гэхдээ энэ бол зөвхөн миний  бодол. Харин байгалийн сайхныг удаан  тогтож хармаар  байхад  кадр хурдан солигдоод явчих нь жаахан  харамсал төрүүлж байлаа.

Тулаант жанрыг сонгосон учраас том, жижиг 7-8 байлдааныг харуулсан кино юм. “Чингис хаан”, “Мундухай сэцэн хатан” кинонд ч том дайн тулаан гардаг. Хүн хүчний тухайд тэдгээр кинотой “Хотулун гүнж-Алтан дэвтрийн эрэлд” киног  харьцуулах аргагүй юм. Тэр хоёр киног манайх улсын  төсвөөр, цэрэг армийн хүчийг тултал дайчилж хийсэн. Хотулун гүнжийн алтан дэвтрийг эрж хайж тулаан тэмцэл өрнүүлсэн хэсгүүд  болон бусад  дайн тулаанд яах аргагүй хүн хүчний оролцоо дутсан тал анзаарагдсан. Дайн болоод байдаг, баатар цэргүүд нь цөөхөн. Гэхдээ энэ нь төсөв хөрөнгө, цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотой байх. Шүүмжиллээ гэж  уг кинонд хөрөнгө оруулсан үндэсний хэдхэн хөрөнгө оруулагчид маань бүү гомдоорой, үндэсний үзлээ дээдэлж  эх оронч хөрөнгө оруулалт хийсэнд чинь талархаж байна. Харин  үндэсний хэмжээнд бүгд дэмжихгүй яасан юм бэ гэх жаахан  гоморхол цээжин дотроос хатгаж үлдлээ. Нөгөөтэйгүүр, үйл явдлыг   тултал харуулах бус хэсэг хүн, цөөн баатар цэргээр төлөөлүүлж, түүнээс цааш  үзэгчийг ургуулан  бодуулах  туульслаг өгөгдлөөр хөтөлсөн Д.Болдхуяг продюссерийн санаа ч бас байсан  болов уу. Үзэгч наагуур бодож болох ч энэ бол урлагт байх л зүйл.

Зарим үзэгч, бас надад ч  гэсэн Хотулун гүнж Номхон хун тайжийн амраг Зульфад баригдчихдаг хэсэг нэг тиймхэн, ийм амархан баригдах ч гэж дээ гэсэн бодол төрүүлж байлаа. Гэнэт кадр солигдоход л гүнж баригдаж, гараа хүлүүлж, тэргэн дээр тэгнэн ар нуруу руугаа ташуурдуулж байгаагаар гардаг. Баатар эрчүүдтэй барилдаад давдаг, харваснаа алддаггүй баатарлаг гүнжийг ийм амархан баригддагаар дүрсэлчихээр хэн ч тэгж бодно. Гэхдээ мөнөөх туульсын орон зай, тэр орчилд болоод өнгөрөх үйл явц, хэсэг хугацаа, үйл явдал бүү хэл хэдэн зууныг алгасч үзүүлэх орчил, үзэгчдийн ургуулан бодуулахад хөтлөх өгөгдөлд бас  ч гэж байж болох өгүүлэмж, уучилж бодох учиртай ч юм шиг. Жүжигчдийн  тоглолт, дүрээ гаргасан байдал шинэлэг санагдсан, бусдыг нь мэргэжлийнхэн, урлаг судлаачид хэлэх байх. Харилцан яриа их биш,  тухайн дүрийн биеийн  хэлэмж, харцны өгүүлэмж  гээд ерөөс үйл явдлыг шууд зураглан  үзүүлсэн нь сонирхолтойн дээр гүн сэтгэгдэл төрүүлж  чадлаа. Иймд хайр, нөхөрлөл, итгэл, бишрэл, эрэлхэг зоригийг ”уншуулж “ чадаж байгаагаараа шинэлэг  бүтээл болжээ гэх байна.

Хотулун гүнж, Абатай болон түүний  нөхдийг бүр бага наснаас эхлэн өсөх идэр насанд харуулж, нөхөрлөлийн үнэ цэнийг тодруулснаар киноны үйл явдал, дүрүүдийн хэн нь хэн болох дүрийн ялгарлыг хийжээ. Дайн тулаан олонтой кино учраас хүүхэд, залууст илүүтэй зориулагдсан юм шиг  санагдсан. Тулааны урлагт байх биеийн хэлэмж, тулалдагч талуудын  унах босох, үхэх, сүүлчийн амьсгал татах төрх байдал, дүрийн характерийг  кинонд хэрхэн харуулах нь хэдийгээр   урлаг ч гэлээ үнэмшилтэй  байх ёстой. Энэ асуудлыг нарийн судалгаатайгаар,  мэргэжлийн түвшинд харуулснаараа  кино онцлогтой  юм. Тулаан дунд гэнэт  нинжа нар гарч ирж тулалддаг хэсэг 1990-ээд онд залуусыг байлдан дагуулж байсан  “Хонгилдон”  хэмээх киноны өгүүлэмжийг нэхэн сануулсан. Тэдгээр дүрээр уулын эзэн, савдгуудыг дүрсэлсэн гэж ойлгосон,  яг тэр хэсэгт нарийн сайн  ойлгоогүй ч сонирхолтой байлаа.

“Хотулун гүнж-Алтан дэвтрийн эрэлд”  киног бүтээсэн уран бүтээлчдэд, гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин М.Цэрэндолгорт баярлах, бахархах   нэг зүйл бол морьтон монголчуудын гайхамшгийг харуулж чадсанд халуун талархал дэвшүүлэх нь  зүйтэй. Монгол хүн морио  унаж чаддаг байх ёстой шүү  гэдгийг энэ кино хэлж өгсөн /үгүй ч байж болно, учир нь үзэгч өөр өөрийнхөөрөө  хүлээж авдаг шүү дээ/.

Монголын хүүхэд залуус сүүлийн үед морь унах нь ховордсон. Эрлийз адуу оруулж ирж, монгол наадмаа будлиантуулах болсноор уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд орж, мэргэжлийн жоккейчидтой болсон дээр биш үү гэх асуудал хөндөж эхлээд удаж байна. Өөр нэг асуудал нь хуучинсаг зүйлийг нуршлаа гэж зарим хүн бодож мэдэх ч социализмын үед хүүхдүүд  “Хөдөлмөр” зусланд  явж үнээ мал сааж, морь унаж, даага сургаж хөдөөгийн амьдралтай танилцдаг, монгол өв соёл,  зан заншлаас суралцдаг байсан цаг үлгэр болж үлджээ. Тэгвэл шинэ зуунд морьтон Монголын гайхамшгийг  харуулсан “Хотулун гүнж-Алтан дэвтрийн эрэлд”-ийг үзсэн хэнбугай ч морь унаж уудам талаар давхих хүсэл төрнө гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Монголоо гэсэн бүхэн рүү, Монголыг гэх тэмүүлэл рүү хөтөлж байгаа учраас  “Соронзон кино” гэж хэлж байгаагийн минь  учир энэ. Эцэст нь хэлэхэд  цээжинд нь монгол хэмээх нэгэн зүрх цохилж, судсаар нь Чингисийн цус урсч буй хэнбугай ч үр ачаа дагуулан зорьж очиж,  оюуны өв болгон үзүүлэх    кино бол “Хотулун гүнж-Алтан дэвтрийн эрэлд” юм шүү. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.17 БААСАН № 247 (6724)

 

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

1 цаг 31 мин
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

2 цаг 35 мин
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

5 цаг 0 мин
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

5 цаг 16 мин
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

6 цаг 10 мин
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж бодож байна

6 цаг 39 мин
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдл

10 цаг 41 мин
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 41 мин
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгий

10 цаг 41 мин
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Өчигдөр 13 цаг 05 мин