
-Тэр хөлбөмбөг тайлбарладаг Балжиннямын утас эсвэл фейсбүүк дэх хаяг нь байна уу? Дэндүү их хараал, гудамжны үг хэллэг ашиглаж ярих юм. Маш олон хүүхэд залуус үзэж байгаа шүү дээ. Тэдэнд ийм үлгэр дууриал үзүүлж болохгүй.
Фейсбүүкт нэгэн эмэгтэй ингэж бичжээ. Түүнтэй санал нэгдэж байгаа олон хүн лайк дарсан байна билээ. Энэ талаар ахимаг насны эрэгтэйтэй санал бодол солилцоход харин ч эсрэгээрээ хөлбөмбөг тайлбарлагч сөөнгө хоолойтыг өмөөрөх маягтай.
* * *
Нийгмийн хөгжлийг дагаад манайд олон шинэ мэргэшил бий болсны нэг нь хөлбөмбөгийн тайлбарлагч. Монголчууд үндэсний бөхийг хамгийн олон үзэгчтэй гэдэг ч хөлбөмбөг дэлхийд хамгийн олон дэмжигчтэй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн спорт билээ. Монголчуудыг хөлбөмбөгийн спортын амтанд оруулсан гол хүчин зүйл нь хойд хөршийн төв телевизүүд байсан гэдэгтээ хэн ч маргахгүй. Хижээл насныхан Оросын хөлбөмбөгийн тайлбарлагчдын сэтгэл хөдөлгөм, сонирхолтой тайлбарт нь дасчихсан гэхэд болно. Их дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжлээр оюутнуудад хичээл заадаг тул одоо байгаа хэдийгээ сонсохоос өөр сонголт бидэнд үлдээгүй бололтой. Бразил улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Тод харуулна” уриатай “ETV” телевиз өнгө, дүрсний ялгарал сайтай дамжуулж байгаа нь сайшаалтай боловч тайлбарлагчдаас нь эфирийн соёл гэдэг зүйл огтхон ч үнэртэхгүй байна. Тайлбарлагч нь дэлгэцэнд гарахгүй ч тэдний хэлсэн үгийг найман настай балчираас наян настай буурал хүртэл сонсож байгаа гэдгийг тэд мартаж болохгүй юм. Нэг талаас бид радио сонсоогүй, тоглолтын үйл явцыг дэлгэцээр харж байгаа болохоор 90 минутын талбайд болж буй үйл явдлыг л тоочих нь тэдний үүрэг баймаар юм шиг санагддаг. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайлбар дээр орос хэлний багшаас телевиз рүү урвасанЭ.Балжинням ихэвчлэн тайлбарлаж байгаа харагдав. Саяхан Орос, Солонгос хоёрын тоглолтыг тэрээр давуу эрхээ ашиглан тайлбарласан. Уг нь хуваарь ёсоор өөр хүн тэр тоглолтыг тайлбарлах байсан гэнэ. Э.Балжинням тоглолт эхэлсэн цагаас зөвхөн Оросын талаар, хөлбөмбөгч, улстөр, бизнес гээд тэр бүү хэл эхнэр хүүхэд, нууц амрагийнх нь тухай баримт сэлтийг ямар ч нотолгоогүй цээжний бангаар авч өгнө лээ. Дөрвөн жил хүсэн хүлээсэн тэмцээнээ үзэх гэж бүтэн шөнийн нойроо хугасласан Орос, Солонгос хоёр багийг хөгжөөн дэмжих хүн олон л байсан байх. Гэтэл тайлбарлагч нь орос ялбал, хэрэв орос тэнцвэл гэж ирээд л тоглолтын уур амьсгалыг зөвхөн өөрийн дэмждэг баг руу чиглүүлэх маягтай. Монголчууд оросын хоккей, хөлбөмбөгийн багийг олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр олон жил дэмжиж ирсэн нь үнэн. Гэвч орчин үеийн монголчууд Япон, Солонгос гээд азийнхаа тоотой хэдэн багийг дэмждэг болсон шүү дээ. Тайлбарлагч хүн тоглолтын турш нэг талыг барьж тайлбарлах нь зохимжгүй юм. Монгол Улсад ганцхан телевиз шууд дамжуулах эрхээ аваад тоглолтыг дамжуулж байгаа тохиолдолд тайлбарлагч нь олон мянган хүний нүд чихний өмнө өөрийнхөө дэмждэг багийг дөвийлгөн тайлбарлах нь хэр зохимжтой вэ. Үзэгч бид Оросын багийн сайн, муу алдаа оноотой зүйлсийн талаар сонсох эрхийн сацуу Солонгосын багийн дүн шинжилгээг мэдэхийг туйлаас их хүснэ.Бас нэг жишээг дурдахад энэ тоглолтонд Солонгосын баг Оросын багийн хаалганд гоол оруултал тайлбарлагч Э.Балжинням орох ёсгүй бөмбөг хаалганд орсон аятай юм ярина. Тэгээд бүр Оросын шигшээ багийн шилдэг хаалгач Игорь Акинфеевийн алдсан бөмбөгний араас “Манай хүүхэд ч ингэж хаахгүй дээ” гэнэ. Балжиннямын хүүхэд аавыгаа дуйраасан хөлбөмбөгт авьяастай, мундаг байж болно. Гэхдээ их гүрний хаалгачаас илүү арван жилийн сурагч гэж юу байхав. Энэ тоглолтыг Э.Балжиннямаас гадна 5-7 хүн ээлжлэн тайлбарладаг аж. Тэд хоёр хоёроороо тоглолтуудаа ээлж дараалан тайлбарлах журамтай гэсэн. ХаринЭ.Балжинням шууд эфирийн үеэр хамтран тайлбарлагчийнхаа алдааг тэр дор нь өлгөж аваад, бурууг нь илчлэн дайрах маягтай. Бүр цаашлаад хоорондоо маргах маягийн юм болдог байгаа. Манай хөлбөмбөгийн хорхойтнууд тэдний тайлбарыг хүссэн ч эс хүссэн ч сонсохоос өөр замгүй. Албан ёсны эрхтэйгээр ганцхан манай телевиз шууд дамжуулж байгаа юм шүү гэж ирээд тайлбарлагч, хөтлөгч нар нь өдөр, шөнөгүй тоть аятай нөгөө хэлдэг хэдэн үгээ дахин дахин ярина.Иймд нэвтрүүлэгийн шууд тайлбарт хэнийг орох эсэхийг олон нийтийн дунд санал асуулгаар шийдвэрлэвэл үзэгчдээ дээдэлсэн шинэлэг аргачлал болох биз.
Нөгөөтэйгүүр манай кабелын телевизийн үйлчилгээ үзүүлдэг “Сансар” болон “Юнивишн” сувгаар гарч болоод байсан Оросын РТР-511, РТР-513 сувгууд гэнэт тасарсанд гайхаж, бухимдах хүн олон байна. Монголчууд 70, 80-аад оноос гагцхүү Оросын телевизээр хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзээд хэвшчихсэн ард түмэн. Сурсан эрдмийг сураар боож болдоггүй гэж үг бий. “ETV” телевиз дүрсний нягтрал сайн боловч манай үзэгчдийн багагүй хувь нь орос ах нарынхаа тайлбарын сонсохыг л хүсдэг. Ямар учраас Оросын хоёр суваг гэнэт тасрав. Энэ асуултын цаана бизнесийн том лобби нуугдаж байж мэдэх юм. Тухайлбал шууд нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Mобиком” корпараци, “Хүрхрээ “АПУ” компани, “Adidas”, “Таван богд” групп, “Арвайн үндэс” зэрэг томоохон компаниуд ивээн тэтгэж байгаа юм. Өөрсдийн бизнесийн сурталчилгааг хамгийн олон үзэгч үзэх боломжтой энэхүү мөчлөгийг эдгээр компаниуд ашигласан нь буруу биш. Хамгийн гол нь үзэгчдийн хамгийн их үзэх дуртай оросын сувгуудыг хаахыг лоббидохгүй байхыг хүсч байна. Үүнд Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын удирдлагууд анхаарлаа хандуулах үүрэгтэй байх.
Д.МӨНХ
Эх сурвалж: www.polit.mn