М.ХҮСЛЭН
Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр гэртээ харих багуудын нэрс тодорч эхлэв. Хэсгээсээ шалгарах боломжгүй болсон багт 2010 оны дэлхийн аварга Испани оров. Дэлхийн аваргууд хоёрдугаар тойрогт Чилид 0:2-оор ялагдаж нутаг буцахаар боллоо. Мөн Австрали, Камерун өчигдөр шөнө ялагдсанаар дараагийн шатанд гарах боломжгүй болсон юм.
БАЯРТАЙ, ИСПАНИ
Испани - Чили 0:2
Гоол: Варгас 19, Арангис 43
Испани: Касильяс, Аспиликуэта, Рамос, Хави Мартинес, Хорди Альба, Бускетс, Хаби Алонсо (Коке, 46), Иньеста, Силва, Педро (Касорла, 76), Диего Коста (Торрес, 64)
Чили: Браво, Исла, Сильва, Медель, Хара, Мена, Марсело Диас, Арангис (Гутьеррес, 65), Видаль (Кармона, 88), Алексис Санчес, Варгас (Вальдивия, 85)
Шар хуудас: Хаби Алонсо, Видаль, Мена
“Ялагдашгүй Армада” гэгддэг 2010 оны дэлхийн, 2008, 2012 оны Европын аварга Испанийн шигшээ баг хоёрдугаар тойрогт Чилийн багт 0:2-оор хожигдож булайгаа чирэв. Хөлбөмбөгт тики-така буюу ойрын зайн олон дамжуулалтаараа гаршсан, олон чадварлаг хөлбөмбөгчдөөс бүрдсэн Испанийн шигшээ хамгийн эхэнд нутаг буцах болж байгаа нь хачирхалтай юм. Тэднийг дэлхийн аварга болдоггүй юмаа гэхэд шигшээ тоглолт, хагас шигшээд шалгарна гэж олон сая хөгжөөн дэмжигчид хүлээж байсан билээ.
Тоглолтын нэгдүгээр үеийн дундуур Чилийн багийнхан өрсөлдөгчийнхөө довтолгоог тасалж, сөрөг дайралт хийж Эдуардо Варгас эхний гоолыг оруулсан. 43 дахь минутад Касильяс Санчесийн цохилтыг хааж чадсан ч Арангис бөмбөгийг нэмж цохисноор дэлхийн аваргууд маш хүнд байдалд орсон юм. Хэдийгээр “Ялагдашгүй Армада” гоол хийх гэж зүтгэсэн ч Чилийн авьяаслаг баг тэдэнд боломж өгсөнгүй. Ийнхүү Испанийн шигшээ ДАШТ-ийг эрт орхилоо. Испанийн шигшээ баг 1998 оны Дэлхийн аваргаас хойш анх удаагаа хэсгээсээ шалгарч чадсангүй.
ГОЛЛАНД ШӨВГИЙН 16-Д ШАЛГАРЛАА
Австрали - Голланд 2:3
Гоол: Роббен 20, Кэйхилл 21, Единак 54 торгуулийн цохилтоор, Ван Перси, 57, Депай, 68
Австрали: Райан, Макгоуан, Шпиранович, Уилкинсон, Дэвидсон, Леки, Маккей, Единак, Брешиано (Бозанич, 52), Оар (Тэггарт, 77), Кэйхилл (Хэллоран, 68).
Голланд: Силлессен, Де Фрай, Флар, Мартинс Инди (Депай, 45+2), Янмат, Де Гузман (Вайналдум, 78), Де Йонг, Снайдер, Блинд, Ван Перси (Ленс, 87), Роббен.
Шар хуудас: Кэйхилл, 43. Ван Перси, 47.
Эхний тойрогт дэлхийн аварга Испанийг 5:1-ээр бут ниргэсэн Голланд Австралийн шигшээ багийг 3:2-ын харьцаатай хожлоо. Ингэснээр “Нисдэг голланд” дараагийн шатанд шалгарч, Австрали ДАШТ-ийг орхих нь тодорхой болов. Тоглолтын 20 дахь минутад Голландын багийн сөрөг довтолгоо амжилттай болж, Ариен Роббен гоолын салхийг хагалав. Тун удалгүй Австраличууд хариу гоолыг орууллаа. 21 дэх минутад баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Австралийн тоглогч Тим Кэйхил газарт буулгалгүй цохиж гоол оруулсан юм. Тим Кэйхил 44 дэх минутад шар хуудас авснаар дараагийн тоглолтод орох эрхгүй боллоо. Тэрээр Чилитэй хийсэн тоглолтод мөн л 44 дэх минутад шар хуудас хүртсэн. Ийнхүү Тим Кэйхил хоёр тоглолт дараалан шар хуудас хүртсэнээр нэг тоглолтод оролцох эрхгүй болсон юм.
Тоглолтын хоёрдугаар үеийн 54 дэх минутад Голландын хамгаалагч торгуулийн талбайд алдаа гаргаж, Австралийн баг торгуулийн цохилт гүйцэтгэхээр болов. Пенальтийг Австралийн хагас хамгаалагч Майл Единак амжилттай цохиж гоол орууллаа. Австраличууд тоглолтыг 2:1-ийн харьцаатай тэргүүлж эхлэв. Тоглолтын 58 дахь Роббен ван Перси, 68 дахь минутад Мемфис Депай нар гоол оруулж, “Нисдэг голланд” 3:2-ын харьцаатай хожил авч чадлаа. Энэ тоглолтод Голландын Ариен Роббен, Робин ван Перси нар ДАШТ-ий гурав дахь гоолоо орууллаа. Мэргэн буучдын жагсаалтыг Германы Томас Мюллер, Голландын Ариен Роббен, Робин ван Перси гурван гоолоор тэргүүлж байна.
В хэсгээс Голланд, Чилийн баг дараагийн шатанд шалгарах эрхээ хангалаа. Сүүлчийн тойрогт Голланд-Чили тоглох бөгөөд халз тоглолтын дүнгээс шалтгаалж хэн нь хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой болно. Хоёроор гарсан нь тэмцээнийг зохион явуулагч Бразилын шигшээтэй таарах магадлал өндөртэй юм.
ХОРВАТ ХЭСГЭЭС ГАРАХ БОЛОМЖТОЙ
Камерун - Хорват - 0:4
Гоол: Олич 11, Перишич 48, Манжукич 61, 73
Камерун: Итанж, М`Биа, Шежу (Нунке, 46), Нкулу, Ассу-Экотто, Шупо-Мотинг (Салли, 75), Матип, Эйонг, Сонг, Муканжо, Абубакар (Вебо, 70).
Хорват: Плетикоса, Срна, Ловрен, Чорлука, Праньич, Перишич (Ребич, 78), Модрич, Ракитич, Саммир (Ковачич, 72), Олич (Эдуарду да Силва, 69), Манджукич.
Шар хуудас: Эдуарду да Силва, 89.
Улаан хуудас: Сонг 40.
Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод талбайн эзэн Бразилд 3:1-ээр хожигдсон Хорватын баг өчигдөр Камеруныг 4:0-ээр бут ниргэжээ. Хорватын баг хэсгийн сүүлчийн тойрогт Мексикийг ялж чадвал шөвгийн 16-д үлдэх боломжтой. Шагналаа нэмэхгүй бол ДАШТ явахгүй гэж томорч байсан Камеруны баг булайгаа чирч нутаг буцах болов. Тоглолтын 40 дэх минутад Хорватын довтлогч Манжукичийг нуруунд нь тохойдсон Алекс Сонг “улаан хуудас” авч талбайгаас хөөгдсөнөөр “Номхоршгүй арслангууд” хүнд байдалд орсон. Улмаар Камеруны хоёр тоглогч хоорондоо маргалдан зодолдох дөхөж Самуэль Это тэднийг салгаж харагдав.
Тоглолтын эхний гоолыг 11 дэх минутад Олич оруулсан бол, нээлтийн тоглолтыг өнжсөн Хорватын шилдэг довтлогч Марио Манжукич хоёрдугаар үеийн 61, 73 дахь минутад “дубль” хийлээ.