
Б.БАРС
ШВЕЙЦАРИУД СҮҮЛИЙН МӨЧИД ХОЖИЛД ХҮРСЭН НЬ
ШВЕЙЦАРЬ – ЭКВАДОР – 2:1 (0:1)
“Е” хэсэг. Тоглолт 9.
Зургадугаар сарын 15. Бразилиа. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн. 68 351 үзэгч.
Гоол: Э.Валенсия, 22 (0:1). Мехмеди, 48 (1:1). Сеферович, 90+3 (2:1).
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Журу, Фон Берген, Родригес, Шачири, Бехрами, Инлер, Жака, Штокер (Мехмеди, 46), Дрмич (Сеферович, 75).
Эквадорь: Домингес, Паредес, Гуагуа, Эрасо, В.Айови , А.Валенсия, Нобоа, Груэсо, Монтеро (Рохас, 77), Э.Валенсия, Кайседо (Арройо, 70).
Альпийн нурууны дунд орших тансаг Швейцарийн залуу бүрэлдэхүүнтэй шигшээ багийг энэ ДАШТ-д цахиур хагална гэж хөлбөмбөгийн олон мэргэжилтэн үзэж буй. Энэ багийн цөм нь 2009 оны 17 нас хүртэлх өсвөрийн дэлхийн аварга, 2011 оны 21 нас хүртэлх залуучуудын Европын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн хөлбөмбөгчид юм. Швейцарь өмнөх ДАШТ-ий эхний тоглолтдоо ирээдүйн дэлхийн аварга Испанийг 1:0-ээр хожин бөөн шуугиан дэгдээсэн билээ.
Харин дэлхийд гадил жимсийн экспортоор тэргүүлдэг Эквадорын шигшээ багийг Бразил, Аргентин, Уругвай, эсвэл Колумб шиг амжилт үзүүлнэ гэж тоож үзэх хүн ховор. Гэвч Эквадорын баг өөрийн хаалгандаа нэг тоглолтод нэгээс дээш гоол алдах нь туйлын ховор Швейцарийн нягт хамгаалалтыг сэтлэн эхний гоолыг оруулсан юм. Швейцариуд талбайд давамгайлан алсын зайнаас хэд хэдэн аюултай цохилт гүйцэтгэсэн ч Эннер Валенсия толгойгоороо мөргөн Швейцарийн хаалганд бөмбөг оруулж дөнгөсөн.
Хоёрдугаар үе эхлэнгүүт сэлгээгээр гарч ирсэн Швейцарийн Мехмеди мөн л толгойгоороо мөргөн тооны харьцааг тэнцүүлсэн билээ. Хэдийгээр Швейцарь талбайд давамгайлсан хэвээр байсан ч Эквадорын довтлогч Монтерогийн цохисон бөмбөгөнд хаалгач Бенальо хөлөөрөө хүрээгүйсэн бол тоглолт огт өөрөөр эргэх байв.
Шүүгчийн мэдлийн сүүлийн минут өндөрлөх гэж байхад л Швейцар маш хурдан сөрөг довтолгоо өрнүүлснээр Сеферович Эквадорын хаалганд бөмбөг оруулж, багаа ялалтад хүргэсэн юм.
ФРАНЦУУД НЭГ ТОГЛОГЧ ДУТУУ ӨРСӨЛДӨГЧӨӨ ТҮВЭГГҮЙ ХОЖЛОО
ФРАНЦ – ХОНДУРАС – 3:0 (1:0)
“Е” хэсэг. Тоглолт 10.
Зургадугаар сарын 15. Порту-Алегри. “Бейру-Риу” цэнгэлдэх хүрээлэн. 35 000 үзэгч.
Гоол: Бензема, 45 (пенальти) (1:0). Вальядарес, 48 (өөрийн хаалганд) (2:0). Бензема, 72 (3:0).
Франц: Лорис, Дебюши, Сако, Варан, Эвра, Кабай (Мавуба, 65), Матюиди, Погба (Сиссоко, 57), Вальбуэна (Жиру, 78), Бензема, Гризманн.
Хондурас: Вальядарес, Бекелес, Фигероа, Бернардес (Чавес, 46), Исагирре, Нахар (Кларос, 58), У.Паласиос, Гарридо, Эспиноса, Бенгтсон (Гарсия, 46), Костли.
Төв болон Хойд Америкийн бүсийн багуудыг үл ойшоох цаг өнгөрсөн гэдгийг Уругвайг бут ниргэсэн Коста-Рика яруу тодоор харуулсан тул энэ тоглолтын өмнө Хондурас Францад гурван оноо бэлэглэчих зөөлөн боорцог яавч биш гэж үзэж байв.
Өөрсдийгөө “катрачо” гэдэг хондурасууд урьд өмнө Мундиалд хоёр удаа зодоглохдоо нэг ч удаа хожилд хүрч байгаагүй юм. Иймээс тэд энэ ДАШТ-д түүхэн дэх анхныхаа ялалтыг байгуулах гэж ирсэн нь тодорхой. Харин үндсэн “гоолны машин” Франк Риберигээ алдсан францууд гол найдвар нь Мадридын “Реал”-ын довтлогч Карим Бензема байсан гэж хэлж болно.
Тоглолт эхнээсээ дуустал француудын давамгайлал дор өрнөсөн бөгөөд бөмбөг тус багийн довтолгооны баруун жигүүрт очингуут л Хондураст аюул заналхийлэл үүсч байлаа. Францын баруун жигүүрт Дебюши, Вальбуэнэ хоёр үнэхээр үр дүнтэй ажиллаж, өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд орох тоолонд Бенземаг бөмбөгөөр хангаж байсан гэхэд хилсдэхгүй.
Гэвч хоёр ч удаа Хондурасын хаалгын хөндлөвч оносон бөмбөг гоол бололгүй удсан. Тоглолтын эхний үе дуусахын алдад Хондурасын хамгаалагч Паласиос өөрийн торгуулийн талбайдаа өрсөлдөгчөө түлхэн унагаж хоёрдахь шар хуудсаар торгуулиад талбайгаас хөөгдсөн юм. 11 метрийн торгуулийн цохилтыг Бензема алдаагүй, тооны харьцаа 1.0 болов. Нэг тоглогч дутуу өөрөөсөө бүх талаар сул багийг францууд ердөө 3:0-ээр буулган авсан нь чамлалттай санагдана. Учир нь тэд баараггүй гоол оруулах өч төчнөөн боломжийг ашиглаж чадаагүй юм. Гэсэн ч, болох юм болдгоороо болж Францын шигшээ баг эхний гурван оноогоо авлаа.
МЕССИГИЙН ГАНЦ ЦОХИЛТ АРГЕНТИНД ХОЖИЛ АВЧРАВ
АРГЕНТИН – БОСНИ ГЕРЦЕГОВИН – 2:1 (1:0)
“F” хэсэг, тоглолт 11.
Зургадугаар сарын 16. Рио-де-Жанейро. “Маракана” цэнгэлдэх хүрээлэн. 74 738 үзэгч.
Гоол: Колашинац, 3 (өөрийн хаалганд)(1:0). Месси, 65 (2:0). Ибишевич, 85 (2:1).
Аргентин: Ромеро, Гарай, Кампаньяро (Гаго, 46), Фернандес, Сабалета, Маскерано, Ди Мариа, Родригес (Игуаин, 46), Рохо, Агуэро (Билья, 87), Месси.
Босни Герцеговин: Бегович, Муйжа (Ибишевич, 69), Бичакчич, Спахич, Колашинац, Хайрович (Вишча, 71), Бешич, Пьянич, Мисимович (Медуньянин, 74), Лулич, Жеко.
ДАШТ буюу Мундиалын “шинэ цэрэг” Босни Герцеговины баг дэлхийн цомыг хоёронтаа гардаж байсан Аргентины эсрэг талбайд гарангуутаа өөрийн хаалгаа мялаана гэж яаж мэдэх билээ. Тоглолт эхлээд гуравхан минут өнгөрч байхад алдарт Месси торгуулийн цохилт гүйцэтгэхэд Рохо толгойгоогоороо дөнгөж шүргэсэн. Босни Герцеговины хаалганд ямар ч аюул нүүрлээгүй боловч гэнэтхэн Колашинац бөмбөгт зүүн өвдгөөрөө хүрэн хаалгандаа автогоол оруулчихсаныг хөлбөмбөг сонирхогчид харсан.
Тэглээ гээд Хорватын адил хуучин Югославын шаггүй “школ”-той Босни Герцеговины баг балмагдалгүй Аргентины хаалга руу ар араасаа цуварсан олон довтолгоо хийж эхэлсэн юм. Хэдийгээр гоолдоогүй ч тоглолтын эхний хагаст Европын энэ баг талбайд үнэхээр давамгайлсан. Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг удаа дараа хүртсэн Лионель Месси тэргүүтэй Аргентин энэ үед үнэндээ олигтой тоглолт үзүүлээгүй.
Харин хоёрдугаар үед Аргентины дасгалжуулагч Алехандро Сабелиа сэлгээгээр Гаго, Игуанин хоёрыг гаргаснаар багийнх нь тоглолт бага зэрэг идэхжсэн боловч өнөөх супер тоглогч Месси тун ч “даруухан” байв. Гэсэн хэдий ч Игуаины дамжуулсан бөмбөгийг зүүн хөлөөрөө өшиглөн баганаас ойлгон өрсөлдөгчийнхөө хаалганы торонд оруулчихсан билээ. Мундаг хөлбөмбөгчин өөрийн агшнаа тэвчээртэй хүлээн бөмбөгөнд нэг хүрээд л хэн гэдгээ яруу тодоор харуулдаг гэж энэ буюу. Тэрээр хаа байсан 2006 оны Мундиалд мөн л Югославын нэг хэсэг байсан Сербийн эсрэг гоолдсоноос хойш ДАШТ-д хоёрдахь бөмбөгөө оруулж байгаа нь энэ юм.
Тэгсэн хэдий ч Босни Герцеговины “луунууд” эцсийн мөч хүртэл бууж өгөөгүй бөгөөд тоглолт дуусахаас таван минутын өмнө Германы “Штутгарт” багт алба хашдаг Ибишевич Аргентины хаалганд гоол оруулсан билээ. Ингэснээр Босни Герцеговины хөлбөмбөгчид өөрийн төдийгүй өрөөлийн хаалгыг ч гоолдож чадахаа яруу тодоор харуулсан юм. Аргентин гялалзсан гоё тоглолт үзүүлээгүй ч ийнхүү нэг их хөлс гаргалгүй маш чухал гурван оноогоо халаасалж чадлаа.