
Ц.ЖАРГАЛСҮРЭН
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачлан өргөн барьсан “Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар батлав. Алив хууль энэн шиг бараг хэлэлцэлгүй “ногоон гэрлээр” батлагдаж байхыг үзсэнгүй ээ. Эхлээд УИХ хэлэлцэхийг дэмжсэн бол төрийн байгуулалтын байнгын хороо ямар үг хэлгүй тогтоол гаргачихсан. Түүнийг чуулганы хуралдаан ёс юм шиг хэлэлцсэн дүртэйгээр баталлаа гээд ёстой гурилдана гээчийг үзүүлэв. Уг хуулийн өөрчлөлт нь үндэсний бөхийн цолоос “далай аварга”-ыг хасах ганцхан заалттай. Энэ нь л олны анхааралд өртөөд байгаа юм. Тэгэхээс ч аргагүй гэдгийг олон хүн хэлж байгаа.
Далай аварга гэдэг муу цол юм уу? Үгүй ээ. Бөхийн олон цолны дээрэсээ гуравт ордог, бөх цоллоход эрч хүч өгч ая хөг нэмдэг сайхан цол шүү дээ. Гэтэл энэ цолыг хасах гэсэн санаа эрхмүүдэд яагаад төрсөн юм бэ гэвэл нийтийн биш бүлэг нөхдийн ганц хоёрхон бөхийн эрх ашигт тохируулах гэж л санаачилсан хууль. Ноднин наадмын өмнө батлуулсан ч Ерөнхийлөгч хориг тавиад болиулчихсан юм. Тэгтэл энэ жил хуйвалдааны маягтай хууль болгоод авлаа.
Одоо юу болох вэ гэдэг бас сонин байгаа. Хууль санаачлагчдын санаагаар бол өнөөдөр, маргаашгүй Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулж дархан аваргын тоог нэмэх. Үнэн чанартаа бол энэ нь эндүүрэл юм шиг. Алив хууль батлагдснаасаа хойш хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Тиймээс мөн хууль одоо ид барилдаж байгаа бөхчүүдэд л хамаатай гэж болно. Р.Гончигдорж нар тайлбарлахдаа:
-Далай аварга гэдэг цолыг хасах нь үндэсний бөхийн цол, чимгийн агуулга нь сайжирч, бөхчүүдийн шударга өрсөлдөөн бий болж барилдааны чанарт өөрчлөлт гаргана гэжээ.
Тийм байж болно. Гагцхүү хуулийн өнгөрсөн үед буцаан үйлчлүүлэх гэсэн хандлага нь буруу юм. Хуульчид хэлж байна л даа. Хууль хэзээ ч эргэж үйлчлэх ёсгүй... Даангүй Монголд бүх юм буруудсан цаг болохоор нөгөөдөр ч юм уу хэн нэгнийг цол ахиулах зарлиг гаргуулах байх. Ер нь төр, засгийн шийдвэр хүртэл дампуурчихлаа гэж...
Ингэхээр хууль хэрэгжих үү, үгүй юу гэдэг будлиантай биш үү. Ер нь шуудхан хэлэхэд шинэ хуулийн санаа, шийдэл нь хамгийн ардчилалгүй, жалга довын үзлээр хандсан хэрэг болж таарч байна. Одоо мөрдөж буй баяр наадмын хуулиар бол долоон дархан аваргын зарим нь дархан аварга биш болж таарах уу. Д.Дамдин тав, Ж.Мөнхбат дөрөв түрүүлж байж тэр дээд цолыг авсан байдаг. Тэгвэл Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх, Ш.Батсуурь нар гэхэд ердөө хоёр түрүүлсэн үедээ дархан аварга болсон. Хэрэв хуулийг буцааж үйлчллүүлдэг бол тэднийг дархан аварга биш гэж үзээд дахин түрүүлснийг тоолж байж цолондоо тохирох эсэхийг нь нягтлах болох нээ дээ. Спартикиадын арслангууд ч хэд хэд бий. Ийм болохоор далай аварга цолыг хассан нь буруу биш юмаа гэхэд хууль өнгөрсөн цаг үед буцаан хэрэглэх нь эрх зүйн түүхэнд хамгийн том алдаа болно биш үү. Ерөнхийлөгч зарлиг гаргах уу, үгүй юү мэдэхгүй. Хэрэв хууль санаачлагчдын зорилго биеллээ олсон тохиолдолд Монголд хууль, эрх зүйн дампуурал бий болсон гэдгийг зарласан хэрэг болох гаргалгаа бас байна. Үндэсний бөхийн цол олгох асуудалд дэг жаяг муутай хандаж ирсэн урьдын алдааг хэрэв засъя гэх бол ганцхан “далай аварга” цолыг хассанаар зорилго хангагдлаа гэх учиргүй. Монгол бөхөд засч залруулмаар юм их бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин