БСШУЯ: 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн танхимын хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Ингэхдээ  таван настай хүүхдүүдийг бүрэн, дөрвөн настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн хамруулна. Харин 2-3 настай хүүхдүүдийн хичээлийг халдварын тархалтаас хамааран эхлүүлэх хугацааг зарлах бол цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 16-наас 25-ны хооронд үргэлжилнэ.

 

4-5: Өмнө нь цэцэрлэгт явж байсан настнуудыг бүрэн хамруулна

 

Энэ хичээлийн жилд таван настай 77185 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах юм.  Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Цар тахлын улмаас хичээлийн жилийн тал хувийг сурагчид зайны сургалтад хамрагдаж өнгөрүүлсэн нь хүүхдүүдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс ирэх сард танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг долдугаар сарын 20-ноос хойш хангаж эхэлсэн. Ингэхдээ ЭМЯ-тай хамтарсан Ажлын хэсгийнхэн дэлхийн улс орон сургууль, цэцэрлэгийн хичээлийг хэрхэн эхлүүлж байгаа талаар судалсан.

Энэ жил халдварын өндөр эрсдэлтэй орчинд есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг эхлүүлэхээр боллоо.Тиймээс эхний ээлжинд 4-5 насныхны хичээлийг эхлүүлэх саналыг Эрдэмтдийн зөвлөл гаргасан. Ингэхдээ таван настай 77185 хүүхдээ бүрэн, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан дөрвөн настнуудаа үргэлжлүүлэн хамруулна. Гэхдээ эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн хүүхдүүдийг элсүүлнэ. Цаашдаа үе шаттайгаар сургалтыг эхлүүлнэ. Танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдээ хувилбарт сургалтад хамруулна. Хувийн өмчийн цэцэрлэгт хүүхэд нь суралцдаг бол  төлбөрийн нөхцөлийг сайтар тохирч гэрээ байгуулах хэрэгтэй” гэсэн юм.

Тухайн цэцэрлэгт халдвар гарвал зайн сургалт руу шилжинэ. Ингэхдээ нэг хүүхдээс халдвар илрэхэд тухайн анги 14 хоног зайнаас хичээллэнэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Өөр өөр корпуст байрлах ангиудаас халдвар илэрвэл цэцэрлэгээрээ зайн сургалт руу шилжих гэсэн зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тиймээс танхимын сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд боловсролын байгууллага болоод эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг БШУЯ онцоллоо. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн нь энэ юм.

 

2-3: Халдварын тархалтаас хамааран настнуудыг хэзээ элсүүлэхийг шийднэ

 

Харин 2-3 настнуудыг COVID-19 халдварын тархалтаас хамааран үе шаттайгаар цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “2-5 насныхан вакцинд хамрагдах боломжгүй учир халдварт өртөх эрсдэл өндөртэй.  Дан ганц COVID-19 биш хавар, намрын улирлын томуу дэгддэг манай улсад энэ насныхан эсэргүүцэх чадвар багатай учир хамгийн их өртдөг. Тиймээс нөхцөл байдлыг үнэлж байгаад 2-3 настай хүүхдүүдээ хэзээ хэрхэн хүлээж авахаа зарлана” гэв. Өнгөрсөн улиралд сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдүүдийн 60 орчим хувь нь хамрагдсан юм.

Эрүүл мэндийн яамтай хамтран халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргажээ. Анги дүүргэлтийн хувьд нэг ангид ихдээ 25 хүүхэд хичээллэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Тиймээс хүүхдүүд цэцэрлэгийн үүдэнд амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Харин гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Цэцэрлэг болон гэртээ хүүхдийн ам хоолойг зайлшгүй зайлуулах ёстой. Тоглоом болон хүнсний бүтээгдэхүүн гэрээсээ авчрахгүй.  Цэцэрлэгийн өдрийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.

 

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй байхыг зөвлөлөө

 

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүйгээр ажиглаж, тусгаарлахыг зөвлөлөө. Үүнээс гадна багш, ажилчдын аюулгүй байдал маш чухал. Тиймээс халдварын сэжигтэй, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлаар тусгаарлагдсан багш, ажилтанд хүндэтгэлтэй хандаж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчоос цалинтай чөлөө олгох асуудлын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахаар болжээ.Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл хичээлийн хэрэглэгдэхүүнийг гурван сарын турш хэрэглэгдэх хэмжээгээр бэлтгүүлнэ.Ангид байгаа тоглоом болон сургалтын зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулж хэрэглүүлэхгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Энэ жил улс орон даяар анх удаагаа цэцэрлэгээ төгсөөд нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бэлтгэгдсэн байдлыг үнэлж үзэхээр болсон байна. Эдгээр хүүхдүүд сургуульд суралцахад аль чадвар нь сайн хөгжсөн байна эсвэл илүүтэй анхаарах ёстой зүйл юу байна вэ гэдгийг судлахаар бэлтгэл ажлыг хангажээ. Цэцэрлэгийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэхийн зэрэгцээ сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдүүд мэдлэг, чадвар хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох юм.

Энэ тухай БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Энэ жил нийтдээ 77 мянга гаруй хүүхэд сургуульд орно. Нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 30 хувийг судалгаанд хамруулна. Судалгааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ. Цэцэрлэгт халдвар гарлаа гэхэд зайн сургалт руу 14 хоног шилжинэ гэдгийг би дээр дурдсан. Тухайн нөхцөлд бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулсан дасгал, ажлын дэвтрүүдийг нарийвчилж боловсруулан хүүхдүүдэд тараахад бэлэн болсон. Бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтрийг 5 настай 77.8 мянган хүүхдэд хүргэнэ. 0-5 насны хүүхдийн хөгжлийг эцэг эх, асран хамгаалагчид хянаж, тохирсон дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цахим гарын авлага бэлтгэнэ.Мөн бэлтгэл бүлгийн багшид зориулсан зөвлөмжийг багш нарт хүргүүлнэ” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.13 БААСАН № 158 (6635)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 28 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13