Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?

1 цаг 50 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.Очир

Уг нь, УИХ-аас 2007 онд баталсан 27 дугаар тогтоолоор стратегийн 15 ордыг зарласан. Үлмаар, Үндсэн хуульд 2019 онд, Ашигт малтмалын тухай хуульд 2009, 2015, 2024 онуудад нэмэлт өөрчлөлтүүд оруулж, Баялгийн сангийн хуулийг 2024 онд баталсан. 
Тэдгээр хуулийн зүйл, заалтаар стратегийн ордод ард түмэн хувь эзэмшиж, ашиг хүртэх тухай заасан.
Гэвч, төр үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрэв.
Товчхондоо, монголчууд стратегийн ордоос ашиг хүртэх эсэх, Монголын төр Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж чадах үгүй нь хамгийн том “хулгайлагдсан орд” гэгддэг Ухаахудаг дээр яаж ажиллаж, ямар үр дүн гарахаас хамаарахаар болсон юм.
Учир нь, Тавантолгойн ордын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох Ухаахудагийн лицензийг 2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс” компанид олгочихсон.
Үүнийг УИХ-ын, эсвэл Засгийн газрын тогтоол юм уу, тодорхой шийдвэрээр шийдэх ёстой байв. 
Тавантолгойн ордын лиценз 2005 он гэхэд улс төр, бизнесийн Монголын хамгийн том бүлэглэлийн мэдэлд очсон байв. Тэд 2007-2008 онд “...Хуулийн дагуу Тавантолгойн ордын лицензийг төрд шилжүүллээ” гэх атлаа Ухаахудагийн лицензийг шинээр гаргуулж аваад үлдсэн байдаг. 


Түүнээс хойш энэ талаар төр ч, ард түмэн ч хөндөж, сэвтүүлэлгүй өнгөрсөн жилийг хүрсэн. Тухайн үеийн Засгийн газар “...Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр хувийн компанийн мэдэлд очсон Ухаахудагийг төрд эргүүлж авах нь зүйтэй” гэж шийдээд ажиллаж эхэлсэн. Тэгээд удалгүй унасан. Дахиад таг болсон. Тэгж байгаад өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар Ухаахудагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргасан. Уг санал удаж удаж ЭЗБХ-ны босгыг давсан ч УИХ-ынхыг барсангүй зогсов. Өнгөрсөн долоо хоногт энэ Түр хороог байгуулах эсэх дээр чуулганд оролцсон гишүүдийн “...Тэгье, үгүй” гэдэг санал нь тэнцсэн. “...Ухаахудагийн асуудлаар Түр хороо байгуулахаас татгалзаж байна” гэсэн 46 гишүүнийг “УИХ доторх Ухаахудаг бүлэг” гэх нь бас сонсогдоно лээ. Түүнчлэн, Ухаахудагийн нүүрсний уурхайн хөрсийг хуулдаг ажлыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнерс” /6231683/ ХХК-ийн төлөөлөл нь салбарын асуудлаарх төрийн шийдвэр гаргах түвшинд томилогдон ажилладаг болсон. Энэ долоо хоногт  дээрх компаний бас нэг эзэмшигч нь өмнөх төлөөлөтэйгээ нэг танхимд, томоохон эрх мэдэлд томилогдох гэж байна. Шинээр томилогдох гэж буй төлөөлөл нь Ухаахудагийг эзэмшдэг эрхмийн ойрын хамаарал бүхий этгээдтэй Богд уулын аманд тансаг зэрэглэлийн хотхоны “наймаа” хийж явсан түүхтэй. Тэднийг “Хөгжлийн банкны 33 тэрбумынхан” гэхээр олон нийт сайн мэднэ. Хамгийн гол нь, энэ бүхэн Ухаахудагийн асуудлаар төрийн шийдвэр хуульд нийцэж гарна гэдэгт итгэхэд бэрх болгож буй юм. 
Гэхдээ, энэ асуудлын дахин санал хураалт нь энэ долоо хоногийн пүрэв гаригийг хүртэл хойшлоод байгаа юм.


Ер нь бол, “...Ухаахудагийн хувийн компанийн мэдэлд очихдоо хууль зөрчсөн эсэхийг шалгана, нягтална” гэдэг маш хүнд ажил аж.
“...Ухаахудаг” гэнгүүт нийгмийн сүлжээ даяар “амьтай амьгүй тролл”-ууд хашгираад л гараад ирнэ. “...Хувийн хэвшлийг дээрэмдэх гэлээ”, “...Өөдтэй яваа бизнесийн компаниа ингэдэг байхгүй юу” гэх зэргээр орилоод сүйд болно. Тэр байтугай УИХ дотроос ч ингэж ил тод ярьж хэлдэг болов. Товчхондоо, “...Ухаахудаг” гэж ярьсан улстөрчид, эдийн засагчид, ер хэнийг ч бай олон нийтийн сүлжээгээр шүүгээд, яллаад, дуусгана.
Тиймээс сүүлдээ монголчууд тэр чигээрээ “...Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү” гэдэгт “эргэлзээд” эхэлсэн.  
Эцэстээ, “...Энэ асуултад хариу олдсоны дараа Ухаахудагийн асуудлыг шийдэхээс өөр гарцгүй болсон” гэх тайлбарууд ч яваад эхэллээ. 
Тодруулбал, Тавантолгойн ордын Ухаахудагийг олборлож, ашиглах үйл ажиллагаанд нийтийн оролцоо байх эсэхийг хүчээр эргэлзээнд оруулаад байгаа юм. 
Тиймээс, бид “...Ухаахудаг гэж ер нь юу вэ, байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү” гэдэгт тоо баримт түшиж, товчхон хариулт өгөхийг оролдов. 


Түүхийг нь сөхвөл, өнөөдрийг хүртэл Ухаахудагт уурхай ажиллуулж буй “Энержи ресурс” анх 2005 онд 14 компанийн хамтарсан консерциум нэртэйгээр байгуулагджээ. Тэр 14 компанийг Монголын улс төр, бизнесийн нөлөө бүхий 11 хүн эзэмшиж байжээ. Улмаар 2008 онд Тавантолгой ордын 86 хувийг төрд буцаан авсан. Тэгэхдээ буюу 2008 оны гуравдугаар сарын 21-нд Тавантолгой ордын дөрвөн хувьтай тэнцэхүйц талбайтай Ухаа худагийг “Энержи ресурс”-т “өр барагдуулах хэлбэрээр өгчээ. Тухайн үед Ухаа худагийн 11952А лиценз нь 2959 га талбайтай тус компанид очиж байжээ. Нөгөөтэйгүүр, Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог. Баруун өмнөд хэсэг, Бор толгойн хэсэг, Зүүн хэсэг, Ухаахудагийн хэсэг, Цанхийн хэсэг гэж хуваагддаг. Тус орд нь 7.4 тэрбум тн нүүрсний нөөцтэй. Үүнээс 5.1 тэрбум тн нь коксжих шинж чанартай нүүрс юм. Харин “...Ухаахудаг 411.5 сая тн нүүрсний нөөцтэй, үүний 252.1 сая тн нь коксжих нүүрс” гэж 1989 онд Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд бичигдэж үлдсэн байдаг. Тодруулбал, Тавантолгойн чулуун нүүрсний ордод 1940-1989 оныг хүртэл нийтдээ 12 удаа хайгуул хийсэн. Хайгуулыг хийхэд улсын төсвөөс, нийтдээ 43967037 төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Үүний 16637702 төгрөгөөр нь Ухаахудаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хайгуул хийжээ. Тавантолгойн Ухаа худагийн хэсгийг 1974-1977 онд бүлэгчилсэн геологийн зураглалын ажлаар илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа хийсэн. 1984-1986 онд эрэл, 1984-1987 онд урьдчилсан хайгуулыг хийж гүйцэтгэсэн. Улсын төлөвлөгөөний комиссын 1983 оны есдүгээр сарын 14-ний “Тавантолгойн коксждог нүүрсний ордоос технологийн дээж авч, хагас заводын туршилт хийлгэх тухай” 238 дугаар тогтоолын дагуу хийгдсэн Ухаахудагийн ордын урьдчилсан хайгуулын үр дүнг Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны хурлаар хэлэлцжээ. Тэр хурлын тэмдэглэлд “...Ухаа худагт 1984-1986 онд хэрэгжүүлсэн эрэл үнэлгээний ажил нь онц чухал хэрэгцээт К болон Ж маркийн коксжих нүүрсний талбайг илрүүлэх зорилготой байв. Ухаахудагийн хэтийн төлөв бүхий талбайд урьдчилсан хайгуулыг 1987 онд хийсэн. Энэхүү талбай дахь нүүрсний үзүүлэлт нь Цанхийн талбайн нүүрстэй ойролцоо байна. ...Ухаа худагийн талбайд нүүрсний нийт нөөц 411.5 сая тонн, үүнээс 252.1 сая тонн нь коксжих нүүрс байна” хэмээн тэмдэглэлд бичигдсэн байна. Улмаар тус зөвлөлөөс “...Ухаахудагийн талбайн нүүрсний нөөцийг В+С1+С2 зэрэглэлээр 288.6 сая тонноор, түүний дотор В+С1+С2 зэрэглэлийн коксжих нүүрсийг 206.8 сая тонноор баталсугай. Орост хийсэн судалгааны үр дүнд Ухаа худагийн талбайн нөөц, түүнчлэн 0, III, IV давхаргын нүүрсний чанарын үзүүлэлт бараг ижил байгаатай холбогдуулан Ухаахудагийн талбайн нүүрсний нөөцийг үндэслэл болгон ашиглаж Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулахыг холбогдох байгууллагуудад зөвлөсүгэй. Геологи хайгуулын ажил явуулахад гаргасан зардал болох 16 637 702 төгрөгийг Геологийн төв экспедицийн балансаас хассугай. Ухаахудагийн талбайн хайгуул хийсэн нөөцийг Улсын нөөцийн хороонд хэлэлцүүлэхээр танилцуулсугай” гэсэн тогтоолыг гаргасан байдаг.
Эндээс, олон таван үггүйгээр “...Ухаахудаг бол байгалийн баялаг юм” гэдэг нь ойлгогдоно. Гэсэн ч “...Ухаахудаг бол Шангри-Ла шиг бизнесийн бүтээл” гэх нь холгүй тулгалт, тархи угаалт нийгмийн сүлжээг бүрхээд удаж байна. Тэр л “эргэлзээ” үүсгээд буй юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 212 (7709)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Занданшатарын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөө танилцууллаа

Г.Занданшатарын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөө танилцууллаа

1 цаг 45 мин
Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?

Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?

1 цаг 50 мин
Төв Азийн таван орны тэргүүн АНУ-д айлчилж байна

Төв Азийн таван орны тэргүүн АНУ-д айлчилж байна

2025-11-07
Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв

Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв

2025-11-07
Х.Булгантуягийн кэйс

Х.Булгантуягийн кэйс

2025-11-07
Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ

Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн байна

2025-11-06
УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

2025-11-06
Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

2025-11-06
Эрх баригч нам даргагүй байна

Эрх баригч нам даргагүй байна

2025-11-06
С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

2025-11-06