Д.ЖАВХЛАН
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион явуулдаг “Чингис хаан” гранпри ирэх сарын 4-6-нд Улаанбаатар хотод болох билээ. Энэ жилийн тэмцээнд тив, дэлхий, олимпийн дэвжээнд од болон гялалзсан шилдэг бөх олон ирэх нь. Тухаййлбал “Лондон-2012” олимпийн наадмын -100 кг-ын жинд аваргалсан ОХУ-ын Тагир Хайбулаев, хүрэл медаль хүртсэн Германы Дмитрий Пиетерс нар ирэх нь тодорхой болсон. Түүнчлэн 73 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир нарын гол өрсөлдөгч, БНСУ-ын нэрт жүдоч Ван Ки-Чун Улаанбаатарын татамид зодоглохоор болжээ. Өдгөө 25 настай Ван Ки-Чун “Бээжин-2008” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, 2007, 2009 онд дэлхийн аварга нэгэн билээ.