Эх орны эрэлхэг хүү, эр цэрэг гүйж явна

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг “Эх орны эрэлхэг хүү” хэмээн нэрийдэх болжээ. Монгол цэргийн тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг өөрийн биеэр үлгэрлэн яваа эрхэм ахлагчийн алба хааж байгаа “Ховдын хороо”-ны захирагч, хурандаа Х.Энхболдтой ярилцлаа.

 

-Ирэх жил танай ангийн түүхт 100 жилийн ой тохионо. Ой угтсан бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Түүхт ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг ахиулах, цэргийн сургалт бэлтгэл, мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг эрэмбэ дараатай хийж байна. Түүнчлэн хамт олны ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч байгаа. 100 жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтахыг эрхэмлэдэг. Тиймээс ангийн жагсаалын талбайг шинэчлэх, сургалтын материаллаг баазыг өргөжүүлэх, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит хөшөөг шинээр бүтээх, анги доторх барилга, байгууламжуудыг засварлаж, тохижуулах зэрэг зуун бүтээлч ажлыг төлөвлөсөн. Одоогоор хэрэгжилт нь 30 гаруй хувьтай байна. Бидний хийж, хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамцын гаргаж буй амжилт, холын зайн гүйлт юм.

-Ахлах ахлагч Э.Даваажамц холын зайн гүйлтээ эхлүүлэх талаар танд мэдэгдэхэд ангийн захирагчийн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Ахлах ахлагч Э.Даваажамц энэ оны хоёрдугаар сард холын зайд гүйхийг хүсч байгаагаа хэлсэн. Бэлтгэлээ тогтмол хийж байгаад зургадугаар сард нийслэлийн чиглэлд гүйлтээ эхлүүлж болох уу гэсэн. Миний хувьд юуны түрүүнд эрсдэлээ тооцоолсон уу гэдгийг нь асуусан. Хамгийн гол нь биеийн эрүүл мэнд нь яах бол. Цаг агаар ямар байх бол. Хөл, гар нь устаж холгоод улдвал яах вэ гээд олон зүйлийг эргэцүүлж бодсон. Түүнээс гадна, замд зэрлэг ан амьтан, чоно, нохойтой таарвал яаж биеэ хамгаалах вэ гэдэг эрсдэлийг бас орхигдуулж болохгүй. Ингээд долоо хоногийн дараа хариугаа сонсохоор миний өрөөнд дахин орж ирсэн юм. Би Зэвсэгт хүчний Жанжин штабт мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд илтгэж, зөвшөөрөл авсан. Нэгэнт гүйхээр шийдсэн учраас түүний бэлтгэлийн явцтай тогтмол танилцаж, хяналт тавьж байлаа. Ховд аймгийнхаа төв талбайгаас гараанд хүндэтгэн үдэхдээ хэдийгээр эрсдэлүүд бодогдсон ч дотроо залбирсаар үлдсэн. 

-Ангийн зүгээс бэлтгэл сургуулилтаа хангахад нь хэр дэмжсэн бэ?

-Цалинтай чөлөө олгож ажлаас нь түр чөлөөлсөн. Хоол унд, уураг, витаминаар хангасан. Мөн бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх бүхий л нөхцөл, боломжийг нь бүрдүүлж ажилласан. Бэлтгэлийн хугацаанд амралтын өдрүүдээр би хамтдаа гүйж, зөвлөгөө өгч, бэлтгэлийг нь хангуулж байсан. Тиймээс бэлтгэл бүрэн хангагдаж өнөөдөр холын зайн гүйлтээ амжилттай үргэлжлүүлж байгаад нь баяртай байна. Анх Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ирж, очих шатахууны зардлыг нь шийдвэрлэж өгсөн. Замын хоол, ундны асуудлыг нь зохицуулахад нь ангиас дэмжлэг үзүүллээ. Мөн аймгаас аймаг дамжин гүйх явцад Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн удирдлага, Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.

-Зэвсэгт хүчний талаар хүмүүст таагүй ойлголтууд бий. Мөн цар тахлын үед хүмүүсийн сэтгэл зүйн байдал ч тогтворгүй байна. Ийм үед гүйх шийдвэр гаргасныг нь та бүхэн юу гэж бодож байна вэ?

-Зэвсэгт хүчний жирийн нэгэн ахлагчийн эр зориг, тэсвэр хатуужил, зорилго, тэмүүлэл нь нийгэмд сайн сайхны үлгэр дуурайллыг түгээнэ гэдэгт итгэлтэй байгаа. Эр цэрэг, эх орны хөвгүүдээр иргэд, залуус нь бахархаж байгааг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчид нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргийг амжилттай гүйцэтгэж энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд нэр төртэй оролцож дэлхийн цэрэг болсон юм шүү дээ. Түүний энэ бүтээлч ажлыг улам бүр бататгаж байгаагийн дээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн, эр зориг, эрэлхэг баатарлагийн жишээг тод харуулсан түүхэн амжилт гэж бид ойлгож, хүндэтгэж байгаа. Тиймээс манай офицер, ахлагч нарыг гадаадын цэрэг армийн дарга удирдагчид үнэлэхдээ Монгол цэргүүд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай, гүйцэтгэл сайтай, жинхэнэ мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн гэж ам уралдан ярьцгаадаг нь бидний бахархал.

-Хүмүүс хүүхдээ цэрэгт явуулахгүй гэх хандлага ажиглагдах болсон. Ер цэргийн алба хаахын ач холбогдол нь юу вэ?

-Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Үндсэн хуульд заасан журамт үүргийнхээ дагуу цэргийн алба хаах учиртай бас үүрэгтэй. Цэргийн албыг биеэр хаах нь хувь хүнд өөрт нь ч туйлын өндөр ач холбогдолтой. Өнөө цагт цэргийн алба хаасан залуусыг төрийн албанд авч ажиллуулах болсон. Энэ нь цэргийн алба хааж бие хүн болж төлөвшихийн зэрэгцээ цаашид төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байгаа юм. Ер нь 1990-2000 оны эхээр цэргийн алба хаасан залуучуудын боловсролын төвшнийг өнөөгийн залуустай харьцуулахад тэс өөр. Өдгөө цэргийн алба хаахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь их, дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, 2-3 гадаад хэлний мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн шилдэг залуус байна. Тэд цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөдөг. Зарим нь цэргийн алба хаахгүй гэдэг байсан бол харин ч эсрэгээрээ нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөн цэргийн албыг заавал хаана гэх залуус бий. Үүнд бид бүхэн баяртай байдаг.

-Таныг хугацаат цэргийн алба хааж, дараа нь цэргийн сургууль, академийг дүүргэсэн. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байсан гэж сонссон?

-Би 1996 онд одоо ажиллаж байгаа цэргийн ангидаа хугацаат цэргийн алба хаасан хүн шүү дээ. Тухайн үеийн захирагч, дарга нарын санал, өөрийн хүсэл зорилгоор одоогийн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд 2001-2006 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид салааны захирагчаас сургалтын албаны дарга хүртэлх албан тушаалд ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Мөн 2011-2013 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академид суралцаж төгссөнөөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн албаны тасгийн даргаар, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн орлогч болон ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалыг хашиж байлаа. Өнгөрсөн оноос алдар түүхтэй энэ ангийнхаа захирагчаар томилогдон ажиллаж байгаа нь миний амьдралд тохиосон онцлох үйл явдлын нэг.

-Өөрийн удирдаж байгаа ангидаа цэргийн алба хааж ангийн захирагч болтлоо дэвшжээ. Та цэргийн албанд ирж байгаа залууст хамгийн түрүүнд ямар зүйлийг захидаг вэ?

-Хүн өөрийн хичээл зүтгэл, идэвхи санаачлага, бүтээлч хандлагынхаа үр дүнд амжилтад хүрдэг. Ер нь хүн багаасаа төлөвшин томоожиж, тэсвэр хатуужил сууж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж цаашдын ажил, амьдралаа авч явна. Миний аав сум, нэгдэлд насаараа ажилласан жолооч. Ээж маань сургуулийн үйлчлэгч байлаа. Бид ээж, ааваасаа 10-уулаа. Манайх долоон банди, гурван охинтой айл. Манай гэр бүлээс хоёр хурандаа төржээ. Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд алба хааж байгаагаараа бахархдаг. Цэргийн албанд татагдан ирсэн байлдагч нартаа ахын ёсоор, аавын ёсоор л ханддаг. Цэргийн алба хаагчдийнхаа ая тухыг нь хангаж, алба хаах орчныг нь сайжруулахыг ямагт хичээж ажилладаг. Ер нь үе үеийн захирагч нарын залгамж халааг нь авч, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн захирагч, даргын хувьд өмнөх амжилтаа улам бататгахын төлөө хичээж байна.

-Монголын Зэвсэгт хүчнийг өөрийн биеэр сурталчлан яваа үлгэр жишээ алба хаагчийн хувьд ахлах ахлагч Э.Даваажамцын амжилтыг хэрхэн үнэлэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчээ?

-Зорилгоо биелүүлж, барианд орсны дараа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал дахин хүлээн авч хүндэтгэл үзүүлэх байх. Ахлах ахлагч Э.Даваажамц маань Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд элсэн суралцах хүсэл тэмүүлэлтэй залуу. Харин Ховд аймгийн удирдлага, анги, хамт олны хэмжээнд тусгайлан хүндэтгэл үзүүлэх болов уу. Энэ ёслолд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Тэрээр анх долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод барианд орох төлөвлөгөөтэй гүйлтээ эхлүүлсэн. Гэтэл гүйлтийн маршрутаа цааш сунгасан. Яагаад ийм шийдвэр гаргах болсноо танд хэлсэн үү?

-Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр буюу жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулдаг. Энэ жил тэр л уламжлал давтагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон. Тиймээс тэрээр “Дорнод аймгийн төв хүртэл гүйж, улсын рекордыг эвдмээр байна.

Миний бие сэтгэл, бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан, гүйх тусам бие улам бүр хөнгөрч, жигдэрч байна. Иймд уламжилж өгнө үү” хэмээн хүсэлт тавьсан. Ингээд удирдах албан тушаалтнуудад илтгэж, зөвшөөрөл авсан юм. Мөн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсны үндсэн дээр гүйлтээ үргэлжлүүлсэн юм. Хөгжимчин ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц 2127 км замыг 46 хоногийн хугацаанд тууллаа. Өөрийнхөө зорьсон барианд ороход нь Дорнод аймгийн засаг дарга болон орон нутгийн удирдлага, зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 0132 дугаар анги, нутгийн ард иргэд хүндэтгэн угтан авсан байна.

-Холын зайн гүйлтийн рекордыг эвдэх тухайд ...?

-Өмнө нь Говь-Алтай аймгийн харьяат Б.Болдбаатар хэмээх тамирчин 1000 гаруй километрийн зайд гүйсэн амжилт байдаг юм билээ. Ахлах ахлагч Э.Даваажамцын хувьд 2100 километр газрыг туулж, өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоохоор зорьсон. Дашрамд дурдахад, Б.Болдбаатар нь мэргэжлийн тамирчин бол ахлах ахлагч Э.Даваажамц маань жирийн л нэг хөгжимчин ахлагч гэдгээрээ ялгаатай болов уу.

-Гүйлтийн явцад тамирчиндаа хандаж ангийн зүгээс ямар зөвлөгөө өгч байгаа вэ?

-Бид хэд хэдэн зүйлийг байнга сануулж байгаа. Тухайлбал, цар тахлаас ямагт урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барь. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Цаг агаарын нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж, эрсдэлээ тооц гэсэн үндсэн гурван чиглэлээр үүрэг өгч, өдөрт тогтмол хоёр удаа утсаар холбогдож байсан. Түүнийг дагалдан тус ангийн эмч, мөн жолоочоор хүргэн ах нь, тогоочоор эхнэр нь хамт явсан. Тэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу нэг баг болж үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

-Холын зайн гүйлтээ цэргийн хувцастайгаа туулж байгаа нь бахархмаар боловч биед эвтэйхэн тамирын хувцас өмсөж болдоггүй юм болов уу гэсэн санал, сэтгэгдэл нийгмийн сүлжээнд харагдсан?

-Э.Даваажамц цэргийн алба хаагч учраас дүрэмт хувцастайгаа гүйсэн. Өөрийн орны Зэвсэгт хүчин, анги, салбараа сурталчилж байгаагийн хувьд энгийн хувцас хольж өмсөх нь зохимжгүй гэж үзсэн юм. Учир нь энгийн иргэн, тамирчин, цэргийн алба хаагчийн аль нь ч мэдэгдэхгүй явбал өөрийнх нь зорилгоос хазайна шүү дээ. Нөгөөтэйгүүр нэр төрийн хэрэг, цэрэг хүний бахархал гэж ойлгож болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

17 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 5 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 9 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин