Л.Энх-Амгалан сайдаа, оюутнуудын өрийг хэн төлөх юм бэ?

2021-06-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс олон хүн ам сайтай байсан сайд нь БШУЯ-ыг ахалж байгаа, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан юм. Хөл хорионы улмаас сурагчид теле хичээл үзэж байгаа нь гар утасгүй, зурагтгүй, амьдралын боломжгүй олон мянган сурагчийг хоцрогдолд оруулж байгаа учир танхимын хичээлийг яаралтай эхлүүлье гэсэн санааг тэр анх дэвшүүлж, сайшаагдаж байв. Мөн гадаадын томоохон хэд хэдэн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэсэн хэд хэдэн “онц” шийдвэрийг гаргасан.

Гэвч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, 3-5 наснынхныг л сургана гэсэн хуулийн өөрлөлтийг оруулах тухай мэдэгдлээс түүний талаарх олон нийтийн санаа бодол өөрчлөгдөж эхэлсэн. Үүн дээрээ халдварын тархалтын улмаас долдугаар сарын 1-4-нд болох байсан ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэрийг энэ сарын 23-нд танилцуулсан нь сурагчид болоод багш нарын дургүйцлийг хамгийн ихээр хүргэв. Хойшлуулсан шалтгаанаа Л.Энх-Амгалан сайд “Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтал болсон нь батлагдсан. Мөн шалгалтын комисст ажиллах 9620 багшаас тодорхой тооны хүмүүс халдвар авсан.Эдгээр шалтгааныг бид хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагатай” хэмээн тайлбарласан. Халдварын тархалт өндөр байх үед сонгуулиа хийсэн төдийгүй, халдвар авсан 25 мянга гаруй иргэний саналыг гэрээр нь очиж авч байв. Гэсэн атлаа ЭЕШ авах болохоор хойшлуулахаас өөр сонголтгүй боллоо хэмээн ярьсан нь Л.Энх-Амгалан сайдын үнэн төрхийг илчиллээ.

 

Өндөр онооны тэтгэлгийн санхүүжилтийг ЗГ олгосонгүй

 

Өнгөн талдаа эрс өөрчлөлтийг хийж байгаа мэт харагдавч “хөшигний” цаана бидний мэдэхгүй олон ноцтой асуудал боловсролын салбарт үүсчээ. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам” –ын 4.1.5-т заасны дагуу төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх журамтай. Гэтэл МУБИС-д багш мэргэжлээр 70-100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг оюутнуудын санхүүжилтийг Засгийн газраас шилжүүлээгүй учир төгсөх курсын оюутнууд дипломоо авч чадахгүйд хүрээд байна. Энэ талаар МУБИС-ийн IV курсийн оюутан Б.Сэлэнгэ “Сургуулиас зургадугаар сарын 8-нд “Улсаас санхүүжилт орж ирээгүй  тул өндөр оноо болон буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд төлбөрөө 10-ны дотор төл” гэж мэдэгдсэн.Дараа нь “Буцалтгүй тусламжийн оюутнуудын санхүүжилт орохоор болсон. Өндөр онооны тэтгэлэгтэй оюутнууд өөрсдөө төлбөрөө төлөөд дипломоо ав. Санхүүжилт орж ирвэл буцаан олгоно” гэж хөтөлбөрийн алба хэлсэн.  Гэвч төлбөр төлөх боломжгүй учир одоог хүртэл дипломоо авч чадаагүй байна. Ажилд орьё гэхээр дипломгүй яах учраа олсонгүй. Уг нь анх элсэхэд ЗГ, МУБИС, оюутан гэсэн гурван тал гэрээ байгуулж байсан. Гэтэл гэрээгээ Засгийн газар зөрчлөө” гэж ярилаа.  Мөн МУБИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Г.Соронз  “ЕБС-аа 2020 онд төгсөөд сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлтөөр суралцсан. Намрын улирлын санхүүжилт нь орж ирсэн боловч хаврын улирлын санхүүжилт орж ирээгүй тул төлбөрөө хувиараа төл гэж сургалтын албанаас мэдэгдсэн. Учрыг нь асуутал “Буцалтгүй тусламжинд хамрагддаг бүтэн, хагас өнчин болон хөдөлмөрийн чадвараа алдсан зайлшгүй шаардлагатай оюутнуудын санхүүжилтийг хэвээр оруулж, өндөр онооны оюутнуудынхыг хассан” гэж хариулсан. Сургууль төлбөрөө нэхээд байгаа боловч төлөх чадваргүй үнэхээр хэцүү байна. Холбогдох бүх газарт хандлаа. Шийдэж өгөх хүн алга” гэв.

Монгол улсад өнөөдрийн байдлаар 88 их дээд сургуульд 147 мянга 293 оюутан суралцаж байна. Үүнээс 11 мянган оюутан ЗГ-ын тэтгэлэг, боловсролын зээлийн сангийн зээлээр суралцдаг.Тиймээс бид Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тэтгэлгийн санхүүжилт хэзээ орж ирэх эсэх талаар тодруулахад “Буцалтгүй тусламж болон өндөр онооны бүх санхүүжилтийг бүрэн шилжүүлж дууссан. Төлбөр нэхээд байгаа сургуулийнхаа талаар гомдол гаргах хэрэгтэй” гэсэн хариуг өглөө.  Харин оюутнуудад “Манайд ЗГ-ын 71 тогтоол буюу өндөр онооны тэтгэлгээр суралцдаг оюутнууд хамаагүй. Тогтоолоо уншаад Засгийн газартаа ханд. Бид хүүхдүүдийг голчоо хангасан эсэхийг хянаад санхүүжилт шилжүүлдэг байгууллага. Сангийн яам руу хүсэлтээ явуулсан. Буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Өндөр онооны тэтгэлгийг олгох эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариуг Боловсролын зээлийн сан  өгчээ. Гэвч Засгийн газрын 71 дүгээр тогтоолын  6.6.3-т “Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ” хэмээн заасан байна.

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас энэ талаар тодруулахад “Боловсролын зээлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн болон хагас өнчин 5000-6000 хүүхдийг жил бүр санхүүжүүлдэг. Үүнийгээ  тарсалтгүй олгож байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн багш мэргэжлээр өндөр онооны тэтгэлгээр суралцаж байгаа болон сувилагчаар суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг Боловсролын зээлийн сангийн санхүүжилтэд зохицуулалт хийгээд бүх оюутны данс руу их сургуулиар нь дамжуулан шилжүүлж байгаа. Үүнд ямар нэгэн асуудал байхгүй” гэж хариулав. Боловсролын зээлийн сан бол БШУЯ-ны нэгэн харъяа байгууллага. Гэсэн атлаа яамны сайд нь нэг өөр зүйл, сангийн захирал нь бас нэг өөр зүйл ярьж байгаа нь тус яамны ажил хэрэг хоорондоо уялдаа холбоогүй байдгийн нэгэн баталгаа юм.

Зөрчилтэй энэ хариултын учрыг олохоор бид МУБИС руу очиж Санхүүгийн албанаас нь тодруулахад “Сангийн яамнаас энэ оны нэгээс зургадугаар сарын өндөр онооны  санхүүжилт орж ирээгүй. Баталсан журмынхаа дагуу оюутнуудын төлбөрийг Сангийн яамнаас шилжүүлэх ёстой. Гэтэл шилжүүлээгүй учраас оюутнуудаас авахаас өөр арга байхгүй” гэсэн юм. Харин Сангийн яамны хэд хэдэн мэргэжилтэнтэй холбогдоход “Манай хэлтэс хариуцдаггүй” хэмээн нэг нэгэн рүү чихсээр мэдээлэл өгөх хүн олдсонгүй.Ийн Л.Энх-Амгалан сайдын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл бодит байдал дээр хэрэгжсэн зүйл алга. Санхүүжилтийг Сангийн яам шилжүүлээгүйг тэр мэдээгүй юу эсвэл мэдсэн ч олон нийтэд худал ярьсан уу гэсэн асуудал гарч ирлээ.

Өндөр онооны тэтгэлгээр суралцдаг оюутнуудын энэ оны нэгээс зургадугаар сарын санхүүжилт орж ирээгүйн шалтгаан нь ерөнхийлөгчийн сонгуулийг угтан иргэдэд олгосон бэлэн мөнгөтэй холбоотой. Тодруулбал, хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг олгохын тулд Боловсролын зээлийн сангаас 11 тэрбум төгрөгийг танасан байна. Энэ тухай БШУ-ны Л.Энх-Амгалан сайд энэ сарын 11-нд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч COVID-19 халдвартай холбоотой эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн 100 мянган төгрөгт 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа” гэж ярьсан юм. Энэ бүхнээс дүгнэхэд санал өгөх эсэх нь эргэлзээтэй оюутнуудад тэтгэлэг олгосноос хүүхдүүдэд 100 мянган төгрөг олговол хэд хэдэн эцэг эхийн саналыг найдвартай “зулгаана” гэсэн эрх баригчдын алсын харааны золиос нь оюутнууд болж хохирчээ. Боловсролын салбараа дэмждэггүй төртэй Монгол Улс хөгжихгүй байгааг гайхах шаардлага бидэнд үгүй. Ингэхэд оюутнуудын төлбөрийн өрийг хэн төлөхөд тодорхой, баримттай хариулт өгөхийг Л.Энх-Амгалан сайдаас хүсье. Сургуулиудад хүсэлт, шаардлага хүргүүллээ гээд төлбөрийн асуудал шийдэгдэхгүй.Угаас гаргасан тогтоолынхоо дагуу төлбөрөө Засгийн газар шилжүүлэх ёстой билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.30 ЛХАГВА № 130 (6607)

 

88327300
Энэ асуудлаас болоод МУИС төгссөн ч дипломоо авч чадахгүй нягтландаа хураалгаад “Өр”-өө төлөх гэхээр мөнгөгүй яахаа мэдэхгүй дипломгүй бнөө
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

18 цаг 19 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

22 цаг 6 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

22 цаг 21 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

22 цаг 28 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

22 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин