Ж.Лхамхүү: Э.Оюун багш намайг цэрэнд тогло гэсэн

2014-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Тайрмал үстэй, цэрэг малгай өмссөн шавилхан бүсгүйн орь залуу 22 нас Монголын кино урлагийн түүхэнд, үе үеийн үзэгчдийн сэтгэлд мөнх үлджээ. Жүжигчин маань “Одоо өөрийгөө хараад таньдаггүй” гээд хошигнож байна лээ. Тийм л залуухан байсан. Одоогоос 53 жилийн өмнө Монголын киноны ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндэлсэн нь Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” туужийг кино болгосон явдал байв. Номноос л уншиж, биширч байсан дүрүүд дэлгэцэнд амилж, одоо ч дүрийг нь бүтээсэн хүмүүс бидний дунд байна гэхэд бахархмаар. Урлаг гэдгийг мэдэхгүй, жаахан байхдаа том зохиолчийн, мундаг найруулагчийн, алтан үеийнхний нүдэнд өртөж, тэднээс үг сонсч, үлгэр дууриал авч явсан Ардын жүжигчин Ж.Лхамхүүг манай үзэгчид “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнгийн дүрээр нь хайрлаж, хүндэлж явдаг. Энэ удаагийн дугаарын зочин маань энэ эрхэм хүн билээ. Тэрээр одоо ч оюутнууд бужигнасан, эрдмийн их өргөөндөө залуу хойч үеийн шилдэг жүжигчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж явна. Хэдийгээр “Нандин эрдэнэ”, “Жаргал даахгүйн зовлон”, “Эзэнгүй айл” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон ч жүжигчин болох анхны гараа, урлагт дурласан шунаг сэтгэл нь гагцхүү Цэрэнгийн дүрээс эхтэй ажээ. Тиймээс бидний яриа, дурсамж зөвхөн “Гологдсон хүүхэн” киноны тухай хөвөрсөн юм.

-Та Цэрэнд оюутан байхдаа тоглосон гэсэн. Хэн таныг сонгосон юм бэ?

-Би Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан байлаа. Кино битгий хэл, проб гэж юу байдгийг мэддэггүй байсан үе. Зүгээр л хөдөөний жаахан охин жүжигчин болно гээд хотод ирчихсэн байсан. Харин бидэнд театр урлагийн хичээлийг Э.Оюун багш ордог байлаа. Тэр хүн л намайг Цэрэнд тоглох үүрэг өгч,  би тоглосон юм. Э.Оюун багш биднийг хичээлээ зөв хийхээр нүдээ онийлгож байгаад гярхай гэгч нь ажаад “Зөв, зөв” гэдэг хүн байлаа. Харин алдаад байвал тоож ч хардаггүй сонин хүн байж билээ.

Ийнхүү түүний жүжигчин болох гарааг, Цэрэнгийн дүрийг бүтээж чадна гэсэн итгэлийг Ардын жүжигчин, зохиолч, найруулагч Э.Оюун багш нь өгчээ. Нэг удаа жүжигчний ангийнхан Л.Ванган багшийн  “Эмч нар” жүжгийн тухай бэлдэж, ярих даалгавар авч. Оюутан Ж.Лхамхүү ангийнхнаасаа хамгийн сайн ярьж, хайрлаж, хүндэлдэг багшдаа магтуулснаа хэзээ ч мартдаггүй гэнэ. Тэр өдөр багш нь Ж.Лхамхүүг “Чи босдоо” гэж. Алдаа хийсэн юм боловуу гэж айсан гэж жигтэйхэн. Тухайн үед Ж.Лхамхүү нуруугаа далдалсан өтгөн хар үстэй байж. Гэтэл “Чи наад үсээ тайрах уу” гэж асуужээ. Юу ч хэлж чадахгүй байтал “Кино нэгтгэл дээр очоорой” гэсэн байна. Очтол фото проб авна гэжээ. Үсийг нь хуйлж, дээшээ ороогоод, цэрэг малгай өмсүүлээд хэдэн талаас нь зургийг нь авч байж. Гайхаж, сандарсан Ж.Лхамхүү багшаасаа учрыг нь асуухад “Гологдсон хүүхэн туужаар кино хийж байгаа. Чамайг Цэрэнгийн дүрд авна” гэснээр тэрээр кино урлагтай анх амьдралаа холбосон түүхтэй. Зураг эхлэхээс өмнө түүнд харамсаад уйлсан нэг зүйл бий. Тэр нь үсээ тайруулсан явдал. Үсийг нь будчихаад түүнийг жаран ес машинд суулгаад үсчний газар луу явж. Тухайн үед Их дэлгүүрийн наад талд хятад үсчний газар байсан гэнэ. Хятад үсчин үсийг нь тайрахдаа гар нь чичирч байсан нь мэдрэгджээ. Харин үсчний ард Д.Чимэд-Осор гуай зогсчихоод түүнд мэдэгдэхгүйгээр гараараа дээш нь, дээш нь тайр гэж зангаж байсан тухай хожим нь кино багийнхан нь дурсан ярьсан байна. Үсчний хайч дуугарч, толгой нь нэг л хөнгөн болоход өрийн эрхгүй нулимс нь бөмбөрөөд л байж. Энэ үед Э.Оюун багш нь аргадаж “Үс бол удахгүй ургачихна. Энэ кино чиний орь залуу насыг үүрд мөнхөлнө шүү дээ” гэж учирласан нь одоо ч түүний санаанаас гардаггүй ажээ. Багш нь түүнд үнэн хэлжээ. Үзэгчид түүнийг амьдралынх нь бүхий л хором бүрт Цэрэн гэж дуудсан гэнэ. Одоо ч тэр энэ нэрэндээ хайртай гэсэн. Хаа явсан газар нь Цэрэнгийнхээ тухай яриач гэсэн санал ирдэг ч өөрийгөө чамлаж “Сүртэй сайн бүтээчихсэн биш дээ” гэж даруухан зангаар хандсаар өдийг хүрчээ. Харин энэ занг түүнд урлаг сургасан гэв. Тэрээр “Бидний үеийн жүжигчид дэндүү даруухан, одоогийн залуус шиг нэр төр хөөж явдаггүй байлаа. Энэ бол алтан үеийнхний минь сургамж. Тэднээс айдаг, үгийг нь сонсдог байсан юм” гээд инээмсгэлсэн юм.

 

КИНО БАГИЙНХАН ТҮҮНИЙГ ИХ ЗАНТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

 

Ж.Лхамхүү гуай одоо ч киногоо үзээд хааяа өөрийгөө голдог ажээ. “Энэ үед ингээд тоглочихсон бол, тэрийг нь тэгэхгүй яав даа” гээд харамсах үе бишгүй тохиолддог гэв. Энэ нь жүжигчин хүн дүр бүхнээсээ суралцах ёстой гэсэн үзэлтэй нь холбоотой гэсэн. Түүний тоглосон хэсгийн ихэнхийг тухайн үеийн Кино нэгтгэлийн павилон буюу одоогийнхоор Кино урлагийн дээд сургуулийн байранд авчээ. Тэрээр анхны зураг авалтаасаа шантарч, дахиад кинонд тоглохгүй юм шүү гэж бодсон удаатай гэнэ. Учир нь хаана зогсох, хаашаа харах гээд бүгдийг нь зааж, гэрэл тавьж байна гээд халуун чийдэнгээр төөнөж байсан болохоор эхэндээ шантармаар санагдсан байна. Гэвч сүүлдээ энэ бүхэн жүжигчин хүний заавал туулах ёстой зам гэдгийг ойлгожээ.

-Та хамтран тоглосон уран бүтээлчдийнхээ тухай дурсаач?

-Миний аавд Дуурийн театрын хоор дуучин М.Норсонжав гуай тоглосон. Харин ээжид тухайн үедээ сувилагч мэргэжилтэй бүсгүй тоглож байсан санагдана. Өртөөний өвгөнд Д.Чимэд-Осор гуай өөрөө тоглосон юм. Би зургаа авахуулчихаад дуугүй, даруухан сууж байдаг хүүхэд байлаа. Тэр үед киноныхон намайг их зантай гэж боддог байсан гэнэ лээ. Амьхандаа тэдгээр уран бүтээлчдээс айж байгаа нь тэр. Бага, залуу байсан учраас халдаж, нээлттэй харьцаж чаддаггүй байсан юм. Харин Д.Чимэд-Осор гуай л их зөвлөдөгсөн.

Түүний дараагийн дурссан уран бүтээлч бол Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай юм. Тэрээр анхны дүрээ сайн найруулагч, хамтран тоглогчийн хүчээр амжилттай бүтээж, урлагийн хүн болох үндэс, суурь нь зөв тавигджээ. Д.Чимэд-Осор гуай  хамтарсан жүжигчиндээ түшигтэй уран бүтээлч байж. Тухайн жүжигчнийхээ өмнөөс дүрийг нь мэдэрч, зааж, зөвлөдөг байсан гэнэ. Кино зураг авалт тэр хоёрын өртөөн дээрх хэсгээс эхэлжээ. Ж.Лхамхүү гуайн урдуур цагаан зураас татаж үүнээс давж  тоглохгүй шүү гэж захисан байна. Яг тоглох гэхээр зураасыг нь давчих гээд хэцүү байсан гэв. Тухайн хэсгийг тэд зураг авалтаасаа өмнө сайн бэлдсэн учир ганцхан дублиэр авсан байна. Киног жилийн дөрвөн улирал дамнаж авчээ. Харин киноны оргил хэсэг буюу өртөөн дээр аавтайгаа уулздаг хэсгийг хэд хэд давтсан гэнэ. Тэр хэсгийн тухай Ж.Лхамхүү гуай “Одоо эргээд харахад биеэ нэлээд барьсан юм шиг харагддаг. Гэхдээ алтан үеийн уран бүтээлчдийн буянаар киногоо амжилттай дуусгасан юм” гэж ярьлаа. Тухайн үеийн уран бүтээлчид хальсаа их хайрладаг байжээ. Тиймээс зураг авалтаас өмнө сургуулилт сайн хийдэг байж. “Залуу үеийнхэн үүнийг л сурмаар юм” гэж Ардын жүжигчин маань захилаа.

-“Гологдсон хүүхэн” кино болон Цэрэнгийн дүр Монголын нийгэмд, ард түмэнд юу хэлэхийг хүссэн юм бэ?

-Монголын хуучин болон шинэ нийгмийн үеийн зааг юм даа. Хэдийгээр охин болж төрсөндөө гологдог ч шинэ нийгмийн шинэ хүн нь Цэрэн юм. Аав, ээж ард түмэн нь түүнийг голсон ч цаг хугацаа, шинэ амьдрал, шинэ нийгэм түүнийг хүлээж авч байгаа юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин