• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Юрий Мороз: Бид дотроо шаналах нь зүрхэнд тусгүй

2021-06-16 08:00

-Яагаад жүжигчин болсон? Яагаад кино найруулагч болсон? ВГИК-т шалгалт өгч байхад Герасимов надаас тэгж асуухад тэр үед ч хариулж чадаагүй, одоо ч хариулж чадахгүй-

З.БАТЦЭЦЭГ

“Энэ жүжигчнийг арын хаалгаар авсан” гэх яриатай нэг бус удаа тулгарч байлаа. Надад арын хаалгадаж хүн оруулах тийм ч амархан биш шүү. Авчихлаа гэж бодъё, цаашаа яах уу? Авъяасгүй жүжигчин бол яах уу? Тэр тусмаа “Дүнсгэр мөрөн” шиг кинонд тоглоно гэдэг хэцүү. Нөгөө талаас охин, эхнэрээ тоглуулдаг, тэгэхээр би муугүй л арын хаалгадаж чадаж байна аа. ОХУ-ын нэрт кино найруулагч Юрий Морозын “Караван” сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг орчуулан толилуулж байна.

-Юрий, “Дүнсгэр мөрөн” сериал багагүй шуугиан тарьсан. Хүмүүсийн үзэл бодол 2 хэсэг болон хуваагдсан. Таны сериалыг 1960-аад оны сүүлээр гарсан 4 ангит кинотой нь их харьцууллаа. Олонх  нь хуучин киног магтаж байна....

-Би бол ерөөсөө харьцуулахгүй. Гэхдээ энэ манайд уламжлал болж. Сүүлд хийснийг нь шүүмжилдэг. Оросын классик бүтээлийг барууныхан хийхэд хэн ч, юу ч хэлдэггүй. Кира Найтлигийн тоглосон “Анна Каренина”-г аваад үзье л дээ. Шүүмжлэгчид ихэнхдээ яаж хийсэн? хуучинтай нь харьцуулбал шинэ зүйл юу оруулж вэ? гэж л бичсэн.  Харьцуулах юм бол бүгдийг нь ярья л даа: хэний ханцуй урт байна? Хэний цамцны зах өргөн байна?. Манайхан бол хэний “Дүнсгэр мөрөн” сайн, муу болж гэж бүгд ярьж байна.

Үүнийг чинь би “Ах дүү Карамазов” дээр хангалттай мэдэрсэн. “Энэ зохиолоор сериал хийж яах гэж байгаа юм? Классикт хүрч бүү зүрхэл. Жүжигчид нь нэг л биш байна. Грушенька биш, Митя-аймшиг, Ваня- бүр биш” гээд л. Цаг хугацаа өнгөрөхөөр сөрөг муу бүхэн мартагдаж, таалагдсан хүмүүс нь киноог дахин үзэн, дурсан ярьж, юун тухай вэ гэдгийг нь боддог. Саяхан Викад (түүний эхнэр Виктория Исакова) нэгэн Италийн утга зохиол судлаач захиа бичсэн. Тэрээр Достоевскийн бүтээлийг судалж, бүх киног нь үзсэн гэнэ. Түүнд бидний кино таалагдсан байна. Мэргэжлийн түвшинд бүгдийг задлан тайлбарлаад, бахархаж байгаагаа илэрхийлсэн байсан. Түүнд баярлалаа.

Цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс бас янз бүр. Хүмүүс “Би залуу хүн биш. Гэхдээ хүүхэд байхдаа Вячаслав Шишковын зохиолыг уншаагүй. Лапшины найруулсан киног нэг удаа үзээд, юу ч ойлгоогүй. “Дүнсгэр мөрөн” миний хүүхэд байхдаа унших дуртай ном байсан. Хуучин киног нь үзсэн” гэж ярьдаг. Би “Фэйсбүүкт ямар насны хүмүүс сууж байна аа? Ойролцоогоор 70 настай хүмүүс үү? Лапшин киногоо бараг 50 жилийн өмнө хийсэн. Тэгэхээр тэд 10 настай үзээд, маш их таалагдаад, номыг нь дахин уншсан хэрэг үү?” гэж бодсон.

Би түрүүчийн киног үнэлэхгүй. Гэхдээ миний хувилбар таалагдаагүй хүмүүс дахиж үзээд, өнөөдрийн цаг үеэр дүгнэлтээ хийгээчээ гэж хэлмээр байна. 30, 40 жилийн өмнө анх үзэж байснаараа биш. Тэр үед чинь мод ч өндөр, чихэр ч илүү чихэрлэг байсан үе. Хуучин киног өнөөдрийхөөр харвал театрын найруулга ажиглагдана. Тэр үед жүжигчид дэлгэцэн дээрээс яг театрт тоглож байгаа юм шиг ярьдаг. Иван Пырьевын “Ах дүү Карамазов”-ыг дахин нэг үзээрээй. Одоо цагт бол яах гэж хэтрүүлэн тоглоод байгаа юм бэ? гэж асуухаар.

Хамгийн их маргаан дагуулсан дүр бол Анфиса- Людмила Чурсина, Юлия Пересильд нарын тоглосон. Чурсина илүү гоё, харин Пересильд....Хуучин кинонд Чурсина дээгүүрээ нүцгэн гардаг цорын ганц кадр байдаг. Бодоод үз, тэр үед улс оронд секс хориотой сэдэв байлаа. Энийг үзээд үзэгчид шууд нокаутад орж байгаа юм. Тэр үед кинотеатрт механикчид нь нүцгэн хэсгийг нь хасчихдаг байсан. Өнөөдөр би тэгж хийсэн бол тасдуулж байгаа. Одоо цагт бүгдийг ил задгай харуулна, эсвэл юу ч харуулахгүй.

-Пересильд Анфисагийн дүрд тоглосон нь урхи юм шиг санагддаг...

-Хэцүү асуулт. Зарим нэгэнд тэгж санагдах ч, өөр бусдад бол үгүй. Бид Анфисаг улаан шаргал үстэй байлгахаар шийдсэн. Учир нь ийм хүмүүсийн амьдрал өөр байдаг. Цаашаа жүжигчин хэр мэргэжлийн түвшинд тоглосон талаар ярих ёстой болохоос, түүний улаан хиймэл үсний талаар биш. Юлияг сайн тоглож, дүрээ гаргасан гэж боддог.

Дараагийн асуулт. Түүний бүтээсэн Анфиса номтойгоо хэр тохирч байна вэ? Шишков ерөнхийдөө сээтэн эмэгтэйг дүрсэлсэн. Уйлж, инээсэн, тогтворгүй. Энэ нь эрчүүдэд таалагдаж, татагддаг. Юлияд энэ эхлэл байгалиасаа байдаг. Зарим хүнд таалагдахгүй байж болно.

-Жүжигчдийн шалгаруулалт өрсөлдөөн ихтэй байсан уу? эсвэл та урьдчилаад хэнийг тоглуулахаа мэдэж байсан уу?

-Надад энэ киног найруулах санал ирэхэд 3 гол дүр продюсеруудаар батлагдсан байсан. Прохорын дүрд Горбатов, Анфисад Пересильд, аавд нь Балуев. Би тэднийг сонгоогүй, надад проб харуулсан, таалагдсан. Саша Балуевыг эртнээс мэднэ, МХАТ-ын сургуульд хамт сурч байсан. Горбатовын ажлыг харж байсан. Щукины сургуулийн жүжигт тоглож байхад нь авъяастай гэж харж байсан. Сережа Урсуляк бид 2 байнга оюутны жүжиг үздэг. Тэр эхэлж Горбатовыг “Дөлгөөн Дон”, “Ненастье”-д тоглуулж байсан.

Юлия Пересильдыг би таньдаггүй, гэхдээ жүжигчний хувьд үнэлдэг байсан. Бусад дүрд проб хийсэн. Сережа Колтаковыг мөрдөгчийн дүрд тоглуулна гэдгээ яг мэдэж байсан. Миний кино бүрт тоглодог дээд-ангиллын жүжигчин Леонид Окуневыг яг авна гэж төлөвлөсөн байсан. Тэр дэлгэцэн дээр үл мэдэгдэхүйц гардаг хэрнээ ямар мундаг тоглосныг хар даа. Гайхалтай жүжигчин. Рома Мадяновыг мэднэ, урьд нь хамтарч ажиллаж байсан. Бусад дүрд бол проб байсан. Эмэгтэй дүрүүдэд 5-10 өрсөлдөгч, эрэгтэй дүрүүдэд 2-3 хүн шалгаж үзсэн. Байдаг л үзэгдэл.

-Прохорын эхнэр Нинагийн дүрд тоглосон Софья Эрнстийн талаар багагүй яриа боллоо...

-Софья Павлонагийн хувьд яг галын цэгт байсан л д аа, амаргүй (тэрээр Нэгдүгээр сувгийн ерөнхий захирал Константин Эрнстийн эхнэр). Миний үзэж байгаагаар түүний баатар Васся Железноватай төстэй болсон. Тэр Прохорын бизнесыг авдаг. Энэ дүрд жүжигчин хүнд үзүүлэх юмтай. Софья Павловна ч чадсан. Түүний дүр явцын дунд баяжаад явсан. Хүмүүс юу ч гэж хэлж байсан хамаагүй тэр дүрээ бүтээж чадсан.

“Энэ жүжигчнийг арын хаалгаар авсан” гэх яриатай нэг бус удаа тулгарч байлаа. Надад арын хаалгадаж хүн оруулах тийм ч амархан биш шүү. Авчихлаа гэж бодъё, цаашаа яах уу? Авъяасгүй жүжигчин бол яах уу? Тэр тусмаа “Дүнсгэр мөрөн” шиг кинонд тоглоно гэдэг хэцүү. Нөгөө талаас охин, эхнэрээ тоглуулдаг, тэгэхээр би муугүй л арын хаалгадаж чадаж байнаа. Хэн нэгнийг хаалгадмаар байгаа бол надад хандаарай.

-Таны “Цэг” хэмээх эмгэнэлт киног санахгүй байхын аргагүй. Охин, эхнэр Дарья, Виктория нарыгаа тоглуулсан. Дарья тэр үед алдартай жүжигчин байсан бол Виктория энэ киноноос карьераа эхэлсэн.

-Миний хувьд “Карамазов”-аас эхэлсэн. Вика тэгэхэд Катерина Ивановнагийн дүрд тоглосон. Бас энэ киноноос Лена Лядова карьераа эхэлсэн. Энэ киноны үеэр би Сережа Колтаковтай танилцсан. Дараа нь бүгдийг нь “Пелагея ба цагаан бульдог” кинондоо тоглуулсан. Бүгдийх нь тэс эсрэг дүр. Жүжигчид сайн материал дээр өсч дэвждэг гэдэг.

-Яагаад “Дүнсгэр мөрөн” 5 жил тавиур дээр хэвтсэн юм бэ?

-Баатар байгаагүй. Саша Горбатовыг гарч ирснээр киног хийх шийдвэр гарсан. Түүнгүйгээр энэ кино бүтэхгүй байсан. Орчин үеийн кинонд жүжигчид сул чөлөөтэй болсон. “Дүнсгэр мөрөнд” энергийн зарцуулалт өөр. Кадрт ингэж градус барьж тоглоно гэдэг жүжигчин бүр чадахгүй.

-Өөр юу даван туулсан бэ?

-Өдрийн дэлгэцэн дээр гарах 7,5 минутын бичлэгийг би өдөрт багтааж хийх хэрэгтэй байсан. Одоо цагт хэвийн үзэгдэл. Гэхдээ Москвад сууж байгаа бол өөр. Харин Уралд хүнд завийг ус руу түрж оруулаад, жүжигчдээ суулгаад, яг санаснаараа хөвүүлнэ гэдэг амаргүй. Завь чулуунд тээглээд, усаар дүүрэх тохиолдол байсан. Урсгал доор нь орлон тоглогчид байж байсан тулдаа гаргаж авсан. Олон хэсгийг нэг л дублээр авсан. Жүжигчид бол дахиад гээд дуртай  байсан л даа.

Өөрийн анхны киноны нэг “Петрийн залуу нас”-ыг мартдаггүй юм. Би тэгэхэд жүжигчин байсан үе. Ладогт зураг авалтын үеэр завьны хамар дээр зогсоод, өөдөөс салхи салхилаад, аянга дуугаран, бороо орж байлаа. Энэ бүгдийг хараад, 100 жилийн өмнө ч ийм байсан даа гэж бодогдож байсан юм. Ямар нэгэн зүйлд холбогдолтой байна гэдэг жүжигчин хүнийг амьд болгодог. Манай жүжигчид Урал голын хүчтэй урсгалыг давахад тэдний хувьд кино байгаагүй, бодит байсан. Тэд сэлж, сэлүүрдэж, амь гарсан. Тэр хэсэгт Горбатовын нүүрийг хараарай, жинхэнээсээ байсан. Энэ чинь л кайф, адреналин.

Бид их шахуу ажилласан. Өдөрт 3 байршил сольж байлаа. Өвөл бол өглөөний 9 цагаас өдрийн 16 цаг хүртэл ажиллана. Цаашаа тас харанхуй. Тэгсэн ч гэсэн 7,5 минутаа амжиж бичсэн байх шаардлагатай. Нэг газар ирээд, төвхнөөд, зураг авалтаа хийгээд, дахиад өөр тийшээ явна. Их ядардаг. Гэхдээ би чадсан.

-“Дүнсгэр мөрөн” дэлгэцнээ гарч дуусаагүй байтал Россия-1 сувгаар таны “Магадлалын хууль” гарч эхэлсэн. Бараг л өөртэйгөө өрсөлдлөө гэсэн үг. Яагаад таны 5 жилийн өмнө хийсэн сериал одоо гарч байгаа юм бэ?

-Надад тайлбарласнаар казино манайд хориотой болохоор гаргаагүй гэсэн. Чи ийм сэдвээр кино хийхээр сурталчилсан болчихдог юм шиг байна. Гэтэл зүгээр л казиногийн суурин дээр болдог үйл явдлын тухай. Энэ бол найз нөхөрлөл, хайр сэтгэл, урвалтын тухай. Энэ үйл явдал цэрэг, армид болж болох байсан. Гэхдээ зохиолч Алена Званцова казинод болж буйгаар бичсэн. Учир нь дэлгэц үзэж байгаа хүн бүр казино орж үзээгүй. Нэг залуу казиног мэхлэх гэж оролддог. Дараа нь өөр шигээ хүмүүсээс казиног хамгаалах гэж оролддог. Их сонирхолтой. Аленагийн зохиосноор математикч, нэг нүдтэй казиногийн эзэн, сохор дуучин нарын хооронд хайрын гурвалжин үүсгэсэн нь амаргүй байсан. Жүжигчин хүн нэг бол нүдтэй, үгүй бол нүдгүй байдаг. Энд бол 3 хүнд 3 нүд.

Би өөрөө хэзээ ч казино орж тоглож үзээгүй. Кинон дээр л харсан. Би энэ киног хийсэн ч одоо шууд гарч гүйгээд Беларусьд очоод казино тоглоно гэсэн үг биш. Урьд нь ч сонирхож байгаагүй, одоо ч сонирхохгүй. Манай киног үзээд донтосон тоглогч болно гэдэг бол тэнэглэл. Харамсалтай нь 5 жилийн өмнө хийсэн зүйл одоо цагт хоцрогдоод сонирхол татхааргүй болж.

-Та казино хаанаас олсон бэ?

-Өөрсдөө барьсан. Эхлээд Беларусь явж жинхэнэ казинод зураг авъя гэж бодож байснаа больсон. Хааж байж зураг авалт хийх болно, тийм санхүүжилт хүрэхгүй. Мальтад бас хийе гэж байснаа энэ шалтгаанаар бас больсон. “Золотое кольцо” зочид буудалд хоосон заал байсан. Тэнд л барьсан. Гэрэлтдэг гадна хэсгийг компьютерээр хийсэн. Ширээгээ засаад, хэвлэсэн мөнгийг хараад, хэрвээ цагдаа нар ирвэл баривчлагдах юм байна даа гэж бодож байлаа. Хэн ч кино хийж байна гэж тоохгүй, шууд гэмт хэрэг. Азаар зүгээр өнгөрсөн. Манай гаражд одоог болтол бидний гараараа наасан чемодан дүүрэн фишк байгаа.

-Жүжигчин Александр Ребенокийг ааштай гэдэг юм билээ. Хамтарч ажиллахад хир байв?

-Жүжигчний хэцүү зантай ажил бүрдээ тулгардаг. Хамгийн анхны “Бүсгүйчүүд дүрэмгүй тоглоомд” киноны Ксюша Акиньшинагаас эхлээд. Түүнийг бүгд хэцүү зантай л гэж байсан. Зүгээр, ажлаа амжилттай дуусгасан. “Карамазовыханд” Сережа Колтаковтай хамтарч ажиллах үнэхээр хэцүү байсан, их муухай зантай. Манай эхнэр Вика бас ааштай. Мэргэжлийн байх тусмаа ааштай байдаг. Яагаад? Яагаад гэвэл кинонд хөндлөнгийн хүмүүс их болж. Гаднаас ирсэн хүмүүс учраас тэднийг хөөж явуулах хэрэгтэй.

Зөвлөлтийн үед чи дипломгүй бол кино урлагт ойртуулах ч үгүй. Кино үйлдвэрлэл гэдэг чинь бас нэгэн үйлдвэр, онгоцны үйлдвэртэй адил. Кино урлаг баталсан стандарттай, заавал мэргэжлээрээ суралцдаг. Одоо юунд ч сурах шаардлагагүй болж. Өчигдөр туслах байсан хүн өнөөдөр 2 дахь найруулагч болсон байх жишээтэй. Мэргэжлийн хүн хажуудаа байгаа огт мэргэжлийн биш хүнд яаж хандах уу? Мэдээж байр суурийг нь мэдрүүлнэ. Тэгээд л хэцүү зантай хүн болж хувирдаг.

“Карамазов”-ын үеэр Митя аавтайгаа ярилцдаг хэцүү зураг авалтыг хийж байлаа. Аавд нь тоглож байсан Колтаков байдгаараа хашгираад л хамаг хүчээ гаргаж байлаа. Хүүд нь тоглож байсан Сережа Горобченко буланд суугаад, үгээ цээжилж байна (тэр үед яасан юм бүү мэд). Яаж үүнд хандах уу? Колтаков бараг галзуурхаа дөхөөд, зүрх нь өвдөөд, түргэн дуудаад, эмнэлэгт хүргүүлж байсныг хэзээ ч мартдаггүй юм. Колтаков тэвчээр нь алдагдаад нэг бус удаа талбайг орхиж байсан. Түүнийг сайн ойлгож байна. Мэргэжлийн хүн бэлтгэлгүй хүмүүс дунд байх хэцүү. Жүжигчний мэргэжлээр 4 жил сурдаг, цаашаа жүжигчин хүн өөрөө насан туршдаа суралцдаг. Тиймээс л ааштай жүжигчид гэсэн ойлголт бий болдог. Сережа Колтаков нөс барахаасаа өмнө, химийн эмчилгээ хийлгэчихээд ирж уулзаж байсан. Өвчний улмаас дэндүү эрт өнгөрсөн дөө....

Саша Ребенок үр дүнгийн төлөө ааш гаргадаг. Үр дүн нь чамд чухал биш бол, талбай дээр ирээд, текстээ хэлээд, бүгдтэй нь найрсаг загнаж байгаад л явчихна. Үр дүн нь чухал бол туслахгүй байгаа хүмүүсийг хараад дуугуй өнгөрч чадахгүй. Ажилдаа үнэнч хүмүүстэй насан туршийн найзууд болдог.

-“Магадлалын хуульд” Игорь Миркурбанов дүрээ энгийн болгож гаргасан нь таньд ямар санагдсан бэ? Уг нь Чеченийн дайнд тулалдсан, хүүгээ алдсан дүрийг илүү гүн гүнзгий тоглож болох байсан санагдах юм?

-Энэ түүний тоглох онцлог. Та түүний 3 дахь “Содержанок”-т тоглосныг хараагүй байна. Яаж тоглосон гээч!!! Тэр жүжигчний өөрийн гэсэн онцлогтой, бүх дүр нь адилхан юм шиг, гэхдээ их дур булаам.

-Яагаад гурав дахь “Содержанок”-г найруулахыг зөвшөөрсөн бэ?

-Ажилгүй сууж ерөөсөө чадахгүй. Толгойд янз бүрийн бодол орж ирнэ. Ажил олдохгүй бол яах уу? яаж гэр бүлээ тэжээх үү? Ямар нэгэн санал ирээсэй. Гэтэл гэнэт шууд 3 санал зэрэг ирнэ. Тэгээд л бодно. Бурхан минь гурвууланг нь хийх боломж олгооч. 3 дахь “Содержанок” манай охин Дашагийн анхны продюсерын ажил. Тэрээр гол дүрд нь тоглоод зогсохгүй, продюсерээр ажилласан. Тиймээс нэг талаараа охиндоо тусалсан гэж хэлж болно.

-Шууд гурван төсөл зэрэг орж ирэхээр та яаж амардаг вэ?

-Хундага вино. Элэг минь яаж тэсдэг юм? өдөр бүр ажлаа тарж ирээд вино уудаг. Тэгэхгүй бол шөнө 4 хүртэл нойр хүрэхгүй, өглөө 7 ажилдаа явна. Урьд нь хундагаа уучихаад, явж боулинг тоглодог байлаа. Одоо явж болох биш дээ.

-“Содержанок”-н продюсер ажилд чинь саад болсон уу?

-Даша зохиол, үндсэн асуудлыг хариуцсан. Хэн ч миний ажилд оролцоогүй. Тэгэх шаардлага байгаагүй.

-Хоёр дахь сезонд Дарьягийн хувьд нүцгэн зураг авалт их байсан. Энэ нь хэвээр үлдсэн үү? ийм зураг авалт яаж хийгддэг вэ?

-Жүжигчид ичимхий байдлаа даван туулж чадсан үед надад энэ сериалыг хийх санал ирсэн. Энэ бол нэгдүгээрт. Хоёрт, үүнийг хийх тодорхой технологи байдаг. Жүжигчид тусгай дотуур хувцас өмсдөг. Талбай дээр ердөө найруулагч, зураглаач, зарим үед нүүр будагч үлддэг. Бусдыг нь бүгдийг нь гаргадаг. Миний хувьд охиноо ийм дүр бүтээж байгааг хараад суух мэдээж эвгүй. Гэхдээ талбай дээр жүжигчин Дарья Мороз, найруулагч Юрий Мороз байна гэж ойлгох хэрэгтэй. Техникийн хувьд бол энэ чинь нүцгэн үзүүлбэр. Жүжигчид энийг нээх их юман чинээ боддоггүй. Тэдний хувьд энэ гараа угаахтай л адил. Энгийн сэтгэл зүйтэй хүнд бол энэ хүнд байх л даа. Манай мэргэжлийхэн чинь жаахан өвчтэй хүмүүс шүү дээ.

-Даша, Вика нар таны кинонд тоглоход бусад жүжигчнээс тэдэнд илүүтэй шаардлага тавьдаг уу?

-Илүү шаардлага тавьдаг нь үнэн. Надад эрх нь байгаа учраас илүү шаарддаг. Хөндлөнгийн хүнтэй ярихад хэл амаа бодож, үгээ сонгоно. Өөрийн хүнтэй бол...Энэ утгаараа тэр хоёрт хэцүү. Гэхдээ бид нар айхтар зөрчилдөөнд хүрч байгаагүй. Бүх зөрчилдөөнөө талбай дээр үлдээдэг. Гэртээ бол юу болсон, болоогүй, юуг үлдээх, юуг дахин зураг авах талаар ярилцдаг.

-Юрий,  Украйны Краснодонд төрсөн таныг үндэсний томоохон хоёр суваг булаацалдана гэж бодож байв уу?

-Үгүй ээ, төсөөлж ч байгаагүй. Манай аав, ээж театр, киноноос хол хүмүүс байлаа. Ээж- эмнэлгийн ажилтан. Аав уурхайд цахилгаанчин. Гэхдээ хоёулаа уран бүтээлч хүмүүс байсан. Ээж муугүй зурдаг, аав маск хийдэг, өвөө үндэсний театрт ажилладаг. Намайг дайнд үрэгдсэн нагац ахын нэрээр нэрлэсэн юм. Ээж хэлэхдээ ах нь их авьяастай,  ямар ч хөгжмийг хурдан сурдаг байсан гэсэн. Одоог хүртэл хоёр асуултад хариулж чаддаггүй юм. Яагаад жүжигчин болсон? Яагаад кино найруулагч болсон? ВГИК-т шалгалт өгч байхад Герасимов надаас тэгж асуухад тэр үед ч хариулж чадаагүй, одоо ч хариулж чадахгүй.

-Та МХАТ-ын сургуульд жүжигчний боловсрол эзэмшсэн үү?

-Эхний удаад тэнцээгүй, дараа нь нэг жил алгасаад, гурав дахь удаагаа МХАТ-д орно гэдгээ яг мэдэж байсан. Чадсан. Багш нар бидэнд сайн ханддаг байлаа. Бид багш нартаа уран бүтээлийн тал дээр ямар хариулт барьж чадах вэ гэдэг өөр асуулт. МХАТ-ын уламжлалт сургалт миний жүжигчний мэдрэмжийн эсрэг байсан. Сэтгэл зүйн хувьд би вахтангчуудтай адил. МХАТ-ын бүтэц нь хэлбэрээ олдог. Вахтангчууд бол хэлбэр нь бүтцээр дүүрдэг. Миний хувьд хэлбэр чухал, бүтцийг нь би өөрөө дүүргэчихнэ. МХАТ-ын сургууль байгалиасаа жүжигчин хүмүүст илүү тохирох байх. Тэдэнд заагаад байх юмгүй. Уйл гэвэл уйлна, инээ гэвэл инээнэ. Манай багш Алла Покровская “Хэн сайн хуурч чадна, тэр жүжигчин” гэж хэлдэг байж билээ.

Театрт ажиллахад ирээдүй бүрхэг байлаа. Би дипломын жүжигтээ Алла Соколовагийн “Диззи Гиллеспи гэж хэн бэ?” жүжигийн гол дүрд тоглосон. Өөр бусад төгсөлтийн жүжигт тоглосон. Манай жүжигт Владимирийн драмын театрын ахлах найруулагч ирээд, 6 хүн театртаа урьсны нэг нь би байлаа. Гэтэл тэр үед “Ленком”-д шалгуулж таараад. “Ленком” Абдулов, Караченцов нарын тоглосон “Хоакин Мурьетын од ба үхэл” жүжгээр аялан тоглолтоор явах болоод. Тэр үед театрт “Миний найдвар” гэж жүжигт Абдулов бас тоглодог байгаад түүнийг орлох хүн хэрэг болсон юм. Гадаад төрхөөрөө яг тохирох хүн байлаа. “Ромео, Жульета хоёр”-ын сэлэмний тулааны хэсгээс үзүүллээ. Марк Захаров хөдөлгөөнд дуртай юм байж. Бид чинь бүх сандлыг нь унагаад, аймшигтай тулалдсан. Түүнд таалагдлаа. Тэгж л намайг ганц дүрд аваад, дараа нь театртаа авсан даа.

“Миний найдвар”-т Татьяна Пельтцертэй хамт тоглосон. Тэр нэг удаа намайг халагдахаас аварч билээ. Тэр үед чинь би Герасимовын “Петрийн залуу нас”-д тоглож байсан. Найруулагч багаа аваад хотуудаар явж уулзалт хийдэг байсан юм. Нэг тийм уулзалтанд намайг дуудлаа. Театрт нэг л жүжигт, нийтээрээ тайзнаа гарах хэсэгт оролцох байлаа. Өөр нэг жүжигчинтэй тохироод явах боллоо. Ахлах дээрээ очтол “жижүүрийн найруулагчаас” асуу гэж байна. Тэр нь Караченцов байсан. Гэр рүү нь залгатал эхнэр нь аваад, “Усанд орж байна. Би дамжуулчихнаа” гээд мартчихсан бололтой. Гэтэл яг энэ жүжиг дээр Марк Анатольевич томоохон шалгалтаар ирж таараад. Жүжигчин Мороз хаана байна? Байхгүй. Жүжиг тасалсан. Захаров хатуу хүн, намайг хална гээд хурал хийлээ. Гэтэл Татьяна Пельтцер босоод миний төлөө ямар үг хэлсэн гээч. Тэгж л намайг үлдээсэн юм. Дахиж хэн ч намайг тэгж хамгаалж байгаагүй. Сайхан сэтгэлтэй хүн байлаа, театрын сэтгэлтэй. Дэлгэцэн дээр ямар байна, амьдрал дээрээ яг л тийм. Бүгд түүнд хайртай.

-ВГИК-т зориуд Герасимовын ангийг сонгосон уу?

-Тэр үед Хуциев найруулагчийн анги аваад, тэнд сурч байсан оюутнуудын жүжигт би тоглосон юм. Дараа нь жүжгээ ярилцаад. Надад маш их таалагдаад, найруулагч болохыг хүслээ. Марлен Хуциев “Пушкин”-ыг хийхээр болоод намайг Дантест урьлаа. Гол дүрд Дима Харатьян тоглох байсан юм. Гэвч бас л Хуциевыг гадуурхаж эхэлсэн. Жилийн дараа нөгөө оюутнууд төгсөөд. Манай найз Марина Левтова “Энэ жил Герасимов элсэлт авна. Оролдоод үз л дээ. Ямар байдгийг нь мэд” гэж хэллээ. Тэр өөрөө Герасимов, Макаровагийн курсыг төгссөн нэгэн. Бид хоёулаа Герасимовын шавь нар. Түүнтэй зураг авалтын талбай дээр таарлаа. Эхний өдөр, хамгийн хэцүү хэсгийн зураг авалт. Герасимов “Юу хийхээ харуул даа” гэлээ.  Хажуунаас хэлж өгөх, тайлбарлах, юу ч байдаггүй шүү. Герасимов үргэлж шавь нараа тоглуулдаг, тэд нар нь өөрийг нь шууд ойлгодог. Зураг авалтын талбай дээр ялгаагүй. “Юу чаддагаа харуул” гээд бидний хийснийг хараад, тайлбарладаг. Ерөөсөө дүрэм ярьдаггүй. Манай курсын Юрий Кара “Маргааш дайн болсон”-ыг хийж эхлэхдээ Герасимов дээр очиж уулзаж. Юра ярихдаа аавыг нь баривчилдаг хэсгийг нь орхиод ярьчиж. Герасимов “Юра ингэж болохгүй. Энэ чинь гол үзэгдэл”. Тэгээд цаашаа яаж хийхийг нь ярьж өгсөн. Бид ингэж л сурсан. Энэ муугүй л сургалтын систем байх. Гэхдээ олон асуулт хариултгүй үлдсэн. Харамсалтай нь биднийг төгсгөж чадаагүй, бурхан болсон доо....Олон зүйлийг өөрсдөө мэдэж олсон.

Герасимов дээр дипломын жүжигийн зохиолоо бариад ирлээ. Уншаад: “Сайн болж. Яаж хийхээ мэдэж байгаа юу?” –Би мэднээ л гэлээ. –“Тэгвэл яваад өөр зохиол хай” гэж хэлж байсан. Бүгдийг мэдэж байгаа бол киноог хийчихлээ гэсэн үг. Өөрийгөө даван туулах, нэг шат ахих материал авах хэрэгтэй. Энийг би насан туршдаа санаж явдаг.

-Та Бурляевын “Лермонтов”-т тоглосон. Ямар байв?

-Гайхалтай сайхан. Дуэлийн үеэр Лермонтовыг бууддаг Мартыновын дүрд тоглосон. Бид 2 туялзуур жадаар хамт тоглох хэсгүүд их байсан учираас бэлтгэл их хийдэг байсан. Нэг удаа би түүний хурууг тасдахаа дөхсөн. Их цус гарсан. Жинхэнэ сэлэм биш л дээ. Гэхдээ металлаар хийсэн болохоор иртэй. Хуруу тасдахаар. Ямар жүжигчидтэй тоглосон гээч. Марис Лиепа, Наташа Бондарчук, би шинэ жүжигчин. Буланд суугаад, амаа ангайгаад, тэдний ярихыг сонсдог байлаа. Большой театрт анх очсоноо хэзээ ч мартдаггүй юм. Төсөөлдөө, тосгоноос ирээд Большойд орно гээд. Манай намын түүхийн багш Юрий Иванов, Большойд улстөрийн мэдээлэл хөтөлдөг байсан юм. Курсийхныгаа бүжгийн ангид аваачиж үзүүлдэг. Тэнд нь Мессерер, Васильев, Годунов, Лиепа. Майя Плисецкая сунгалт хийгээд сууж байна. Чи тэдний дунд орно гэдэг сайхан намтар биш үү? Тэр үед мэргэжилдээ их романтик ханддаг байжээ. Жүжигчид үнэхээр бурхад шиг байж. Одоо жүжигчид бүгд “нүцгэн”, хүрч болшгүй оргил байхаа больж, үнэгүйдсэн.

-Динара Асановатай ажиллах ямар байв?

-Түүнийг ч бас сайхан үгээр дурсдаг. Миний анхны эхнэр Марина түүнтэй найз байсан юм. Динара түүний хувь тавиланд нөлөөлсөн хүн. Марина их ухаантай, найруулагч болохыг хүсдэг байлаа. Динара түүнд “Эхлээд нэг жил эвлүүлэг дээр ажиллаад үз дээ” гэсэн. Түүнийг ажиглаж байгаад, “Чи найруулагч болоод хэрэггүй. Герасимовын ангид ор, жүжигчин бол. Дараа нь бодол чинь өөрчлөгдөхгүй бол найруулагч болоорой” гэж зөвлөж байсан. Марина тэгж л Герасимовын шавь болсон. Бид хоёр бараг гэрлэх гэж байсан үе. Динара ч надтай сайн найзууд болсон байлаа. Нэг удаа Марина түүний кинонд тоглож байхад би очсон юм. Динара намайг харж байснаа “Алив нэг жижиг дүрд тоглоодхооч” гэлээ. Би татгалзаж чадна гэж үү?

Динара үргэлж манай охиныг асуудаг. Динара өөрөө хүү Анвартайгаа харьцаа муу байсан юм. Хүү нь ямар ч мэргэжил эзэмшээгүй, хаа нэгтээ хүнээс хол даяанчилж амьдардаг. Динара их эрт өнгөрсөн, араас нь дагаад хамт ажиллаж байсан нэлээн хэдэн хүн өнгөрсөн. Хараал хүрсэн юм шиг. Бүгд их эрт өнгөрсөн.

-Амьдралын хүнд хэцүү үе найруулагч хүнд яаж нөлөөлдөг вэ? (түүний 20 жил хамт амьдарсан анхны эхнэр Марина ослын улмаас нас барсан юм).

-Шууд шалтгаалах юм байхгүй. Жинхэнэ шаналал зөвхөн чиний дотор л үлдэнэ. Жүжигчний шаналал ил, үзэгчдийн хувьд харагдаж байх ёстой. Тайзан дээр жүжигчид чамайг хуурна. Уйлаад, хэцүү байгаагаар дүрсэлдэг боловч үнэндээ тийм биш. Яг амьдрал дээр үзэгч хэрэггүй. Манай найзууд ойр дотны хүнээ алдахад би хэлдэг. “Зүрхэндээ анхаарал тавь. Бид дотроо шаналах нь зүрхэнд тусгүй. Тиймээс шууд эмээ ууж эхэл” гээд л. Би юу ярьж байгаагаа мэднэ. Хүн бүрт тохирох  жор байхгүй. Бүгд л өөрийхөөрөө хүнд үеийг даван туулдаг.

-Та “Каменская” сериалаар олны дунд танил болсон. Одоог болтол зурагтаар гарсаар л байна. Яковлева, Нагиев нар хоорондоо таарахгүй байсан гэсэн.

-Худлаа. Лена Яковлева гайхалтай. Продюсер Валерий Тодоровский санал болгоод, уншиж үзээд, таалагдсан. Тохирох жүжигчнээ удаан хайсан. Нэг телевизийн хөтлөгч хэдэн сая хүнээс хэнийг тоглуулах уу гэж санал асуулга явуулсан. Үзэгчид Лена Яковлеваг сонгосон. Тэр үед Яковлева “Современник” театрт аймаар завгүй, сард 24 жүжиг тоглодог. Бидэнд олдох боломжгүй байсан. Тооцоод үзтэл театрт 8 хоног л ажиллахаар. Бүх кадрт ордог учраас түүнийг явуулах боломжгүй байлаа. Лена “Энэ боломжгүй. Галина Волчек явуулахгүй” гэж байна.

Өөр жүжигчин хайж эхэллээ. Зохиолч Маринина өөр дүр хүсээд, продюсер өөр дүр хүсээд. Би баахан проб хийж байгаад Наталья Рогожкинаг авъя гэж шийдсэн. Залуу жүжигчин байсан. Түүнтэй ажиллахад зааж сургах гэж маш их цаг орно гэж би мэдэж байсан. Тэгэнгүүт би Волчек татгалзахааргүй хүнийг олж гуйлгая гэж шийдлээ. Тэгж л Волчек бидний хүссэн хугацаагаар Яковлеваг явуулсан юм.

Нагиевын дүр бол? Тодоровский Чечений тухай “Цэвэрлэгч” киног үзжээ. Тэнд ийм залуу байна гээд эрхий хуруугаа гозойлгож байна. Сережа Гармашийг бас “Современник”-ээс олж авсан. Хурандаа Гордеевын дүрийг эхлээд Володя Ильинд санал болгосон юм. Тэр уншиж үзээд:

-Энэ дүр чинь скотч шиг юмаа.

-Яагаад скотч?

-Бүх хүмүүсийг хооронд нь нааж байдаг. Тэр үед би таарахгүйн байна гэдэгийг ойлгоод Сергей Никоненког дуудсан юм.

Андрей Краско хамт нэгэн хэсэгт Яковлеватай тоглох байсан юм. Жүжигчид хотоос хотын хооронд галт тэргээр явахдаа ууна. Зарим нь эрүүлжээд бууна. Зарим нь амжихгүй. Краско эрүүлжиж амжаагүй байсан юм. Ленатай нүүр будалтын өрөөнд таараад. Лена “Энэнтэй чинь тоглохгүй” гэж бухимдсан. Продюсерууд Андрейд “Таныг буудлаас гаргалаа. Буцах билетээ өөрөө аваарай” гэж их муухай хандсан. Маргааш нь энэ дүрд Саша Феклистов тоглосон. Хэдэн жилийн дараа эхнэр минь түүнтэй хамт кинонд тоглоход надад сувенир явуулсан байсан. Дээр нь “2006 оны шинэ жилийн мэнд хүргэе. 2003 онд болсон явдалд уучлаарай” гэсэн байсан.

-Харатьянтай ажиллах ямар байв?

-Бид их сургуулийн найзууд. Марина ч түүнийг таньдаг байсан.  Дима тэдний оюутны жүжигт тоглосон юм. Тэгснээс “Шадар гуравт” Дима биш, би тоглох гэж байсан юм. Би бүр нэг өдөр зураг авалтанд оролцсон байсан. Гэвч харамсалтай нь Светлана Дружинина мориноос унаад, хөлөө хугалчихсан. Зураг авалт зургадугаар сард байснаа гурван сараар хойшилсон. Би ВГИК төгсөж байсан, дипломын жүжигтэй. Хойшлуулах боломжгүй. Дүрээсээ татгалзахдаа “Дима Харатьян та нарт тохирно” гэж хэлж байсан юм. Тэгж л энэ дүр Димагийн нэрийн хуудас болсон доо.

-“Кино” клуб нээгдэхэд та харамсалтай нь өөр хийх ажил алга даа гэж хэлж байсан санагдана?

-Тэр үед огт ажил байгаагүй. Ямар ч. Чадахаараа л амь зууж байлаа. Клуб жаахан ч гэсэн мөнгө олох арга байсан юм. Дөрвөн жил үргэлжилээд, “Каменская” руу орсон. Зураг авалт, клубд зэрэг ажиллаж чадахгүй л дээ. Жилийн дараа Дима, Маринка хоёр тэндээс гарсан. Эзэд нь өөрчлөгдсөн. Клуб ч өөрчлөгдсөн. Биднийг байхад соёлын төв байсан. Дараа нь ашиг орлогын газар болж хувирсан. Өнөөдөр клуб байхгүй.

-Таны “Сатана үйл ажиллагаа” кинонд царайлаг эхнэр Вика чинь аймшигтай доголон бүсгүйн дүрд тоглодог. Амархан зөвшөөрсөн үү? эсвэл та ятгасан уу?

-Би зөвхөн түүнийг л энэ дүрд харж байсан. Ийм дүр жүжигчин хүний хувьд том бэлэг. Орчин үеийн кино зохиолуудыг аваад үз дээ. Хаалга онгойлоо, залуу орж ирлээ. Дараа нь тэр хүн нэг юм хийлээ. Хөгшин үү? залуу юу? Бүү мэд. Дараа нь эмэгтэй нь орж ирлээ. Ямар ч дүр төрх, үзэгдэх байдал байхгүй, ямар ч жүжигчнийг тоглуулж болно. Хэн ч тоглочихно. Энийг “өмд”, “юбка” орж ирлээ гэж нэрлэдэг. Жүжигчин хүн дүр дээрээ ажиллах материал орж ирнэ гэдэг чинь том аз. Ийм дүрд хувирах амаргүй. Ийм учраас театрт 2-3 сар бэлддэг. Энэ кинонд бид Викад харааны линз зүүлгэсэн. Дотор муухайраад, толгой эргээд байна гээд дубль бүрийн дараа линзээ авч байсан.

-Та Викагийн ажилладаг Пушкины театрт очиж жүжиг үздэг үү? Таалагдахгүй зүйлээ шууд Викад хэлдэг үү?

-Бэлэн болсон жүжгийг хэзээ ч үздэггүй. Яах юм? Бэлтгэл дуусмагц бүтээл цаашаа өөрөө амьдраад явдаг. Бэлтгэлийн үеэр хэлж засах боломжтой үед би ирж үздэг. Гэхдээ нэг асуудал нь тухайн жүжгийн найруулагч бас өөрийн үзэл бодолтой хүн. Гэхдээ хөндлөнгийн ажиглалт илүү оновчтой байдаг. Ухаантай найруулагч бол хөндлөнгийн санал түүнд чухал. Сонсоод тусгаж авах юм бол бүр ярих ч юм биш. Нэг удаа жүжгийн дараа Викад хэлсэн, гомдсон байх. Олны өмнө гараад ичгэвтэр байдалд орохоос өмнө хэлдэг хүн байх ёстой. Вика бид хоёр түүний бүх ажлыг ярилцдаг. Би үргэлж саналаа хэлдэг. Дандаа магтдаггүй.

-Та продюсерын асар том туршлагатай хүн. Мундагуудтай хамтарч ажилласан. Хэцүү байв уу?

-Амаргүй. Тэр үед “Централ Партнершип”-н захирал Рубен Дишдишян байсан. Тэр найруулагч нарт хайртай. Юу ч хэлэхгүй. Би л хэлэхээс өөр аргагүй. Бид 2 гал, мөс шиг байж.

-“Чи бидэнд заадаг хэн юм бэ?” гээд л байнга загнуулна.

-“Миний ажил, би үүнийхээ төлөө цалин авдаг” гээд л хариулна.

Тун удалгүй би найруулагч нарт зөвлөгөө өгөхөө больсон. Зарим жилд 25 кино гаргадаг байлаа. Дишдишян 50 болгож нэмнэ гээд. Азаар тэр санал бүтээгүй. Найруулагч нар хүрэлцдэггүй байсан. “Ликвидация”-г хийх гэсэн найруулагч олддоггүй. Бүгд завгүй. Тэр үед Сережа Урсуляк “Пуарогийн азгүйдэл” кино хийж дуусаад, тэр нь их амжилт олоогүй байсан үе. Рубен эргэлзэж байна. Би “Тэр сайн найруулагч” гэж ятгав. Төвийн телевиз дээр очтол “Урсуляк, дэмий. Найруулагчаа соль” гэхээр нь “Өөр найруулагч байхгүй” гэтэл “Өөр суваг руу яв” гэж байна. Өөр суваг дээр очиход Сережа тэдэнд таалагдсан. Энэ киногоор Урсуляк ТЭФИ, “Алтан бүргэд” шагнал авсан. Одоог хүртэл дэлгэцнээ гарч байгаа. Заримдаа ийм дэмий юмнаас болж хүний хувь тавилан балардаг. Азаар Сережа тэгээгүй.

-Таны тухай “Мороз ба нар” баримтат кинон дээр бага охин Варвара гарсан. Хэнз хүүхэд амьдрал их өөрчилж байна уу?

-Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Миний мэдрэмжээр аз жаргал, баяр баясал нэмэгдсэн. Хэнз хүүхэд хувь тавилангийн бэлэг. Варвараг төрөхөд би ажилгүй байж таарсан. Том охин Даша дээр мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг авсан. Даша 9 сард төрхөд, би 12 сарын 28-нд анх түүнийг харсан. Эхлээд зураг авалттай байгаад, дараа нь театраараа Парис руу аялан тоглолтоор явсан. Буцаад ирсэн гурван сартай охин байж байна. Тэгээд ч бид Дашаг эмээ рүү нь явуулчихдаг байсан. Том болж байгааг нь би хараагүй. Харин Варькаг сайн харж байгаадаа баяртай байгаа. Жаахан хүүхэд ер нь өөрийгөө эрүүл байлгахад гайхалтай хөшүүрэг болдог юм байна. Бид охиноо өсгөж, сургуульд оруулж, амьдралд хөлөө олоход нь туслах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.