Полит-Анализ: Ерөнхийлөгч Х.Баттулгын онцлох айлчлалууд

2021-05-28
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэлхий нийт цар тахалтай байсан ч  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нэлээд хэдэн айлчлалыг хийжээ.  Түүний айлчлалаас онцлон хүргэж байна.

 

1. 2020.01.27: Норвегийн Хаант улсад айлчлав

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант улсад айлчилж, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлэхээс гадна Норвегийн угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзав. Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэж дүгнэж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг ярилцсан юм.  Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүссэн.  Гэвч энэхүү наадам нь цар  тахлын улмаас хойшилсон байдаг.

 

2. 2019.09.19:  Энэтхэг улсын айлчлал

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар улсад төрийн айлчлал хийсэн.  Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийжээ.  Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцсан.   Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцаад иржээ.  Мөн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

 

3. 2019.06.12: Киргизийн айлчлал

 Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсад айлчилж,  Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны  хэлэлцээ хийлээ.  Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан ёсны хэлэлцээгээр худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо. Үүнд, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 3-р хуралдаан зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн бид бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, уг асуудлыг хөгжүүлэх үндэс суурийг тавилаа. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Киргиз улс, Монгол Улс хоёуланд минь бий. Ноён Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалд Киргизийн тал сэтгэл хангалуун байгаа. Бидний хэлэлцээр хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн сургамж туршлагаасаа бид харилцан суралцаж ирсэн. Цаашид ч эдийн засаг, цахим технологи зэрэг салбарын туршлагаасаа хуваалцаж хамтдаа хөгжих болно” гэсэн байдаг.  Мөн айлчлалын үеэр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж байгаа нь Монгол Улс Киргиз улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн талууд бататган хэлэв.

 

4. 2020.02.27: БНХАУ-д хоёр дахь удаагаа Төрийн айлчлал хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан.

Айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс цар тахлын хүнд хэцүү үеийг туулж буй БНХАУ-ын талд сайн санааны тусламж болгон 30 мянган толгой хонийг бэлэглэж буйг мэдэгдэж, гэрчилгээг гардуулсан билээ.  Улмаар 2020 арвандугаар сард Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгсөн байдаг.  Ерөнхийлөгч өмнө нь 2019 онд  БНХАУ-д айлчилж байсан билээ.

 

5. 2019.07.29: АНУ дахь айлчлал

Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын АНУ хийж буй айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав. Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж, Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж; Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж; Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж, Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж, Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж, Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв.

 

6. 2019.09.03  В.Путин Монгол Улсад айлчлав

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, Эрчим хүчний сайд А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын төлөөлөгч багтаж байв.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,

  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
  3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
  4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
  5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
  6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
  7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
  8. “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
  9. “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
  10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус тус гарын үсэг зурлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Уржигдар 13 цаг 15 мин
Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Уржигдар 13 цаг 09 мин
Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Уржигдар 13 цаг 04 мин
МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

МАН жагсаалтдаа багш нар малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэ

Уржигдар 07 цаг 15 мин
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь м

Уржигдар 07 цаг 10 мин
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэг

Уржигдар 07 цаг 05 мин
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.   Сонгуулийн өмнөх чуул

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

2024-02-29
Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргэе

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын бүх иргэнийг онцлон төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

2024-02-29