
Д.НАДМИД
Чөлөөт болон сонгомол бөхийн залуучуудын Азийн аварга шалагруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлог энэ нэр хүндтэй тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Монгол, Япон зэрэг нэг тивийн 14 орны бөхчүүд хүч үзсэн юм. Нийт 230 залуу бөх Улаанбаатарын дэвжээнд өрсөлдснөөс эмэгтэй чөлөөтийн төрөлд 56, эрэгтэйд 83 болон сонгомол барилдааны төрөлд 91 бөх зодоглосон байна. Тэмцээний явцаас харахад Иран, Казахстаны бөхчүүдийн ур чадвар онцгой харагдаж байлаа. Харин манай бөхчүүдийн тухайд дөмөгхөн барилдсан нь эмэгтэйчүүд. Тэд найман жингийн долоод нь медалийн оосроос атгаж чадсан юм. Бас гоц сайхан барилдаж 55 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялснаар Азийн аварга болсон нь А.Батцэцэг байв. Энэ том тэмцээнээс манай улс хоёрхон аваргатай үлдэв. Сонгомол барилдааны төрлийн мөн 55 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хорооны бөх П.Эрдэнэбилэг манайдаа төдийлэн хөгжөөгүй төрөлд тун овоодоо гэмээр барилдсан. Түүний жинд 10 бөх зодоглосноос Казахстан, Хятад, БНСАУ-ын бөхийг дийлж алтан медалийн төлөө Ираны Бехроуз Ирван Малекийг 9:0-ээр хожиж заргүйгээр аваргалав.
Ингээд Монголын бөхчүүд энэ тэмцээнд хоёр аваргатай, эмэгтэй чөлөөтийн охидууд багаараа тэргүүлсэн амжилт үзүүлэв. Энэ нь өнгөрсөн жилийн Азийн өсвөр үеийн АШТ-ий сонгомол барилдаанд манай бөхчүүд ганц хүрэл медаль хүртэж байсан амжилтыг ахиуллаа гэж хэлж болох. A.Батцэцэгийн хувьд магтаалын үг нэмэхийн учир гэвэл тэр тивийн тэмцээний хошой аварга болсныг хэлэхгүй өнгөрч боломгүй ээ. Тэгээд уг тэмцээний тухай аль орны бөхчүүд хэрхэн барилдав. Хэн нь ямар медаль хүртсэн бэ гэдгийг нурших нь илүүц байх. Харин тэмцээни явцаас юу харагдав гэдэгт анхаарлаа хандуулах чухал гэж бодогдсон. Нэг санааг урьтал болгож хэлэхэд Монголын бөхчүүдийн залгамж халааг ийм сайн бэлтгэгдэж чадахгүй байна уу даа гэсэн бодол төрөв. Бусад орны залуу бөхчүүдийн барилдаанд сүрхий өсөлт харагдсан гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байв. Ираны бөхчүүдийн ур чадвар онцгой юм. Казахстаны бөхчүүдийн барилдааны явцад хийж байгаа хувилбар олон аргатай цаанаа сургуулилтын нэг онцлог харагдсан гэж болно.
Гэтэл манай залуу бөхчүүд туршлага нь нимгэн. Тиймээс өрсөлдөгч бөхийнхөө сул талыг олж харж барилдааны явцад тактикийн өөрчлөлт хийхгүй байна. Найдвартай аварга болно доо гэж төсөөлж байсан залуу нядхан С.Цэрэнчимэдийн жишээ ийм л юмыг хэлүүлэхээр юм шиг. Тэр мөнгөн медалийн эзэн болсон л доо. Гэхдээ алтан медалийн төлөө Японы бөхтэй тун ахархан бодолтой барилдсан учир ялагдсан шүү дээ. Судлаач доктор Л.Нямтай уулзахад ингэж ярив:
-Энэ тэмцээнд ирсэн гадны бөхчүүдийг судалж үзэхэд улсдаа 2-3-д жагсдаг бөхчүүд л иржээ. Гэтэл манайхан аварга болсон залуучуудаа барилдуулахад тэдэнд жижигдээд байх шиг байлаа. Тэр нь юу харуулж байнав гэвэл манайхны барилдаан нэг л хэв загварт орчихсон байдал ажиглагдав. Өөрийн чинь хэлдгээр манай бөхчүүдийн залгамж халаа сэтгэлд хүрэхгүй байгаа нь үнэн. Яагаад ийм байна вэ гэвэл сургалт дасгалжуулалт хуучнаараа, чөлөөт бөхийн дүрэм шинэчлэгдчихээд байхад бидний бөхчүүдээ бэлдэж байгаа арга барил хэвээрээ байна гэсэн үг. Ер нь манайд өсвөр, залуучуудын тэмцээн цөөн байдаг. Мэргэжлийн хэлээр хэлэхэд бөхчүүдийн хөл гарын ажиллах чадвар тун тааруу байна. Бөхийн олон сургуультай гэдэг тэнд хэрхэн сургаж дасгалжуулж байгаадаа ч дүгнэлт хийм юм санагдлаа гэсэн юм.
Судлаачийн үг ийм. Сүүлийн үед тив, дэлхийн чанартай тэмцээн Монголд болоод л байгаа. Тэгвэл тэмцээн бүрийн дараа судалгаа, шинжилгээтэй хандаж бөхөө бэлтгэж байгаа сургалт, дасгалжуулалтдаа өөрчлөлт хийх нь л чухал байдгийм байна л даа. Энэ л манаайханд дутагддаг гэж болно. Эцэст нь энэ том тэмцээний дүнгээр аль орны бөхчүүд тэргүүлэв гэдгийг товчхон хэлэхэд багийн дүнгээр Иран (77 оноо) холоо түрүүлж, Казахстан (64 оноо), Энэтхэг (49 оноо) удаалав.