• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Улам-Оргих: 28 хоногийн хөл хорионы үр дүнд 100 мянган хүнийг халдвараас сэргийлсэн

2021-05-12 07:00

“ZM” © Л.БАТДОРЖ

С.УЯНГА

 

УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

 

-Засгийн газар, УОК-т зөвлөж байгаа эрдэмтдийн багт ямар хүмүүс орж ажиллаж байна вэ. Төрөл мэргэжлийн хүмүүс багтаж чадав уу?

-Монгол Улсад цар тахал дотооддоо алдсан мөчөөс эхлэн УОК-ын шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний баг ЭМЯ-ны сайдын тушаалаар байгуулагдан ажилласан. Чиглэл тус бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад, дотоодод мэргэшсэн,эрүүл мэндийн салбартаа туршлагатайгаас гадна шижигнэсэн залуус ч гар сэтгэл нийлэн ажиллалаа. Тухайлбал, манай багт тахлыг олон удаа дарсан З.Адьяасүрэн эмч, АШУИС-ийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч проф. Р.Оюунгэрэл, ХӨСҮТ-ийн тархвар судлаач, АУ-ны доктор Ч.Мөнхцэцэг зэрэг халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд, зөвлөх зэргийн эмч, эмнэлзүйн мэргэжилтнүүдээс гадна МУИС-аас хоёр доктор, мөн онцгой байдлын байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэшсэн баг бүрдэж ажилласан.

Бид УОК-ын дэргэд коронавирустай тэмцэх олон улсад батлагдсан, хамгийн үр дүнтэй аргуудыг судалж байснаас гадна олон улсад түгээмэл хэрэглэдэг загварыг Монголын онцлогт тохируулж хэрэглэсэн. Эхэндээ нэгдсэн тоон мэдээллээс эхлээд урьдчилан төлөвлөж харах тоон өгөгдөл хангалтгүй байсан учраас олон улсын загварыг ашиглаж эхэлсэн. Монголд анх арваннэгдүгээр сарын 11-нд халдварын тохиолдол дотооддоо бүртгэгдсэнээс хойш тооцоо судалгаа хийж цаг тухайд нь УОК-т урьдчилан танилцуулж ирсэн.  Тооцоот үр дүн, урьдчилсан мэдээ, зөвлөмжийг тухай бүр холбогдох байгууллагуудад хүргүүлж байснаас гадна УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд танилцуулж байсан. Одоо өөр зохион байгуулалтад орж, цаашид үүсч болох нөхцөл байдал, бэлтгэл хангахад онцгой анхаарч байна.

-Халдварын эхний болон дунд үеэс Шадар сайд солигдсон. Тэр хэрээр цар тахалтай тэмцэх бодлого шийдвэр ч өөрчлөгдсөн байх. Та хамтран ажиллаж байсан хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Халдвар эхэлсэн эхний маш хүнд гурван сарын турш эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж ажилласны үр дүнд халдварын тоог өдөр бүр бага байлгаж чадсан. Мөн өвчнөөр эндэх явдал ховор байсныг тэмдэглэж хэлье. Энэ үед вакцинжуулах боломжгүй байсан шүү дээ.  Харин хоёрдугаар сараас эдийн засаг, эрүүл мэндийг тэнцвэржүүлээд эхлэхэд халдвар нэмэгдсэн. Гуравдугаар сарын сүүлээр байдал ноцтой хүндэрч болзошгүйг манай болон ХӨСҮТ-ийн судалгааны баг удаа дараа сануулж хөл хорио тогтооё гэсэн саналыг УОК, Засгийн газарт олон удаа тавьсан л даа. Тухайн үед эдийн засгаа дэмжье гэж гэсэн бодлогыг тууштай баримталснаас өдөрт илрэх халдварын тохиолдол 1000 давсан гэж хэлж болно. Бизнес эрхлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч бодлого төлөвлөгөө сайн байсан ч өвчин өөрийн зүй тогтлоороо өссөн. Мөн гадаадад байгаа иргэдээ татсан нь халдвар нэмэгдэхэд ч нөлөөллөө. Гуравдугаар сарын 20-доор Энэтхэг, Япон зэрэг Азийн орнуудад халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шинэ мутаци орж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ганц нэг хүндрэлийг эс тооцвол Засгийн газар вакцинжуулах талаар сайн ажиллаж байна. 

-ХӨСҮТ-ийн хэсэг эмч нар мэдээлэл хийхдээ эрдэмтдийн баг Төрийн ордонд бодит нөхцөл байдлыг ярьдаггүй. Хоёрдугаарт, Засгийн газар эрдэмтдийн тооцоо судалгааг тоогоогүй. Олон нийтийн санал бодлыг тандаж шийдвэр гаргаж байна гэсэн. Ер нь шийдвэр гаргахдаа эрдэмтдийг хэр сонссон бэ?

-Эдийн засгийн болон эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэд санал хуваагдаж байсан.  Хоёр талаас санал хураачихаад нийтэд нь эрдэмтдийн багийн нэрээр танилцуулах нь зөв эсэхийг дахин бодууштай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд үү, эдийн засаг уу гэсэн хоёр сонголт дээр ирсэн. Халдвар огцом нэмэгдсэн хоёр болон гуравдугаар сард эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд  төдийгүй томоохон бизнесийн байгууллагын төлөөллийг илүүтэй сонссон гэж хэлж болно. Харин гуравдугаар сарын дундаас бид яаралтай хөл хорих шаардлагатай гэж удаа дараа санал хүргүүлсэн  ч эдийн засгаа л хамгаалж үлдэе гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон.  Эцэстээ өвчлөлийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр яалт ч үгүй эрүүл мэндийн чиглэлээ анхаарахаас аргагүй болсон. Сүүлийн хөл хорио бол яг л эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн тооцоо судалгаа санал дээр үндэслэсэн.

-Засгийн газар 28 хоног хатуу хөл хорилоо. Гэтэл энэ хугацаанд халдвар  мянгаас буурсангүй. Нас баралт огцом нэмэгдлээ. Үнэхээр үр дүнтэй байж чадав уу гэдэгт олон нийт эргэлзэж байна?

-Сүүлийн 28 хоногийн хөл хорионы гол үр дүн бол эмнэлгийн ачааллыг сүйрлийн түвшинд хүргээгүйд оршино. Хэдийгээр эмнэлгийн ачаалал эцэстээ тулж, мотороор яривал эцсийнхээ чадлаар ажиллаж байгаа ч халдварын тохиолдол одоогийнхоос хоёр дахин нэмэгдэхэд сүйрлийн байдалд хүрэх эрсдэлтэй байлаа.  Хөл хорио тогтоохоос өмнөхөн халдвар тархалт хүндэрснээс өдөр бүр цөөнгүй хүний амь үрэгдэж байгаа нь маш харамсалтай байна. Үүнээс л сэргийлэх үүднээс хөл хориог санал болгож байсан. Нас баралт нэмэгдэж байгаагийн бас нэг шалтгаан нь орон нутагт өвчлөл тархсанаас шуурхай илрүүлэх байдал удааширсан явдал. Шинжилгээ аваад баталгаажуулах гэж зэргэлдээ аймаг, хот руу зөөвөрлөж хугацаа алдах хооронд өвчин хүндэрч байна.Хүндрэх л юм бол эмчилгээгүй учраас тахал гэж хэлж байгаа юм. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хотод ч гэсэн аргагүйд хүрч шинжилгээ авах байдал удаашрах зэргээр хүндрэл үүссэн.

Нас баралт яагаад огцом нэмэгдэв гэхээр одоо бол 10 гаруй мянган хүн эмчлэгдэж байна. Анх өвчлөл эхлэх үед  эмнэлгийн хүчин чадал 500 дотор байсан бол хөл хорьж хугацаа хожсоны хүчинд 1000 орчим болгосон. Дахиад ор дэлгэсэн ч  эрчимт эмчилгээний хүний нөөц нэмэгдэх боломжгүй. Эхэн үед өвчлөнгүүт нь илрүүлж хүндрүүлэхгүйгээр эмнэлгийн хяналтад авч байсан учраас нас баралт ховор байсан. Харин халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж хөнгөн өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэхээс өөр аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаж байгаагаас өдөр бүр эмгэнэлт явдал болсоор байна. Анх хүмүүс хөл хорио тогтоолоо, витамин өгөөд гаргалаа гэж  гомдоллож байсан. Гэтэл байдлыг хүндрүүлэхгүй хяналтад байлгасны ачаар олон хүний амь насыг аварсан юм шүү. Нас барсан хүмүүсийн ихэнх нь хөл хорионы өмнө халдвар авсан хүмүүс байгааг цаашид ч анхаарах ёстой. Ер нь  байдлыг дахиж хүндрүүлбэл цаашид нас баралт нэмэгдэж мэднэ. Өнөөдрийн түвшин дотор баривал сайн.

-Тэгэхээр хөл хориогүй бол эмчилгээ шаардлагатай хүмүүсийн тоо хэд хүрэх байсан бэ?

-Дөрөвдүгээр сарын эхний тооцооллоор хөл хорио тогтоогоогүй бол эмчилгээ шаардлагатай хүний тоо 30-40 мянга болох эрсдэл байсан. Хэрэв ийм ноцтой  байдалд хүрвэл эрүүл мэндийн салбар дийлэхгүй, сөхөрнө. Хөл хорио тогтоохын өмнө халдвар бараг долоо хоног бүр хоёр дахин өсч эхэлсэн шүү дээ. Тухайлбал, хөл хорионы эхэнд өдөрт 500 хүн халдвартай нь батлагдаж байсан гэвэл долоо хоног бүрийн дараа 1000, 2000, 4000, 8000 болж  өсөхөөр байсан гэсэн үг.  Хөл хорионы үр дүнд энэ аюултай хурдан өсөлтийг зогсоож улмаар сааруулж чадсан. Үүний үр дүнд ирэх намар хүртэл 100 гаруй мянган хүнийг халдвараас хамгаалж чадсан тооцоо гарч байна. Хөл хорионы чанар гэж бий. Хатуу хөл хориог 90 хувийн чанартай тогтоовол чанартай гэж үзнэ. Анхны хөл хорионы үед бол 90 хувь биелэсэн. Хоёр дахь хөл хорионы үед 80 хувь, сүүлийнхэд улирлын онцлогоос шалтгаалаад 60 хувь руу орсон. Хөл хорионы үр дүн  хувь хүмүүсийн хандлагаас гадна байгалийн нөлөөнөөс хамаарна. Хавар болохоор хүмүүсийн хөдөлгөөн яалт ч үгүй өслөө. Хөл хорионы чанар 60 хувьтай байхад өдөрт 800 илрэх прогнозтой. Хэрэв хөл хорионы үр дүн 90 хувьтай байсан бол 200 руу орох байсан. Хөл хориогүй байсан бол өдөрт гурван мянгаас дээш  тохиолдол илрэхээр байсан. Тэр хэрээр нас баралтын тоо эрс нэмэгдэхээр байлаа.

-Урт хугацаандаа хөл хорионы үр дүн хэрхэн гарах вэ?  

-Зөвхөн хөл хорионы үед биш үүнээс хойшхи урт хугацаандаа үр дүн нь илүү тод илэрнэ. Ирэх өдрүүдэд, дараагийн саруудад гарах байсан өвчлөлийг бууруулж байгаа юм. Бидний тооцоолсон үр дүнгээр бол хөл хорио тогтоогоогүй бол есдүгээр сар гэхэд 200 мянган хүн өвдөх байсан. Өөрөөр хэлбэл, 28 хоногийн хөл хорионы үр дүнд 100 мянган хүнийг халдвараас сэргийлж чадсан. Тэр хэрээр хүндрэл, нас баралтаас хамгаалж чадлаа гэсэн үг. Зөвхөн тоо биш эмнэлгийн ачаалал даац нэмэгдсэн бол байдал улам хүндрэх  эрсдэлтэй. Бодитоор яривал нас баралт мянгаар яригдаж болзошгүй байсан.  Хөл хорионы дараа зургадугаар сарын эхэн хүртэл өдөрт гарах халдварын тохиолдол мянгаас бараг хэтрэхгүй дунджаар 800 хавьцаа тогтохоор байна. Арай эрт хөл хорьсон бол 9-21 хоногийн ч юм уу илүү богино хугацаанд хяналтандаа авч болох байсан.

...Зөвхөн тоо биш эмнэлгийн ачаалал даац нэмэгдсэн бол байдал улам хүндрэх  эрсдэлтэй. Бодитоор яривал нас баралт мянгаар яригдаж болзошгүй байсан.

-Халдвар хүндрэхгүй байх гол найдвар нь дархлаагаа дэмжих гэж ойлгосон. Гэтэл 20, 40 настай хүмүүс халдвар аваад маргааш нь нас барсан тохиолдол гарлаа. Тэгэхээр дархлаанд найдах эрсдэлтэй болчихов уу?

- Дархлаа бол байгалиас заяасан гайхамшигтай зүйл учраас хэн ч найдна. Харин эсрэгээрээ өвчлөл нэгэнт хүндэрчих юм бол ямар ч найдваргүй. Хүндрэх эсэх нь дархлаанаас илүү хувь хүний биеэ авч явах байдал, мэдлэг боловсролоос хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний мэдлэг, хувийн сахилга бат, зохион байгуулалт маш чухал. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүст хүнд тусч байгаа ч халдвар эрс нэмэгдээд ирэхээр нас ялгахгүй хүндэрч байна. Анх дэлхий нийтэд дэлгэрч байх эхний үед залуучууд, хүүхдүүд харьцангуй цөөн өвдсөн. Тэр үед 100 хүн өвчлөхөд тэдэн дотор гуравхан хүүхэд байлаа гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар таван хүн тутмын нэг нь хүүхэд өвдөж байна.  Сүүлийн үед халдвараар хамгийн их өвдөж, идэвхтэй тээгч болж байгаа нь 17-30 насныхан боллоо.

-Хөл хориог сулруулахдаа УОК халдварыг бүрэн хяналтандаа авлаа гэж мэдэгдсэн.Гэтэл сонгуулийн жилийн онцлогоос болоод улс төртэй холбоотой жагсаал цуглаан идэвхижээд эхэллээ. Энэ бүхнийг тооцоолж төлөвлөсөн үү?

-Ажил явдал, хурим найраас гадна хөдөө орон нутагт сургууль, дотуур байр халдварын том голомт болж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн улирлын шинжтэй хөл хөдөлгөөний улмаас өсч болно. Жагсаал цуглаан, бөөгнөрлөөс болж халдварыг буцаагаад алдах магадлал өндөр. Энэ эрсдлийг тооцон төлөвлөж байгаа. Энэ янзаараа дахиад хөл хорио тогтоох нөхцөл байдал ч үүсч болзошгүй учраас халдварын голомтууд идэвхижих юм бол хөл хорих тооцоо судалгаа ч хийгдэж байгаа. Төр засаг вакцинд хамрагдах боломжийг нээж, эдийн засгийн дэмжлэг үзүүллээ. Одоо хүмүүсийн хандлага ухамсараас л их шалтгаална даа. Бүгд нэгэн зэрэг хичээвэл халдварын тоог хумих бүрэн боломжтой.

-Монголд вирусын мутацилагдсан хувилбар орж ирснийг ЭМЯ зарласан. Харин гаднаас зөөвөрлөгдсөн үү. Эсвэл монгол мутаци үүссэн байх боломжтой юу?

-Вирус бол амьд байгалийн л нэг бүтээгдэхүүн учраас аль болох тэсч үлдэхийн төлөө тэмцэж, байгаль нийгмийн нөлөөлд зохицож, хувирч өөрчлөгддөг жамтай. Гаднаас мутацлагдсан хувилбар зөөвөрлөгдөх зам ч нээлттэй байна. Одоохондоо мутацилагдсан вирус орж ирснээс болж халдварын тоо, нас баралт огцом нэмэгдсэн зүйл мэдэгдэхгүй, зүй тогтлоороо л явж байгаа. Нэгдүгээр сарын 5-нд урьдчилан тооцоолж гаргасантай өнөөдрийн нөхцөл байдал хол зөрөхгүй байна. Тэр үед мутацилагдсан вирус орж ирээгүй байсан.

-Нас барсан хүмүүсийн хэдэн хувь нь гэртээ хүндэрсэн юм бэ?

-Энэ талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Нас барсан хүмүүсийн нилээд хувь нь гэртээ хүндэрсэн. Зарим тохиолдолд халдвартай нь илрээд 1-3 хоногийн дотор  нас барсан тохиолдол гарлаа. Тэдгээр хүмүүс гэртээ хүндэрсэн л гэсэн үг. Харин батлагдаад 7-10 хоногийн дараа нас барсан бол эмнэлэгт эмчлэгдэж байгаад архаг суурь өвчний улмаас яалт ч үгүй хүндэрсэн гэсэн үг. Хэлэхэд ч хэцүү харамсалтай явдал шүү дээ. 

-Нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хэдэн мянган хүн халдвар авлаа. Өөрөөр хэлбэл, вакцин найдвартай хамгаалж чадах уу гэдэг эргэлзээ төрж эхэллээ?

-Вакцин хийлгэлээ гээд бүрэн хамгаалалтын хувцас өмсчихсөн гэсэн үг биш шүү. Халдвар огт авахгүй, тараахгүй гэж батлагдсан  зүйл байхгүй.  Халдвар авах, мөн хүндрэх эрсдэл хэд дахин багасна гэсэн үг. Халдвар авлаа гэхэд вакцины нөлөөгөөр вирусыг олшрохоос нь өмнө дархлаа бүрэн дарангуйлж хөнгөн өвчилнө. Гэхдээ вирусыг цацах учраас тээгч болдог.  Хэрэв 80 хувийн хамгаалах чадвартай гэвэл бүрэн тун хийлгэсний дараа ч 10 хүний хоёр нь өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Түүнээс гадна вакцин хийлгээд тайвширсан хүмүүс хийлгээгүй үлдсэн хүмүүстээ маш их эрсдэл учруулдаг. Тиймээс жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай, бага насны зэргээр эсрэг заалттай хүмүүсээ нийгмээрээ хамгаалах ёстой. Маск зүүх, зай барих, бүгчим газар байхгүй байх, нүүр гарын ариун цэврийг сахих зан үйлээ орхиж болохгүй.

-Вакцин хийлгэснээр амь нас аврагдана гэж ойлгож байгаа. Гэтэл вакцинжуулалт нэмэгдэхэд нас баралт яагаад зогсохгүй байна вэ?

-Вакцинжуулалтын ачаар халдварын тархалтыг тогтоож барьсан ч эмнэлгийн ачаалал хүндрэлтэй байх нь наадам өнгөртөл үргэлжлэх байх. Вакцин хийлгэснээр амь нас бүрэн хамгаалагдана гэсэн баталгаагүй. Харин өвчлөх,  хүндрэх магадлал маш бага болохыг өмнө хэлсэн шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, эдгэрээд байгалийн дархлаа тогтоогүй хүн бүр үргэлж эрсдэлд байгааг бүгд сайн ухамсарлах шаардлагатай.

-Улс орнууд гурав дахь тун яриад эхэллээ. Бид хэзээ  маскаа тайлах вэ?

-Вакцин хийлгээгүй хүмүүст илүү эрсдэлтэй учраас хоёр тунгаа хийлгэсэн ч маскаа тайлахгүй байх нь зүйтэй. Израйль улс маск тайлахыг зөвшөөрсөн ч дотоод орчинд маск зүүсэн хэвээр байгаа шүү дээ.   Ер нь бол вакцин хийлгэснээс хойш хэр удаан хамгаалах вэ, дараа нь яах вэ  гэдэг асуудал нээлттэй байгаа. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр вакцины нөлөө буурч магадгүй учраас дахин дэгдэлт үүсч болзошгүй. Хэсэг хугацааны дараа  дахин вакцин хийлгэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй. Лав хоёр жилдээ коронавирустэй зэрэгцэж амьдрах л дүр зураг харагдаж байна. Цар тахал ихэд хор хөнөөлтай байгаа ч нөгөө талаас үүнийг дагаад анагаахын салбарт маш их хөрөнгө оруулалт хийгдэж, асар их дэвшил гарч байна. Гэвч шинэ төрлийн коронавируст халдварын эм, эмчилгээ гарч иртэл лавтаа нэг хоёр жил үргэлжилнэ гэж дэлхий нийтээрээ үзэж байгаа.  Иймд бүх хүн эрсдэлгүй болтол маскаа тайлж болохгүй.

-Хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажил хийж байна. Хүүхдэд ямар вакцин хийх, эргээд эрсдэл бий юу? 

-Дэлхий нийтэд хүүхдийн вакцины туршилт судалгааг маш эрчимтэй хийж байна. Туршилтын үр дүн ч сайн гарч байна.  Канад улс 12 болон түүнээс дээш насны хүүхдэд вакцин хийхийг зөвшөөрсөн анхны улс боллоо. АНУ мөн зөвшөөрөл өгөхөөр болж байх шиг байна. Манай улс энэ талаар санаачлагатай ажиллаж байгаа. Эхний ээлжинд ахлах ангийн хүүхдүүдээ вакцинжуулах боломж бий болгох шаардлагатай. Ирэх намар хичээл сургууль эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд ковидоор өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Орон нутагт сургууль, дотуур байранд голомт үүсч байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.12 ЛХАГВА № 96 (6573)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.