• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Б.Наранбаатар: “Гологдоод” байгаа одоогийн хуульд төрд сануулга өгөх улаан гэрэл нь бий

2021-05-03 07:05

Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй энэ удаагийн дугаарт  МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатарыг урьж ярилцлаа.

 

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ СААТАЖ БАЙГАА НЬ АЗ ЮМ

 

БЛИЦ:

Бямбажавын Наранбаатар

Боловсрол:

2007 онд: Сэтгүүл зүйн магистр (MA), Улс түмний найрамдлын их сургууль (РУДН), ОХУ, Москва

2011 онд:  Сэтгүүл зүйн доктор (Ph.D), Улс түмний найрамдлын Их сургууль (РУДН), ОХУ, Москва

Эрхэлж буй ажил:

2018 оны есдүгээр сараас: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч

Ажлын туршлага:

2006-2008 онд: Өдөр тутмын “Өнөөдөр сонин”-д Эдийн засаг, бизнес мэдээллийн албаны сэтгүүлч, редактор

2007-2018 онд: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, дэд профессор

2013-2016 онд: Буриадын АРД /asiarussia.ru/ портал сайтын зөвлөх редактор

2016 оноос: ОХУ-ын Звезда телевиз, Профильм продакшний гэрээт продюссер.

-Монгол Улсад 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол үндсэн зорилгодоо нийцэж, ардчилсан, чөлөөт хэвлэлийн амин сүнсийг хадгалсан маш сайн хууль, эрх зүйн акт.

Магадгүй, өөрчлөх шаардлагагүй. 2000 оны үеэс хойш энэ хуулийг шинэчлэн найруулах олон оролдлого хийж буй боловч УИХ-ын чуулганаар орж амжилгүй бүдэрч, саатаж байна. Энэ нь аз юм. Хуульч найзын минь тодорхойлсноор хүзүүний зүүлт хийгээд зүүчихмээр, дөрөвхөн зүйлтэй энэ авсаархан хуулиар Монголд чөлөөт хэвлэл мэдээлэл орших, иргэн бүрийн үзэл бодолтой байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төрийг хэвлэл мэдээллээс хол байлгаж, цензургүй байх мөн чанарыг нь шигтгэсэн хэн бүхэнд хамаатай хууль билээ. Тунхагийн шинж чанартай, тодорхой зүйл байхгүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг ч, ийм байх нь иргэнд, хэвлэл мэдээллийн салбарынханд, сэтгүүлчид ашигтай. Хэвлэлийн эрх чөлөө гэх ойлголтыг олон янзаар тодорхойлж, уран цэцэн үгээр илэрхийлж болно. НҮБ-аас Хүний түгээмэл эрхэд багтааж тунхаглан баталсан хүний үг хэлэх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх үндсэн арга зам нь хэвлэлийн эрх чөлөө. Ардчилал, нийгмийн харилцаа, хүний бусад эрхийн зөрчлийг илрүүлэгч, эмнэгч хүчин зүйл нь юм. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдэж, 1992 оны шинэ Үндсэн хууль, 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиараа баталгаажуулснаар монголчууд мэдээлэл харилцааны ардчиллын хувьд нэг алхам урагшилж, “Freedom House”-ийн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Евроазийн бүс нутагт торойж ялгарах том алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай ойлголт биш юм. Иргэн бүр улс орон, нийгэмд өрнөж буй бүхий л үйл явдал, үзэгдлийн тухай олон талын байр суурь, төрөл бүрийн эх сурвалжийн мэдээлэл хүртэж, өөрийн хувьд бодит үнэнийг тодорхойлон дүгнэх боломжийг олгодог ардчилсан нийгмийн амин сүнс нь билээ.

Хэвлэлийн эрх чөлөө нь зарим этгээдийн явцууруулан ойлгож, туйлширдаг шиг “хэн нэгэн нь хэний ч, юуны ч тухай, юу гэж ч ярьж, зарлаж болно” гэсэн үг огтоос биш. Мэдээж, сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр хууль, эрх зүйн болон мэргэжлийн ёс зүйн шаардлагаар хязгаарлагддаг. Иргэдийн үнэнийг мэдэх эрхэд үйлчилж, нийгмийн “нүд, чих” байх үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь дам утгаараа иргэн бүрийн үг хэлэх, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг хүлээн авах, түгээх, ашиглах эрхийг хэрэгжүүлдэг гол механизм болдог гэсэн үг.

Олон нийтэд зориулагдсан, тэдний эрх ашгийг хамгаалж, илэрхийлсэн мэдээлэл бий болсон цагаас сэтгүүл зүй үүссэн. Өнөөг хүртэл бүрэн төгс тодорхойлон эцэслэн шийдвэрлэж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхүйц “жор” боловсруулж амжаагүй гурван ухагдахуун бий. Эдгээр нь мэдээлэгчийн ёс зүй, цензур буюу урьдчилсан хяналт мөн хэвлэлийн эрх чөлөөг хангах асуудал болно.

 

ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙН “ГАЛ ТОГОО” ӨӨРӨӨ ХАМГААЛАХ ЁСТОЙ

 

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь тогтсон хатуу стандарт, дэг жаягаар явдаггүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өнгө, дизайн, загвар шийдэл, мэдээллийг өгөх формат, хэлбэр нь хадгалагддаг боловч агуулга дахин давтагддаггүй. Жишээлбэл, олон хэвлэл дундаас “Зууны мэдээ” сонин нэр, лого, цаас, хэмжээ, ерөнхий дизайнаараа танигдах боловч энэ хэвлэлийн яг ижил хоёр дугаар хэзээ ч гарахгүй. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн өдөр тутам янз бүрийн сэдэв, үйл явдалтай тулж, өөр өөр хүмүүстэй уулзаж, ярилцаж, хийж бүтээх, бичих, нэвтрүүлэх мэдээлэл, контент нь агуулга, арга хэлбэрийн хувьд ялгаатай байдаг. Энэ нь нэг талаас уг мэргэжлийг сонирхолтой болгодог ч нөгөө талаас ажил, бүтээлд нь тавих хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээг тухай бүрт нь бодож, нягталж, хянаж явах шаардлага тулгардаг. Иймд олон төрөлт медиа контент үйлдвэрлэх, олон сэдэв чиглэлийн мэдээ, нийтлэл бичих явцад алдаа гарах тохиолдол бишгүй. Энэ нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг зохицуулдаг хууль, эрх зүйн зохист орчны болон ёс зүйн хэм хэмжээг шийдвэрлэхэд ярвигтай болгодог.

Хэдийгээр сэтгүүлчийн ёс зүйн алдаа гарах эсэх нь хувь мэдээлэгчээс хамааралтай ч улс орны хэмжээнд нийтэд шийдвэрлэхийг зорьдог арга зүй бас бий. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах үндсэн механизм нь хэвлэлийн өөрийн зохицуулалт юм. Мэдээж, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод, тэдгээрээс гаргасан Ёс зүйн код, редакцийн дотоод дүрэм, хувь сэтгүүлчийн мэргэжлийн бэлтгэл, ур чадвараас олон зүйл шалтгаалах боловч дээр дурдсан нөхцөлийн улмаас алдаа гарсаар байна.  Алдаа гараагүй байсан ч сэтгүүлчийг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг буруутган хуулийн хариуцлага хүлээлгэдэг, хүлээлгэхийг завдан төвөг учруулдаг тохиолдол ч элбэг.

Хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага нь өнгөц харвал сэтгүүлчийн ёс зүйн алдааг иргэний гомдлын дагуу хэлэлцэж эсвэл алдаа гараагүйг иргэнд тайлбарлана. Нөгөө бол алдаа гарсныг сэтгүүлчид сануулах, хариуцлага тооцох арга хэмжээ авдаг субъект юм. Өргөн утгаар нь харвал энэ нь чөлөөт хэвлэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэтгүүл зүйн гал тогоо өөрөө хамгаалж, төр, улс төрийн болон бизнесийн бүлгүүдээс хараат бус байх нөхцөлийг редакцууд хамтран бүтээх, туслан суралцах үйл явц гэсэн үг. Ач холбогдол нь сэтгүүл зүйн бүтээлийн чанар сайжирснаар илэрч, үр нөлөөг нь сэтгүүлч, редакц, олон нийт хүртдэг чөлөөт, хараат бус хэвлэлийн “оршин тогтнох жор” юм.

Чухам ийм учир Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан “ёс зүйгүй” хэмээн чичлүүлдэг шүүмжийг багасгая, арилгая гэсэн хүсэл тэмүүлэл байгаа бол өөрийн зохицуулалтын байгууллагыг чанартай, чадамжтай, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх тал дээр анхааран хамтарч, нэгдмэл байх ёстой. Эс бөгөөс нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргисон хэвээр үлдэнэ.

 

“РЕДАКЦИЙН ЦЕНЗУР”-ИЙГ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙДЭЖ БОЛНО

 

-Олон нийтэд зориулсан мэдээллийн агуулгад урьдчилсан хяналт тавих нь ардчилал, чөлөөт хэвлэлийн дайсан. Хэвлэлийн эрх чөлөөг хангах нэн тэргүүний эрх зүйн шаардлага нь төрөөс олон нийтийн мэдээлэлд агуулгын хяналт тавихгүй байхыг хуульчилдаг. Аливаа ардчилсан тогтолцоонд, улсын дотоод аюулгүй байдал, төрийн тогтолцооны тогтвортой байдлын хангах зорилгоор хэсэгчилсэн, сэдэвчилсэн, түр хугацааны гэх мэт цензурийн хязгаарлалт тогтоож болно. Гол шаардлага нь бодит, зайлшгүй үндэслэлтэй байх, хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байх ёстой. Монгол Улсад ч ийм зохицуулалт бий.

Гэхдээ цензур буюу агуулгын урьдчилсан хяналт гэдэг ойлголтыг бид зарчмын хувьд зөв ойлгож, нэгдмэл байр сууринаас хандах шаардлага байна. Цензур гэдэг бол төр, төрийн субъектийн зүгээс нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй нийтлэл, нэвтрүүлэгт илрэх байр суурь, баримт, эх сурвалж, мэдээллийг өгөх өнцөгт хяналт тавьж, урьдчилан төлөвлөсөн үзэл санааг иргэдэд хүргэх оролдлого юм. Гэвч Монголд мэдээллийн хэрэгслүүд зөвхөн рекламын зах зээлээс ашиг орлого олж, санхүүгийн хараат бус байдлаа хангах боломж бага байдгаас цензурийн төрөл, хэлбэрүүд оршсоор байна гэж үздэг. Тухайлбал, эзэмшигч, тодорхой санхүүжилтийн үүсвэрээс, улс төр, бизнесээс хараат редакцийн удирдлагын зүгээс сэтгүүлчийн баримт, мэдээллийг “цензурдэж” байгаа тухай жишээ, судалгааны үр дүн багагүй бий. Сэтгүүлчийн дотоод айдсаас үүдэлтэй өөрийн цензурийн тухай ч ярьж эхэлсэн байна. Эдгээр, нэгж хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд илрэх “цензур”-ийн тухайд менежментийн шинэчлэлийн аргаар шийдэгдэж болох цаг хугацааны асуудал юм.

Харин Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 450 гаруй мэдээллийн хэрэгсэлд юуг, яаж мэдээлэхийг нь зааварчлах, хориг тавих, байр суурийг нь чиглүүлэх тийм хүчтэй субъект одоогоор байхгүй. Энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем, тогтолцооны хувьд цензур байхгүй гэж дүгнэж болно гэсэн үг. Тийм хэдий ч, сэтгүүлчид, редакцууд, судлаачид, иргэд соргог байж, төрийн зүгээс, аливаа хүчирхэг улс төрийн, нийгмийн бүлгийн зүгээс нийтэд хамаарах цензурийн шинжтэй оролдлого хийх бүрт илчлэн шүүмжилж, таслан зогсоож байх ёстой юм.

Ойрмогхон хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, түүний субъектүүд ийм оролдлого хэд хэдэн удаа гаргалаа. Тухай бүрт нь сэтгүүлчид шүүмжилж, сануулж, урьдчилан сэргийлж байгаа нь зүйтэй алхам. Тухайлбал, Эрсдэлийн мэдээллийн хороо байгуулж, цар тахлын эсрэг бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байдлаар мэдээлэх тухай санаачилга. Үндэслэлийг нь төрийн субъектүүдийн үйл ажиллагааг хэвлэлийнхэн янз бүрээр тайлбарлаж, албан мэдээллийг үнэгүйдүүлж, төөрөгдүүлж байгаа учраас хэмээн тайлбарласан. Гэтэл хэрэг дээрээ нэгдүгээрт, мэдээллийн төөрөгдлийг  бий болгосон этгээдүүд нь хоорондын уялдаа холбоо, ойлголцол үгүй төрийн байгууллагууд өөрсдөө байв. Хоёрдугаарт, Эрсдэлийн мэдээллийн бодлого гэдэг бол ардчилал, чөлөөт хэвлэл нь өдөр түвшинд хөгжчихсөн, иргэд нь төрийн мэдээллийг тоохоо больчихсон тохиолдолд эсвэл нийгмийн амьжиргаа сул, хүн ам ихтэй буурай орнуудад төрийн албан мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарахад хэрэглэдэг арга зүй. Гуравдугаарт, Монголын сэтгүүлчдийн хувьд мэдээллийн номер нэг эх сурвалж нь төр өөрөө байсаар ирсэн, одоо ч тийм. Монгол Улс даяараа л ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийг хүлээн, хүртэж, цар тахлын нөхцөл байдалтай өдөр тутам танилцаж байна. Энэ нь Монголын төрд өөрийн мэдээллийг хүргэхэд ямар ч эрсдэл байхгүйг нотлох бөгөөд ийм нэртэй хороо, үйл ажиллагаа хамгийн хэрэггүй газар бол Монгол Улс. Хэрэв ийм замаар Монголын сэтгүүлчдийн аливаа баримтыг задлан шинжлэх, гүнзгийрүүлэн судлах, алдаа дутагдлыг ил гаргах, олон талт байр суурь илэрхийлэхэд саад хийх санаархал бий бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдал юм. Нөгөө “гологдоод” байдаг 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн гуравдугаар зүйл бол ийм тохиолдол бүрт төрд сануулж байх хэрэгтэй “улаан гэрэл” юм аа.

Бас нэгэн зүйл. Цензур гэдэг нэр томъёог буруу ойлгож, андуурч хэрэглэх тохиолдол байна. Сэтгүүлчийн нийтлэл, бүтээлийг чанаржуулах, баримт, найруулга, утга зүйн алдааг засах зорилго бүхий редакторын ажлыг энэ үгээр илэрхийлэн ярьж, бичиж, илтгэж байгаа тохиолдолтой таарах бүртээ эмзэглэдэг юм. Сэтгүүлч хүний амнаас ч сонсож байлаа. Тэр бол хянан найруулах, хянан тохиолдуулах, нягтлан шүүх, редакторлах, “усыг нь шахах” гэх мэт янз бүрээр хэлж болох ч, яав ч цензур биш шүү.

 

СЭТГҮҮЛЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬЧЛАХ ТУСАМ ХУМИГДАХ БОЛНО

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн хангах вэ, хууль, эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай вэ гэдэг дээр хоёр үндсэн үзэл баримтлал, практик арга зүй бий.

Нэгдүгээрт, өдгөө ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний хөгжлийн индексээрээ тэргүүлэгч улс орнуудад сэтгүүл зүйн салбарыг зохицуулах эрх зүйн нормыг аль болох багасгаж, сэтгүүлч, олон нийт, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг өөрийн зохицуулалтын байгууллагаар нь шийдвэрлүүлэх хандлага давамгай болж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хүндэлж байгаа бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг заавал нарийвчлан тодорхойлсон, заагласан хууль, эрх зүйн актаар давхардуулан зохицуулах шаардлагагүй гэсэн үг.

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчийн үйл ажиллагаанд шаардсан, санаачилсан зохицуулалт болгоныг хуульчлаад, журамлаад байх. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой заалт орсон хууль, эрх зүйн акт хэдий чинээ их болно, төдий чинээ бичих сэдэв, ажиллах боломж улам хумигдах болно.

Чухам ийм практикт эрх баригчид “дуртай” байдаг учраас миний хувьд ярилцлагын эхэнд 1998 оны хуулийг онцолсон нь тэр билээ. Харин тэр авсаархан хуульд маань хэрэгжиж дуусдаггүй нэг зүйл, заалт бий. “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн дөрөвдүгээр зүйл нь өдгөө хүртэл зарим аймгийн ЗДТГ, ИТХ-ын дэргэд амь зууж буй орон нутгийн хэвлэл мэдээлэл, МОНЦАМЭ агентлагийн тодорхойгүй статусын асуудлыг хөнддөг.

Тэгвэл энэ хуулийг өөрчлөх бус, харин хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай УИХ-ын 103 дугаар тогтоолыг шинэчлэн найруулах санаачилгыг өнөөгийн нөхцөлд тохируулан гаргаж, алхмуудыг тодорхой зааж өгч хэрэгжүүлэх нь гарц байж болох юм.

Хэрэв 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зайлшгүй шинэчлэх, дэлгэрүүлэх шаардлагатай гэж үзэж гэмээнэ УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг, нэрт сэтгүүлч агсан Л.Болормаа нарын боловсруулсан энэ хуулийн шинэчилсэн найруулга хамгийн зөв нь гэж хувьдаа дүгнэдгээ хуваалцъя. Харамсалтай нь эрхэм хоёр эмэгтэй өдгөө бидний дунд алга. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ хуулийг өөрчлөх “хумсаа нуусан” олон оролдлого дундаас яах аргагүй сэтгүүл зүйн гал тогоо, ардчилсан чөлөөт хэвлэлийн төлөөх мөн чанарыг агуулсан нь тэр хувилбар байлаа. Мэдээллийн хэрэгслүүд эзэмшигчийн тухай мэдээллээ зарлах ёстой, редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд эзэмшигч оролцохгүй гэсэн хоёр бүлэгт “эгдүүцсэн” салбарынхан маань өөрсдөө татаж унагасан даа.

Төр хэдийгээр улс орныхоо сайн сайхны төлөөх зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг субъект хэдий ч улс төрийн тогтолцоо, эрх баригчийн явцуу эрх ашиг, авлига, шударга бус үйл, хуйвалдаан, гэмт үйлдлээ нуун дарагдуулах, шаардлагатай үйл ажиллагаа, үүргээ эс үйлдэх гэх мэт нөхцөлөөс үүдэж олон нийтийн мэдээлэлд давуу эрхтэй, оролцоотой байхыг байнга эрхэмлэдэг. Чухам иймээс л иргэдийн Төрийг хянах гол хэрэгсэл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль болох олон талтай, янз бүрийн байр суурь илэрхийлдэг, боломжит бүх эх сурвалжийг гаргаж ирдэг. Магадгүй, заримдаа эсрэг тэсрэг орших тусам уншигч, үзэгчийн оюун санаанд үйл явдлын илүү бодит үнэн зураглал буух нигууртай.

Иймд хэвлэл мэдээллийнхэн зарчмын асуудал болох ёс зүй, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрх ашиг, шударга өрсөлдөөн дээр л нэгдмэл байх нь чухал болохоос сэдэв, үйл явдал, тайлбар, байр суурь нь хэдэн ч өнцөг, өргөстэй, хоорондоо эрс тэс байж болно.

Дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт өдгөө олон янзын сорилттой тулгарч байна. Нийгмийн сүлжээний зохист эрх зүйн орчин бүрдүүлэх, хуурамч мэдээллийг хязгаарлах, цар тахлын болон онцгой нөхцөлд мэдээллийн урсгалын зохист тэнцвэрийг хадгалах гэх мэт. Гэвч энэ ухагдахууны философи утга, эрх зүйн хэрэглээ огт хувьсаагүй бөгөөд  мөн чанараа хадгалсаар байгаа билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.