• Зууны мэдээ сонин онлайн захиалга

С.Баатарсүрэн: Зайнаас ажиллах зохицуулалтыг Хөдөлмөрийн хуульд тусгах хэрэгтэй

2021-04-19 07:00

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэнг урилаа.

 

БОДЛОГЫН ТҮВШНИЙ, ӨНДӨР ЧАДВАР ШААРДСАН АЖЛЫГ ГАДНЫ АЖИЛЧИД ЗАЙНААС ГҮЙЦЭТГЭХ ЭРСДЭЛТЭЙ

 

БЛИЦ

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Ажлын туршлaга:

-2007 он: Монголын лектор төв, менежер, ерөнхий менежер, Борлуулалт маркетинг хариуцсан захирал

-2013-2016 он: "MLC training" ХХК-ийн гүйцэтгэх захирал.

-2016 он: "Corporate training" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

-Сүүлийн 20 жилд хүн төрөлхтөн өмнөх цаг хугацаанд хийж бүтээж байснаасаа бараг хэдэн мянга дахин илүү хөгжлийг бүтээчихлээ. Үүнийг дагаад хувь хүмүүсийн хувьд IQ хөгжүүлэх, EQ төлөвшүүлэх, LQ –д суралцах түүгээр дамжуулаад GQ –г өөртөө бий болгох шаардлага үүсээд байна.  Өөрөөр хэлбэл бид глобаль түвшинд ажиллахад бэлэн үү.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн нь технологийн дэвшлийг ажил амьдралдаа ашиглах гарцаагүй байдлыг үүсгэлээ. Нийгэм тулгамдаж байгаа сорилуудыг шийдвэрлэж хувьсахын хэрээр шаардлагынх нь дагуу хөгжихгүй бол хоцрогддогтой адилаар бид зайнаас ажиллаж сурахаас өөр аргагүйд хүрээд байгаа. Зайнаас ажиллах үед ажилтан болоод байгууллага хуучин арга барилаараа ажиллах нь үр өгөөж төдийлөн өгч чадахгүй байна. Нэг ёсондоо шинэ тоглоомыг хуучин дүрмээр тоглохыг оролдвол бүтэлгүйтдэгтэй адил асуудал.

Зайнаас ажиллахад хэрэглэгчид төлөвшсөн, ажиллах технологи шийдэгдэж нөхцөл боломж нь бүрдсэн ч ажиллах хүчний чадавхи сул байгаа мэдрэгдэж байна. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас зайлшгүй онлайн буюу зайнаас ажиллах арга зүйд шилжихээс аргагүй боллоо. Гэтэл ажиллах хүчний чадавхи сул зайнаас гүйцэтгэх арга зүйд суралцаагүйгээс байгууллагууд зорьсон үр дүндээ хүрч чадахгүй нөхцөл байдал  үүсчихсэн.  Тиймээс  хүн төрөлхтөн газар зүй, цаг хугацаа хамааралгүй ажилладаг болсон энэ үед ажлаа урагшлуулахын тулд ажилтан суралцах, байгууллага нь бодлого болоод зохицуулалтаа хөгжүүлэх шаардлага үүсч байна. Энэ нь улс орны хэмжээнд ч байгууллагад ч бодлого болон зохицуулалтын бичиг баримтуудаа хөгжүүлэх шаардлагатай гэсэн санаа. Зайнаас ажиллахад хүний нөөцийн чадвахи сул байгаа бол нэгдүгээрт бодлогын, хоёрдугаарт, түүнийгээ дагасан зохицуулалтын бичиг баримттай байх ёстой. Бодлогын бичиг баримт бол нэг, тав, 10, 20 жилийн дараа хаана байх, ямар түвшинд хөгжих вэ гэдгээ харж, төлөвлөх юм. Харин зохицуулалтын бичиг баримт бол тэдгээр харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдгээ томьёолсон байх ёстой. Гэтэл цар тахлын энэ үед зайнаас ажиллахыг зохицуулаагүйгээс үл ойлголцол гарч байна. Онлайнаар ажиллах туршлага байгаагүй учраас бүхий л улс орон зайнаас ажиллахыг эрхзүйн хувьд хэрхэн зохицуулах, цаашлаад нийт ажлын байрны хэчнээн хувь нь зайнаас ажиллах арга зүй рүү шилжих юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай боллоо. Тиймээс эдгээр асуудалд шийдэл хайж цаг алдалгүй бодлого боловсруулахгүй бол дэлхийгээс улам их хоцрох болно.

Жишээлбэл, үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газар хөгжлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон бодлогын бичиг баримт гаргаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд “Алсын хараа-2050” гаргалаа. Харин эдгээрийг  бодлогын бичиг баримтаа  болгочихлоо гэж үзвэл дагасан зохицуулалтуудаа сайжруулах ёстой.

Энгийнээр хэлэхэд  аливаа улс, албан байгууллага алсын хараандаа тулгуурлаж байж хүний нөөц санхүү зэргээр бүхий л түвшний бодлогоо тодорхойлно. Дийлэнх улс орон 20 жилийн дараа гэхэд ямар ажлын байр давамгайлах вэ гэдгээ тооцож түүндээ тулгуурласан зохицуулалтыг шат шатандаа хийдэг. Өнөөгийн нөхцөл байдлаас харвал ирээдүйд нэлээдгүй ажлын байранд зайнаас ажиллах юм байна. Үүнийг дагаад бодлогын түвшний өндөр ур чадвар шаардсан ажлуудыг гадны ажиллах хүч зайнаас гүйцэтгэх эрсдэл тулгарч мэднэ. Ер нь бүхий л салбарт зайнаас ажиллах үндсэн нөхцөл бүрэлдэж байгаа учраас суурь болон мэргэжлийн боловсрол олгох талбарт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, байгууллагын хүсч байгаа суурь боловсрол эзэмшсэн ажилтныг бэлтгэж өгөх хэрэгтэй.

Дараагийн асуудал эрхзүйн зохицуулалт. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байгаа энэ үед зайнаас ажиллах асуудлыг эрхзүйн хувьд маш цэгцтэй, системтэй зохицуулж өгөх ёстой. Зайнаас ажиллаж байгаагийн давуу тал нь цагийн ажил бий болох учраас хагас цагийн ажлын байрны зохицуулалт, цалин хөлс, хариуцлагыг Хөдөлмөрийн хуульд тусгаж өгөх хэрэгтэй.

 

АЖИЛТАН ТӨВТЭЙ ТАЛБАРААС АЛЬЯНС ХЭЛБЭР РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА

 

-Зайнаас ажиллахад ажилтан талбарт олон асуудал тулгарч байна. Тухайлбал цагийн зохион байгуулалт төлөвлөлтгүй ажиллаж байгаагаас үүдэн цаг наргүй ажиллах, хоорондын уялдаа холбоо тааруугаас болоод ойлгомжгүй байдал үүсэх, ажлын дэс дараалал гаргаагүйгээс бүтээмжгүй байдалд орох гэх мэт. Хэдэн жилийн өмнө  судалгаагаар манай дотоодын хүний нөөцийн нэлээд өндөр бүтээмжтэй ажиллаж буй хэсэг нь нийт ажлын цагийн 43-48 хувь нь үр бүтээлтэй ажиллаж байна гэсэн үр дүн гарсан. Үлдэж байгаа 52-57 хувийг үр дүнгүй өнгөрөөж байна гэсэн үг. Эндээс харвал зайнаас ажиллахад үр дүнгүй өнгөрөөдөг цаг ихэсч байгаа, зохион байгуулалтгүйгээс нэгж ажилбар болгон дээр маш их цаг зарцуулж байхыг үгүйсгэхгүй. Сайн тал нь гэрээс ажиллахад ажилтан талаас ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлууд буурч байгаа харин яаж ажлаа зохицуулах төлөвлөх, нэгж хугацаанд үр дүнтэй ажиллах вэ гэдэгт л суралцах болж байна, суралцаж ч байна.  Үүнээс улбаалаад улс орон, байгууллагын түвшинд ирээдүйд ямар ажлын байр бий болох юм гэдгийг, байгууллага дээр аль хэсгийг нь зайнаас буюу хагас цагаар хийх вэ гэдгээ шийдэх юм. Хамгийн чухал нь зайнаас ажиллаж байгаа хүмүүсийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд л анхаарах хэрэгтэй.

Байгууллагууд хүний нөөцийн суурь бодлогын асуудал буюу аль хэсгийг нь гаднаас “аутсорсинг”, аль хэсгийг нь дотооддоо хийхээ зохицуулах шаардлага үүслээ. Бизнесийн байгууллагууд ажилтан төвтэй талбараас альянс хэлбэр рүү шилжиж байна. Энэ нь компани болгон менежментийн бүхий талбарын ажлаа дотооддоо гүйцэтгэхээ больж  альянс буюу нэгнийхээ гүйцэтгэж чадахгүйг нөхдөг аутсорсингийн компаниуд бий болж, ажилтантайгаа үр дүнг  гүйцэтгүүлэх гэрээ контрактаар төсөл ажилбаруудыг шилжүүлэн өгч хамтран ажилладаг боллоо. Тухайлбал, бүгдийг дотооддоо хийх биш мэргэжлийн хүмүүст даатгадаг болсон энэ нөхцөлд хүний нөөцийн удирдлагын хоёр том үндсэн хэлхээ гэгддэг бодлого, зохицуулалтаа чамбайруулах ёстой.

Систем цаг хугацааны аясаар цэгцэрч байдаг. Ер нь аливаа бүтэц хэзээ амжилттай ажилладаг вэ гэхээр оролцож байгаа хүн бүр нэг ойлголттой болсон цагт үр бүтээлтэй оршин тогтнож чаддаг. Үүгээр юу хэлэх гэж байна гэхээр байгууллага болоод ажилтан хоёул хамт хөгжиж суралцах ёстой гэсэн ойлголт дээр нэгдэх ёстой. Яагаад гэвэл орчин цагт бүх л ажлын байр мэдлэг шаарддаг болсон. Судалгааны зарим баримтад монгол хүний суурь чадамж 1990 онд 34 хувь байсан бол 16 хувь болж буурсан нь дэлхийн өөрчлөлтийг дагаж хувьсч, боловсорч чадахгүй байгаатай холбоотой. Дэлхийд ажиллах хүчний чадамжаараа хамгийн өндөр нь АНУ 78 хувьтай байдаг бол урд хөрш маш хурдацтай өсч жил бүр хоёр функтээр нэмэгдэж байна. Хойд хөрш ч мөн эрчимтэй өсч байна. Тиймээс бид энэ цаг үед дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж чадаж байгаа эсэхээ эргэж харах хэрэгтэй. Ирээдүйд өндөр ур чадвар шаардсан бодлогын түвшний ажилтнуудаа гаднаас авахгүйн тулд дотоодынхоо хүний нөөцийн чадварт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, бага дунд, ерөнхий, дээд боловсрол буюу суурь боловсролын чанарын асуудалдаа анхаарна гэсэн үг. Сүүлийн үед дотоодын сургуулиудын чанар сайжирч, гадагшаа сурах залуучууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Харин боловсролын байгууллагууд нь энэ эрчээ алдахгүй урагшлах, бизнесийн байгууллага бүр ирээдүйн ажлын байрныхаа дүр зургийг тодруулж түүндээ тохирсон ажилтнуудаа сургаж бэлтгэдэг бүрэлдүүлээд авах хэрэгтэй. Ингэж чадвал гаднаас мэргэжилтэн урих биш монгол залуучуудынхаа бүтээмжийг аутсорсинг хийх боломжтой болно.  Нэг ёсондоо ирээдүйд тохирсон хүн бэлтгэх шаардлага тулгарч байна

 

ЦАХИМААР СУРАЛЦАХАД БЭЛЭН БИШ БАЙНА

 

-Байгууллага бол сургууль юм. Өөрөөр хэлбэл, хүнээ бэлтгэж чадсан байгууллага урагшилж, хүнээ бэлтгэж чадсан нийгэм хөгждөг. Сургалтын талбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс цаг хугацааны аясаар шүүгдэнэ. Шаардлага хангахгүй, чанаргүй нь шахагдана. Цар тахал хөл хориотой холбоотойгоор цахим сургалт идэвхижиж байна. Цахим сургалтууд хоёр шалгуур тавьж байгаа . Нэгдүгээрт, хүлээн авагчид буюу суралцагчид цахимаар суралцахад бэлэн үү, хоёрдугаарт, сургагч багш аргазүй эзэмшсэн үү. Нэг ёсондоо ярих амархан гүйцэтгэл гаргуулах хэцүү, сургалтын гол утга учир нь ажилтанд олгож буй мэдлэгээр дамжуулан үр дүн гаргуулах.  Сургалтын аргазүйгээр дамжуулан мэдлэгийг сонсогчид хүргэсэн бол  суралцагчийн ажил амьдралд нь тодорхой түвшний өөрчлөлт гарахуйц үр дүн авчирсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.  Дараагийн асуудал  суралцагч цахимаар суралцахад бэлэн үү. Бид  танхимаар суралцах зан үйлийг төлөвшүүлчихсэн учраас цахимд төдийлөн бэлэн биш байна. Гэвч цахимыг цаг хугацаагаа чөлөөтэй өнгөрүүлэх талбар гэдэг ойлголт нэг үеийг бодоход харьцангуй өөрчлөгдөж ажил хийж, хөгжих талбар гэдгийг мэдэрчихээд байгаа. Цахимаар суралцахыг сонгож байгаа бол  нэн тэргүүнд сургагчийн туршлага аргазүйг харах хэрэгтэй. Дараагаар нь сургалтын хэлбэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Онлайн сургалтын хамгийн сайн арга зүй бол “Classic training” буюу  60 хувьд нь онолын арга зүйд суралцаж, 40 хувьд нь суралцагч өөрөө гүйцэтгэдэг. Сүүлийн үед  “Master class”  гэх арга зүй олон улсын түвшинд нилээд давамгайлж байна.  Энэхүү арга зүй нь сургалтын бүхий л арга зүйгээр дамжуулан тухайлсан нэг сэдвийн талаарх мэдлэгийг ерөнхийгөөс нарийвчлан олгодог арга зүй юм.

Манай улсад “Master class”  арга зүйгээр мэдлэг олгож байгаа сургалтын байгууллага олон бий. Манай хамт олон борлуулалтын мастер класс сургалт хийдэг. Борлуулалттай холбоотой мэдлэгүүдийг онлайнаар суралцаж, дадлага хийж, хэлэлцүүлэгт оролцож, ганцаарчилсан зөвлөмж авч, танхимаар суралцах боломжийг олгож байгаа.

Хөл хорионы үеийн ЕБС –ийн цахим хичээлийг харахад сурагчид нь бэлэн. Харин багш нар нь бэлэн биш байлаа. Ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ чадвар дээр анхаарах шаардлагатай болж бүр цаашлаад  суурь боловсролын  талбартаа л анхаарахгүй бол дэлхийд өрсөлдөх чадвартай хүн бэлтгэх боломжгүй байна.

 

СУРГАЛТ ЮУГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ ВЭ

 

-Сургалт бол мэдээллийг боловсруулж системчлэгдсэн мэдлэгийг өгөх замаар суралцагчийнхаа ур чадварыг нэмэгдүүлж, туршлагыг нь ахиулж ажил амьдралд нь өөрчлөлт гаргах зорилготой. Бүр цаашилбал, сайн мэдлэг хандлагыг өөрчилдөг гэсэн аргазүй юм. Ер нь сургалт авахдаа бидэнд юу үлдэх вэ гэдгийг асуух ёстой. Хариуд нь бүхлээр нь өөрчилнө гэж байгаа бол бодолцох, тодорхой өөрчлөлт гарна гэвэл судлаад үзээрэй. Харин ганц, хоёр зүйлийг чинь өөрчилнө гэж байгаа бол алдахгүй байх магадлалтай.

Хүн төрөлхтөн биологийн биш мэдлэг, хандлага, сэтгэлгээний нөөцөөрөө өрсөлддөг болсон. Мэдлэг, хандлага, сэтгэлгээний нөөцийг хөгжүүлж байж нийгмийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах боломжууд бүрэлддэг бүр цаашлаад нийгмийн бүхий л “өвчин”-ийг зөвхөн шаардлага хангасан боловсролоор л эмчилдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.19 даваа № 78 (6555)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.