Ерөнхийлөгч: Хатуу хөл хориог дэмжихгүй

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн гаргасан хатуу хөл хорио тогтоохгүй байх уриалгыг дэмжиж, Засгийн газарт санал хүргүүллээ

 Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна.

Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна.

Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ.

Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна.

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна.

Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

5 цаг 3 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15