Т.БАТСАЙХАН
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.
Сангийн сайд З.Мэндсайхан: Баялгийн сангийн хуульд ногдол ашгийг бэлнээр авна гэж заагаагүй
- Засгийн газар Оюу толгой төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар 2027 оны төсөвт санал өгсөн. Эцэслэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Бид 14 хоногийн хугацаанд иргэдээс санал асууж, гарсан дүнг Төсвийн ажлын хэсэгт хүлээлгэн өгнө. Иргэд ногдол ашиг гэхээр шууд авна гэж ойлгоод байна. Баялгийн сангийн хуульд ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл байхгүй. Хуулиар ногдол ашиг Хуримтлалын сан руу орох ёстой. Засгийн газар нэг их наядыг Хуримтлалын сан руу хийж, үлдсэнийг нь улсын хөгжлийг дэмжих суурь асуудлаа шийдье гэж байгаа. Гурван их наядыг авах нь баталгаажаагүй гэсэн асуудал яригдаж байна. Бид баялгийн эзэн учраас хувь хүртэх ёстой. Иймээс авахгүй, өгөхгүй гэдэг асуудал гарахгүй. Оюу толгойн төслөөр санхүүжүүлэх гэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа төсвийн хөрөнгө оруулалт дээр өөр кодоор оруулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт УТ гэсэн кодтой бол Оюу толгойн хөрөнгө оруулалт ОТ гэсэн кодтой байгаа. Энэ ялгаатай суусан учраас холилдохгүй. Ямар нэгэн байдлаар ирэх оны төсөвт ачаалал үзүүлэхгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагын зургаан дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
-Орон сууцны залиланг зайлшгүй таслан зогсоох шаардлагатай байна. Залилангийн асуудал үүсэж байгаа нэг шалтгаан нь мэдээлэл дутмаг, орон сууцны барилгын явцыг хянах боломжгүй байгаатай холбоотой. Энэ хуулийн төсөл бэлэн болсон. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, шуурхай хэлэлцүүлнэ. Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн нэгдсэн цахим санг арваннэгдүгээр сарын 15-ны дотор бий болгож, иргэдэд нээлттэй болгоно. Улсын хэмжээнд барилгын ажил нь дуусаагүй 2170 орон сууц байгаа бөгөөд захиалгын гэрээг давхардуулан байгуулснаас иргэдийн эрх ашиг хохирох тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагад орон сууцны залилантай холбоотой 173 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээр хэрэгт 2208 иргэний эрх ашиг хөндөгдөж, 173 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Иймд барилгын ажил, газар олголт болон баригдаж дуусаагүй орон сууцтай холбоотой мэдээллийг нэгтгэсэн цахим сан байгуулж, иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Ингэснээр иргэд орон сууц захиалахаасаа өмнө тухайн барилгын талаарх мэдээллийг шалгаж, өөрсдөө хяналт тавих боломж бүрдэх юм. Мөн Улсын хэмжээнд 34 мянга орчим мопед, скүүтер бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг найман аж ахуйн нэгж ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтертэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдсэн тул Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулна. Тодруулбал, 2025 онд мопед, скүүтер унаж яваад 200 орчим хүн гэмтсэн бол энэ онд 300 орчим хүн гэмтсэн байна. Тиймээс хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, скүүтер жолоодох насны хязгаарыг тогтоох, тээврийн хэрэгслийн ангилалд өөрчлөлт оруулах зохицуулалт хийнэ. Тодруулбал, 10 хүртэлх насны хүүхдийг эдгээр тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 18-аас дээш иргэд жолоодох эрхтэй байх юм. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралд танилцуулж, энэ хүрээнд уул уурхай, газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тул үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой, бүрэн хангах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсамандыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр бус, Засгийн газрын тогтоолоор чөлөөлнө. Хууль зөрчсөн байж болзошгүй асуудалд нэр холбогдсон шүүхийн байгууллагын удирдлага болон цагдаагийн байгууллагын зургаан дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 196 (7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn