“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал дээр суухад дуугарна. Бас нэг сандалд хоёр хүүхэд суудаг, түшлэггүй болохоор заримдаа тухгүй байдаг. Тиймээс тухтай ширээ, сандалтай болохыг хүсэж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагч Т.Одгэрэл ярив. Ангийн зарим ширээний ирмэг элэгдэж, өнгө нь халцарсан харагдана. Хүүхдүүдийн зарим нь цүнхээ өлгүүрт өлгөхгүй, газар тавьжээ.
Хүүхэд хичээлээ ойлгож, анхаарлаа төвлөрүүлэн суралцахад багшийн арга барил, сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна сурах орчин нөлөөлнө. Тэр дундаа хүүхдийн биеийн өндөрт тохирсон ширээ, сандалтай байх нь зөв сууж хэвших, тав тухтай хичээллэхэд чухал. Гэвч олон жил ашигласнаас элэгдэж хуучирсан, хэмжээ нь хүүхдийн биеийн онцлогт тохирохгүй ширээ, сандал зарим сургуульд байсаар байна. Энэ нь цаашлаад хүүхдийн эрүүл мэндэд ч нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс сурагчдын эрүүл, аюулгүй, тухтай суралцах орчныг бүрдүүлэхийн тулд ширээ, сандлыг шинэчлэх шаардлага тулгарч байгааг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ хөндлөө.
600-700 хүүхдийн ширээ, сандлыг шинэчлэх шаардлагатай байна

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал дээр суухад дуугарна. Бас нэг сандалд хоёр хүүхэд суудаг, түшлэггүй болохоор заримдаа тухгүй байдаг. Тиймээс тухтай ширээ, сандалтай болохыг хүсэж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагч Т.Одгэрэл ярив.
Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар сургууль нь нийслэлийн алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 2089 сурагчтайгаар хичээлээ эхлүүлжээ.
Сургуулийн зүгээс 2026 оны нэгдүгээр сараас ширээ, сандлаа шинэчлэхэд анхаарч, боломжийнхоо хэрээр хэд хэдэн ангийн ширээ, сандлыг сольсон байна. Өмнө нь ойролцоогоор арваад жил ашигласан модон ширээтэй ангид ч байжээ.

М.Оюунтүлхүүр
Тус сургууль бага, ахлах гэсэн хоёр хэсэгтэй. Бага сургуулийн ширээ, сандлыг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн бол ахлах сургуулийн ангиудын ширээ, сандлыг үе шаттай сольж байгаа аж. Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан М.Оюунтүлхүүр “Хүүхэд шинэ дэвтэр, үзэг авахдаа яаж баярладаг билээ. Түүнтэй адил шинэ ширээ, сандалтай болоход ч мөн адил баярладаг. Бид бүх ангийн ширээ, сандлыг шинэчлэх зорилготой ажиллаж байна.
Нөгөө талаараа хүүхдийн сурах орчныг бүрдүүлж байж сурах хүсэл эрмэлзэл төрдөг. Тиймээс сургуулийн хүүхдүүдийн ширээ сандлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Манай сургуулийн хувьд ширээ, сандал хүрэлцээтэй ч шинэчлэх хэрэгтэй байгаа. Одоогоор 600-700 хүүхдийн ширээ, сандлыг шинэчлэх шаардлагатай байна.
Гэвч улсын төсвөөс санхүүждэг сургуулийн хувьд бүх ангийн ширээ, сандлыг нэг дор солих боломжгүй. Тиймээс сургуулийн зүгээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинэчлэл хийж, зарим ангийн ширээ сандлыг шинэчилсэн, мөн орчны бусад асуудлыг ч шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал, өмнө нь модон шалтай байсныг хулдаасалсан.
Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн сурах орчныг бүрдүүлж байж хүүхдийн сурах сэдэл бас давхар төрдөг. Манай сургуулийн захирал төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, дэмжлэг авахыг зорьж ажилладаг. Гэвч төсөл, хөтөлбөрүүд төвийн сургуулиудад илүү төвлөрөх хандлага ажиглагддаг. Адилхан боловсролын системээр хүүхдүүдээ сургаж, хөгжүүлж байгаа учраас захын сургуулиудад ч ижил боломж олгож, тэгш хамруулах хэрэгтэй” гэлээ.
Сурагчдын ширээ, сандлын асуудал нь хуучирсан ширээг солихоор хязгаарлагдахгүй. Хүүхдийн нас, өндөр, биеийн онцлогт тохирсон хэмжээтэй, түшлэгтэй ширээ, сандал хэрэгтэй. Хоёр хүүхэд нэг сандалд суух, удаан суухад тухгүй байх зэрэг асуудлыг ч сурах орчныг сайжруулахдаа анхаарах шаардлагатай байна.
Стандарт бий. Харин хэрэгжилт нь хаана байна вэ?

Монгол Улсад сурагчийн ширээ, сандалд тавих стандарт бий. Гэвч стандарт баталсан нь сургууль бүрийн анги танхимд шаардлага хангасан ширээ, сандал хүрэлцээтэй гэсэн үг биш. Хэдэн сургууль стандартаа мөрдөж байгаа, хэчнээн ширээ, сандлыг шинэчлэх шаардлагатай, үүнд ямар хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа нь тодорхой байх ёстой. Стандартын хэрэгжилтийг бодитоор үнэлж, шаардлагатай шинэчлэлийг төлөвлөхгүй бол хүүхэд бүрд эрүүл, аюулгүй, тухтай орчин бүрдүүлэх зорилго цаасан дээр үлдэх эрсдэлтэй.
Манай улсад ЕБС-ийн сурагчдын ширээ, сандлын хэмжээ, төрөлд тавих шаардлагыг MNS 6582:2016 стандартаар тогтоодог. Уг стандартыг 2016 онд баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.
Стандартад сурагчдын ширээ, сандлыг биеийн өндөрт нь тохируулан сонгох, нэг болон хоёр суудалтай байхаар тусгасан байдаг. Тухайлбал, 1-3 дугаар ангид тогтмол хэмжээтэй, 4-12 дугаар ангид тохируулгатай ширээ, сандал хэрэглэхээр заажээ. Мөн сурагчдын өндрийг харгалзан зургаан ангилалд хувааж, улбар шар, хөх ягаан, шар, улаан, ногоон, цэнхэр өнгөөр ялган тэмдэглэхээр тусгасан байна. Энэ нь хүүхэд бүрийн биеийн өндөрт тохирсон ширээ, сандал сонгоход чиглэсэн шаардлага юм.
Стандартыг баталж, мөрдөж эхэлснээс хойш арван жил өнгөрчээ. Гэвч өнөөдөр улсын хэмжээнд хэчнээн сургууль ширээ, сандлаа стандартын шаардлагад нийцүүлсэн, хэдэн сургуульд шинэчлэл шаардлагатай байгаа талаар нэгдсэн мэдээлэл, хэрэгжилтийн үнэлгээ байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Стандарт баталсан нь хүүхэд бүр шаардлага хангасан ширээ, сандалд сууж байгаа гэсэн үг биш. Тиймээс сургуулиудын ширээ, сандлын өнөөгийн нөхцөлийг шалгаж, шаардлага хангахгүй ширээ, сандлын тоог гарган, шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг тооцох хэрэгтэй. Үүний дараа хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэчлэлийг үе шаттай төлөвлөж, санхүүжилтийг нь шийдэх нь чухал.
Нөгөө талаар, ширээ, сандал хүрэлцээтэй байна гэдгээр асуудлыг шийдэгдсэн гэж үзэж болохгүй. Хүүхдийн биеийн өндөрт тохирсон хэмжээтэй, аюулгүй, хэрэглэхэд тухтай байх шаардлагыг мөн хангах ёстой. Энэ ажлыг сургууль бүрийн төсвийн боломжид даатгах бус, улсын хэмжээнд хэрэгжилтийг нь хянаж, шаардлагатай дэмжлэгийг хүргэх тогтолцоо хэрэгтэй байна.
Арван жилийн өмнө баталсан стандарт өнөөдөр хүүхэд бүрийн сурах орчинд хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлох цаг болжээ. Хуучирсан ширээ, сандлаа шинэчлэхийг хүссэн сургууль хөрөнгөгүйгээс хүлээж, сурагчид тухгүй орчинд хичээллэх ёсгүй. Ширээ, сандлын стандартын хэрэгжилт бол хүүхэд бүрд эрүүл, аюулгүй, тухтай орчинд суралцах боломж олгох тухай асуудал юм.
Харин олон улсад буюу Европын EN 1729 стандартад биеийн өндрийг харгалзсан найман ангилал хэрэглэдэг. Тус стандарт нь ширээ, сандлын хэмжээ, суудлын тохирооноос гадна аюулгүй байдлын шаардлагыг тусгайлан авч үздэг байна.
Хоёр улсын стандартын хэмжээг харьцуулахад Монголын зургаан ангиллын ширээ, сандлын өндөр Европын 2-7 дугаар ангиллын хэмжээтэй таарч байгаа юм. Тухайлбал, Монголын нэгдүгээр ангиллын ширээ 53, сандал 31 сантиметр өндөртэй бол Европын хоёрдугаар ангилалд мөн ийм хэмжээ заажээ. Харин Монголын зургаадугаар ангиллын ширээ 82, сандал 51 сантиметр өндөртэй бөгөөд Европын долоодугаар ангилалтай давхцаж байна.
Гэхдээ хэмжээ таарч байгаа нь хоёр стандарт бүх үзүүлэлтээрээ ижил гэсэн үг биш. Европын EN 1729 стандарт ширээ, сандлын хэмжээнээс гадна суудлын гүн, түшлэг, хөлийн зай, аюулгүй байдал, бат бөх чанарыг шалгах шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, EN 1729-2 стандартын шинэ хувилбар 2023 онд хэвлэгджээ.
Энэ харьцуулалтаас харахад Монгол Улсад сурагчийн ширээ, сандлын стандартыг сургуулиуд бодитоор мөрдөж байгаа эсэх, хүүхэд бүрийн биеийн өндөрт тохирсон ширээ, сандал хэрэглэж байгаа эсэхийг тогтмол шалгах шаардлагатай байна.

ЭХЭМҮТ-д өдөрт 50 орчим хүүхэд нурууны өвдөлт, янгинах зовуурьтайгаар ханддаг
ЕБС-ийн сурагчдын ширээ, сандлыг шинэчлэх шаардлага нь хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна эрүүл мэндтэй нь холбоотой. Хүүхэд өдөр бүр олон цагийг ширээний ард өнгөрүүлдэг учраас ширээ, сандлын хэмжээ, хийц нь биеийн өсөлт, хөгжилд ч нөлөөлөх эрсдэлтэй юм.
Энэ оны аравдугаар сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 1-ний хооронд улс орон даяар сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгээр 11 настай хүүхдийн нурууны мурийлт, хазайлтыг үнэлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэгээр илэрсэн эрсдэлийг эрт тодорхойлон шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Хүүхдийн өсөлт, хөгжил нь насны үе шат бүрд харилцан адилгүй онцлогтой явагддаг. Иймээс урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэгийг хүүхдийн өсөлт, хөгжлийн чухал үе шат, эрсдэл нэмэгдэх насанд төлөвлөж хэрэгжүүлэх нь өвчин, эмгэг, хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй эхлүүлэх ач холбогдолтой байна.
11 болон түүнээс доош насны хүүхдийн нурууны мурийлт нь өсөлтийн явцад даамжрах, биеийн тэгш хэм алдагдах, зарим тохиолдолд нурууны өвдөлт болон үйл ажиллагааны өөрчлөлт үүсэх эрсдэлтэй байдаг аж. Хүнд хэлбэрийн, эрт эхэлсэн мурийлт нь цээжний хөндийн хөгжил, амьсгалын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Түүнчлэн биеийн хэлбэрийн өөрчлөлт нь хүүхдийн сэтгэл зүй, амьдралын чанарт нөлөөлж болзошгүй байна.

Б.Цолмон
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэдрэлийн эмч анагаах ухааны магистр, эмнэл зүйн сургагч багш Б.Цолмонгоос тодруулахад, тус төвийн мэдрэлийн гурван кабинет өдөрт давхардсан тоогоор 150-160 орчим хүүхэд үздэг бөгөөд тэдний 50 орчим нь нурууны өвдөлт, янгинах зовуурьтайгаар ханддаг байна. Эдгээр хүүхдэд шаардлагатай үзлэг, шинжилгээ хийж, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэн, цаашид хяналтад авдаг аж.
Тодруулбал, Нурууны өвдөлттэй хүүхдүүдийн дунд анх удаа ийм зовуурь илэрсэн тохиолдол ч байдаг. Эмчийн үзлэгээр шаардлагатай гэж үзвэл рентген зураг авч, сэжигтэй тохиолдолд нарийвчилсан шинжилгээ хийдэг байна. Шинжилгээгээр дийлэнх тохиолдолд нуруу баруун, зүүн тийш хазайх өөрчлөлт гардаг аж. Тиймээс тухайн хүүхдүүдэд эмийн эмчилгээнээс гадна зөв суух дадал хэвшүүлэх, нуруунд ирэх ачааллыг багасгах, жин нэмэхгүй байх зэрэг зөвлөгөө өгч 3-4 сарын дараа дахин хяналтад үзүүлдэг байна. Энэ үед үед өмнөх шинж тэмдэг хэвээр байвал шаардлагатай үед хэвтэн эмчлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг гэв.
Өсвөр насны хүүхдүүд өвдөлтөө хаана, хэрхэн мэдэрч байгаагаа том хүн шиг тэр бүр тодорхой хэлээд байдаггүй, зовуурь нь намдмагц тоохгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэдрэлийн эмч Б.Цолмон “Нуруу өвдөхөд амьдралын буруу хэв маяг, жингийн илүүдэл, хүнд цүнх үүрэх, буруу суух, хөдөлгөөний дутагдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Харин гэр, сургуулийн орчны ширээ, сандал хүүхдийн биеийн өндөрт тохироогүй байх нь удаан хугацаанд буруу байрлалаар суухад хүргэх эрсдэлтэй. Гэхдээ ширээ, сандлын тохиромжгүй байдал нурууны мурийлтын шууд шалтгаан гэж үзэх боломжгүй бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж болох олон хүчин зүйлийн нэг юм.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд гэртээ болон сургууль дээрээ ямар ширээ, сандал ашиглаж байгаад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, нуруу өвдөх, хөл рүү дамжиж өвдөх зэрэг зовуурь илэрвэл эмчид үзүүлэх нь чухал. Эрүүл мэндийн эрт илрүүлэг нь нурууны өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлж, шаардлагатай тохиолдолд хөдөлгөөн засал, дасгал эмчилгээ болон нарийн мэргэжлийн тусламжид хамруулах боломж олгодгоороо ач холбогдолтой юм” гэлээ.
Тиймээс ширээ, сандлыг шинэчлэхдээ хүүхдийн биеийн онцлог, тав тух, аюулгүй байдлыг харгалзахын зэрэгцээ шаардлага хангахгүй ширээ, сандлыг сургуулиудад үе шаттай солих нь чухал. Үүнд шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, захын сургуулиудыг шинэчлэлд хэрхэн хамруулах асуудлыг ч орхигдуулж болохгүй.
Нэг сургууль өөрийн боломжид тулгуурлан ширээ, сандлаа шинэчилж байгаа ч үлдсэн ангиудын хэрэгцээг дангаараа шийдэхэд хүндрэлтэй байна. Хүүхэд бүр тухтай, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд стандарт, төсөв, шинэчлэлийн ажлыг уялдуулан шийдвэрлэх цаг болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 196 (7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn