Б.Анхцэцэг: Танхимын болон онлайн хосолсон сургалтын хэлбэрт шилжих нь зүйтэй

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

“COVID-19” цар тахлын үед нийслэлийн зургаан сургуулийн 90 гаруй багш нар интеграци хичээл заах арга зүйн туршлага солилцож байгаа билээ. Энэ тухай Нийслэлийн 12 дугаар сургуулийн Монгол хэлний Б.Анхцэцэг багштай ярилцлаа.

 

-Цахимаар, онлайнаар хичээл заах нь багшаас хэр ур чадвар шаардаж байна. Танхимын сургалттай харьцуулахад хичээл боловсруулах, арга зүйгээ сайжруулах, технологийн мэдлэг чадвараа хөгжүүлэх гээд ур чадвар их шаардаж байгаа байх?

-Цахимаар, онлайнаар  хичээл заах нь багшаас маш их ур чадвар шаардаж байна. Хамгийн түрүүнд цахим хичээлийн бэлтгэл хангах, түүнийг сайтар төлөвлөж боловсруулах  тал дээр нэлээд их ур чадвар шаардаж байна. Жишээ нь, мэргэжлийн, мэдээлэл боловсруулах, IT мэдлэгээ сайжруулах, цаг төлөвлөж сурах гэх мэт наад зах нь багшийн цахим орчин дахь соёл их чухал байна. Ихэнх  тохиолдолд цахим сургалтыг гэрээсээ удирдан хөтлөж явуулж байна. Мөн техникийн бүрэн бүтэн байдал гээд ажлын орчин болон өөрийн сэтгэлзүйг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ бүгдийг бэлтгэхэд багшийн зүгээс хувийн зохион байгуулалт чухал бөгөөд мэдлэг ур чадвар бас их нөлөөлж байна.  Тиймээс алхам тутамдаа бусдаас болон цахим орчноос суралцаж өөрийгөө хөгжүүлж байна.

-Багш нарыг харахад өдөржин зүүм, меетинг хичээлтэй байх юм. Энэ нь багш, сурагчдад аль алинд нь асуудалтай юм шиг санагдсан?

-Цахим орчны сургалт танхимын сургалтыг бодвол компьютер дээр ажиллах чадварыг шаардахаас гадна сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг шалгаж тэдэндээ эргэж зөвлөгөө өгөх, оношлогооны үр дүнд анализ хийж дүн шинжилгээ хийх зэргээр удаан хугацаагаар суух шаардлага гардаг тул хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлтэй юм байна. Тиймээс багш нар гэлтгүй сурагч хүүхдүүд маань ч гэсэн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд маань хүүхдүүддээ анхаарал хандуулаасай гэж хэлэх байна. Багш нарын хувьд, хэчнээн завгүй ч гэсэн өөрийн ур чадвараа сайжруулахын тулд заах арга зүйн сургалт, компьютерийн программын ахисан  түвшний сургалт, интеграци хичээл боловсруулах аргазүйн сургалтад хамрагдаж, илүү ихийг сурч мэдэх гээд хичээж байна. Мөн телехичээл зааж буй мэргэжлийн багш нараас туршлага судлан тэмдэглэл хөтөлж, туршилт судалгааны хичээлийг цахим орчинд хэрхэн удирдан чиглүүлэн хөтөлж заах талаар бусад мэргэжлийн багш нараасаа туршлага судалж байна.

- Таныг онлайн хичээлээс гадна хүүхдүүдтэй хамтран ажиллах, хүүхдийн сэтгэлзүйд хүрч ажиллах тал дээр илүү их туршлагатай гэж сонссон. Цар тахлын үед гэрээсээ хичээллэж буй хүүхдүүдэд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Миний хувьд БШУЯ-ны дэргэдэх хэрэгжүүлэгчийн багт ажиллаж байсан бөгөөд нийслэл хөдөө орон нутагт багш нарт зориулсан сургалтуудыг хийж, багш нараа заах арга зүйгээр ханган  зөвлөгөө өгч ирсэн ажлын туршлагатай.  Цаашид илүү ихийг сурч мэдэхсэн гэж хичээж суралцсаар байна. Одоо мэргэжлийн багш нартай хамтран интеграци хичээл боловсруулан танхимд сургалт зохион байгуулах, бусдад түгээн дэлгэрүүлэх ажлаар хамтран ажиллахаар хичээлийг төлөвлөн боловсруулах шатандаа үр дүнтэйгээр саналаа солилцон ажиллаж байна. Мөн зарим багш нартайгаа хамтран ангийнхаа сурагчдыг хөгжүүлэх, тэднийг ном унших дадалтай болгох, уншсан номын тэмдэглэл хөтлүүлэх, зохиолын үйл явдлаас сэдэвлэн жүжигчилсэн тоглолт хийх зэргээр сурагчдыг баг хамт олноороо ажиллах хамтран хичээллэх арга барил эзэмшүүлэх, нийгэмшүүлэхэд хамтран хийх ажлууд их байгаа.

-Цаашид боловсролын байгууллагууд танхимын болон онлайн хосолсон сургалтын хэлбэрт шилжих нь зүйтэй гэж бодож байна уу?

-Боловсролын байгууллагууд цаашид танхимын болон онлайн хосолсон сургалтын хэлбэрт шилжих нь зүйтэй гэж боддог. Учир нь танхимын сургалтын хамгийн том давуу тал нь багш сурагчдын харилцаа шууд хамааралтай. Танхимын сургалтаар сурагчид багшаас ойлгоогүй үлдсэн мэдлэгээ тэр дор нь асууж лавлах, харилцан ярилцах, багт хувааж хоорондоо асуудлыг хэлэлцүүлэх, мэтгэлцээн зохион байгуулах гэх мэт олон давуу талтай байдаг. Харин цахим сургалтын үед энэ байдал учир дутагдалтай. Яагаад гэвэл богино хугацаанд сургалтыг төлөвлөж шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх шаардлагатай байдаг учраас харилцан ярилцах асууж тодруулах хугацаа бага гардаг. Мөн цахим сургалтын үед сурагчдын анхаарал төвлөрөлт сайн биш байдаг. Зарим сурагч камераа хаачихаад хичээлд дуугарахгүй багш дуудаад байхад огт оролцохгүй идэвх оролцоо тааруу байна.  Танхимын сургалтын үед харин анхаарлыг төвлөрүүлж хичээлээ заах бүрэн боломжтой.  Харин цахим сургалтын хувьд багш, сурагч аль аль нь цахим орчинд маш сайн хөгжих боломжтой.  Ялангуяа багш нар өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах, бусдад туршлагаа түгээн дэлгэрүүлэх, заах арга зүй, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдгаараа давуу талтай юм байна гэж харж байгаа. Тиймээс хосолсон сургалтын системд шилжих нь зүйтэй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 10 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 13 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

17 цаг 53 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

17 цаг 56 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 18 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15