
С.УЯНГА
Шадар сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмэн Та-Хаан” форум Дархан-Уул аймагт боллоо. Өөрөөр хэлбэл төр засагт дайх үг, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүмүүст үзэл бодол, санал сэтгэгдлээ шууд илэрхийлэх боломжийг иргэдэд олгодог үйл ажиллагаа юм. “Эрүүл аюулгүй орчин” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, харьяа агентлагууд оролцож иргэдийн санал бодлыг сонсож сонирхсон асуултад хариулт өглөө. Дархан-Уул аймаг 93500 гаруй хүн амтай бөгөөд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр олон ажил санаачлан хийж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Г.Батмөнх танилцуулсан юм. Дархан хот Эрүүл хотуудын холбоонд дөрвөн жилийн өмнө элссэн бөгөөд ДЭМБ, Дэлхийн хотуудын холбооноос зохион байгуулсан хурлаас “Дэлхийн эрүүл хот” өргөмжлөлийг авчээ. Иргэдийн эрүүл аюулгүй орчны хүрээнд Орон сууцны жишиг хорооллыг барьж дулааны шугам, авто болон явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэж өгчээ. Мөн гэр хорооллын нөхцлийг сайжруулахаар долоон багт 64.2 сая төгрөгөөр тоглоомын талбай хийж, алслагдсан гэр хорооллын хүүхдийн тээврийн үйлчилгээнд хоёр автобус явуулж байгаа бөгөөд Орхон суманд ч явуулахаар төлөвлөсөн байна.
Тус аймагт хэрэгжиж үр дүнгээ өгсөн бас нэг ажил бол “Утаагүй Дархан” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулан, шахмал түлшний үйлдвэртэй болж сайжруулсан зуухыг нэвтрүүлсэн нь утааг багасгаж чадсан гэнэ. Мөн хог хаягдлын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтын харуултай болж, 46660 мод, бут тарьсан гээд олон ажлыг санаачилжээ. Нутгийн иргэд ч ам сайтай байна. Бусад аймаг хотуудад хийж хэрэгжүүлж болмоор бас нэг зүйл нь эрүүл аюулгүй орчныг бий болгох ажлын хүрээнд эмнэлгийн болон хортой хог хаягдал хаях 3.5 га талбайг бэлтгэсэн явдал юм. Мөн хог хаягдлын цэгт хязгаарлалтыг бүсчлэн тогтоож гялгар уут хийсэхээс хамгаалах зорилгоор төмөр шонтой торон хашаа барьсан нь байгаль орчныг бохирдолтоос хамгаалахад үр дүнгээ өгч байгаа гэдгийг иргэд хэлж байв. Хотын дулаан хангамжид хаалттай систем нэвтрүүлэх төслийн хүрээнд хэрэгцээний халуун усны ялтсан халаагчийг суурилуулжээ.
“Ард түмэн Та-Хаан” форумын үеэр иргэдийн ихэнх нь өдөр тутмын амьдралдаа тулгамдаж байгаа асуудлуудыг хэлж байлаа. Тухайлбал гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний хэмжээ дутуу байдаг. Зэрлэг нохой олширч хүүхдүүдийг урах аюултай байна. Портероос бусад бүх машин хот хооронд хүн тээвэрлэж байна. Архидалт дэндлээ, иргэд хувийн худаг ажиллуулж усаа үнэтэй өгдөг зэрэг олон санал хэлж албаны хүмүүсээс хариулт авсан юм. Иргэдийн асуултад МХЕГ-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх “Хотоос гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний хэмжээ дутуу ирдэг гэх асуудалд хөндлөнгийн шалгалт оруулж бүтээгдэхүүн оруулж ирж байгаа хүмүүстэй ярилцаж цаашлаад арга хэмжээ авч ажиллах ёстой. Иргэдийн ярьж байгаа асуудалд шийдэгдэхгүй зүйл алга” гээд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг сарын аян зохиож иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн аймгийн хэмжээнд хуулийн дагуу архи, согтууруулах ундаа худалдан борлуулах 49 цэг байх ёстой ч шалгалтаар 500 гаруй цэг байгаа нь илэрсэн байна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаж байгаа цэгүүдийг хааж цөөрүүлэх ажлын хэсэг ажиллаж байгааг албаны хүн хэлсэн юм. Харин зэрлэг нохойны хувьд зориулалтын дагуу устгаж байгаа гэнэ.
Уг форумын үеэр Дархан-Уул аймагт мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтыг гурав хоногийн хугацаатай зохион байгуулсан юм. Нийслэл болон 21 аймгаас ирсэн мэргэжлийн хяналтын 90 гаруй байцаагч онол практик хосолсон чиглэл тус бүрийнхээ сургалтад хамрагдлаа. Дархан-Уул аймаг анх удаа ухаалаг тоолуурыг нэвтрүүлж байгаа юм. Хүний гар оролцохгүй бүх зүйл нь автоматаар шийдэгдэх тоолуурыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчдад хэрхэн суурилуулах талаар танилцуулж зөвлөгөө өгсөн юм. Ухаалаг тоолуурыг 3000 гаруй айл хэрэглэж байгаа гэнэ. Мөн тус аймгийн авто вокзал дээр авто тээврийн өргөх механизмын улсын байцаагчид сургалтад хамрагдаж байна. Тэд өргөх кран дээр дадлага хийж онолыг мэргэшүүлэх төвшинд үзэж байгаагаараа онцлог гэнэ.Харин эрчим хүч, дулааны улсын байцаагчид тест бөглөх тусгай лаборатори дээр ажиллаж гурав хоногийг үр дүнтэй өнгөрөөжээ. Мөн биднийг аймагтаа анх удаа НАССР системийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн “Дархан мах” үйлдвэртэй танилцуулсан юм. Хамгийн эрсдэлгүй обьектоор бүртгэгдсэн энэхүү үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж сургууль цэцэрлэгт нийлүүлдэг гэнэ.