Ч.ГАНТУЛГА
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой ярилцлаа. Түүний бага нас, уран бүтээл, үзэл бодлынх нь ертөнцийг хүргэе.
-“B” продакшн уран бүтээлийн нээлтээ хийлээ. Гурван цомог нэг дор гаргана гэдэг амжилт шүү?
-Манай продакшн энэ оныг уран бүтээл, ажлын амжилтаар дүүрэн эхэлсэн. Одоо ч энэ түүчээ үргэлжилж байна. “Бид 4”, “Гурван охин” хамтлаг болон өөрийнхөө бие даасан “Хувцсаа тайлаад шид” цомгийнхоо нээлтийг хийлээ. Өөрийн тань хэлдгээр энэ үнэхээр чамлахааргүй амжилт юм.
-Дуучин Д.Болд анх Б.Эгшиглэн, Агиймаа гэх залуу уран бүтээлчдийг дэмжиж байсан. Энэ удаад арай туршлагатай дуучидтай хамтарчээ?
-Бид бүх уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг хүсдэг. Туршлагатай, туршлагагүй гэж ялгадаггүй. Хамтдаа шинэ зүйл хийе, уран бүтээлийн төлөө хөдөлмөрлөе гэсэн хэнийг ч хүлээж авахад бэлэн.
-Таныг Б.Амархүү, Сараа гэсэн дуучдын шинэ цомог дээр ажиллаж байгаа гэж сонссон юм?
-Тэдгээр уран бүтээлчдийн шинэ цомгийн продюсерээр ажиллаж байгаа. Удахгүй сонсогчдын хүртээл болгоно. Өөр өнгө аястай, шинэлэг цомог хийхийг эрмэлзэж байна.
-Таны хувийн уран бүтээл юу болж байна. “Монгол поп”-ын үргэлжлэл хэзээ бэлэн болох вэ?
-“Монгол поп” цомог үргэлжилж байгаа. Дараа дараагийн уран бүтээл цаг тухайд нь сонсогчдын хүртээл болно. Өөрийн санаачилж, эхлүүлсэн ажил болохоор энэ урсгалаа орхилгүйгээр тууштай уран бүтээл хийнэ. Мөн энэ урсгалаар дуулах сонирхолтой, залуу уран бүтээлчдээ дэмжих бодол бий.
-Дуучин Д.Болд хэр зэрэг эх оронч хүн бэ?
-Монгол хүн бүхнийг эх оронч байгаасай гэж хүсдэг. Эх орноо бид л хайрлах хэрэгтэй. Атга шороо минь хүртэл үнэтэй шүү дээ. Мөн эртний уламжлалт урлагаа марталгүй, уран бүтээлдээ тусган түгээх нь дуучин болсны минь давхар үүрэг гэж боддог.
-Удахгүй эх үрсийн баяр болно. Таны хүүхэд насны гэгээн дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Миний бага нас бусад хүүхдүүдийн адил өнгөрсөн. Хөвгүүд яаж өсдөг билээ. Хааяа үеийнхэнтэйгээ дэггүйтнэ, бөмбөг тоглоно гээд л. Хүн бүхний бага нас хамгийн сайхан, гэгээн дурсамжаар дүүрэн өнгөрдөг байх. Эргээд бодоход амьдралын минь эхлэл, хүсэл мөрөөдөл балчир байхаас минь үүдэлтэй юм.
-Хүүхдийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ?
-Хүүхдийн баяраар ээж, аавтайгаа гадуур гарахаас өөр сайхан зүйл байхгүй мэт төсөөлдөг байлаа. Баяр болохыг хуруу даран тоолж, хүлээдэг байсан санагдана. Хүүхдийн паркад тоглоно, зургаа авахуулна, ууттай бэлэг авна гээд дурсах зүйл олон байна. Ямар ч байсан зургадугаар сарын 1-ний өдөр гоё хувцсаа өмсөөд, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөдөг байснаа тод санадаг юм.
-Өөрөө аав болчихоод хүүхдүүдээ яаж баярлуулдаг байв. Энэ жил хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барих уу?
-Бусад аавын адил хүүхдүүдээ баярлуулалгүй яахав. Цагийг хамт өнгөрөөж, баярыг нь хэзээ ч мартахааргүй сайхан тэмдэглэх хүсэл бий. Миний хүүхдүүд ч ялгаагүй эргээд бодоход аз жаргалтай дурсамжаар дүүрэн өсч, хүмүүжээсэй гэж хүсдэг. Харин тэр хүслийг нь аав, ээж нь болсон бид биелүүлэх үүрэгтэй юм болов уу.
-Дуучин Д.Болд үргэлж хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа цахим хуудастаа оруулдаг. Таныг фэнүүд чинь их сайн аав гэж боддог байх. Та өөрийгөө юу гэж дүгнэх вэ?
-Өөрийгөө дүгнэх хэцүү. Магадгүй хүүхдүүд минь л түүнийг үнэнээр нь хэлж чадах байх. Харин сайн аав байхыг хүсдэг, хичээдэг. Хааяа ажлаасаа шалтгаалаад хүүхдүүддээ зав гаргаж чадахгүй байх үе бий. Гэхдээ аль болох тэдэндээ зав гаргаж, хамт байхыг боддог юм.
-Та хүүхдүүдтэйгээ хэр нээлттэй харьцдаг вэ. Тэдэндээ ямар зөвлөгөө өгч байна?
-Хүүхдүүд минь дэндүү балчир байна. Тоглож, наадах нь л чухал байх. Одоо хүн болох суурь нь л тавигдаж байна . Харин энэ үед нь хүүхдүүдтэйгээ ярилцаж, юу болох, болохгүйг хэлж сургах нь л зүйтэй болов уу. Удахгүй тэд минь ухаан сууж өөрсдөө амьдралыг мэддэг болно.
-Ярианыхаа сэдвийг багахан өөрчилье. Саяхан “Камертон” хамтлаг тоглолтоо хийсэн. Ямар байв?
-Үнэхээр гайхалтай байсан. Сэтгэл их хөдөлсөн. Үзэгчид биднийг саначихсан, хүлээлт үүсчихсэн байж. Эргээд хамтлагаа байгуулсан үедээ оччихсон юм шиг санагдсан.
-“Камертон”-ы дуунууд хэзээ ч мартагддаггүй, хуучирдаггүй. Нууц нь юунд байна вэ?
-Дуу бүхэн бидний сэтгэл зүрхнээс ундарсан. Түүнийг сонсогчдод хүргэхийн төлөө бид хөдөлмөрлөсөн. Хөдөлмөр шингэсэн бүтээл мөнх амьтай байдаг. Уран бүтээлч хүн уйгагүй хөдөлмөрч, шантрашгүй, тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог юм. Хөдөлмөр, сэтгэл шингээгүй дуу жинхэнэ уран бүтээл болох нь юу л бол.
-Анх томдсон хүрэмтэй дөрвөн хүү урлагийн ертөнцөд хөл тавьж байсан. Тэр үе та дөрөвийн амьдралд ямар өөрчлөлт авчирсан бол?
-Бүх зүйл шинэ, содон бас гайхалтай санагдаж байсан. Анхны дуугаа бичүүлчихээд яаж хөөрч, догдолж байснаа мартдаггүй. Уран бүтээл минь хүмүүст хүрэхийн хэрээр урам авч, цэнэглэгдэж байлаа. Бидний амьдралын хамгийн том эргэлт, зоригтой, зөв алхам нь “Камертон” хамтлагийг байгуулсан үе юм.
-Хувь хүнийхээ хувьд?
-Хамтлаг гэдэг нэг нэгнээ ойлгож, мэдэрч, нэгддэг байх хэрэгтэй. Манай хамтлагийн гол зүрх нь бидний нөхөрлөл юм. Бид бие биенээ мэддэггүй, ойлголцдоггүй байсан бол “Камертон” оршин тогтнохгүй байсан. Хамтлаг байгуулаад, хүмүүс биднийг таньдаг болсон үеэс алхам бүртээ хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Хүмүүсийн итгэсэн итгэлийг алдаж болохгүй гэж бодогддог болсон. Улам ихийг хийх хэрэгтэй гэж өөрсдөдөө хэлсэн. Бид хүсэл, мөрөөдөлдөө хүрсэн гэж бодож байгаа.
-“Камертон” хамтлагийн дараагийн уран бүтээл юу байх бол?
-Бид сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзсаар байх болно гэдгийг хэлье. “Камертон” хамтлаг үргэлжилж байна. Шинэ уран бүтээл хийх, бодож төлөвлөсөн зүйл олон байна. Ээлжит цомгоо гаргана.

