Бэлтгэсэн Д.ЖАВХЛАН
Монголын волейболын холбоо өнгөрсөн жилээс “Витафит” групптэй хамтран хавар, намрын тэргүүн баг шалгаруулах тэмцээн зохиож эхэлсэн. Энэ удаагийн хаврын тэргүүн баг шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 25-нд Спортын төв ордны “А” танхимд нээлтээ хийсэн билээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Алтайн барс”, “Сима”, “Буянт-Ухаа”, “Хасу мегастарс”, “Эрчим”, “Аврагч” гэсэн зургаан, бүсгүйчүүдэд “Энагурэ”, “Монти”, “Сүхбаатар Цайрт минерал”, “Алтайн барс”, “Эрчим” зэрэг таван баг тойргийн журмаар цомын төлөө өрсөлдөж эхэлсэн юм. Эдгээр 11 баг бүтэн сарын турш хоёр тойрог өрсөлдсөний эцэст медалийн төлөө тоглох найман баг тодорлоо.
Өнгөрсөн жилийн хавар, намрын лигт нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдэд түрүүлсэн “Алтайн барс” багийн хувьд саяхан Филиппинд болсон Азийн клубуудийн аварга шалгаруулах тэмцээнд 16 дугаар байрт орсон бол 2013 оны намрын тэргүүн лигийн аварга “Эрчим” хойд хөршийн Тувад болсон Олон хотын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль авсан амжилтаараа энэ удаагийн лигийн өрсөлдөөнд өнгө нэмж байгааг дурдах нь зүйтэй.Багуудын аварга шалгаруулах тэмцээнд хэзээний хүчирхэг “Энагурэ”-гийн бүсгүйчүүд хоёрдугаар тойрогт дөрвөн хожил ганц ч хожигдолгүйгээр 12 оноотой хэсгээ тэргүүлж чадав. Ингэснээр тэд хагас шигшээд дөрөвдүгээр байраар шалгарсан “Монти”-гийн охидтой медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Тэдний араас “Эрчим” клуб гурван хожил, нэг хожигдолтой дэд байраар шалгарахдаа хагас шигшээд гурваар шалгарсан “Цайрт минерал”-ын бүсгүйчүүдтэй учраа таарчээ. Харин эрчүүдээс “Хасу мегастарс” баг ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, хагас шигшээд сүүл мушгисан “Алтайн барс”-тай медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Түүнчлэн нэгдүгээр тойрогт хэсгээ тэргүүлсэн “Аврагч”-ийнхан гурваар шалгарсан “Эрчим”-тэй тоглох юм.
Дугаар шилжих мөчид “Энагурэ” багийн бүсгүйчүүд “Монти” багийг 3:1-ээр ялж эхний хожлоо халааслав. Хэрэв тэд маргаашийн тоглолтод хожвол алтан медалийн төлөө тоглох эрхтэй болно. Хагас шигшээд шалгарсан дээрх багуудын хоёр, гурав дахь тоглолт пүрэв, баасан гаригууда Спортын төв ордны “А” танхимд 12.00 цагт болно.
“Энагурэ”
Тэд багуудын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон түрүүлсэн, хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй цорын ганц баг юм. Энэ лигт тэднийг зогсоох хүч үнэндээ алга. “Энагурэ”-д үндэсний шигшээ багт тоглодог зургаан тамирчин бий. Тухайлбал ОУХМ Г.Цэцэгжаргал, А.Наранчимэг, Э.Пүрэвжаргал, У.Пүрэвсүрэн, Б.Үйлсээ, Т.Сайхнаа нар гарааны зургаад тоглож буй. Хагас шигшээд тэдэнтэй учраа таарсан “Монти”-гийн эмэгтэйчүүд аваргуудаас хожил авах боломж тун хомс байгаа юм. Учир нь “Монти” баг багуудын тэмцээнд анх удаа тоглож байгаагаас гадна “Энагурэ”-гийн хоёрдугаар баг гэдгийг манай спорт сонирхогчид андахгүй. Тэдний мөнхийн өрсөлдөгч гэгддэг “Цайрт минерал” энэ улиралд бэлтгэл тааруу хангасан нь эхний тойргийн тоглолтуудаас анзаарагдсан. Хаврын тэргүүн баг шалгаруулах тэмцээний алтан медалийг “Энагурэ” авна хэмээн спортын олон хорхойтон ярьж байгаа нь сонсогдов. Хоёрдугаар тойргийн хамгийн сүүлийн тоглолтонд “Энагурэ”-гийн бүсгүйчүүд “Цайрт минерал”-ыг 3:0-ээр бут ниргэсэн нь энэ таамгийг нотлох шиг болсон.
“Цайрт минерал”
“Цайрт минерал”-ын бүсгүйчүүд өнгөрсөн намрын тэргүүн лигт “Энагурэ”-д хэдхэн онооны зөрүүгээр хожигдож цомоос атгаад алдсан. Тэр гашуун түүхийг энэ удаа цайруулахгүй бол “Энагурэ” баг ирэх есдүгээр сард БНСУ-ын Инчёон хотод болох Азийн спортын их наадамд багаараа оролцох эрхийг өвөртлөх юм. Ер нь энэ онд болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг гагцхүү лигийн аварга л эдэлдэг. “Цайрт минерал” баг хоёрдугаар тойрогт “Энагурэ”-д хожигдсон ч тэдний түлхүүр тоглогч ОУХМ П.Буянжаргал үзэгчдийн суудлаас тоглолтыг гярхай гэгч нь ажиглаж суув. Хэрэв П.Буянжаргал энэ тоглолтод орсон бол ядаж нэг хожил зулгаах байсан нь лавтай. “Цайрт минарал”-ын дасгалжуулагч Баярсайхан “Энагурэ”-гийн эсрэг П.Буянжаргалыг тоглуулаагүй нь өөр шалтгаантай байжээ. Тэд хоёрдугаар тойрогт хоёроор гарах нь тодорхой болсон тул П.Буянжаргалыг шөвгийн дөрөвт “Эрчим”-ийн эсрэг тоглолтонд нөөсөн байж мэднэ. Тиймээс “Цайрт минерал”-ын хожигдлыг үүгээр цайруулж болох юм. Түүнчлэн тус багийн лидер довтлогч Д.Цэндхүү “Цайрт минерал”-ын гараанд тоглохгүй байгаа нь тэдэнд тохиосон том гарз хэмээн тайлбарлаж болно. Хэрэв хагас шигшээ тоглолтод Д.Цэндхүү ирэхгүй бол “Цайрт минарал”-ын хувь заяа ээдрээтэйгээр эргэж мэдэх юм. Гэхдээ “Цайрт минерал” шөвгийн дөрөвт эхлээд “Эрчим”-тэй тоглоно. Энэ тоглолтод П.Буянжаргал болон н.Отгонбямба нар үзэчдийн суудлаас эргэн ирвэл тэд ялах бүрэн боломжтой.
“Хасу мегастарс”
Энэ баг лигийн эхний шатанд тааруухан тоглосон ч хоёрдугаар тойргоос Чехийн хоёр легионер тоглогчоор багаа сэлбэн хэсгээ тэргүүлж чадсан. Тэдэнтэй хагас шигшээд “Алтайн барс” баг учраа таарсан байна. “Алтайн барс”-ын хувьд эхний хоёр тойрогт онцгойрсон зүйлгүй ч хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтонд лигт түрүүлэх магадлалтай гэгдэж буй “Аврагч”-ийн залуусыг 3:2-оор дийлж энэ улирлын хамгийн том шуугианыг тариад байгаа. Хэрэв “Хасу мега старс” хагас шигшээд эхний учраагаа ялахгүй бол хүрэл медалийн төлөөх тоглолтод хожил авах нь тун эргэлзээтэй. Учир нь нөгөө хэсэгт “Аврагч”, “Эрчим” гэсэн хоёр хүчирхэг баг өрсөлдөж байгаа билээ.
“Эрчим”
Лигийн тэмцээнд хамгийн олон жил тоглож буй “Эрчим” баг түрүүлэх өрсөлдөөнд зүй ёсоор бичигдэнэ. Тэднийг зогсоох цорын ганц баг бол “Хасу мега старс”-ын залуус юм. Гэхдээ тэд шөвгийн дөрөвт “Аврагч”-тай эхэлж тоглоно. Өнгөрсөн долоо хоногт “Эрчим”-ийн бүрэлдэхүүнд лигийн үнэ цэнэтэй тоглогч Сайнжаргал бэртлээс эргэн ирсэн болохоор “Аврагч”-тай хийх тоглолтонд тэд ялах магадлалтай. Хэрэв “Эрчим” хагас шигшээд “Аврагч”-д ялагдвал хүрлийн төлөө нөгөө хэсгээс “Алтайн барс” багтай таарах магадлал өндөр байна.