Э.Галбадрах: Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг жил бүр 4-5 аймагт хэрэгжүүлнэ

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны магистр, Клиникийн профессор Э.Галбадрахтай ярилцлаа.

 

“Э.Галбадрах нь 2006 онд ГССҮТөвдэ резидент эмчээр суралцан,  2008 оноос Хүлээн авах яаралтай  тусламжийн тасагт их эмчээр ажиллаж эхэлж байлаа. 2011 онд түлэнхий, нөхөн мэргээх мэс заслын мэргэшсэн эмчээр БНСУ-д Халлим их сургуулийн Хангам-Соншим эмнэлэгт суралцаж, 2014-2018 онд Түлэнхий нөхөн мэргээх мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилласан. Үүнээс хойш ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар, 2019 оны зургаадугаар сараас ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирлаар, 2019 оны долоодугаар сараас Ерөнхий захирлаар ажиллаж байна”

- 2020 ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэмж үзүүлдэг болно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?  

-Манай улсын хувьд цөөн хүн амтай, тархмал суурьшилтай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаа алдах тохиолдлууд их байдаг. Нөгөө талаас улсын том эмнэлгүүд дээр хэт их ачаалал үүсэж, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэл их үүсдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээг төвлөрлийг сааруулах, ард иргэд амьдарч буй тухайн газар нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, хүртээмжийг нэмэгдүүлэх нэгдсэн бодлого хэрэгжиж байна. Манай ГССҮТ нь гэмтлийн чиглэлээр дүүрэг, орон нутагт эмнэлгийг чадавхжуулах, мэргэжилтэн бэлтгэх, сургах, дадлагажуулах, төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн энэ ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Эхний ээлжинд ТТАХНЭ, УХТЭ, УНТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн шинэ эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Мэдээж энэ зөв зохион байгуулалттай хэрэгжвэл асар их үр өгөөжтэй ажил болно. Учир нь осол гэмтлийн үед хамгийн ойр байгаа эмнэлэгтээ хандан гэмтлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, хурдан шуурхай авах нөхцөл бүрдэнэ. Эдгээр эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган, чадавхжуулах, сургах, бэлтгэх олон талын ажлууд орно. Дээрх эмнэлгүүдэд амжилттай нэвтрүүлснээр ГССҮТ-ийн ачааллыг нэлээдгүй хуваалцах, төвлөрлийг саармагжуулж тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах мөн иргэд өөрт ойр эмнэлгээсээ цаг алдалгүй шуурхай яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Мөн уг төслийн хүрээнд манай эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн алба болон эмч мэргэжилтнүүд тухайн орон нутгийн Замын цагдаа, Эрүүгийн цагдаа, Онцгой байдал, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Аймгийн эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олнох, зөв амьдралын хэв маягт сургах, сургалт, семинарыг олон нийтэд болон төрийн захиргааны байгууллагуудад явуулж салбар дундынхамтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

-Танай эмнэлгээс өмнө нь орон нутгийн гэмтлийн эмч нарыг чадавхжуулах, сургах төслүүд хэрэгжиж байсан. Энэ хэр үр дүнгээ өгсөн бэ?

-ГССҮТ нь  орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулах зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс “Орон нутагт Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд манай нарийн мэргэжлийн эмч нарын баг Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд  таван сарын хугацаатай байрлан ажиллаж, онолын сургалт явуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, тухайн эмнэлгийн эмч нартай хамтран гэмтлийн мэс заслуудыг хийсэн. Жишээлбэл тухайн аймагт гэмтлийн 10 төрлийн мэс засал хийгдэг байсан бол эмч гар мэргэшиж, чадавхжин 22 төрлийн мэс заслыг хийдэг болж үйл ажиллагаа нь өргөжин, тусламж үйлчилгээний чанар сайжирсан. Төслийн хугацаанд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг 2260 гаруй иргэдэд үзүүлж, 100 гаруй гэмтэл, согогийн мэс заслыг хийсэн байдаг. Түүнчлэн Өвөрхангай аймгийн эмч, сувилагч, мэргэжилтэүүд ГССҮТ-д ирж богино, дунд хугацааны сургалтанд хамрагдсан. Төслийн эдийн засгийн үр өгөөжийг зөвхөн замын зардлаар тооцож үзэхэд 2260 иргэний хувьд 260-500 сая төгрөгийн хэмнэлт бий болсон. Уг төсөл үр дүн сайтай, олон талын ач холбогдолтой болсон. Бид яг энэ жишгээр 2019 ондоо Хөвсгөл, Булган аймгуудад төслөө амжилттай хэрэгжүүлсэн. 2020-2024 оны хөгжлийн төлөвлөгөөндөө жил бүр 4-5 аймагт энэ төслөө хэрэгжүүлэх зорилт тавьсан. 2024 он гэхэд 14-16 орчим аймагт төслөө хэрэгжүүлсэн байхаар төлөвлөж байна. Үр дүнтэй, сайн ажлуудаа улам төгөлдөржүүлэн үргэлжлүүлэх бодолтой байгаа.

-Олон жил дуншсан Түлэнхийн төв буюу ГССҮТ-ийн шинэ эмнэлэг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэж байсан. Явц нь хэр байгаа вэ?

-Их урт настай барилга л даа. 2012 оны эхээр барилга нь актлагдан Түлэнхийн төв буюу салбар эмнэлэг маань ГССҮТ-ийн нэг тасаг нь болж ирсэн. Сүүлийн хоёр удаагийн Засгийн Газар маш сайн анхаарал хандуулж ажилласны үр дүнд барилгын ажил нилээд эрчимжиж, энэ ондоо бид Түлэнхийн төв буюу салбар эмнэлгийн барилгаа хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Шинэ эмнэлгийн хувьд хоёр блоктой, 14,000 гаруй мкв талбайтай, 250 ортой томоохон эмнэлэг болно. Шинэ эмнэлэг маань ашиглалтад орсноор одоогийн ГССҮТ-ийн ачаалал эхний удаад 20 хувиар буурах тооцоолол бий. Шинэ эмнэлэгтээ гэмтлийн яаралтай тусламжийн тасгийг  24 цагаар ажиллуулж эхэлнэ. Үүнийг дагаад хүлээгдэл, чирэгдэл буурч, чанар, хүртээмж сайжирна гэж харж байгаа. Мөн шинэ эмнэлгийн хувьд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс засал, сэдрэлтэй гэмтэл, ясны хавдар эмгэгийн тасгуудийн нээн ажиллууж олон улсын чанар, стандартад нийцэхүйц тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр гэмтэл, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс засал өргөжин хөгжинө. Мөн  арьс, мөгөөрс, шөрмөс зэрэг арьс, зөөлөн эдийн банкыг эмнэлэгтээ байгуулахаар зорин ажиллаж байна. юм.

-Одоо ГССҮТ дангаараа ямар ачааллыг авч ажиллаж байна вэ?

-Манай эмнэлэг улсдаа ганц төвлөрсөн гэмтлийн тусламж, үйлчилгээг  үзүүлдэг байгууллага учраас 24 цагийн өндөр ачаалалтай ажилладаг. Эмнэлгийн хувьд өдөрт 91 эмч, ажилтнууд байнгын жижүүртэй хонож ажилладаг. Өдөртөө 350-450 иргэнд осол, гэмтлийн яаралтай үйлчилгээг үзүүлдэг. Манай улсын хүн амын өсөлт,  хотжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжихийн хирээр осол гэмтлийн тоо ч маш ихээр нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар осол, гэмтлийн шинэ тохиолдлын тоо нэг дахин буюу жилд дунджаар 15 мянган тохиолдлоор өссөн байна. Бид жилд зөвхөн яаралтай тусламжаар 120 мянган хүнд, амбулаториор 60-аад мянган иргэнд үйлчилдэг. Осол гэмтлийн тоог бууруулахын тулд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол өгөх нь чухал. Бид энэ ажлыг тогтмол хийж байгаа хэдий ч нийгмийн хөгжлөөс осол гэмтлийн тоо хамаардаг тул осол гэмтлийн тоо дорвитой буурахгүй байна.

-Орон нутагт гэмтлийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд ямар суурь судалгаануудыг хийсэн бэ?

-Гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тул тухайн бүс нутгийн эмнэлгийн чадамжийн суурь судалгааг хийж байна. Уг судалгаанд тухайн эмнэлэг гэмтлийн заслын тасагтай эсэх,  орны тоо, хүний нөөц, мэргэшсэн чиглэлүүд, оношилгоогоо хийж чадаж байгаа эсэх, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжилтэн, мэс заслын тусдаа блоктой эсэх зэрэг олон үзүүлэлтийг судлан тухайн орон нутгийн онцлогт нь тааруулан үечилсэн хөгжлийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Мэдээж орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой тул орон нутагт ажиллах эмч нарын тоо ч өөр өөр байхаар зохион байгуулж байна. Тэгэхээр суурь судалгаандаа үндэслэн ажиллана. Бид ЗТХЯ, ТЦА-тай хамтран хамгийн их авто осол гардаг хар цэгийн судалгааг хийсэн. Хар цэгийн судалгаа болон эмнэлгийн суурь судалгаандаа үндэслэн хамгийн ойр байрлах эмнэлгийн  гэмтлийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна.

-Танай эмнэлэг шинэ технологиудыг хэр нэвтрүүлж ажиллаж байна вэ?

-ГССҮТ сүүлийн 10-аад жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон. Хоёр жилийн өмнөөс мөрний дурангийн мэс заслыг хийж эхэлсэн. Дээрээс нь бид сургалт эрхэлдэг байгууллага тул цахим орчинд алсын зайн дурангийн мэс заслын сургалтыг хийдэг боллоо. Түүнчлэн хиймэл үе солих мэс засал нэг шат ахиж, комьпютерын навигашнийн тусламжтай хийдэг болсон. Ингэснээр тухайн өвчтөнд илүү сайн зохицсон хиймэл үеийг суулгах боломжтой болсон гэж ойлгож болно. Үүнээс гадна 3D принтерээр хүний яс, эрхтнийг хэвлэж гарган эмчилгээний арга, ашиглагдах материалаа сонгодог болж, бэлдэцээ сургалтанд мөн ашигладаг. Мөн өсөлтийг дагаад сунадаг титанан хадаас, тасарсан хуруу залгах, эдийн дутмагшлийг нөхөх пластик мэс засал, бага зүслэгээр нурууны хугарлыг бэхлэх, хадах, цээжний хэнгэрцэгийн хэвийн үйл ажиллагааг сэргээх олон хавирганы хугарлыг бэхлэх, хадах,  цээжны гэмтлийн үед дурангаар оношилгоо хийж, эмчилж байна. Түлэнхийн тасгийн хувьд Олон улсын МЕЕК систем буюу жижиг хэмжээний арьсыг байгаагаас нь таваас зургаа дахин шоолж томруулан арьс нөхөх технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр том хэмжээтэй шархыг бага хэмжээний арьсаар хурдан хугацаанд төлжүүлж эмчлэх боломж бүрдсэн гэх мэтээр дурдвал маш олон технологийг нутагшуулсан байна.

-ГССҮТ-д шинээр нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи , эмчилгээ байгаа юу?

-Бид хүүхдэд өвдөг, түнх, мөрний дурангийн мэс заслыг хийхээр зорьж байна. Мөн насанд хүрэгчдэд нурууны дурангийн мэс заслыг хийхээр судалж байна. Тохой, бугуй, шагайн үений хиймэл үе суулгах мэс заслыг хийж эхлэхээр төлөвлөсөн. Бидэнд хийхээр төлөвлөсөн зүйл маш их бий . Бид олон улсын жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхийн тулд үечилсэн урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

- ГССҮТ-ийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Энэ жил манай эмнэлгийн 60 жилийн ой тохиож байна. Ойгоо бид баяр гэхээсээ илүү нэгэн жарны хөгжлийг туулж, шинэ жаран эхэллээ хэмээн харж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн томоохон хуулийн өөрчлөлтүүдийг баталснаар эмнэлэг жинхэнэ утгаараа хөгжих суурь тавигдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс бүх эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Ингэснээр бид эмч, ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, үйлчлүүлэгчиддээ чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллах механизм бүрдэнэ. 2022 оны нэгдүгээр сараас бүх эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжинэ гээд олон том бодлогын өөрчлөлтүүд гарна. Манай эмнэлэг ч мөн эдгээр өөрчлөлтүүдэд бэлтгэж, гэмтлийн салбарын төвлөрлийг сааруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар зөв тогтолцоо руугаа чиглэж, дорвитой өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Салбарт реформ хийгдээд эхэлсэн учраас бид өнөөдөр зоригтой төвлөрлийг сааруулахад чиглэн ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд танай эмнэлэгт ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээг үзүүлэхийн тулд цаг олгох үйлчилгээг өргөжүүлэн вэб хуудас, chatbot болон утсаар цаг авах, мэдээллийн ажилтнаар өгөх гэсэн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байна. ЭМЯ цаг захиалгын нэгдсэн төвийг өнгөрөгч сард нээн ажлуулсан. Тухайн төвийн ачаалал нэмэгдэх үед дуудлагын төвөөс манай руу дуудлага шилжүүлгийн үйлчилгээг CallPro –той хамтран үзүүлж байна. Мөн эрүүл мэндийн салбарын E-health төслийг илүү хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн дотоод орчинд WIFI буюу хөдөлгөөнт интернет бүсийг үүсгэсэн. Энэ нь сувилагчийн пост, эмчийн суурин компьютер дээр л  E-health маань ажиллаж үйлчлүүлэгчийн нэгдсэн мэдээллийг авдаг нөхцөлийг арилгаж эмч нар тусгай зориулалтын таблет, компьютерээр эмчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, оношилгоо, шинжилгээний хариу, эмчилгээг эмчлүүлэгчийн дэргэд харах боломж бүрдэж цаасан сторыг халах шинэ технологи хэрэгжих боломж бүрдэж байгаа юм. Мөн нэгдсэн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох, ХУР систем, шинжилгээний хариуг хэвлэдэг киоск машиныг суурилуулах ажлууд хийгдэж байна. Өнгөрөгч сард Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим төсөл”-ийн хүрээнд PACS системийг суурилууллаа. Энэ систем нэвтэрснээр бид богино хугацаанд дүрсэн мэдээллийг хүлээн авч, дамжуулж алсын зайнаас оношилгоо хийлгэх боломж бүрдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.7 ЛХАГВА № 194 (6419)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 55 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 24 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 15 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 22 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 57 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 21 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 26 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 36 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 41 мин