
Ч.Олдох
Монгол, Солонгосын мэргэжлийн боксчдын халз тулаан өнөөдөр 16:00 цагт АСА циркт болох гэж байна. Халз тулааны өмнө WBC холбооны Дэлхийн Залуучуудын аварга Г.Баяртогтох болон Өмнөд Солонгосын аварга Кым Кы Нам нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Солонгосын тамирчин Кым Кы Нам Монголд өчигдөр өглөө ирсэн байна. Тэрээр Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд сайхан орон юм хэмээн онцоллоо. Мөн өөрийн тулалдах гэж буй өрсөлдөгчийн хувьд эмээх зүйл алга гэлээ. Түүний хувьд Г.Баяртогтохоос жингийн хувьд 10 кг-аар илүү, мөн түүнээс нуруугаар өндөр 178 см өндөртэй, бас 10 насаар дүү залуу тамирчин юм. Харин Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн бокст олон жил хүч үзсэн, түүнээс туршлагаар илүү, WBC холбооны Дэлхийн залуучуудын аварга гээд илүүрхэх зүйлүүд олон юм.Тиймээс хэвлэлийн хурлын үеэр тэрээр өрсөлдөгчдөө “8 oz” бээлийгээр тулалдах санал тавьж байлаа. Гэвч Кым Кы Нам зөвшөөрсөнгүй. Мэргэжлийн бокс сонирхогчийн боксыг бодвол маш нимгэн бээлийтэй тоглодог. Хөнгөн жингийн тамирчдын бээлийний нимгэн “8 oz” байдаг бол жин 66 кг-аас дээш хүнд жингийн тамирчид “10 oz” бээлийгээр тоглох дүрэмтэй байдаг юм байна. Мэргэжлийн бокст тоглолтын өмнө өрсөлдөгчид бие биедээ сэтгэл зүйн дайралт хийх нь бий. Тэгвэл Г.Баяртогтох өрсөлдөгчөө өдөж ийнхүү санал тавиад, зөвшөөрөөгүй тул “Тэгвэл би 10 оz бээлийтэй нам цохино” хэмээн өрсөлдөгчөө хурцалж байв. Кым Кы Нам хариуд нь “Би айхгүй байна. Миний хувьд Монголын тамирчин Баярааг ялна гэж ирсэн” хэмээн хариулж байлаа.
АСА циркт өнөөдөр болох энэхүү тэмцээн Монголд өмнө нь зохиогдож байсан тулаануудаас өвөрмөц болохыг “Монгол дайчдын мэргэжлийн боксын холбоо”-ны ерөнхий менежер П.Зориг “Монголчуудын мэддэг тулаануудаас өөр. Хүнд жингийн, жин харгалзахгүй тулаан гэдгээрээ онцлогтой. Мөн манай холбооны анхны тэмцээн. Манай тулаанчтай хүч үзэх солонгос боксчны хувьд насаар хамаагүй залуу, одоо 23-тай, нийт 13 тулаан хийснээс наймд нь ялалт байгуулсан. Үүнээс тавыг нь хүнд цохилтоор ялсан тамирчин байгаа юм” хэмээн тодотголоо. Дашрамд сонирхуулахад “Монгол дайчдын мэргэжлийн боксын холбоо” нь Мэргэжлийн боксын дэлхийн аварга, Солонгосын хоёр удаагийн аварга, Монгол Улсын аварга Г.Баяртогтохын санаачилгаар саяхан байгуулагдсан бөгөөд эх орондоо мэргэжлийн боксыг сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилготой гараагаа эхлээд байгаа нь энэ юм. Мөн энэ зорилгын үүднээс анхны халз тулаанаа зохион байгуулж байгаа ажээ.
Өнөөдөр Монголд мэргэжлийн боксын холбоо гэхээр яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан гурван ч холбоо байдаг. . Гэхдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж, тамирчин бэлдэж байгаа гэхэд учир дутагдалтай. Тамирчин бэлдэх талаар сэтгэл гаргахгүй байна. Тиймээс мэргэжлийн бокс хаягдсан гэсэн шүүмжлэлүүд өрнөдөг. Тэгвэл Г.Баяртогтох, түүний үүсгэн байгуулсан “Монгол дайчдын мэргэжлийн боксын холбоо” нь монголдоо мэргэжлийн боксыг хөгжүүлэх, өсвөр үе, залуучуудын дунд тэмцээн зохион байгуулж, түүгээр дамжуулан залууст мэдлэг, мэдээлэл, урам зориг өгөх зорилго тавьж байна.
Харин манай улсад тулалдахаар ирсэн Өмнөд Солонгосын тамирчин Кым Кы Нам “Би Монголд анх удаа ирж байна. Надад бүх зүйл нь сонирхолтой санагдсан. Сайхан орон байна. Тулааны хувьд би ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ялахын төлөө л ирсэн. Баяраагийн тухайд түүнээс эмээж, зүрхшээсэн зүйл байхгүй” гэлээ.