Д.ЖАВХЛАН
Монголын волейболын холбоо “Витафит” групптэй хамтран өнгөрсөн жилээс хавар, намрын тэргүүн баг шалгаруулах тэмцээн зохиож эхэлсэн. Хоёр дахь удаагийн хаврын тэмцээн өнгөрсөн сарын 25-нд Спортын төв ордны “А” танхимд нээлтээ хийсэн юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Алтайн барс”, “Сима”, “Буянт-Ухаа”, “Хасу мегастарс”, “Эрчим”, “Аврагч”, бүсгүйчүүдийн “Энагурэ”, “Монти”, “Сүхбаатар Цайрт минерал”, “Алтайн барс”, “Эрчим” гэсэн таван баг тойргийн журмаар цомын төлөө өрсөлдөж буй.
Эдгээр 11 баг бүтэн сарын турш гурван тойрог өрсөлдсөний эцэст медалийн эздээ тодруулах билээ. Өнгөрсөн жилийн хавар, намрын лигт нийлбэр дүнгээр түрүүлсэн эрэгтэйчүүдийн “Алтайн барс” багийн хувьд саяхан Филиппинд болсон Азийн багуудын аварга шалгаруулах тэмцээнд 16 дугаар байрт орсон бол 2013 оны намрын тэргүүн баг “Эрчим”-ийн эрчүүд хойд хөршийн Тувад болсон олон хотын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль авсан амжилтаараа энэ удаагийн лигийн өрсөлдөөнд өнгө нэмж байгаа. Энэ долоо хоногт бүх баг эхний тойргийн таван тоглолтоо дуусгах учиртай.
Даваа гаригаас эхлэн эмэгтэй багуудын хооронд сонирхол татам олон тоглолт гарсан. Лигийн тулаанд хэзээнээс ач тач өрсөлддөг “Энагурэ”, “Цайрт минерал”-ын бүсгүйчүүд үндсэн бүрэлдэхүүнээрээ талбайд гарсан бөгөөд чухам энэ хоёр баг цомын төлөө дахин өрсөлдөх магадлал өндөр юм.

Хаврын тэргүүн лигт хамгийн хүчирхэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Энагурэ”-ийн бүсгүйчүүд өмнөх амжилтаа бататгах зорилготойгоор хичээн тоглож байгаа нь тэмцээний эхний өдрөөс мэдрэгдэж байлаа. Тэд эхний тойрогт учраа таарсан өрсөлдөгч багууддаа оноо өгөх тун дургүй байсанд гайхах зүйлгүй. Учир нь, өнгөрсөн намрын тэргүүн лигт тэд алтан медалиа мөнхийн өрсөлдөгч “Цайрт минерал”-ын бүсгүйчүүдэд алдах шахсан билээ. Тэр тоглолтод “Энагурэ”-ийн дөрөв дугаартай довтлогч Э.Пүрэвжаргал багаа аварч гарсныг спорт сонирхогчид мартаагүй. Тэрээр хоёр, дөрөвдүгээр бүсийн хүчтэй довтлогоонуудаараа бусад тоглогчдоос эрс ялгардаг. Үүгээрээ ч тэр өнгөрсөн лигийн “Тэгш тоглогч”-ийн шагналыг гуядаж авсан.
Харин энэ лигт түүний довтлогоонууд нэг л биш. Тэр өөрөө хичээхгүй байна уу гэвэл бас үгүй. Э.Пүрэвжаргалын багийн дасгалжуулагч Г.Хэрлэн түүнийг зэмлэхгүй байсан нь мөн л гайхал төрүүлж байв. Учрыг тодруулбал тэрээр мөрөндөө хүнд бэртэл аваад хэдхэн хоногийн өмнө мөрний хүнд хагалгаанд орсон аж.
Лидер тоглогчийнх нь гэмтэл бүрэн эдгээгүй болохоор “Энагурэ”-ийн тамирчид эхний тоглолтоосоо л хичээх нь аргагүй. Юутай ч Э.Пүрэвжаргалын орон зайг багийн анд А.Наранчимэг, У.Пүрэвсүрэн нар одоогоор нөхөн тоглож чадаж байгаа. “Энагурэ” эхний учраануудаа илт давуу буулган авч ганц ч хожигдолгүй эхний тойрогт өнгөлсөн хэвээр байна. Хэрэв Э.Пүрэвжаргал финалын тоглолтын өмнө бүрэн эдгэрч чадвал тэднийг гүйцэх баг ховор байгаа юм. Юу гэвэл тэдний гол өрсөлдөгч “Цайрт минерал” багийн нэгдүгээр тойрогт нэлээд оноо алдаад буй. Уг нь “Цайрт минерал”, хуучнаар “Уурхайчин” баг өнгөрсөн намрын тэргүүн лигт “Энагурэ”-д хэдхэн онооны зөрүүгээр хожигдон цомноос атгаад алдсан. Тэр гашуун дурсамжийг энэ удаа цайруулахгүй бол “Энагурэ” баг ирэх есдүгээр сард БНСУ-ын Инчёон хотод болох Азийн спортын их наадамд багаараа оролцох тизийг өвөртлөх юм.
Ер нь энэ онд болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг гагцхүү лигийн аварга баг л эдэлдэг. П.Буянжаргалын гарыг амраан энэ багт чухал үүрэг гүйцэтгэдэг Д.Цэндхүү лигийн тулаан эхлээд долоо хонож байхад талбайд ганц ч удаа гараагүй. Зарим нэг хүний хэлж буйгаар тэрээр бие давхар болсон ажээ.
Уг нь “Цайрт минарал” багт Цэндхүү тоглосон бол лиг дахь өрсөлдөөн улам ширүүсэх байлаа. Энэ багт одоо П.Буянжаргалаас өөр найдвартай оноо салгадаг довтлогч алга. Туршлагатайгаас нь дурдвал ОУХМ н.Отгонбямба нуруугаар намхан боловч түүний хүчтэй давуулалтад эсрэг багийнхан нь онц дүн тавьдаг. Тус багийг шигшээд хөтлөх өнөөдрийн нүүр царай нэг иймэрхүү. Хэрэв Д.Цэндхүү багтаа эргэн ирэхгүй бол “Цайрт минерал” багийн хувь заяа хоёрдугаар тойргоос хэцүүдэх нь.
ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИД ДААЛГАВРАА АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЭВ
“Цайрт минерал”-ын бүсгүйчүүд лигийн нэгдүгээр тойрогт “Энагурэ”-ийн хоёрдугаар баг болох “Монти”-гийн охидыг 3:1-ээр хожсон боловч хэрэгтэй нэг оноогоо шинэ цэргүүдэд шүүрүүлчихсэн. “Монти” баг лигийн тэмцээнд анх удаа хөл тавьж байгаа нь энэ юм. Тэд эгч нарынхаа гол өрсөлдөгч болох “Цайрт минерал” багаас оноо салгах даалгавартай талбайд гарсан нь ойлгомжтой. Даалгавраа амжилттай биелүүлсэн тэд дараагийн даваанд “Алтайн барс”-тай учраа таарсан юм. Хоёр багийн тоглолт эхнээсээ гал гарсан ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн. Тоглолтын эхний үед “Монти” онооны илүүгээр “Алтайн барс”-ын туршлагатай багийг буулган авсан. Тус тоглолтод “Монти” багийн ахлагч Г.Хонгорзул өөрийн хүчтэй нам болон дөрөвдүгээр бүсийн ширүүн довтолгооноороо эсрэг багаасаа олон оноо салгаж чадсан юм.
Эхний үеийг өөрийн талд эргүүлж чадсан шинэ цэргүүд хоёрдугаар үед тун тааруу тоглолт гаргав. Энэ үед “Алтайн барс”-ын хашир туршлагатай тоглогч Нарантуяа “Монти” багийн сул талыг гярхай олж харсан. Түүний сөрөг довтолгоонууд сул болж байсан ч эсрэг багийнхаа хоосон зайг тун нарийн мэдэрсэн юм. Ингэснээр“Алтайн барс” хоёрдугаар үед залуу тамирчдыг арай хийн давамгайлав. Нэгэн үе шигшээ багт Л.Нарантуяа мастертай хамт тоглож явсан Хэрлэн бол “Монти” багийн дасгалжуулагч. Түүний хэлсэн үг, үйлдэл багийнханд нь алт шиг үнэ цэнэтэй нь тодорхой.
Монголын волейболчдоос сахилга бат хамгийн сайтай баг нь “Монти” гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрлэн дасгалжуулагч олон жил нэг багт хүчин зүтгэж явсан Л.Нарантуяа андынхаа давуу болон сул талыг хэнээс ч илүүтэй мэдэх нэгэн. Тиймээс удаахь үед “Монти”-гийн охид Л.Нарантуяа мастерын хүчтэй довтолгоог амжилттай хааж “Алтайн барс” хүнд байдал орсон. Энэ тоглолтод “Алтайн барс” хожих боломжтой байлаа. Гэвч “Монти”-гоос Г.Хонгорзулын урд бүсийн хүчтэй дайралтууд амжилттай болсноор шинэ цэргүүд онооны илүүгээр хоёр дахь ялалтаа халааслав. Дөрөвдүгээр үеийн шийдвэрлэх тулаанд хожлын амтанд урамшсан “Монти” өрсөлдөгч багтаа ямар ч боломж олгоогүй юм. Тэд “Алтайн барс”-ыг буулган авснаар хасагдах шатнаас ийнхүү үлдэх магадлал тун өндөр боллоо. Лигийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд маргааш Спортын төв ордны “А” зааланд 11 цагаас эхэлнэ.