
С.УЯНГА
Архангай аймаг оны эцэст 3772.3 мянган мал тоолуулж үхэр, хонин сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлсэн. Аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос нийт малын тоо нь 10.8 хувиар буюу 361.1 мянган толгойгоор өсчээ. Сүүлийн өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар цас орж, өвс ургаад малчид ам сайтай байгаа аж. Тэд энэ жил өвөл өнжсөн хэмээн ярилцаж байна. Манай сурвалжлах баг тус аймгийн Цэнхэр сумын нэгэн эгэл малчныд саатсан юм. Залуу малчин Д.Батсайханых сумын төвөөс холгүй Гозгор гэдэг газарт өвөлжиж байна. Гэрийнх нь гадаа портер, трактор, хятад мотоцикль бүгд байна. Бас олон сувгийн зурагт, үүрэн телефоны утаснууд гээд орчин үеийн техник хэрэгсэл хотынхоос хол зөрөхгүй. Д.Батсайханы эхнэр Я.Норжмаа ”Энэ жил цагаан идээ эрт гарсан. 20-иод үнээ тугалсан болохоор өвөлдөө сүү худалдаж аваагүй. Малынхаа ашиг шимээс гадна ааруул, өрөм, нэрмэлийн архиа замын хүмүүст борлуулаад хэдэн төгрөг олчихдог” гэв. Өглөөхөн хамсан бололтой шинэхэн өрөм, мэхээртэй бор тос, ааруул, тараг зэргийг ширээн дээрээ өржээ. Тэднийхээр амралт, сувилал, аялал зугаалгын хүмүүс дайран өнгөрдөг учраас литр нэрмэл архийг 8000 төгрөгөөр худалддаг байна. Залуу хүмүүс гэхэд их хөдөлмөрч юм. Мал маллахаас гадна монгол гутал урлана. Дан сарьстай монгол гутлыг 180 мянган төгрөгөөр, давхар сарьстайг 250 мянган төгрөгөөр захиалгаар хийнэ. Харин угалзтай бол сая төгрөгөөс дээш үнэтэй бүтдэг ажээ. Малчид хоёр нарны хооронд ажилладаг ч энэ бизнесээрээ нутгийнхандаа танигдаж, захиалга ч тасардаггүй гэнэ. Мөн малдаа өгөх өвсөө гар болон трактороор хадаж бэлтгэдэг учраас гаднаас авдаггүй.
Бид гэрийн эзэн малдаа яваад ирэхтэй таарав. Эдний хот айлын өвөлжөө нам дор газар байдаг учраас хаваржаа шаардлагагүй шууд л зусландаа буудаг гэнэ. Энэ нутагт лав мал цангана, малыг хол тууж услаж зүдэрнэ гэж үгүй. Д.Батсайханы хаяагаар Цэцэрлэгийн гол Цэнхэрийн голтой нийлж урсана. Тэрээр “Манайх удмаараа малчин. Би тавдугаар ангиасаа мал маллаж эхэлсэн. Энэ хавар 170 гаруй бог төллөхөөс 140-өөд нь төллөсний цөөнгүй нь ихэрлэлээ. Мал тарга тэвээрэг сайтай байгаа учраас, зүдрэх юмгүй байна. Мал маллаж байгаагийнх мянгат малчин болох бодол бий. Гэхдээ аж амьдралынхаа төлөө л зүтгэж байна. Цаашид бод малаа түлхүү өсгөх бодолтой байгаа. 2010 оны зуднаар нэлээд хохирол үзэж сандарсан. Бог мал зуднаар амархан хорогддог учраас өсгөх сонирхол бага байна. Зарим газар бог мал хортой өвсний үндэс ухаж идээд үхэх тохиолдол гарч байна. Мал өвчилсөн бол эмчлэх гээд асуудал их гарна” гэлээ.
Тэднийх 400-аад бог, 100-аад бодтой бас уналгын хэдэн адуутай, мал малын захтай л айл юм. Гэрийн эзэн аймагтаа малчдын зөвлөгөөнд сууснаасаа хойш малын үүлдэр угсаагаа сайжруулах тал дээр анхаарахаар болсноо ч ярив. Эдний гурван хүүхдийн хоёр нь сумандаа дунд сургуульд сурдаг. Харин бага охин нь аав ээжтэйгээ хамт байна. Д.Батсайханых малын ашиг шим, өрхийн үйлдвэрлэл гээд жилдээ арав гаруй сая төгрөгийн орлоготой. Эднийх эр хонио 180 мянган төгрөг, ямаагаа 100 мянган төгрөг, сарлагаа 700 мянган төгрөгөөр борлуулчихна. Дээрээс нь төрөөс ноос, ноолуурын үнийн зөрүү өгч дэмжиж байгаа нь малчдад ихээхэн тус болдог байна. Сарын өмнөөс тэнгэрийн аяс харж эр ямаагаа самнажээ. Цасаар шуурч хүйтэрвэл эм ямаа осгох аюултай тул одоохондоо азнаж байна гэв. Ноолуураа үнэ нь өндөр байгаа үед 90 мянган төгрөгөөр борлуулж банкинд хадгалуулжээ. Тэгэхгүй бол аажимдаа ноолуурын үнэ унах гэмтэй гэнэ. Бидний дундах яриа олон сэдвээр өрнөсөн юм. Залуу хүний хувьд төрөөс малчны үнэмлэх, тамга, түүхий эдийн зөрүү гээд олон асуудлаар дэмжиж байгаа нь сайшаалтай хэрэг ч малчдын тэтгэвэрт суух насыг наашлуулах саналтай байгаагаа ч бидэнд дайсан юм.