Д.ОДОНТУНГАЛАГ
“Mind Tech” ургамлын тосны үйлдвэрийн гүйцэтгэх захирал З.Ганзоригтой ярилцлаа.
-Өндөр хүчин чадлын үйлдвэр хөдөө орон нутагт байгуулагдаж байгаа нь сонирхол татаж байна. Та үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ургамлын тос үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж байна. Манай үйлдвэр хоногт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор импортоор оруулж ирдэг хүнсний тосыг дотооддоо үйлдвэрлэх бололцоотой болно. Одоогоор манай үйлдвэрт Баянгол сумын 33 иргэн ажиллаж байна. Цаашдаа бид нийтдээ 120 хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтай байгаа. Манайх Герман улсын бүрэн автомат тоног төхөөрөмжтэй орчин үеийн үйлдвэр.
-Хуучин Сангийн аж ахуйн барилгыг сэргээж засч байгаа юм байна. Энд хэчнээн хүн ажиллаж байна. Тэд танай ажилчид болж үлдэх үү?
-Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрт 33 хүн ажиллаж байна. Бүгд Баянгол сумын иргэд. Тэд үйлдвэрийн үндсэн ажилчид болж манай үйлдвэрт үлдэнэ. Тэднийг мэргэжил олгох сургалтад хамруулан мэргэжилтэй ажилчин болгохоор ажиллаж байна.
-Танай гол түүхий эд рапс. Рапсынхаа тариалалтыг танай компани өөрөө хийдэг юм уу?
-Манайх газар тариалангийн компани биш учраас Герман улсын Rapool компанийн гибрид сортын үрийг оруулж ирж Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүдэд зээлээр өгөөд намар ургацыг нь хураааж авах байдлаар хамтран ажиллаж байгаа.
-Энэ сортын үрийн давуу тал нь юу байна?
-Энэ сортын үрийн га-гаас гарах ургац нь 25-30 тонн буюу өндөр гарцтай. Үр нь нэг га-д 3-4 кг-аар бага ордог. Гибрид гэдгийн утга нь үрээс нь үр гарахгүй. Манайх бол улсын хэмжээний том үйлдвэр. Бүрэн хэмжээгээрээ ажиллавал цаашдаа бид хоногт 300 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээрээ тосныг хэрэгцээг 100 хувь дотоосоо хангана гэсэн үг.
-Үйлдвэр бүрэн хэмжээнд ажиллавал ургамлын тосны үнэ хямд байж чадах уу?
-Бид дэлхийн зах зээл дээрх тосны ханшаар борлуулагдаж байгаа тосыг худалдан авч байгаа. Дотоодоосоо түүхий эдээ аваад, эндээ түүхий эдээ гаргаад, цэвэршүүлээд, шахаад хүн амын хэрэгцээнд зориулан дэлгүүрийн лангуун дээр очиход мэдээж гаднаас орж ирснээс харьцангуй хямд байх болно.
-Өнөөдөр танай үйлдвэр бүрэн хэмжээндээ хүртэл ажиллахад дутагдаж байгаа зүйл юу байна?
-Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт 75-80 хувьтай байна. Энэ хавар бид дахиад л гидрид үрээ Сэлэнгэ аймгийнхаа аж ахуйн нэгжүүдэд өгч, намар ургацыг нь авна гэсэн бодолтой байгаа. Энэ маань амжилттай байвал түүхий эдээр тасрахгүй гэсэн үг. Манайх хувийн компани учраас энэ том үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө дутагдаж байгаа. Яаманд төсөл өгсөн. Үүнийг маань дэмжээд өгвөл зүгээр байна. Одоогийн байдлаар бид 10 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байна.