Р.ОЮУН
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Одтой ярилцлаа.
-Танай аймгийн Эрүүл мэндийн газарт тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Олон асуудал бий. Монгол Улс урагшаа хөгжиж байна. Үүнийг дагаад бүх салбар тэр дундаа эрүүл мэндийн салбар ч урагшилж байгаа. 10, 20 жилийн өмнө эрүүл мэндийн салбар ямар төвшинд байсан бэ. Тэр бүү хэл жилийн өмнө ямар байсныг харьцуулахад урагшилж, дэвжиж яваа. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүдийн тогтвор суурьшил, боловсон хүчин, тэдний нийгмийн асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Мэдээж эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хангагдах ёстой. Үүний дараа мэдээж хариуцлага тооцох хэрэгтэй. Зарим нэг талдаа үнэхээр Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа. Санхүүгийн чадавх муутай байгаа тохиолдолд хариуцлага, чадварыг ярих ёстой байх. Гэхдээ бас үүнийг бодолцох хэрэгтэй гэж бодож байна.
-Сүүлийн үед танай аймагт сүрьеэ өвчин нэмэгдэж байна. Үүний шалтгаан юу байна вэ?
-Сэлэнгэ аймагт сүрьеэ өвчин ихэсч байгаа. 25 км-ын цаана Орос улс байна. Оросын Буриадын хүн амд үйлчилдэг том эмнэлэг ойрхон байдаг. Янз бүрийн халдварууд наашаа орж ирэх магадлал өндөр бий. Үүнээс гадна бэлгийн замаар дамжих халдварууд байна. Бусад аймгийг харж байхад хүн амын нягтаршил харьцангуй их байна. Үүнийгээ дагаад халдвар гарч ирдэг.
-Сэлэнгэ аймаг ОХУ-тай ойрхон байдгаас янз бүрийн халдварт өвчин орж ирэх магадлал өндөр гэлээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Халдварт өвчнөөс сэргийлэх талаар хийсэн ажил олон бий. Тухайлбал, “Глобал сан”-гаас Алтанбулагт нэг цэгийн үйлчилгээ байгуулсан. Гэхдээ тэндээс нэгэнт шинжилгээ хийж оруулж ирэхгүйгээс хойш энэ урсгалыг зогсоож чадахгүй. Бид орон нутаг, аймагтаа Эрүүл мэндийн яамнаас чиглүүлсэн, тэндээс гаргасан бодлогыг салбар, харьяаллын салбаруудыг удирдан зохион байгуулаад байж байна. Сүүлийн үед харьцангуй эерэг хандлагууд харагдаж байна. Сүрьеэ өвчнийг өнгөрсөн жилтэй харьцуулж харахад энэ жил нэмэгдэж байна. Харин халдварт өвчин тоон тохиолдлоор өнгөрсөн жилийнхээс сайн буурсан. Гэхдээ үүнд халдварт шар өвчин сайн буурсан байгаа. Энэ нь Эрүүл мэндийн яамнаас сайн бодлого явуулсан учраас тодорхой хэмжээний амжилт гарсан. Сэлэнгэ аймгийн хувьд тулгамдаж байгаа, бэрхшээлтэй зүйл байгаагаас гадна 2013 онд 0-1, 0-5 насны хүүхдийн эндэгдлийг улс, аймгийн дунджаас доогуур буулгаж чадсан.
-Танай оношлогооны төвийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?
-Эмчилгээ, үйлчилгээндээ орон нутагт байгаагүй шинэ зүйлийг хийсэн. Мэс заслын чиглэлээр орон нутагтаа дурангийн хагалгааг хийж эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газраас аймаг бүрт оношлогооны төвийг байгуулж байгаа. Оношлогооны төвүүд үйлчлүүлэгч, хөдөлмөрчдийн талархлыг хүлээж байна. Улаанбаатар, аймгийн төв рүү явдаг байсныг тодорхой хэмжээгээр буурууллаа. Манай оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа жигдрээд ирвэл олон үр дүн гарна гэж бодож байгаа.
-Таны бодлоор эмч, мэргэжилтнүүд юун дээр алдаад байна?
-Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харьцаа хандлага дээр манайхан жаахан алдаад байдаг тал бий. Улсын хэмжээнд энд тэнд ийм юм гарлаа гэхэд харьцаа хандлагын алдаа шүү дээ. Түүнээс яг мэргэжлийн алдаа гарч ирээд бужигнаад байгаа зүйл харьцангуй бага. Манай улсын эрүүл мэндийн салбар зарим нэг чиглэлээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Нөгөө талаас нь харахад хэцүү үйлчлүүлэгчид байна. Нэг эмчид ногдох ачаалал өндөр. Тэд хүн л юм хойно бухимдах, тэвчээр алдах асуудал байдаг. Харин ч харьцангуй хүлцэнгүй ажилладаг салбар чинь манай эрүүл мэндийн салбарынхан гэж ойлгодог. Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэм, тэгэхгүй бол суулаа, бослоо гэдэггүй. Харин ч өргөсөн тангарагтаа үнэнч, хүний төлөө явдаг. Эрүүл мэндийн салбарын материаллаг бааз сайжрах байх. Үүнийгээ дагаад харьцаа хандлага сайжрах байх гэж боддог.