Д.ОДОНТУНГАЛАГ
Монгол Улсын сайн малчин Цагааннуур сумын П.Олонбаттай мал махны үнийг хэрхэн зохицуулах, малчдад тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
-“Монгол мал” хөтөлбөр малчин та бүхэнд үр нөлөөгөө хэрхэн үзүүлж байна вэ?
-Малчдын мал, малаас ашиглаж буй түүхий эдийг ченжээр дамжуулахгүй сум бүрт брокер ажиллуулж шууд түүхий эдээ үйлдвэрт зарж борлуулах нөхцлөөр хангана гэсэн энэ ажил малчдад ямарч үр нөлөө үзүүлээгүй байна. Харин ч аймаг, сумын ченжүүдийн эрхийг баталгаажуулсан ажил болоод өнгөрлөө. Бүх малыг ээмэгжүүлж бүртгэлд хамруулна гэж бас л үр дүн муутай ажил байна. Ингэж хавтгайруулан ээмэгжүүлнэ гэж байхаар эцэг мал болон эрчимжсэн сайн үүлдрийн малыг ээмэгжүүлж бүртгэж авах асуудал илүү ач холбогдолтой байсан гэж би хувьдаа боддог. Малчид төр, засгаас мөнгө нэхээд хөнгөлөлт урамшуулал олгооч гээд сууж байдаг хүмүүс биш. Сүүлийн үед малчдад ноос, арьс ширэнд урамшуулал өгнө гээд улсаас малчид үйлдвэрлэгчдийг дэмжих нэрийдлээр үр ашиггүй олон тэрбум төгрөгийг төсөвлөж байна. Энэ мөнгөөрөө түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хугацаа алдахгүй барих асуудлыг хурдан шийдмээр байна. Урьд хөршийн мөнгөний урсгалыг хааж хэдэн жил малчдад урамшуулал олгохов дээ. Хонины ноосны урамшууллаар хивс, даавууны үйлдвэр, хонины арьсны урамшууллаар нэхийний үйлдвэр, үхэр, адууны ширний урамшууллаар булигарын үйлдвэр бариулвал улс оронд ажлын байр нэмэгдэж, түүхий эдийн үнэ өсч, ард түмний амьдрал сайжирна гэж би ойлгож байгаа.
-Мал махны үнийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Өнөөдөр махны үнэ өндөр байгаад хэрэглэгчид их бухимдалтай байна?
-Мал аж ахуйн гол бүтээгдэхүүн махны үнийн бодлогод санаа тавьж чадахгүй байна. Махны үнийг малчид биш ченжүүд өсгөдөг. Малчдаас мал авахдаа нэг кг маханд 1000 гаруй төгрөг нэмж зарж байгаа. Хорогдол гэж хасвал 1500 төгрөг нэмж зарж байгаа юм. Малчид өөрсдөө мал, махаа хот суурин газарт зарж борлуулахад хүндрэл учруулж чирэгдүүлдэг зүйл бол мал болон малын гаралтай түүхий эдэд гарал үүслийн бичиг бүрдүүлэх явдал. Дөрвөн даргаар гарын үсэг, тамга тэмдэг зуруулдаг хүнд сурталд малчид үнэхээр залхаж байгаа. Малчид өдөр тутмын хэрэгцээт зүйлээ малаа зарж борлуулж байж авдаг. Энэ амьдралын зайлшгүй шаардлага дээр үр хүүхэд, аав ээж, ах дүүдээ идэшний мал өгнө. Өөрсдийн бүхий л хэрэгцээг хангана. Гэтэл гарал үүслийн бичиг авдаг энэ хүнд суртлаас залхаад ченжид хэдэн малаа хямд өгч борлуулдаг. Гарал үүслийн бичгийг малын хулгайгаас сэрэмжилсэн ажил гэж цагдаа хуулийн байгууллагынхан хэлэх дуртай. Энэ бичгийг хийж өгснөөр малын хулгайг илрүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин ч малчдад чирэгдэл учруулж, хүнд суртал гаргаж, өөрсдийгөө ажил хийсэн болгож харагдуулах дүр зураг байна. Цагдаагийн ажлыг хөнгөвчлөх гээд энгийн ард иргэдэд чирэгдэл учруулж болохгүй ш дээ. Малчид бид улсынхаа хууль журмыг сахиж, иргэнийхээ үүргийг биелүүлэлгүй яахав. Замын цагдаа ялимгүй зүйлээр нээнтэглэн дарамтлах, хүний гадна төрх байдлаар ялгаварлан харьцаж буй үйлдэлтэй би хувьдаа эвлэрч чаддаггүй.
-Та чухам юуг нь өөрчлөөсэй гэж хүсч байна вэ?
-Энэ жил би 300 гаруй бог мал нядалж арьсыг урамшуулалд хамруулах санаатай сум орон нутгийн брокеруудад хэлэхэд зах зээлийн үнээс доогуур өгвөл урамшуулал бичнэ гэхээр нь шууд зах зээлд борлуулсан. Энэ мэтээр урамшуулал гэдгийн цаана арьс түүхий эдийн үнийг хязгаарлах далд бодлого байгаа юм. Малчид яагаад урамшууллаас татгалзаж байна. Мөнгө хүрэлцээтэй амьдрал боломжтой байгаадаа биш. Мал мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр нь худалдаж борлуулах сонирхол хамгийн их байна. Өнөөдрийн гурван төгрөгнөөс ирээдүйн таван төгрөг хэрэгтэй учраас энэ санааг хөндөж байгаа. Энэ байдал түрүүнд ч ийм байсан. Одоо ч ийм л байна. Шинэчлэлийн Засгийн газар малчин миний санаа оноог сонсох байх гэж ойлгож итгэж байна. Хэрэгцээтэй зүйлийн үнэ өсч, хэрэгцээ багатай зүйлийн үнэ буурдаг нь зах зээлийн жам ёс. Ченжүүд өөрсдийн мөнгөөр мал махаа худалдаж борлуулж байсан бол одоо төрийн мөнгөөр авдаг боллоо. Махыг үйлдвэрлэж байгаа малчин хүнд энэ мөнгө яагаад олддоггүй юм бэ. Үүнд л өөрчлөлт хийгээсэй.
* * *
П.Олонбат гуайн гэр бүл улаан загалмайн нийгэмлэгт 2002 онд элсэн орсон. Анхан шатны үүрээс нь эхлэн тус нийгэмлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж ирснээр гэр бүлээрээ “Нигүүлсэл” мөнгөн медальтан болоод байгаа. Сүүлийн жилүүдэд улаан загалмайд эхнэр нөхөр хоёр тус тусдаа хандив тусламж тогтмол үзүүлж, үйл ажиллагааг нь сурталчилж ажилласнаар эхнэр Т.Юра “Нигүүлсэнгүй үйлстэн” манлай малчин, П.Олонбат “Энэрэл” алтан медалиар шагнагдаж гэр бүлээрээ улаан загалмайч болсон онцлогтой гэр бүл.