Д.ЖАВХЛАН
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэнд өнгөрсөн сард тулааны спортод хөл тавьж байгаагаа зарласан. Түүнчлэн энэ сарын 5-нд Токио хотын Кокүгикан ордонд болсон анхны тулаандаа тэрээр ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч нь Японы тамирчин Савада Ацүши байлаа. Савада нь жүдо бөхөөр хичээллэж, Бүх Японы аварга болж байв. Мөн 2007 оноос мэргэжлийн тулаанд шилжсэн хашир туршлагатай тамирчин юм. Хоёр тамирчны тулаан таван минутаар хоёр үе явагдаж, хөндлөнгийн гурван шүүгч 20:17, 20:18, 20:18 оноог өгснөөр манай тамирчин эхний ялалтаа авлаа. Хошиказэ “Анхныхаа ялалтыг байгуулаад их баяртай байна. Их аварга Асашёорюү намайг тулааны урлагт хүч сорь, чи амжилт гаргаж чадна гэж зөвлөсөн. Цаашдаа Бээжингийн олимпийн аварга Ишийг ялж, Японы IGF холбооны хүнд жингийн аварга болох зорилготой байгаа. Тэгээд Америкийн UFC-д хүч үзэх болно” хэмээн ярьсан байна. Харин түүнд ялагдсан Савада Ацүши өчигдөр албан ёсоор зодог тайлснаа зарлажээ.