Д.Мөнх
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улсын 14 бүгд найрамдах улсын нийт 131 бөх өрсөлджээ.
61 кг-ын жинд түрүүлсэн буриадын бөх А.Богомоев шилдэг бөхөөр шалгарч “Лада-Гранта” маркийн суудлын авто машинаар шагнуулжээ. Харин түрүүлсэн бөх 60 мянган рубль, дурсгалын бүс, аман хүзүүдсэн бөх 40, гуравдугаар байр 20, алтан медаль хүртсэн бөхийн дасгалжуулагч 20 мянган рублийн урамшуулал хүртжээ.
Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүү, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээнээс урьд нь Б.Батзориг 2003 онд, Н.Золбоо 2010 онд хүрэл медаль авч байжээ. Олон улсын шүүгч Х.Ганболд, Ц.Сэрээтэр нар тэмцээнд шүүгчээр оролцсон юм.
Энэ тэмцээнд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Г.Өсөхбаяр, Р.Ууганбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар урилгаар очиж үзэж сонирхов.
Тэмцээнийг Буриад улсын ерөнхийлөгч В.В.Наговыцин, Ардын хурлын дарга М.Гершевич, Биеийн тамир, спортын агентлагийн дарга В.М.Бумбошкин, Улаан-Үд хотын дарга А.Голков, Оросын бөхийн төрлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хошой аварга А.Фазаев нар үзэж сонирхсон байна.
Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн анх 1996 оны аравдугаар сард зохиогджээ. Тус тэмцээн 1997 оноос ФИЛА-гийн тэмцээний хуваарьт багтах болж, 2003 оноос эхлэн “А” зэрэглэлийн тэмцээний ангилалд орсон байдаг. 2007 оноос тус тэмцээний хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн дөрвөн жинг оруулжээ.
Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
олон улсын тэмцээний дүн
ОХУ-ын Улаан-Үд хот, 2014 оны гуравдугаар сарын 29-30
57 кг 1. Омак Сюрюн /ОХУ/
2. Виктор Рассадин /ОХУ/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
3. Дондук-оол Хуреш-оол /ОХУ/
61 кг 1. Александр Богомоев /ОХУ, Дэлхийн цомын аварга/
2. Булат Батоев /ОХУ/
3. Виктор Банзаракцаев /ОХУ/
3. Вячеслав Ефимов /ОХУ/
65 кг 1. Ахмед Чакаев /ОХУ/
2. Менги Моортуй-оол /ОХУ/
3. Надырбек Улуу /Киргиз/
3. Иван Филиппов /ОХУ/
70 кг 1. Буянжавын Батзориг /“Хилчин” спорт хороо/
2. Арсалан Будожапов /ОХУ/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/
3. Эламан Донгурбек Уулу /Киргиз/
74 кг 1. Иса Даудов /ОХУ/
2. Иннокентий Иннокентьев /ОХУ/
3. А.Суфиев /Тажик/
3. А.Хуцистов /ОХУ/
86 кг 1. Альберт Саритов /ОХУ/
2. Омар Магомедов /Беларусь/
3. Магомед Зубаиров /ОХУ/
3. Артур Алборов /ОХУ/
97 кг 1. Магомед Мусаев /Киргиз/
2. Семен Семенов /Казахстан/
3. Карапет Арутюнян /Армян/
125 кг 1. Юрий Белоновский /ОХУ/
2. Балдан Цыжипов /ОХУ/
3. Сергей Смертев /ОХУ/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/
Эх сурвалж www.polit.mn