Б.Туул
Монголд амьдарч буй украинчууд болон Украин улсад мэргэжил боловсрол эзэмшиж, ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн үе үеийн төгсөгчид өчигдөр нэгэн дээвэр дор цуглав. Хоёр улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ өдрийг зарим нь “Энэ бол бидний хувьд төрсөн өдрийн баяр тохиож буйтай адил зүйл” хэмээн тодотгож байсан юм. Учир нь Монголд амьдарч буй украинчууд болон Украин улстай хамтран ажилладаг хэн бүхний хувьд энэ өдөр олон баяр тохиосон чухал өдөр байв. Энэ үйл явдлын эхэнд Украин улсаас Монгол Улсад суух өргөмжит консултай болсон явдал тэмдэглэгдэнэ. Хоёрдугаарт Монгол болон Украин улсын хооронд харилцан визгүй зорчих болсон тухай таатай мэдээ багтана. Гуравдугаарт, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй украин иргэдийн төлөөллөөс бүрдсэн баг хамт олон хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын иргэд хоорондын үйл ажиллагааг дэмжих зорилготой “Монгол дахь украинчууд” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
Ёслолд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаныхан, Украин улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консул, хатагтай Лилия Самойлова нар хүрэлцэн ирж оролцов. Мөн Украин улсаас Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэд болон Монгол-Украины найрамдлын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд, Украин улсын их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм. Хэдийгээр хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон байдаг ч түүх сөхвөл Украин улсад эрдэм мэдлэг өвөртлөхөөр явсан монгол залуусын цуваа түүнээс ч өмнө хөвөрчээ. Өнөөдөр тус улсад мэдлэг боловсрол эзэмшиж ирээд, улс эх орныхоо бүхий л салбарт түүчээлэн ажиллаж буй монгол залуусын тоо хэдэн зуугаар үл хэмжигдэж, мянга хол давсныг бид мэднэ. Тухайлбал манай улсын аж үйлдвэр, уул уурхайн салбарт ялангуяа, “Эрдэнэт” үйлдвэр, хотын бүтээн байгуулалтад Домбасс нутаг, Украины олон арван мэргэжилтэн оролцож, тэнд үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжийг ашиглаж байсныг монголчууд сайн мэднэ. Мөн Донецск, Луганск, Мариупаоль (Жданов), Кривой-Рог, Киев, Харьков зэрэг хотод төгссөн олон монгол залуус, уул уурхайн салбарт одоо ч амжилттай ажиллаж яваа юм. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотод л гэхэд Киев, Донецск, Одесса, Терновск, Кривой Рог, Запорожье, Мариупаоль (Жданов), Львов, Харьков хотод их дээд сургууль төгссөн 100 гаруй хүн ажиллаж амьдардаг. Энэ мэтчилэн хоёр орны ард түмнийг холбосон түүхэн үйл явдлуудыг энэ үдэш цугласан үе үеийн төгсөгчид, салбар салбарт ажиллаж яваа мэргэжилтнүүд дурсан ярилцлаа. Хоёр орны иргэдийн төлөөлөл дунд Украин улсын их сургууль төгссөн монгол төгсөгчдийн дийлэнх нь улс орныхоо бүхий л салбарт тэргүүлэн ажиллаж байгаа, урлаг соёл, шинжлэх ухаан, боловсролын салбар, нам улс төрийн чухал эрэмбэнд нэр, зүстэйгээ дурдагддаг эрхмүүд хүрэлцэн ирсэн байв.
Харилцан визгүй зорчино
Монголд одоогоор 200 гаруй украин иргэн ажиллаж, амьдардаг. Украин улсад мөн тэр тооны монголчууд байдгаас 150 орчим нь их дээд сургуульд суралцдаг оюутнууд юм. Харин Монголд амьдарч буй украин иргэдийн хувьд, албан ёсны бүртгэл мэдээлэл байдаггүй нь өнөөдөр тэднийг “Монгол дахь украинчууд” ТББ-ыг үүсгэн байгуулах бас нэгэн шалтгаан болжээ. Энэхүү төрийн бус байгууллага нь “Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, Украйн улсын хэл соёл, ёс заншлыг Монголд сурталчилан таниулах, манай улсад ажиллаж, амьдардаг украйн иргэдийн хооронд ажил хэрэгч харилцаа холбоог тогтоож, албан ёсоор бүртгэлжүүлэн хамтран ажиллах, хоёр улсын эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах гарцыг хайх, зуучлах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилготой” гэдгийг Удирдах зөвлөлийн гишүүн Демидас Анатолий, Анастасия Жукова нар онцолж байв.

Украин улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консул, хатагтай Лилия Самойлова хэлсэн үгэндээ “Өмнө нь хоёр орны иргэд хоорондоо урилгын дагуу харилцан 90 хоногийн хугацаатай визгүй зорчдог байсан. Тэгвэл энэ удаа Монгол болон Украин улсын харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ сарын 8-нд гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрийн дүнд Монгол Улсын энгийн паспорттой иргэд 30 хоногийн дотор Украин улс руу визгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдсэн. Энэ нь Монгол Улсад суугаа украин иргэд болон тус улсад сургууль төгссөн олон зуун монгол иргэн, оюутан залуусын хувьд олон боломжуудыг нээж өгсөн чухал арга хэмжээ болж байна. Мөн цаашлаад хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарт ч гэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна” гэв. Мөн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад энэ сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулан өгсөн. Ингэснээр өргөмжит консул үүрэгт ажлаа албан ёсоор эхлэж, үйл ажиллагаагаа сэргээж байгаа. 2019 онд хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, өргөжүүлэх олон чухал ажил амжиж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Тиймээс хоёр улсын түүхэнд үлдэх чухал мэдээллүүдийг нэгтгэн “Монгол дахь Украйнчууд” ТББ энэхүү албан ёсны арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийн сонссон юм.
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Украин улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат:
-Хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай. Гэсэн ч 1990-ээд оны сүүлч, 2000 оноос хойш энэ харилцаа нэлээд саарсан. Энэ хугацаанд Украин улсад ажиллаж амьдардаг монголчууд, Монгол Улсад гэр бүл болж, ажиллаж амьдарч буй украин иргэд олон болсон. Дээрээс нь манай улсын олон зуун залуус Украинд их сургууль төгсөж ирсэн. Эдгээр иргэд өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшилд гар бие оролцож, хүчин зүтгэж байна. Монгол Улсын хөгжил дэвшил яах аргагүй Украин улсын шинжлэх ухаан, боловсролын салбартай уялдаа холбоотой явж ирсэн. Тиймээс Монгол дахь өргөмжит консулаар дамжуулан Монголд, Украин улсын цаашдын хамтын ажиллагаа, худалдаа, соёл боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
“МОНГОЛ ДАХЬ УКРАИНЧУУД” ХОЁР ОРНЫ НАЙРСАГ ХАРИЛЦААНЫ ГҮҮР БОЛНО
“Монгол дахь Украинчууд” ТББ-ын гүйцэтгэх захирал Демин Игорь:
-“Монгол дахь Украинчууд” ТББ нь хоёр орны ард иргэдийн хэл соёл, эв саналыг нэгтгэж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хоёр улсын бизнес эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжуудыг нээж өгөх зорилготой юм. Европын орнуудаас Украинд цөөнгүй монголчууд ажиллаж амьдардаг. Мөн Монголд ч гэсэн албан бус тоогоор 200 гаруй украин иргэд ажиллаж, амьдардаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Тиймээс “Монгол дахь Украинчууд” ТББ нь хоёр оронд суралцаж буй оюутан залуус, ажиллаж амьдарч буй иргэдийг албан ёсоор бүртгэлжүүлэх, тэдгээр иргэдийг хамгийн сүүлийн үеийн үнэн зөв мэдээллээр хангах, харилцан хамтран ажиллах, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гээд олон чухал ажлыг хийхээр төлөвлөж байна. Ялангуяа “Монгол дахь Украинчууд” ТББ-аар дамжуулан хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах боломжоор хангах, харилцан мэдээлэл солилцох, салбар бүрт туршлага судлах зэрэгт энэ байгууллагын маань үйл ажиллагаа ихээхэн ач холбогдол өгнө гэж харж байна. Монголд ажиллаж, амьдарч буй украйн иргэдийн хувьд, Монголын бизнесийн орчин боломжийн гэсэн дүгнэлтийг өгдөг. Тиймээс Украин улсын зүгээс бүхий л салбарт худалдаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Ялангуяа, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах олон боломжууд бий гэж хардаг. Тиймээс цаашид хоёр орны бизнес эдийн засгийн салбарт хамтран ажиллах олон боломж, бизнес санаа урган гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)