С.УЯНГА
Жилийн өмнө яг л өдийд хоймор нутагт очиж байв. Цасан бүрхүүл өмссөн Тужийн нарс, Сайханы хөтлийн үзэсгэлэнг бахдахын зэрэгцээ басхүү өдөн куртиктэй жиндэж байсан санагдана. Гэтэл өнөө жил урт намар налайж байна. Сурагчид дүрэмт хувцастайгаа гүйлдэж, ногоочид ургацаа дэлгэсэн харагдана. Ёстой л хааяагүй даашинзтай явахаар дулаан байна хэмээн бүсгүйчүүд хошигнож байх юм.
Сэлэнгэ бол атрын анхагчдын өлгий нутаг. Тэр ч утгаараа энэ нутгийнхны уйгагүй хөдөлмөрийн үр шимээр бүтсэн ногооны амт чанарыг юутай ч зүйрлэмгүй гэдэг. Энэ жил атрын 60 жилийн ой тохиож аймаг орон нутгаараа эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа гэнэ. Ажил мэргэжил, сум баг харгалзахгүй атрын ойгоо амжилттай угтана гэцгээсэн хүмүүс байна. Үүний нэгхэн илрэл нь Сэлэнгийнхэн 21 аймгаас анх удаа хүн бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгтэй байя хэмээн уриалж томоохон чуулган хийсэн юм. Үүнд ажилчин, малчин, ногоочдоос эхлээд хүн нэг бүрийг орхигдуулахгүй хамруулахыг зорьжээ. Бид ч гэсэн тэрхүү чуулган дээрээс сурвалжлагын баатраа олж авав. Тариа ногоо тарьдаг хүнтэй уулзахаар сураглахад солонгосынхоос амттай кимчи дардаг бүсгүй хэмээн хэд хэдэн хүн түүнийг нэгэн дуугаар зааж өглөө. Ингээд сумын хошой, аймгийн аварга ногоочин Д.Нямдуламтай уулзаж, Алтанбулагт байх гэрт нь яриа өрнүүлсэн юм.
Д.НЯМДУЛАМЫН ДАРСАН КИМЧИ СОЛОНГОСЫНХООС ДУТАХГҮЙ

Д.Нямдулам барилгачин мэргэжилтэй ч одоо бол аварга ногоочин. Баруун хязгаарт төрж өссөн тэрээр Ховдоос Сэлэнгийн сангийн аж ахуйд илгээлтийн эзнээр томилогдсон ахыгаа дагаснаар тэдний гэр бүлийнхний хувь заяа энэ нутагтай холбогджээ. Ээж нь нутагтаа дэлгүүрийн худалдагч байсан бол Сэлэнгэд ирснээр мал маллаж, ах нар нь илгээлтийн эзэд болж, Д.Нямдулам ногоочин болсон байна. Гэр бүлийнх нь амьдралын хэв маяг, хувь заяаг нь өөрчилсөн гэмээр тэр цаг үеийн дурсахдаа “1975 онд тэвштэй машинтай бас нэг айлынхантай хамт нүүж ирж байлаа. Тэр үед би хоёрдугаар анги байсан. Алтанбулагт арван жилээ дүүргэж Дарханы барилгын техникум төгсөөд гэр бүлийн хүнтэйгээ танилцсан. Тэгээд нөхрийгөө дагаж ногоочин болсон. Нөхөр сангийн аж ахуйд ногоочин, би эхний зургаан жил цэцэрлэгт багшиллаа. Сангийн аж ахуйнхан тэр үед байцайгаараа алдартай. Улсын гурван удаагийн аварга болж байлаа. Сүүлд багшаасаа больж ногоочин болчихоод байцайны үрсэлгээг бол нүдээ аниад л хийнэ.Тэвштэй машинд 14-15 тонноор нь ачаад хот руу явуулна. Оросын слава сортын байцай хамгийн амттай, дээр нь том. Нэг байцай 13-15 кг илүү татна. 120 гаруй хүн 50 га-д тарина. Хүн бүр нормтой. Нэг хүнд 50 сорт газар өгөөд 10 тонн байцай тарьдаг. Урамшуулал ч сайн байлаа. Сүүлд Сангийн аж ахуй татан буугдахад гэр бүлээрээ сургуулийн ногоочин болохдоо бас л байцайгаа тарьсан даа. Хоёр айл л 60 тоннын вагонд ачуулна гээд боддоо. Галт тэрэг тогтсон цагтай учраас бараг өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Тэгээд 1996 онд өмчлөлөөр нэг га газар аваад хувиараа ногоо тарьж эхэлсэн” гэв.
Эднийх 20 гаруй жил ногоо тарихдаа голдуу байцайгаар дагнажээ. Одоо ч гэсэн байцайгаа брэнд болгож, амттай кимчи дардгаараа нутагтаа алдартай нэгэн. Харин 2002 онд Алтанбулагаас хориод км-т нэг га газар өмчилж авахдаа байцайгаа олон төрлийн ногоогоор төрөлжүүлсэн байна. Тухайн үед өдөр шөнийг үл харгалзан хөдөрлөсөн ногоогоо хот руу зах зээл хол учраас ченжүүдийн гараар дамжуулж хэтэрхий хямд өгч, “шатаад” орхиж байсан удаатай. Гэсэн ч жил гаруй хотод ажиллахдаа “Чаддаг ажлаа л хийе” гэж ирээд ногоогоо тарьж эхэлсэн талаараа “Буцаж ирээд ногоогоо төрөлжүүлж Сэлэнгэ, Дарханд нийлүүлдэг болсон. Эхлээд дан байцай тарьдаг байсан болохоор өөр ногоо тарихаар эхний жил алдана. Дараа жилээс нь үрийн сонголтоос эхлээд суралцана. Сармис гэхэд таван жил тарьж байна. Одоо бол байцай, лууван, сонгино, цагаан лууван, кимчиний байцай, сармис, навчит ногоонууд, хүрэн манжин, юуцай, бууцай гээд арваад төрлийн ногоо тарьж байна. Судалж байгаад арай илүү зарагдах ногоонуудаа ахиу тарьдаг. Энэ жилээс дун тарьж эхэлж байгаа” гэсэн юм.
Эднийх байшингаа анх 1995 онд барихдаа л зоорийг нь төлөвлөхөө мартсангүй. Гэрийн зоорь нь бага хэмжээтэй ч 1000 шил өргөст хэмх, ойр зуурын ногоогоо хадгалчихна. Нутгийнхны хэлснээр Д.Нямдуламын кимчины амт онцгой юм билээ.Солонгосынхоос дутахгүй гэж үнэлдэг нь оргүй бололтой.
Тэрээр ногоонуудаа даршилж эцсийн бүтээгдэхүүн болгож зарахыг зорьж байгаа талаараа “Манайх ногоогоо даршилж борлуулдаг. Байцайгаар төрөл бүрийн салад хийнэ. Харин кимчиний байцайгаа тусад нь тарина. Зооринд дарж хадгалж байгаад задгайгаар зардаг. Энэ жилээс цагаан луувангийн кимчи хийж эхэлсэн. Хүмүүс ам сайтай эрэлттэй байна. Ер нь л шилэнд даршилсан ногоог цагаан сар хүртэл зарчихдаг. Хүмүүс яаж ингэж гоё даршилдаг юм гэдэг. Сургалтад суугаад, оросын сувгуудаас харна. Тогооч дүү зөвлөнө. Заримдаа өөрөө янз бүрээр даршилж амталгаа хийнэ. Мөн ч олон туршилт хийсэн дээ. Гэр дотор бол багахан хэмжээний амталгааны төв ажилладаг” гэж байна. Ногоогоо суулгах, тарих, хураахаас гадна хальсалж, хэрчиж даршилна гээд бяцхан үйлдвэр ажиллаж байдаг бололтой.
ОРГАНИК НОГООЧИН

Хавар гуравдугаар сарын сүүлчээс намрын эхэн сар хүртэл ногоочид амсхийх завгүй ажилладаг.Тэдэнд хаврын нэг өдөр намрын 10 өдөртэй тэмцэх хэмжээний үнэ цэнэтэй гэлцдэг. Тэгвэл эднийх ч гэсэн яг л энэ зарчмаар хаврын өдрийн нэг ч хормыг алдахгүй байхыг хичээдэг тухайгаа гэр бүлийн хоёр ярьж байлаа. Тэд “Гуравдугаар сарын сүүлчээр үрсэлгээ хийж сарын дараагаас сармис лууван, байцай төмсөө тарина. Хамгийн сүүлд зургадугаар сард өргөст хэмхээ суулгадаг. Ургац хураалт наймдугаар сарын 20-ноос эхэлнэ дээ. Энэ хооронд усална, зэрлэг зулгаана гээд ногооны талбай дээрээ л өнждөг. Өглөө үүрээр гараад бүрэнхийд орж ирнэ.
Ногоо хураана гэдэг бас чимхлүүр ажил. Байцайг хураахад учиртай. Оройн байцайг үндсээр нь сугална. Сүүлийн 2-3 жил лууван, манжин, төмсөө сургууль, цэцэрлэгт нийлүүлчихдэг байсан бол энэ жилээс байгууллагууд өөрсдөө ногоо тарьдаг болж байцайгаа багасгасан. Сургуулийн талбай манай хажууд байдаг болохоор усалгаагаа манайхаас авдаг” гэж байв.
Эднийх хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж ямар ч химийн бордоогүй органик ногоо тарьдаг байна. Органик ногооны төсөлд хамрагдаж сургалтад сууж хөрсний шинжилгээгээ бүгдийг нь өгчээ. Тэд “Химийн бордоо хэрэглэхээс татгалзаж байгаа. Ногоогоо бууцны шингэн, халгайны зэрлэгээр бордчихдог. Халгай тэр аяараа азот байдаг. Халгайг зэрлэгтэй нь хольж эсгээд бордчихдог. Энэ жил “Газар шим” компанитай гэрээ байгуулж өргөст хэмхээ борлуулсан.
Хүмүүс нэг га газар гэхээр юу ч хийж чадахгүй юм шиг голдог. Бид ч гэсэн анх га газартаа бүгдэд нь байцай тарина гэж боддог байлаа. Гэтэл одоо арав гаруй төрлийн нарийн ногоо тариад жилдээ 10 гаруй сая төгрөгийн орлоготой. 20 сорт газраас 1000 шил өргөст хэмх дарлаа гэхэд шил, тагны мөнгөө хасахад гурван сая төгрөг олчихно. Га газартай хүн бол хангалттай сайхан амьдарна” гэлээ.

Гэр бүлийн хоёр хэтдээ нарийн ногооныхоо төрлийг олшруулж хүлэмжийн аж ахуй эрхлэх, зарим ногоогоо айлын зооринд хадгалуулдаг учраас хашаандаа зоорь барихаар төлөвлөсөн ч худаг ухаад ус гарах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Харин ногооны төрлөө олшруулахаар энэ жил ач, зээ нартаа гүзээлзгэнэ тарьж өгсөн байна. Цаашид их хэмжээгээр тарьж борлуулахаар судалж байгаа аж.
Биднийг ийнхүү яриа дэлгэж суутал гэрийн эзэн У.Чинбат орж ирэв. Тэрээр 17-км-т байх ногооны талбайгаа эргэх, худалдааны төвүүдээр явж борлуулалтаа өгөх гээд завгүй их ажилтай. Ногоочид өвлийн хэдэн сар амсхийдэг бол эднийх тийм биш. Гэргий нь ногоогоо даршилж, нөхөр нь сав баглаа боодол дөхүүлэх, борлуулалтаа хүргэсээр байгаад л сар шинэтэй золгочихдог гэнэ. У.Чинбат дараагийн борлуулалтаа хүргэхээр гарах зуураа “Ногоо тарина гэдэг үрсэлгээнээс эхлээд чамбай хөдөлмөр шаардана. Харин талбайдаа очоод ургасныг нь харахад л үнэхээр сайхан даа. Тэр үед хөдөлмөрийнхөө үр шимийг мэдэрдэг. Бид эрүүл органик хүнс иргэдэд борлуулахын төлөө чармайдаг. Гэтэл хөлсөө дуслуулж тарьсан ногоогоо ченжүүдэд хямдхан өгөхөөр харамсалтай санагддаг. Ченжүүд биднээс авсан ногоогоо хэд нугалсан үнээр хэрэглэгчдэд өгч байна. Их зөрүү гарна шүү дээ. Уг нь ногоочдыг сумаар нь ч юм уу хотын нэг дүүрэгтэй холбоод 10 хоног зогсоход л хангалттай. Ченжээр дамжуулахгүйгээр борлуулах төрийн зохицуулалт хэрэгтэй. Хэрэглэгчдэд чанартай ногоог гар дээрээсээ худалдахыг хүсч байна.
Ногоочин хүнд сайхан үе их. Бэрхшээлтэй цаг ч бий. Ногооны талбай руу мал орчих гээд шөнөжин харж хононо. Ер нь хүний хөдөлмөрийн үр шимээр бүтсэн бүхэн л хамгийн сайхан. Манай аймаг ногоочдоо сайн ойлгож дэмждэг. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Аймгийн Засаг дарга гурван хүний дунд нэг зоорь барьж өгье. Нүхийг нь ухаж өгөөд гоожинг нь сумтай ярьж өгье гэсэн” гэлээ.
Яриа өндөрлөж биднийг үдэхээр гаргахад ач, зээ нар нь бужигнасаар орж ирлээ. Эдний гурван хүүхэд бие даацгааж дөрвөн зээ, хоёр ачаар бүл нэмж өнөр болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.11 ДАВАА №223 (6190)