Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.  “Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн Төв талбайд жагсаж,  Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуудлаар хотын удирдлагуудаас мэдээлэл авав.   Энэ талаарх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Х.Нямбаатар: Төслийг гурван шатны шүүх л зогсооно, гаднын байгууллагатай хатуу гэрээ хийсэн

 

Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Туул голын хурдны замын асуудлаар мэдээлэл өгөв.  Тэрээр “180 мянган машин Туулын хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоог камерын хөдөлгөөн бүртгэлд суурилан хийсэн. Зам ашиглалтад орсны дараа НИТХ төлбөртэй байх уу гэдгийг шийднэ. Эхлээд замаа л барих хэрэгтэй байна. Энэ замыг зогсоосон хүмүүс хариуцлагыг нь хүлээнэ. 300 хүн, 200 техниктэйгээр өдөрт 12 цаг ажиллаж байна.  2027 оны долоодугаар сарын 1-нд замын зорчих хэсгийг л нээнэ. Барилгын ажлын үед байгаль орчинд үзүүлэх нөлөө дунд, бусад үед буюу ашиглалтад орсны дараа  бага гэсэн байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны дэргэдэх мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл  гарсан. Иймд бид замын ажлыг эхлүүлсэн.  Энэ онд  нийслэлийн төсвөөс 800, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Учир нь 2027 оноос нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагагүй болно, том төслүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид бондын эргэн төлөлтөө тооцоолсон гэв. 

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

- УИХ орон нутгийн эрх мэдлийн асуудлыг ярих ёсгүй. Түвшин түвшиндээ ярих ёстой. Аймгууд бонд гаргах гэж байна. Өмнөговь 500 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байна. Тэр ажлыг бас бид энд яриад нураах юм уу.  Хуулийн хүрээнд байя. Завханд Гэгээн нуур үүсэж, Говь-Алтайн усны эх үүсвэрийг усан цахилгаан станцаар хангаж байна. Ер нь мега төслүүдийг ингэж эсэргүүцдэг жам байх шиг байна.

 

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Би төсөв ярих гэж орж ирсэн. Энэ зам маш үнэтэй байна. Аль компани зураг төсвийг гаргасан бэ.  Би хариултаа авч чадсангүй. П.Сайнзориг гишүүн хэний хүн билээ гэдгийг бид бүгд мэднэ. Улс төржих гэж орж ирээгүй.

 

Хотын дарга Х.Нямбаатар:

-"ЭСТО" компани Богд уулын хойдох авто замыг барьсан. Уулын ажил маш их хийх тул энэ замыг өргөтгөх, шинэ эгнээ нэмэх боломжгүй хөрсний гулгалт, чулуунаас хамгаалах түшиц хана хийгээгүй, ажлаа дутуу хийсэн.  Туулын хурдны зам 13 жилийн түүхтэй. Энэ замын эхний трассыг Зам тэврийн яам гаргаж, нийслэл дахин ажиллаад одоогийн трассыг гаргасан.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

 -Хэдүүлээ хэзээ мэтгэлцэж сурах вэ.  Бид улс төрчид шүү дээ. Мэтгэлцэх нь бидний ажил. Гэтэл дэмжихгүй гэснийх нь төлөө улс төржлөө гэх юм. Би нийслэлийн зарим ажлыг дэмждэг. Сэлбэ голын төслийг дэмжээд, амаа жимийгээд, хэзээ дуусах бол гээд хүлээж байна. Туулын хурдны замыг яагаад эсэргүүцэв гэхээр 2.3 их наяд төгрөгийн төсөв нэмэгдэнэ. Энэ бол маш их мөнгө. Үүнийг УИХ ярих ёстой. Засгийн газар энэ төсөлд өрийн баталгаа гаргаж өгсөн. Үр дагавар нь маш ноцтой шүү. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том төслүүд л хийе гэсэн бодол олон хүнд байна. Богд уулыг нүхэлнэ, Өөдөө тэмүүлэх гүүр барна гэх мэтээр баахан мөрөөдсөн. Үүний үлдэгдэл нь Туулын хурдны замын төсөл юм. Төрийн мөнгөөр ийм том төсөл хэрэгжүүлэх нь ялангуяа энэ цаг үед маш их эрсдэлтэй.

 

УИХ-ын гишүүн Т.Алдаржавхлан:

-УИХ-ын гишүүн асан хүмүүс Туулын хурдны замын төслийг маш өндөр зохион байгуулалттайгаар харлуулчихлаа. Энэ төслийг харлуулчихсан. Ийм нөхцөлд нийслэлчүүдээс санал асуугаад үр дүн гарах уу. Энэ зун трамвайн төсөл эхэлнэ. Олон улсын тендер явуулахаар бэлдэж байна. Энэ төсөл рүү л битгий дайраарай гэж гуйя. Энэ төсөл нийслэлчүүдэд их хэрэгтэй шүү.

Хотын дарга Х.Нямбаатар:

 -Энэ төслийг гурван шатны шүүх л зогсооно. Гаднын байгууллагатай гэрээ хийсэн тул гэрээг цуцалбал хот маш их алдагдал хүлээнэ. Ард нийтийн санал асуулгыг энэ төслийн талаар явуулах хуулийн боломж байхгүй гэлээ.

Улмаар байнгын хорооны хуралдаан нэлээн ширүүхэн өрнөж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч  Т.Даваадалайтай маргалдаж, гар хүрсэн асуудал Төрийн ордонд болов. Хуралдааны танхимын гадаа болсон үйл явдалд УИХ-ын гишүүн тайлбар өгөөгүй ч хуралдаанд эргэн орж ирснийхээ дараа нийслэлийнхний хандлагаас болоод ёс зүйгүй үйлдэл гаргачихлаа, Т.Даваадалайгаас уучлалт хүсье гэсэн юм. Түүнчлэн  Ерөнхий сайд Н.Учрал байнгын хорооны хуралдаанд оролцож, Туул голын хурдны замыг шалгах ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдэв.

 

"Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс  АТГ-т ханджээ

 

  "Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс  АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэв.Энэ төсөлд нийслэлээс нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулсны 400 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Hywya group-т олгожээ.   Бүтээн байгуулалт эхэлсэн ч Туулын хурдны замын нарийвчилсан зураг төслөө Усны газарт өнөөг хүртэл ирүүлээгүй. Мөн усны инженер Г.Мөнх-Эрдэм, Д.Мөнхзориг нар "Миний нэрийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нүүр хэсэгт тавьжээ. Би энэ ажилд оролцоогүй тул залруулга гарга" хэмээн шаардсан юм. Иймд "Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс АТГ-т гомдол санал гарган, тус төслийг шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 62 (7804)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

45 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

5 цаг 37 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

6 цаг 7 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

2026-07-02
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

2026-07-02
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

2026-07-02