Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга Монгол Улсын тэргүүний тариаланчийн тоог нэгээр нэмэн аймгийнхаа нэрийг гаргалаа. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж шагнасан Монгол Улсын Засгийн газрын цомыг аймгийн Засаг дарга өргөө гэрт нь гардуулан хүндэтгэл үзүүлсэн юм. Л.Аваргынх 100-гаад тоннын зоорьтой. Түүний аав Лувсан нутаг ус, Сэлэнгэ түмэнд хүндлэгдсэн сайн инженер, сайн анчин хүн байсан. Тэднийх 1989 онд хашаандаа 10 гаруй тонн багтаамжтай зоорь барьж өдгөөгийн энэ гэр бүлийн хүнс ногоотой харьцах анхны гарааг тавьжээ. Аварга эцэг эхээс долуул. Айлын отгон хүү. Аавыгаа бага балчраасаа дагаж явсаар техникт сонирхолтой болж улмаар Алтанбулагийн техникумд орж суралцжээ.
“Ногоотой холбоотой болох суурийг аав ээж маань тавьсан. Тэднийхээ өсгөн хүмүүжүүлсэн хүмүүжил, арга ухаанаар өдий зэрэгтэй явна. Аавынхаа хөдөлмөрийг цааш нь үргэлжлүүлэхийг л зорьсон. Миний аав нэг их олон юм хэлдэггүй, машин техник эврэхэд юунаас болж эвдэрсэн цаад шалтгааныг нь олох ёстой гэж хэлдэг хүн байсан. Ямарваа нэг юмыг сэтгэлээсээ хийж чадвал эргэж хариу нь ирдэг юм гэж байнга захина. Аав маань зах зээлд орсон анхны жилүүдэд арвайн гурил хийж байсан юм. Тэр үед арвайн гурил түүхий гурилтай ойролцоо үнэтэй байсан” гэж хүү нь дурсан ярив. Ийнхүү нэг хэсэг арвай тариалахаа завсарласан байсан бол өнгөрсөн жилээс сэргээн эхэлжээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнийн халдвар арвай, Ховдын хожгор арвай гэдэг хоёр сортыг тарьж их сайн ургац аваад байгаа. Ховдын хожгор арвайгаас 100 килограммыг нэг га-д тариад дөрвөн тонн, Хөвсгөлийн халтар арвайгаас 500 кг-ыг тариад 16 тоннын ургац авч одоо гурил хийх бэлтгэлээ хангаж байна. Хотоор явж сав баглаа боодлоо судлаад иржээ. Эднийх чулуун тээрэм ашигладгаараа онцлогтой.
Монгол Улсын аварга тариаланч Л.Аварга энэ жил 2-3 сортын төмс, тагар сонгино, манжин, арвай, овъёос болон хүлэмжийн нарийн ногоонуудыг тариалсан. Ногооныхоо сэлгэн тариалалтад арвай будаа тарьжээ. Борлуулалтаа голдуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хийнэ. Эрт ургацаа Улаанбаатарт борлуулна. Цагаантолгойн хувьд улсын хэмжээнд хамгийн эрт ногоо гардаг онцлогтой газар гэдгийг Л.Аварга онцоллоо. Тэрээр зундаа 3-4 хүнийг байнгын, 30 хүртэл хүнийг түр ажлын байраар хангадаг. Өнгөрсөн намар барилгын коллежийн оюутнуудыг авч ажиллуулжээ.
Аваргын ээж М.Баасанхүү 1956 онд Цагаантолгойн сангийн аж ахуйд ирснээсээ хойш өнөөг хүртэл эндээ амьдарч байна. Хэдэн хүүхэд маань сайн сайхан яваа маань олон түмэн, эх орон, нам засгийн минь ач буян хэмээн хөгшин залбирч байлаа.
Аваргын аав Цагаантолгойн сангийн аж ахуйн инженер механикийн албыг хашиж явсан. Шинэ бүтээл оновчтой санал, бүтээлээрээ улсын уралдааны алтан медальтай хүн байжээ. 10 гаруй шинэ бүтээл хийсэн байдаг. Айлын отгон хүү Аварга 2002 оноос эхэлж ногоо тариалсан. Газар тариалангийн салбартай Алтанбулагийн ТМС-ийг 1993 онд төгсөж ирсэн цагаасаа хойш сууршилтай ажиллажээ.
Ногоочин хүний хувьд өвлийн хүлэмж асар их хэрэгтэй байгаа ч маш өндөр үнэтэй юм гэдгийг тэрээр онцолж байлаа. Аймгийн зүгээс өвлийн хүлэмжийг бага хэмжээгээр хийж, 140 ам метр хэмжээтэй хүлэмжийг 15 орчим сая төгрөгөөр, таван жилийн хугацаатай, Чингис бондын зээлээр авч болохыг ҮХААГ-ын дарга танилцуулсан. Хамгийн сүүлийн үеийн шилэн хүлэмж 0,5 га нь 1,2 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ.
Л.Аваргын хашаанд үхрийн нүд, чацарганы мод ургасан харагдана. Тэрээр эхнэр Ж.Мөнхцацралт охины хамт амьдардаг. Сант суманд одоогоос долоон жилийн өмнө Ж.Ганхуяг гэж улсын аварга төрж байсны залгамж халаа нь Лувсангийн Аварга боллоо. Аваргын аавыг энх тунх байсан бол гавъяатын дайны хүн байх байлаа гэж үеийнхэн нь хуучилналээ. 2000-2004 онд багийн даргын албыг хашиж явсан Л.Аварга төрийн ажлаас хувийн хэвшил рүү орж аавынхаа хийж амжаагүйг гүйцээхээр сэтгэл шулуудан хөдөлмөрлөж явна.