Бэлтгэсэн Д.ЖАВХЛАН
ОХУ-ын Сочи хотод хоёрдугаар сарын 7-23-нд амжилттай болж өндөрлөсөн өвлийн олимпийн XXII наадмыг тойрсон үйл явдлын талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Долоон жилийн өмнө танай улс өвлийн олимпийн наадмыг Сочи хотод зохиох эрхийг авч байлаа. Энэ богино хугацаанд их бүтээн байгуулалтыг амжилттай хийжээ. Бас олон дээд амжилтыг нутгийн дэвжээнд гаргалаа шүү дээ?
-Манай улс спортын энэхүү нэр хүндтэй баярыг өөрийн оронд амжилттай зохиох гэж их хүч, хөрөнгө, чармайлт гаргалаа. Сочигийн өмнө тавигдсан зорилго биелсэн гэж хэлж болохоор байна. Түүгээр барахгүй манай шигшээ баг “нэгдмэл санаа, ялна” гэсэн эр зоригийн үр дүнгээр 33 медаль, түүний дотор 13 алтан медалиар их спортын талбарт өндөр амжилттай оролцлоо. Түүнчлэн монголчууд манай улстай эртний уламжлалт харилцаатай цөөн улсын нэг. Тиймээс бид Монголын спортын салбарт хамтран ажиллахад бэлэн. Мөн Сочигийн олимпод Монголын гурван тамирчин оролцсон явдал нь хоёр орны цаашдын харилцаанд шинэ эрч өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн спорт руу чиглэсэн зарлиг, мөн битүү дээвэртэй ордон барих санаачлагыг Засгийн газарт даалгасан. Тэгэхээр бидэнд туршалагатай хүмүүсийн дэмжлэг их гарах байх?
-Манай хоёр орны өмнө спортын цогцолбор барьж байгуулах салбарт хамтран ажиллах шинэ боломж нээгдэж байна. Сочи хотод олимп зохион явуулах гэж 200 обьектыг сүүлийн үеийн технологи, барилга байгууламж барих “ногоон” стандартын үндсэн дээр босгосон. Монголд удахгүй босох шинэ спорт цогцолборын төсөлд ОХУ-ын нэр хүндтэй компаниудыг оролцуулах нь чухал гэж бодож байна.
-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Та өвлийн спортын ямар төрлийг шимтэн үздэг вэ. Мөн энэ олимпод хамгийн мундаг тамирчин таны бодлоор хэн байв?
-Хоккей, уран гулгалт, биатлон. Оросчууд энэ спортод гол найдваруудаа илгээсэн. Тэднээс өндөр амжилт гаргахыг нүдээ чилтэл харсан. Тэд чадлаа. Үүнээс илүү жаргал гэж юу байхав. Монголчууд хоккей, биатлоны спортод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Монгол бөхчүүд олимп, дэлхийн аваргаас авч үзээгүй медаль гэж алга. Тиймээс хоккейн спорт монгол хүнд нийцэх юм шиг санагддаг. Мөн биатлоны спортод танай мэргэн буудагчид цахиур хагалж мэдэх юм шүү.
-Би таниас хамгийн мундаг тамирчин хэн бэ гэж асуусан?
-Медаль авсан бүх тамирчин мундаг.
-Олимпод хамгийн гол нь оролцоо чухал гэж ярьсаар бид хагас зуун жил ганзага хоосон ирсэн. Гэтэл дулаан орны тамирчид өвлийн спортод өндөр амжилт гаргаж болоод байна. Түүнчлэн ОХУ-ын тамирчид Ванкуверын олимпод эхний гуравт цухуйдаггүй л байсан. Харин Сочид та бүхэн жинхэнэ тэсрэлт хийж чадлаа?
-Хамгийн гол нь сэтгэл. Бэлтгэл сургуулилтаа сайн хийхээс гадна хэдий чинээ хөлс гаргана түүний хэмжээгээр амжилт өөрт шингэдэг. Бас гадны сайн дасгалжуулагч нарыг урьхад гэмгүй.