Ж.ТЭМҮҮЖИН
ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн ЭШТА, академич
Дэлхий нийтэд Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухааны хөгжлийг улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл гэж үзэн шинжлэх ухаан технологийн хөгжлийн чиглэлтэйгээ холбож байгаа үед Монголын эрдэмтдийн анхдугаар их хурал тохиож байна. Хөгжлийн энэ хандлагаас хэр хоцорч байгаагаа эргэцүүлэн дүгнэж олон улсын хөгжлийн түвшнээс хэт хоцрохгүй, ойртож зэрэгцэхийн тулд юу хийх вэ гэсэн хөгжлийн бодлогоо зөв боловсруулах нь хамгийн чухал юм.
Манай шинжлэх ухааны байгууллагуудын хүчин чадал, чадавхи, менежмент нь социалист системийн үеэсээ төдийлөн өөрчлөгдөж чадахгүй улсын хөгжлийн шаардлагаас хоцорч байна. Монгол Улсын ирээдүйн хөгжил нь судалгаа, шинжилгээний байгууллага, их дээд сургууль, ШУА, өмчийн олон хэлбэрийн хүрээлэн, ТББ-д хийж буй судалгаа шинжилгээний ажилтай нягт холбоотой. Тиймээс судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх талаар саналаа хуваалцъя.
Судалгаа шинжилгээний ажлыг өндөр түвшинд гаргахад санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх, өндөр түвшинд судалгаа хийж гүйцэтгэх чадвар бүхий хүний нөөц, шинэ зохион байгуулалт, менежментийн шинэ тогтолцоо шаардлагатай юм.
Санхүүжилт: Шинжлэх ухааны хөгжил сул байгаа гол шалтгааныг ганц санхүүжилттэй холбон авч үзэх нь учир дутагдалтай. Шинжлэх ухааны дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хангамж нэмэх нь сайн нөлөөтэй ч уг тоног төхөөрөмжийг ажиллуулах, гарсан үр дүнг ашиглах чадвартай судлаачтай байх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт Шинжлэх ухаан технологид зарах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүргэх нь дэлхий нийтийн хандлагаас хоцрохгүй байх боломжийг олгох боловч одоогийн нөхцөлд үүнийг шингээн, бодит үр дүн болгох боломжгүй байна. Санхүүжилтийг бүрэн хэмжээгээр ашиглан үр дүнг нь хүртэхийн тулд менежмент, зохион байгуулалт, боловсон хүчний шинэ бодлого зайлшгүй хэрэгтэй. Санхүүжилт нь хүний нөөц, салбарын зохион байгуулалттай уялдахгүй тохиолдолд ямар ч үр нөлөөгүй юм.
Хүний нөөц: Энэ салбарт боловсон хүчний бодлого алдагдсан нь үнэхээр эмгэнэл юм. Шинэ залуу, чадварлаг боловсон хүчин салбартаа өсөн дэвжих, өөрийгөө үнэлүүлэх боломжтой. Эдийн засгийн хэрэгцээгээ хангаж, хийж байгаа зүйлдээ дурлаж сонирхолтой байсан тохиолдолд л үр дүнтэй ажиллана. Залууст өсөн дэвжих бололцоог хангахын тулд чөлөөт өрсөлдөөн нэвтрүүлэх, менежментийн шинэ систем хэрэгжүүлэх нь чухал.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад гэрээт ажилтны буюу tenure системийг нэвтрүүлэх боломжтой юм.
Судалгааны чиглэл: Монгол Улсын хөгжлийн бодлогод тулгуурлан судалгаа шинжилгээний хувьд тэргүүлэх чиглэлээ ахин тогтоох шаардлагатай байна. Үүний үндсэн дээр төрийн болон хувийн өмчийн хамтарсан захиалгат судалгааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн захиалгат судалгааны ажлын санхүүжилтийг төрийн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судлаачид ихэвчлэн авдгийг өөрчлөн ЭШБ-ын статус хамаарахгүйгээр судлаачдад чөлөөт өрсөлдөөний зарчмаар төсөл, сэдэвт ажлыг авах боломжийг хангаж өгөх нь чухал.
Судалгаа, шинжилгээний ажлын үр дүн: Шинжлэх ухаанд шинэ мэдлэг авчирч буй үр дүнг докторын болон суурь судалгааны төслийн хэрэгжилт бий болгодог. Судалгааг сайжруулахын тулд докторын зэрэг олгох болон төслийн сонгон шалгруулалт үр дүнг хүлээн авах ажиллагааг олон улсын жишигт дөхүүлэх. Тухайлбал, доктор хамгаалах, төсөл дэвшүүлэх ажиллагааг англи хэл дээр гүйцэтгүүлэн гадаадын экспертүүдийг хамгаалалт, шалгаруулалтад оролцуулах шаардлагатай. Шинжлэх ухаан технологийн судалгаа нь зөвхөн практик хэрэглээтэй холбоотой байх ёстой гэсэн санаа зохисгүй. Судалгааны үр дүнд шинэ мэдлэг бий болох ёстой. Шинэ мэдлэг тэр болгон практик хэрэглээтэй холбогдох боломжгүй, харин үр дүн нь олон улсын сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэл хэлбэрээр үнэлэгдэх ёстой.
Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын бүтэц менежмент: Шинжлэх ухааны байгууллагын бүтцийг цаг үеийн шаардлагад зохицуулан өөрчлөх хэрэгтэй. Үндэсний хэмжээний судалгааны төвүүд бий болгон улсын хөгжлийн үндэс суурь болох захиалгат судалгааг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үндэсний төвүүд шинээр бий болох Шинжлэх ухаан технологийн яаманд Засгийн газрын шууд удирдлагад ажиллах нь зүйтэй гэж санагдаж байна.
Манай судлаач эрдэмтдийн төлөөлөл орлцож буй энэ их хурлаас та бүхэн уран ухаанаа уралдуулан манай орны шинжлэх ухаан технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, эх орныхоо хөгжил дэвшлийг хангах түлхүүр болгохын тулд ямар арга хэмжээг авах ёстой талаар шинэ санаа, санаачилга гарган хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.26 ПҮРЭВ №191 (6158)