Др. Л.Мөнх-Эрдэнэ
Түрүүч нь
Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир
Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир-2
Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир-3
Италид Шүүхийн дээд зөвлөл (High Council of the Judiciary/Consiglio Superiore della Magistratura) гэж Италийн Ерөнхийлөгч нь даргалдаг байгууллага байх бөгөөд энэ байгууллага нь Италийн Дээд шүүхийн (Supreme Court of Cassation/Corte Suprema di Cassazione) нэгдүгээр Ерөнхийлөгч, Ерөнхий прокуророос гадна 24 сонгогдсон гишүүнээс бүрдэнэ. Сонгогдсон гишүүдийн 16 нь шүүгч нарынхаа дундаас сонгогдсон шүүгч нар, найм нь Италийн парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар сонгогдсон шүүгч биш хуулийн профессорууд болон 14-өөс доошгүй жил ажилласан хуульч нараас бүрддэг. Парламентын сонгосон найман гишүүн нь шүүгч нарыг онцгой каст болгохоос сэргийлэх үүрэгтэй. Италийн энэ байгууллагыг Монголын одоогийн байгаа ШЕЗ-тэй ч, одоо байгуулах гэж байгаатай нь ч харьцуулаад харах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч эсвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нар аль нь ч аль ч ШЕЗ-д байхгүй. Улмаар Италийн энэ байгууллага нь шүүгч нарыг томилох, дэвшүүлэх, огцруулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг боловч шүүгч болох үйл явц нь маш нарийн “өрсөлдөөнт улсын шалгалтаар” (public competitive examination) шийдэгддэг.
Суларсан шүүгчийн орон тоо, шалгалтыг Хууль зүйн яам нь зарладаг. Суларсан орон тоон дээр өрсөлдөөнт шалгалт авдаг. Шалгалт өгөхөөр өргөдөл гаргагсад нь хуулийн боловсролын зэрэгтэй байхын дээр хуулийн сургуулиас хуулийн докторын буюу өөр ямар нэг ахисан түвшний зэрэгтэй эсвэл шүүхийн курс төгссөн эсвэл хүндэт шүүгчээр зургаагаас доошгүй жил тасралтгүй ажилласан эсвэл хуульчийн эрх авсан. Эсвэл их сургуулийн хуулийн багшаар ажиллаж байх эсвэл төрийн удирдлагын албанд менежерийн түвшинд ажиллаж байсан давхар шаардлагыг хангасан байх ёстой. Шалгалтыг Шүүхийн дээд зөвлөлийн томилсон Дээд шүүхийн шүүгч даргалж, давж заалдах шатны ба түүнээс дээшхи шатны шүүхийн 22 шүүгч эсвэл прокурор болон хуулийн найман профессороос бүрдсэн 31 хүнтэй шалгалтын комисс авдаг. Шалгалт нь урьдчилсан цахим тест, иргэний, эрүүгийн, захиргааны гэсэн бичгийн гурван шалгалт, эцэст нь аман шалгалтаас бүрддэг. Эдгээр шалгалтыг амжилттай өгч, зарлагдсан орон тоонд багтсан хүмүүс шүүгчээр томилогддог. Энэ шалгалтын комисс, шалгалт авах журмыг Монголын Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүгчийг сонгон шалгаруулах журамтай харьцуулаад харах хэрэгтэй. Тиймээс энэ систем нь манай “мэргэдийн” “Монголчилсон” системээс мөн чанарын хувьд эрс өөр систем.
Хамгийн гол нь парламентын засаглалын системийг хамгаалах болохоороо Германы системийг урдаа барьж, бүр Германы “итгэл үл үзүүлэх конструктив санал хураалтын” (constructive vote of no confidence) системийг хэрэглэх гэж зүтгүүлэх мөртлөө яагаад манай “мэргэд” Германы шүүхийн системийг сонгож авахгүй, тун ховор тохиолддог Италийн шүүхийн системийг сонгож аваад байгаа нь дээрх сэжгийг төрүүлээд байгаа юм. Германы шүүхийн систем нь ямагт ардчиллын гинжин холбоосыг баримталдаг. Гэхдээ АНУ-ын муж улсуудад байдаг шиг шүүгчийг иргэд нь шууд сонгодоггүй. Ардчиллын зарчмыг чанд баримталдаг учир шүүгч нар өөрөө өөрсдийгөө хэзээ ч сонгож, томилдоггүй. Германд үндсэн гурван арга хэрэглэдэг. Доод шатны шүүгчдийг Хууль зүйн сайд нь томилдог. Хууль зүйн сайд нь парламентын гишүүн учир энэ нь ардчилсан гинжин холбоос, хариуцлагын тогтолцоо гэж үздэг. Дээд шатны шүүгчдийг Шүүгчийг сонгох хороодоор сонгодог. Тухайлбал, Германы холбооны Дээд шүүхийн (5 төрлийн дээд шүүх бий) шүүгчдийг Шүүгчийг сонгох хороо (The Judges Election Committee/Der Richterwahlausschuss) гэж 32 гишүүнтэй хороо байна. Түүнийг Холбооны Хууль зүйн сайд нь даргалж хуралдуулдаг. 32 гишүүний 16 нь Германы 16 муж улсын Хууль зүйн сайдууд (эдгээр нь бүгд тус бүрийн муж улсынхаа хууль тогтоох хурлын гишүүд гэдгийг тэмдэглэх хэрэгтэй), 16 нь Бундестагийн томилсон гишүүд байх бөгөөд эдгээр нь заавал Бундестагийн гишүүн байх албагүй. Гэхдээ нэг ч шүүгчийг оруулдаггүй. Холбооны Хууль зүйн сайд даргалдаг ч санал өгөх эрхгүй. 32 гишүүн нууцаар санал хурааж шүүгчийг сонгодог бөгөөд эцэст нь Германы Холбооны Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг нь Германы парламент өөрсдөө сонгож, Холбооны Ерөнхийлөгч нь томилдог.
Мэдээж Германы Хууль зүйн сайд нарын томилдог аргыг шүүхийг “улстөрчдийн” нөлөөнд бүрмөсөн оруулах нь гэж маргах нь ойлгомжтой. Тэгвэл яагаад Германы 32-ын хороо шиг хороог Монголын парламент байгуулж болохгүй гэж. Яагаад шүүх эрх мэдлийг Монголын ард түмний сонголтоос ч, сонгосон байгууллагуудаас нь ч хараат бус болгох гэж. Яагаад шүүх эрх мэдлийг хэний ч сонгоогүй, зөвхөн өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг шүүгч нарын хараат болгох гэж. Яагаад АНУ-ын системийг авч хэрэглэж болохгүй гэж.
Юу хийх ёстой вэ?
Чухам эдгээр болон бусад олон учир шалтгааны улмаас миний бие Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой ч гэж үздэг. Тиймээс Монголын ард түмэн парламентаа ч, Ерөнхийлөгчөө ч өөрсдөө сонгодог хэвээр үлдэх хэрэгтэй. Харин Засгийн газар, шүүх ба шүүгчдийг яг АНУ-ын замаар байгуулах ёстой. Монгол Улсын Дээд шүүх нь парламентын баталсан аливаа хуульд “хуулийн хяналт” хийж хүчингүй болгох эрх мэдэлтэй байх ёстой.
Монгол Улс хоёр танхимтай парламенттай болох ёстой. 45 гишүүнтэй, зургаан жилийн хугацаатай, гуравны нэг нь хоёр жил тутамд нөхөн сонгогддог Дээд танхим, 80 гишүүнтэй, хоёр жилийн хугацаатай Доод танхимтай байж болох юм. Парламентын гишүүд өөр ямар ч албан тушаал хавсран эрхлэх ёсгүй. Дээд танхим нь ижил тоотой хүн ам бүхий гурван мандаттай 15 тойргоос, Доод танхим нь ижил тоотой хүн ам бүхий хоёр мандаттай 40 тойргоос хэн олон санал авсан нь сонгогдох зарчмаар сонгогддог байж болно. Монгол Улсын насанд хүрсэн иргэн гэмт хэрэг, ял шийтгэлгүй, эрүүл саруул хэн ч сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцох эрхтэй байх. Нэр дэвших үедээ тухайн тойрогт оршин суудаг байх. Парламент хууль тогтоох, төсөв батлах, төрийн байгууллага байгуулах, Засгийн газрын байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрийг батлах, цуцлах зэрэг хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх. Аливаа хууль хоёр танхимын тус тусын олонхийн дэмжлэгтэйгээр батлагдах. Доод танхим нь Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, шүүгч нарыг импийчмент хийх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байх. Аливаа импийчментийг Дээд танхим хянан үзэж, дэмжвэл тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь буулгах. Ерөнхийлөгчийн импийчментийг Дээд танхим хянан үзэхэд, хурлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалах. Эцэст нь бүх сонгууль нэг өдөр, нэгэн зэрэг явагддаг байх.
Ерөнхийлөгчийг ард түмэн дөрвөн жилийн хугацаагаар мажоритар зарчмаар сонгох. Монгол Улсын 40 насанд хүрсэн иргэн гэмт хэрэг, ял шийтгэлгүй, эрүүл саруул хэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцдог байх. Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлдэг байх. Ерөнхийлөгч өөр ямар ч албан тушаал хавсардаггүй байх. Засгийн газрын сайд нарын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлж парламентын Дээд танхим хэлэлцэж, дэмжвэл Ерөнхийлөгч томилох замаар Засгийн газрыг байгуулах. Ерөнхийлөгч бүх сайд нараа өөрийн үзэмжээр огцруулдаг байх. Шүүгч нарын нэрсийг Ерөнхийлөгч дэвшүүлж Дээд танхим хэлэлцэж олонхиороо дэмжвэл Ерөнхийлөгч хугацаагүй томилох. Нэгэнт томилогдсон шүүгчийг Ерөнхийлөгч ч, Дээд танхим ч огцруулах эрхгүй байх.
Ингэвэл Монгол Улс тулгараад байгаа засаглалын бүх хямралаас ангижирна. Давхар дээл, өвөр түрийндээ оролт устана. Засгийн газрын тогтворгүй байдал устана. Харилцан хувааж идэх, харилцан барьцаалах, харилцан биеэ өмгөөлөх, хамгаалах, хамтдаа хариуцлага үл хүлээх явдал устана. Үндсэндээ олигарх дэглэм мөхнө. Хэмжээ хязгааргүй намчирхал, улстөржилт ч арилна. Дэлхий дээр байгаа улс төрийн системүүд дотор намын тогтолцоо хамгийн султай, намын хатуу харьяалал, гишүүнчлэлгүй цорын ганц систем АНУ-ын систем гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ардчилсан, хариуцлагатай, тогтвортой, чадварлаг, хүчирхэг төр засагтай ч болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.20 БААСАН №187 (6154)